Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 846

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Т.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Т.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706032850338 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.Ш, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн,  29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, АПУ трейдинг ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай гэх, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо өлгийн 12 дугаар гудамжны 252 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Т.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн гудамжны ойролцоо иргэн А.Ариунзанатай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардалд 1.610.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруу болон 450 нэгжээр торгуулах ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Ариунзана мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Тухайн үед миний үүдэн 2 шүд хугарч уруул гадна дотно хэсгээр сэтэрсэн, нүүр ам хөхөрчихсөн байсан. Би одоо учирсан хохирлоо тогтоогоогүй байгаа, хугарсан 2 шүдээ эмчлүүлэх мөнгө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-12/,

             Гэрч Ц.Баасанхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”…Тухайн үед Ариунзана, Шагдарсүрэн хоёр хоорондоо маргалдаж, зууралдаж цохилцоод байсан. Миний бодлоор Шагдарсүрэн гэмтэл учруулсан байх...” гэсэн мэдүүлэг. /хх-15/,

            Гэрч П.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Тухайн үед Ариунзанагийн амнаас нь цус гарчихсан байх шиг байсан, тэгээд шүлсээ хаяад байсан. Тэгээд бид салаад явсан, би тухайн үед сайн анзаарч хараагүй цагдаа дуудах гэж байна гэхээр нь бид шууд явцгаасан. Шагдарсүрэн, Ариунзана хоёр хоорондоо зодолдсон, тийм болохоор Шагдарсүрэн гэмтэл учруулсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-17/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №14099 тоот дүгнэлтэд: 

  1. А.Ариунзанын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, дээд, доод үүдэн зүүн 3-р шүдний хугарал, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн өвдгөнд хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээд үүдэн зүүн 3-р шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө. /хх-20/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн гудамжны ойролцоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ариунзанаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ш учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч А.Ариунзана нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-51/ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Ш-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ш-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР