| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00251/И |
| Дугаар | 155/ШШ2016/00372 |
| Огноо | 2016-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00372
| 2016 оны 3 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2016/00372 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Зэлэм овогт Аийн Б /РТ-**********/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1974 оны 10 дугаар сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал, 1980 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Лениний-Алдар нэгдэлд, 1991 оны 01 дүгээр сараас эхлэн 1992 оны 7 дугаар сарыг дуустал Аригийн-Ундарга ХХКомпанид малчнаар тус тус ажиллаж байсан тул нотлох баримтуудыг үндэслэн 1974 оны 10 дугаар сарын 01-нээс 1976 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгдэлд малчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Аригийн-Ундарга ХХК-д малчнаар тус тус ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч А.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд 1974 оны 10 дугаар сарын 01-нээс 1976 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчинаар, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ХХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/14 дугаартай архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Д.Б-гийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ....А.Б нь 1974 оны үеэс Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор анх ажиллаж байгаад 1976 оны зун цэрэгт явж байсан. 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж ирээд Лениний-Алдар нэгдэлд хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан. Лениний-Алдар нэгдэл нь Аригийн-Ундарга компани болоод тартал нь ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Р.Н-гийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ....А.Б нь намайг Алаг-Эрдэнэ сумаас 1976 онд Чандмань-Өндөр сумын бэр болж ирж байхад цэрэгт явж байсан. Цэргээс халагдаж ирээд Лениний-Алдар нэгдэлд хоньчноор ажиллаж эхэлж байсан. 1990-ээд оны үед нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10/112 дугаартай ....тус аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул А.Бт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зэлэм овогт Аийн Б /РТ-**********/-ийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд 1974 оны 10 дугаар сарын 01-нээс 1976 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ХХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ