Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 597

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.У*******

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “...Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.О*******ын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус тус хариуцагчид даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.У******* миний бие Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 413 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ТЗ-8-5-аар цалинжин ажиллаж байсан. Гэтэл Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.О******* нь гэнэт 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б86 дугаар тушаалаар намайг ажлаас хууль бусаар чөлөөллөө. Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.О******* энэхүү тушаалыг гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах талаарх төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйл болон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх талаарх Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээс алийг нь ч баримтлаагүй байна. Миний бие Монгол Улсын төрийн албанд 8 дахь жилдээ үүнээс дөрвөн жилд нь төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа сахилгын шийтгэл авч байгаагүй, захиргааны санаачлагаар ажлаас халагдаж байгаагүй билээ. Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.О*******ын намайг ажлаас халсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн, төрийн байгууллага, албан  тушаалтны баримтлах “хууль дээдлэх” зарчмыг ноцтой гажуудуулсан үйлдэл болсон гэж үзэж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө******* 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.У******* нь Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 413 дугаар тушааалаар тухайн албан тушаалд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй шууд томилогдсон. Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б86 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Учир нь Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4-д зааснаар Эрүүл мэнд, спортын сайд буюу төсвийн ерөнхийлөн захирагч төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн ерөнхий нягтлан бодогчийг томилох ёстой байна.  Д.У*******ыг ажлаас чөлөөлсөн боловч яг тэр өдрөө төрийн нарийн бичгийн даргын Б78 дугаар тушаалаар Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн анхан шатны тусламж үйлчилгээний төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийг хариуцсан мэрэгжилтнээр томилсон. Нэхэмжлэгч энэ ажлын байрандаа ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаж, өөрийн хүсэлтээрээ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Хэрэв нэхэмжлэгч Эрүүл мэнд, спортын сайдын ажлаас чөлөөлсөн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б86 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн бол тухайн үед гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл томилогдсон ажлын байранд үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний дараа сайдын тушаалыг эс зөвшөөрч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага байна. Д.У*******ын хувьд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын 413 дугаар тушаалаар уг яамны Төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон. Төсвийн ерөнхий нягтлан бодогч ТЗ-8 гэсэн ангилалд хамаарагддаг төрийн жинхэнэ албан тушаалтан юм. Төрийн жинхэнэ албан хаагч бол Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээс бусад үндэслэлээр албан тушаалаас халагдахгүй байх баталгаагаар хангагддаг. Нэхэмжлэгч тус албан тушаалыг эрхэлж байхад Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.О******* 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалыг харахаар ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь харагдахгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй байна. Ажил албан тушаалдаа хайнга хандан алдаа зөрчил гаргаж байсан удаа байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож үзвэл уг тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл авч үзэх юм бол ажлаагүй 112 хоног болж байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн. Сүүлийн 3 сарын хугацааны цалин хөлсийг бодож үзвэл 1,032,039 төгрөг болж байна. Нийт ажиллаагүй байсан цалин хөлсийг тооцож үзэх юм бол 5,366,816 төгрөг болж байна. Тухайн үед нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа мэргэжилтнээр томилсон. Тус мэргэжилтнээр ажилласан 12 хоногийг хасаад үзэхэд нийт 4,880,898 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн нарийн бичгийн дарга 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тушаал гаргахдаа Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалтыг баримталсан. Тус заалтад юу гэж байдаг вэ гэхээр “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж заасан байгаа. Ажилтан гэдэгт хэн орох вэ гэхээр тухайн ажиллаж байгаа Д.У******* орох ёстой байсан. Хуулийн хоёр салаа ойлголт байна. Тухайн сайд нь Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөх ёстой байсан. Энэ эрх, үүргийг Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасны дагуу олгосон. Сангийн яамнаас албан бичиг аваад Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга нь албан тушаалд томилж, чөлөөлнө гэсэн ойлголтын хүрээнд албан тушаалд томилсон.  Энэ нь тухайн үед үйлчлээд нэхэмжлэгч 4 сар ажилласан. Энэ буруутай үйл ажиллагааг иргэн буюу Д.У*******т халдаах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасны дагуу ажилд томилсон. Тухайн үедээ хүчин төгөлдөр болсон. Харин н.Алтанзаяа гэдэг этгээдийг томилохдоо Сангийн яамнаас ямар нэгэн зөвшөөрөл авсан баримт байхгүй, Авлигатай тэмцэх газар материал хүргүүлсэн талаар баримт байдаггүй. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын тушаалд хууль зүйн шаардлага хангасан Сангийн яамны албан тоот байна. Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасны дагуу тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хуулийн салаа хоёр ойлголт байна. Хууль бус тушаал гаргасан байсан гэж үзээд одоо Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг баримтална гэсэн ойлголт байхгүй. Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасны дагуу албан тушаалд томилсон байгаа” гэв.

Тав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө******* 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаад өгсөн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл анх ажилд томилохдоо Төсвийн тухай хуулиар зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.4-т “Энэ хуулийн 14.1.3, 14.1.7, 14.1.8, 14.1.11, 14.1.12-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан байгаа. Тийм учраас Эрүүл мэндийн сайд  тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн. Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээний асуудлыг зөрчсөн гэж үзээд Эрүүл мэндийн сайд ажлаас чөлөөлсөн. Эрүүл мэндийн сайд тушаал нь үндэслэлгүй байсан гэж үзсэн. Хууль бус тушаал гэдгийг мэдсээр байж Стратеги, төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн анхан шатны тусламж, үйлчилгээний төсвийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Нэхэмжлэгч зөвшөөрөөд мэргэжилтнээр ажилласан. Өөрөө ажлаас чөлөөлөгдсөн хүн” гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “...Эрүүл мэнд, спортын яамны /хуучнаар/ сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.О*******ын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б86 дугаар тушаалаар ямар ч хууль зүйн үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, намайг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус шийдвэр болсон” гэж, хариуцагч талаас “...Д.У*******ыг томилох эрх бүхий албан тушаалтан томилоогүй бөгөөд дээрх албан тушаалаас чөлөөлж, өөр ажил албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх хэсэгт “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж заасныг үндэслэн Эрүүл мэнд, спортын яамны /хуучнаар/ Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 413 дугаар тушаалаар  намайг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст төсвийн Ерөнхий нягтлан бодогчоор томилсон гэж тайлбарлажээ. Гэвч тус яамны сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б86 дугаар тушаалаар Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Д.У*******ыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс чөлөөлсөн байх бөгөөд энэ нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна”, 14.1.8-д “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн”, 19 дүгээр зүйлийн 19.1-т “Бүх шатны төсөв нь тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна”,19.4-д “Энэ хуулийн 14.1.3, 14.1.7, 14.1.8, 14.1.11, 14.1.12-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалыг зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг уг албан тушаалтан өөрөө, хэрэв уг албан тушаалтан хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлээгүй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол сайд тус тус хүчингүй болгоно. Тухайн тушаалтай холбоотой маргаан гарсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг ажилд томилж, чөлөөлөх  эрх хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон байхад Төрийн нарийн бичгийн дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлыг шийдвэрлэсэн нь  буруу болжээ. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах” асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус захиргааны акт гэж үзэж, 47.2-т “илт хууль бус  захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаас үзэхэд Д.У*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  албан тушаалтны захирганы акт хуульд нийцнэ. Гэвч үүнд ажилтныг буруутгах боломжгүй тул Эрүүл мэнд, спортын яамны /хуучнаар/ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б78 дугаар тушаалаар Д.У*******ыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн анхан шатны тусламж үйлчилгээний төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс томилсон байна. Гэхдээ  нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан тул 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Эрүүл мэнд, спортын яамны  /хуучнаар/  төрийн нарийн бичгийн даргын “Ажлаас чөлөөлөх тухай” Б/114 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, үүнд гомдол гаргаагүй байна. 

  Иймд  Эрүүл мэнд, спортын яамны /хуучнаар/ сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б86 дугаар тушаалыг Д.У*******ын хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У*******ын нэхэмжлэлээр Эрүүл мэнд, спортын яамны /хуучнаар/ сайдад холбогдуулан гаргасан “Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б86 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус тус хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЧАНЦАЛНЯМ