Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 0626

 

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0626

Улаанбаатар хот

"Х" аймгийн "Т" сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Х" аймаг "Т" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй, "Х" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж”, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-ын 4-т заасныг баримтлан "Х" аймгийн "Т" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Сумын Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1.3-ын а-д “орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх”, ж-д “орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах” гэж заасны дагуу сумын Хурал нь тухайн сумынхаа өмчлөг нь байж өмчийн талаар энэ хуульд заасан онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг субьект байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Хууль тогтоомжид зөвхөн сум дүүргийн Хуралд эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хууль зөрчин 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах тухай” 104 дүгээр тогтоол гарган “Т и” ОНӨҮГ-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрөлгүйгээр ХХК болгон өөрчилж байгаа нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын язгуур эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл болсон.

"Х" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь энэхүү шийдвэрийг гаргахдаа уг тогтоолоос болж эрх ашиг нь хөндөгдөж байгаа "Т" сумын иргэд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй, сумын иргэд олон нийтэд мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд заасан хэлэлцүүлэг явуулж, 77 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй болно.

"Х" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хөвсгөл аймгийн өмчит болон Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн талаар авах арга хэмжээний тухай” 51 дүгээр тогтоол гарган тогтоолын 3 дахь заалтаар “Их-Уул, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр сумуудад дулаан болон бусад үйл ажиллагааг хариуцсан "Х" аймгийн өмчит аж ахуйн тооцоот газар байгуулахыг дээрх сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй” гэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.П-ийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/191 тоот албан бичгийг ... илт хууль бус захиргааны акт гэж үзсэн байгаа боловч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Х аймгийн өмчит болон "Х" аймгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн талаар авах арга хэмжээний тухай” 51 дүгээр тогтоолыг нотлох баримтаар аваагүй шүүхийн журмаар үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Шүүх хуралдаан дээр энэхүү өмч нь аймгийн өмч юм гэж маргаснаас биш дээрх тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд эрхийг нь олгосон энэ тогтоолын талаар хэн аль нь мэдээгүй өнгөрсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

"Х" аймгийн "Т" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ““нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор зохицуулжээ.

Орон нутгийн үйлдвэрийн газрыг үүсгэх, өөрчлөн байгуулах харилцаан дахь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “хуульд тусгайлан заасан бол” захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулахтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар "Х" аймгийн Түнэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх “Х аймгийн "Т" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа боловч нэхэмжлэгч "Т" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хууль тогтоомжид нэг захиргааны байгууллага нөгөө захиргааны байгууллагад холбогдуулан шүүхийн журмаар маргах тохиолдолд гагцхүү тухайн асуудлаар маргах, нэхэмжлэл гаргах эрхийг өөр бусад хуулиар олгогдсон тохиолдолд шүүх хүлээн авах зохицуулалтыг анхаараагүй.

“ТИ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан өмчлөгч тогтоолгох маргаан иргэний журмаар хянагдаж байгааг тэмдэглэв.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан "Х" аймгийн "Т" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй, "Х" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ