Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.З-т холбогдох 1716001370007 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Тавичуул овогт М-ын З  гэв.

Шүүгдэгч М.З нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн Тахийн талд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.М-ын зүүн гарын бугалга, цээжний зүүн талд хутгалж, шарх гэмтэл үүсгэн, Д.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч  нь М.З нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн Тахийн талд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.М-ын зүүн гарын бугалга, цээжний зүүн талд хутгалж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь:

Шүүгдэгч М.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...мал хайж явж байгаад хохирогчийн эхнэр Мө-ээс өмнө нь өгсөн машины сэлбэг, өөхөн тосны мөнгөө авах гэж очсон. Тэгээд архи уусан. Хутгалсан барьсаныг гэрт гадаа гэж мэдүүлгээ өгсөн байна. Би Л-ийг зодож байхад нь салгах гэж байгаад тухайн хэрэгт холбогдсон. Би тархи толгойн өвчтэй тэгээд намайг бас зодсон. Би өөрийн биедээ авч явдаг хоол иддэг хутгаараа хутгалсан. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Миний амьдарлын түвшин доогуур болчихсон энэ хэргийг хийснээс болоод 8 сарын тэтгэвэрийн зээл авч, энэ хэрэгт зориулсан. Хохирогчид өгсөн 300.000 төгрөгнөөс тусдаа Бугат сумын эмнэлгийн машины ирж очих зардал, Мэндбаяр-ын шүүх шинжилгээнд 10.000 төгрөг зэргийг өгсөн. Тэгээд өөрийн хувийн зардлаар 4 удаа гэртээ ирж очсон. Ирж очих зардал 50.000 төгрөг байдаг. Ар гэрийн гачигдал их байгаа гэртээ ганцаараа байдаг. Миний торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү... надад орлого гэж байхгүй 2010 оноос өмнө малтай байсан. 2010 оноос хойш миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөж ямар ч орлогогүй болсон.Тэгээд тэтгэвэрт гарсан. Надад тэтгэврийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Тийм болохоор сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлөх саналтай байна...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.М-ын “...гаднаас З, Өөдөс /Б.Л/ хоёр Ерөөл нэртэй 0,5 литрийн хагас шил архи авч орж ирсэн. Өөрсдөө хувааж уусан ... З тухайн үед ална, хутга шаана гээд байхаар нь хашаанаас гараад зогсож байтал газраас шороо аваад цацахаар нь чи яах гээд байгаа юм бэ гээд урдаас нь очтол мөр рүү цохих шиг болсон. Тэгээд миний гар руу хүйт оргиод цус урсаад гараад ирсэн. Тэгээд намайг хутгалчихлаа гэж хэлэхэд Өөдөс /Б.Л/ З-ыг цааш нь аваад авсан. Тухайн үед гарт нь хутга байсныг мэдээгүй. Тэгээд би гэртээ ороод цамцаа тайлахад миний зүүн мөр хэсгээс цус гарахаар нь алчуураар дараад орон дээр суухад гэдэс рүү цус урсаад ороод ирэхээр нь харахад зүрхэн тус газар хутгалчихсан байсан. Тэгээд байж байтал манай эхнэр Мө гаднаас орж ирсэн. Тэгээд эмч дуудаад эмч ирж үзээд оёдол тавьсан...Зүв зүгээр байж байгаад согтуу хүнд хутгалуулсан. Цааш нь шалгуулмаар байна... ” гэх мэдүүлэг /ХХ23-24/,

Гэрч А.Мөн-ийн “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирсэн ... Зүүн мөрний дээд хэсэгт хутгалуулсан шархтай шархны гүн өөхөн давхарыг хамарсан, цус гарсан, шархны зах ирмэг нь жигд, мөн зүрхэн тус газар шархтай, шархны ирмэг нь жигд, цус гарч байсан. Тухайн хэсэг газартаа хавдартай. Мөрний шарханд 3 оёдол, зүрхэн тус газар 1 оёдол тавьсан. Нийт 4 оёдол тавьсан. Анх дуудлага өгсний дараа гэрт нь 2 оёдол тавьсан бөгөөд сумын төв дээр ирээд эмнэлэгт нэмж 2 оёдол тавьсан. Мөн тайвшруулах өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ, даралттай боолт хийсэн...” гэх мэдүүлэг /ХХ27/,

Гэрч Б.Л-ийн “... Зул ах манайд ирсэн бөгөөд өврөөсөө Ерөөл нэртэй 0,5 литрийн архи 2 ширхэгийг гаргаж ирсэн. 1 шил архийг нь хувааж уугаад үлдсэн нэг архийг нь задлаж уусан бөгөөд тал архи нь үлдэж байсан. Мө эгчээс хэдэн төгрөг авна гээд намайг босгоод би хувцсаа өмсөөд хамт орсон. Тэгэхэд Мө эгч байхгүй, М ах гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд тэнд нөгөө задласан архиа гаргаж уусан... Би М ахаас сахлын машин чинь ажиллаж байна уу гэж асуухад М ах ажиллагаагүй байна гэж хэлэхээр нь би хөлийг нь дэрлээд хэвтсэн чинь М ах чи дандаа архи ууж байдаг гээд намайг загнаад гадаа гаргаад намайг зодсон. Тэгээд З ах салгах гээд дундуур орж ирэхэд З ахыг хоёр, гурав цохиод авсан. Тэгээд хартал З ах хаанаас хутга гаргаж ирснийг нь мэдэхгүй, М ах миний мөр хэсэг рүү хутгалчихлаа гэж хэлэхээр нь би хүүе тэгэж болохгүй гээд хутганаас нь барьж аваад салгаад гэртээ З ахыг дагуулж орж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ30-31/,

Гэрч Б.Мө-ийн “... 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нар жаргаж байх үед цагийг нь сайн мэдэхгүй байна... манай хашаан дотор хүмүүс орилолдоод байсан. Тэгээд хутгалчихлаа шүү дээ гээд хэлэхээр нь би айгаад шууд ах, дүү нарт нь хэлэх гээд явсан чинь  нохой явуулахгүй байсан болохоор дүү нар руу нь утсаар залгаж хэлсэн. Тэгээд гэртээ ороод иртэл манай нөхөр М хувцсаа тайлчихсан. Нүүр гарын алчуураар мөрөө дарчихсан сууж байсан... эмч цус тогтоох арга хэмжээ авсны дараа оёдлыг зүүн мөр хэсэгт байсан шархан дээр оёдол тавьж боолт хийсэн...” гэх мэдүүлэг /ХХ32/,

Гэрч П.Б-ын “... би очиход М ах орон дээрээ суугаад мөрөө дарчихсан гар, цээжийн хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд намайг эмч аваад ир гээд Мө, М хоёр хэлэхээр нь би очиж эмч дуудаж, авчирсан...” гэх мэдүүлэг /ХХ34/

Гэрч Т.А-ын “... М-ын очиход цустайгаа холилдчихсон гар нүүрийн алчуураар шархаа дарчихсан сууж байсан. Тэгээд манай хүргэн Б эмч дуудахаар явсан. Нэг их удалгүй сумын эмч, багийн эмч нар ирсэн. Тэгээд тариа хийж, цус тогтоох арга хэмжээ авч шархыг нь оёж, цэвэрлэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэрг /ХХ36-37/,

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 376 дугаартай “...1. Иргэн М-ын биед гэмтэл учирсан байна.

2. Иргэн М-ын биед зүүн гарын бугалга, цээжний зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт  /хх44-45/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ3/, шүүгдэгч М.З-ын Прокурорын газарт гаргасан хүсэлт /ХХ89/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч М.З-т холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн /ХХ56-57/ бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ. Иймд шүүхээс шүүгдэгч М.З согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан шаргал иштэй хутга 1 ширхэг, цахилгаантай босоо захтай, хар саарал өнгийн цамц 1 ширхэг, CANDA гэх бичиглэлтэй гурвалжин захтай, ногоон өнгийн цамц 1 ширхэг,  DIDVIDCD гэх бичиглэлтэй дугуй захтай, хар хөх өнгийн футболка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Зулбазар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт М-ын З-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт М-ын З-ыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Т овогт М-ын З-т сануулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шаргал иштэй хутга 1 /нэг/ ширхэг, цахилгаантай босоо захтай, хар саарал өнгийн цамц 1 /нэг/ ширхэг, CANDA гэх бичиглэлтэй гурвалжин захтай, ногоон өнгийн цамц 1 /нэг/ ширхэг, DIDVIDCD гэх бичиглэлтэй дугуй захтай, хар хөх өнгийн футболка 1 /нэг/ ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай. 

6. Шүүгдэгч Т овогт М-ын З нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т овогт М-ын З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овогт М-ын З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА