Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 503

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа  

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг   

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах”

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0532 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагчийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгон, Ч.Д-г Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Д-гийн ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 111 хоногийн цалин, хөлс 5456982 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж холбогдох дэвтрүүдэд бичилт хийж олгохыг хариуцагчид даалгажээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0532 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, гуравдагч этгээд Т.З нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Ерөнхий сайдад гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4. 3ахиргааны ерөнхий хуулийн 40.2.5-д бичгээр гаргасан захиргааны акт “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” шаардлагыг хангасан байна гэж заасан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар тушаалын 3 дахь заалтад “Энэхүү захирамжийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж заасан байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхий сайдад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй гэсэн үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

5. 3ахиргааны ерөнхий хуулийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхий сайдад гомдол гаргасан гэсэн боловч ямар агуулга, шаардлагатай гомдол гаргасан талаар хэрэгт ямар ч баримт авагдаагүй байна. Төрийн тусгай шуудангийн албаны тодорхойлолтоор нэхэмжлэгчийн маргаан бүхий актын талаар Ерөнхий сайдад гомдол гаргасан гэж дүгнэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүх уг тодорхойлолтыг үнэлэн нэхэмжлэгчийн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар маргаан бүхий захиргааны актын талаар Ерөнхий сайдад гомдол гаргасан гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

6. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилогдсон хэдий ч тэрээр өмнө нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ ямар нэгэн байдлаар байдлаар гаргаж өгөх ёстой гэж бодож байна. Энэ нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үзэл санаа, агуулгатай нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон албан тушаалтан ямар ч тохиолдолд өмнөх хугацаанд гаргаж өгч чадаагүй хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх ёсгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

7. Энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт нь Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга /эрх бүхий албан тушаалтан/ нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн томилогдсоны дараа түүнээс 2016 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг шаардсан талаарх баримт байсан. Анхан шатны шүүх Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын даргаас энэ талаарх тайлбар, баримтыг шаардсан боловч шаардсан нотлох баримт, тайлбараа бүрэн гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1- д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

8. Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа явуулж байх үед 2016 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх бүрэн боломжтой байхад тэрээр огт гаргаж өгөхгүй гэж шууд татгалзсан нь төрийн албан хаагчийн ёс зүй, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үзэл санаа, агуулгатай нийцэхгүй юм.

9. Практикт “төрийн албанд шинээр томилогдохоос” гадна “өөр албан тушаалд сэлгэн томилогдох”, “өөр албан тушаалд шилжүүлэн томилогдох”, “эзгүй албан тушаалын ажил үүрийг түр орлон гүйцэтгэхээр томилогдох”, “албан тушаалдаа буцаан буюу эгүүлэн томилогдох” зэрэг бүх тохиолдолд тухайн албан тушаалтан хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ томилогдсоноосоо хойш хуульд заасан 30 хоногийн дотор гарган өгч байгаа ба Авлигатай тэмцэх газар ч ийм байдлаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

10. Гэтэл шүүхүүд Авлигын эсрэг хуулийн 10.3-т “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон ...өдрөөс хойш 30 хоногийн дотор, ... гаргах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд ... томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, .. гаргаж, ... өгөх үүрэгтэй” гэж заасныг зөвхөн тухайн албан тушаалд шинээр томилогдож байгаа албан тушаалтанд хамаарна гэж хуулийг хэт явцууруулан, “шинэ нөхцөл” нэмж, дээр дурдсан байдлаар томилогдсон албан тушаалтнууд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх үүрэг хүлээхгүй мэтээр практикт сөрөг үр дагавар үүсгэх байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

11. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0532 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

13. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Д нь Завхан аймгийн Засаг даргын Б/281 дүгээр захирамжаар Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжаар захирлын ажлаас чөлөөлөгдсөн, энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчээс хууль бус гэж үзэн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган улмаар түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолтой байна.

14. Улмаар холбогдох хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ч.Д-г Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр эгүүлэн томилсон байх бөгөөд нэхэмжлэгчээс ““...хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй...” гэж үзэн ажлаас халсан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...Авлигатай тэмцэх газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05/1929 дугаартай албан бичгээр Ч.Д-г ...томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй нь тогтоогдсон гээд ...хариуцлага тооцуулах үндэслэлтэй гэсэн тул хуульд заасан арга хэмжээг авсан...” гэж тус тус маргажээ.

15. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах...” гэж заажээ.

16. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Ч.Д нь Баянтэс сумын захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон, энэ талаар “...Ч.Д нь тухайн албан тушаалд шинээр томилогдоогүй бөгөөд өмнө эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа гэж үзнэ” гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.   

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулга бүхий гомдолд шүүхүүд “Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д иргэн, хуулийн этгээд нь гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад гаргана гэсний дагуу нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийн талаар Ерөнхий сайдад гомдол гаргасныг буруутгах боломжгүй байна”, “...мэдүүлэг гаргагч албан тушаалд шинээр томилогдсон эсвэл сонгогдсон өдрөөс хойш хөрөнгө, орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор харьяалах захиргааны байгууллагад гаргахаар байх бөгөөд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсоныг шинээр албан тушаалд томилогдсон гэж үзэхээргүй байна” гэж тус тус дүгнэлт хийсэн байх тул хяналтын шатны шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

18. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0532 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН