Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/00374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Цн Н- /РС-***********/-гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Н- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуулийг төгсөж улмаар 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарыг дуустал Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад барилгын туслах ажилтнаар ажилласан. 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуульд угаагчаар ажиллаж байсан. Мөн цалингийн цэсэнд Л овогтой Н- гэж бичигдсэн болно. Миний иргэний үнэмлэхэнд Цгийн Н- гэж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн цалингийн түүвэрт бичснийг Цгийн Н-гийнх мөн болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарыг дуустал барилгын туслах ажилтнаар, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал 8-н жилийн сургуульд угаагачаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ц.Н- нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал барилгын туслах ажилтнаар, Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаартай архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн ....Ц овогтой Н- нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал халуун усанд угаагчаар ажиллаж байсан.... гэх тодорхойлолт,

Гэрч Н.О-ын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: ....Ц.Н- нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 онд анх ажилд орж байсан. Би тус сургуульд 1983 онд орсон бид хоёр 1992 он хүртэл хамт тус сургуулийн халуун усанд ажилласан.... гэх мэдүүлэг,

Гэрч Н.Х-ын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: ....Ц.Н- нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд туслах үйлдвэрийн барилгын бригадад туслах ажилтнаар 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан. Тэгээд 1982 оны 9 дүгээр сараас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн дунд сургуульд халуун усны үйлчлэгч, угаагчаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 70 дугаар данснаас түүвэрлэн авсан цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудыг шүүх үнэлсэн болно. Учир нь: Гэрч Н.Х-ын ....Л гэдэг хүн нь Н-гийн хойд аав нь юм. Ээжийг нь Ц гэдэг байсан.... гэх мэдүүлэгээр хүсэлт гаргагч Ц.Н-гийн цалин хөлсний баримт мөн болох нотлогдож байх тул нотлох баримт үнэлж байна.

Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн ....ажилд орсон гарсан тушаал нь олдохгүй байгаа болно.... гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ...мал төллөж байгаа тул өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Долгор овогт Цн Н- /РС-***********/-г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал барилгын туслах ажилтнаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал халуун усны угаагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Н-г улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ