Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 126/ШШ2015/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн ................ сумын  ....... дугаар багт оршин суух иргэн Боржигон Г.Б*************-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

"Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаБ.Оюунчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Арбулаг сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал мэргэжлээр Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд орж 3 жил гаруй ажиллаж байна. Гэтэл Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 тоот тушаалаар Төрийн албаны мэргэжлийн шалгалтанд тэнцээгүй шалтгаанаар надад огт мэдэгдээгүй, гэнэт тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Миний бие энэ үед 1 сар гарантай жирэмсэн байсан ба энэ тухайгаа танилцуулж 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөө Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б******-дхандаж, албан ёсны өргөдөл гомдол гаргасан боловч дараагийн шатны байгууллагад хандах эрхтэй гэж хэлсэн. Иймд миний бие 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Арбулаг сумын Засаг дарга О.Э********-дхадсан боловч 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/061 тоотоор холбогдох хуулийн дагуу дараагийн шатны байгууллагад хандах эрхтэй. Сумын Засаг дарга нь Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох субьект биш гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн байна. Иймд миний бие Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...би төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд 2 удаа ороод тэнцэж байгаагүй. Нэг удаад нь бүртгүүлчихээд шалгалтанд нь ороогүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцэж байгаагүй. ...Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласны мэдэж, бүртгүүлсэн. Шалгалтанд орсон боловч эхний шатанд 1 оноо дутаж тэнцээгүй гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бямбаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17.1-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухай байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасан байдаг. Дээрхи заалтын дагуу манай сумын газрын даамлын ажлын байр зарлагдаж 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 3/2575 тоотыг манайд ирүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.Б******т танилцуулж, чи өмнө нь 3 удаа Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөөд тэнцээгүй юм байна. Иймд чи энэ удаагийн шалгалтандаа сайн бэлдэж, тэнцээрэй гэсэн зөвлөмж өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт явагдаж Г.Б****** нь тэнцээгүй болно.

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 3/113 тоотоор танай байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн сул ажлын байранд Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч хамгийн өндөр оноо авсан иргэнийг тухайн ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлсэн, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтын материалыг хүргүүлсэн байсан. Дээрхи албан тоот, тогтоол, Монгол Улсын Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг үндэслэн Г.Б******ийг газрын даамлын албан тушаалаас чөлөөлж, Х.Д******-гтомилсон тушаал гаргасан. Би энэхүү тушаалаа эрх зүйн хувьд хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Г.Б******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б****** нэхэмжлэлдээ мэдэгдэлгүй шууд тушаал гаргасан гэсэн байсан. 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэл нь хүчин төгөлдөр баримт бичиг тул би дахин мэдэгдэл өгөх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд тухайн мэдэгдлийг дахин танилцуулж ажилласан болно. Мөн Г.Б****** нь нэхэмжлэлдээ 1 сартай жирэмсэн гэсэн байсан. Г.Б****** нь төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж, анх томилогдохдоо Төрийн албаны хуулиар томилогдсон тул албан хаагчийн эрх зүйн байдлыг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг мөрдөнө. Энэ хууль дээрх асуудлыг заагаагүй байдаг гэж хэлж тайлбарласан гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Д******шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд болсон Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын газрын даамлын сул орон тоог нөхөх шалгалтанд хамгийн өндөр оноотой тэнцэн, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3/313 албан тоотыг үндэслэн Төрийн албаны хууль шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар Арбулаг сумын газрын даамлын сул орон тоонд томилогдсон. Нэхэмжлэгч Г.Б****** нь Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/7 тоот тушаалаар газрын даамлын орон тоонд томилогдсоноос хойш 3 жилийн хугацаанд төрийн албаны шалгалтанд тэнцээгүйг 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Төрийн албаны зөвлөлийн 3/2575 тоот батлах болно гэв.

Шүүх нэхэмжлэгчхариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээднарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуухавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн иргэн Г.Б****** нь "Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Б****** нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 дугаар захирамжийг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргад хандаж, хариуг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3/061 тоот албан бичгээр өгчээ. Дараа нь нэхэмжлэгч Г.Б****** Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 дугаар захирамжийг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан тул Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 3/720 тоот албан бичгээр ... асуудлаа хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч Г.Б******ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Б****** нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын албан тушаалд зургаан сарын туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч Г.Б****** нь ... төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцээгүй шалтгаанаар надад огт мэдэгдээгүй гэнэт тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даамлаар ажиллаж байсан Г.Б****** нь Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэж байгаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...би төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд 2 удаа орж байсан. Нэг удаад нь бүртгүүлчихээд шалгалтанд нь ороогүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцэж байгаагүй гэх тайлбар болон хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргынГ.Б******т ... чи өмнө нь 3 удаа Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөөд тэнцээгүй юм байна. Иймд чи энэ удаагийн шалгалтандаа сайн бэлдэж, тэнцээрэй гэсэн зөвлөмж өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт явагдаж Г.Б****** нь тэнцээгүй болно гэх тайлбараар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж заасан байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар төрийн алба мэргэшсэн, тогтвортой зарчимтай. Төрийн албанд орох хүсэлтэй ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж, шалгалтын онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх гэдэг нь хуульд заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангаж байгаа хэрэг юм.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэн Г.Б******ийн ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажлын байрыг сул орон тоо гэж үзэн төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт нийтэд зарлаж, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2014 оны 12 дугаар 4-ний өдөр шалгалт авахаар төлөвлөсөн талаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/2575 тоот албан бичгээр сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт мэдэгдсэн байна.

Улмаар Г.Б****** нь өөрийнх нь ажлын байрыг сул орон тоо гэж үзэн төрийн албаны мэргэшлийн шалгалт зарласныг хүлээн зөвшөөрч төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орсон боловч тэнцээгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласны мэдэж, бүртгүүлсэн. Шалгалтанд орсон боловч эхний шатанд 1 оноо дутаж тэнцээгүй гэх тайлбар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, уг тогтоолын 26 дугаар хавсралтын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй иргэн Г.Б******т нь өөрийнх нь ажиллаж байгаа ажлын байрыг сул орон тоо гэж үзэн, төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлах болсныг түүнд Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3/61 тоот албан бичгээр мэдэгдэж байжээ. Мөн Г.Б****** нь өөрийнх нь ажлын байрыг сул орон тоо гэж үзэн төрийн албаны мэргэшлийн шалгалт зарласны хүлээн зөвшөөрч шалгалтанд орсон боловч тэнцээгүй байх тул түүний надад огт мэдэгдэлгүй гэнэт тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын сул орон тоонд зарлагдсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн иргэн Х.Д******-гМонгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэний дагуу түүнийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Б****** нь ажлаас чөлөөлөгдөх үед би 1 сар гарантай жирэмсэн байсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн алба ...-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршихоор заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан тул төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар тогтооно.

Нэхэмжлэгч Г.Б****** нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй атлаа Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаар түр ажиллаж байсан тул төрийн жинхэнэ алба хаагч биш бөгөөд жирэмсэн үед ажлаас чөлөөлж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй тул Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т ... сум, дүүргийн Тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн ... ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй ба Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулахаар заасан тул тул Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 дугаар тушаалаар газрын даамлын албан тушаалаас Г.Б******ийг чөлөөлж, Х.Д******-гтомилсон нь үндэслэл бүхий байна.

Иймд нэхэмжлэгч Г.Б******ийн "Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Шүүхээс хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бямбаа, гуравдагч этгээд Б.Мөрөнчимэг нарт эрх үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцохыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, гуравдагч этгээд Х.Д******нь шүүх хуралдаанд хөхүүл, нярай хүүхэдтэй гэсэн шалтгаанаар ирээгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.4-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь;

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасныг баримтланнэхэмжлэгч Г.Б******ийн "Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ