| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2014/01227/И |
| Дугаар | 155/ШШ2016/00380 |
| Огноо | 2016-03-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00380
| 2016 оны 3 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2016/00380 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 28 дугаар гудамжны ************** тоотод оршин суух, Шарнууд овогт Бгийн Б /РБ-**************/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн ************ дугаарын үнэмлэхтэй Харуул овогт Бгийн Т /РЮ-****/
Хариуцагч: Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуульд холбогдох,
Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1145 дугаарын үнэмлэхтэй Боржигон овогт Бямбадоржийн А /РХ-80111005/
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй үеийн цалин гаргуулах, Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 363.728 /гурван зуун жаран гурван мянга долоон зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс А сургуульд анх номын санчаар ажилд орсон. Ингээд 2012 оны 4 дүгээр сард жирэмсний амралтаа авсан байхад захирал дуудаж 2012 оны 8 дугаар сарын 20-ны үед ажилдаа ор гэсэн шаардлага тавихаар нь ажилдаа орсон. Ажиллаж байтал сургуульд яв гэхээр нь надад сургуульд явах боломж байхгүй гэхэд төлбөрөө 2 хувааж хийж болдог гэж хэлээд надад албан тоот хийж өгөөд сургуульд явуулаад төгсөөд ирэхээр чинь ажлын байраар хангана гэж хэлээд явуулсан. Тухайн үед намайг ажлаас халсан тушаал гаргаагүй. Ажлаас халсан тушаалыг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрөө хөөцөлдөж байж олж авсан. Тушаалаа авахаасаа өмнө асуухад ажлын байр байхгүй чамайг сургаж өгөхөөс өөр яадаг юм гэж хэлсэн. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Би тухайн үед ээжийгээ харж байсан тул шүүхэд гомдлоо 2014 оны 12 дугаар сард гаргасан болно.
Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн захирал Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 оны 9 дүгээр сарын 01-ний номын санчийн ажилд орсон нь үнэн. 2012 оны 4 дүгээр сарын 10-нд хүүхэд төрүүлэх чөлөө авсан. 2012 оны 8 дугаар сарын 27-нд өөрөө хүсэлтээ гаргаж ажилдаа орсон. Түүнээс би дуудаж оруулаагүй. Тухайн үед Б хүсэлт гаргаад бага ангийн багшаар ажиллах сонирхолтой байна гэж хэлэхээр нь сургуулийн захирлын албан бичиг хийж өгч сургуульд явуулсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр сургуульд элссэн тушаал гарсан байсан тул 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас нь халсан тушаал гаргасан. Гэтэл сургуульдаа 2012 оны 9 дүгээр сард яваад үүнээс хойш сураггүй алга болж харилцаа холбоогүй байж байгаад 2014 оны 12 дугаар сард шүүхэд хандсан байсан юм. Түүний оронд харин Б төгсөж ирээд бага ангийн багшаар ажиллах хүсэлтээ өгсөн бол болох л байсан ба өнөөдөр хүртэл хүсэлтээ албан ёсоор сургуулийн захиргаанд гаргаагүй байна. Үүнээс болж миний сэтгэл санаа маш их хүнд дарамтад байгаа ба ажил төрлөө алдаж олон жил шүүхээр явж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: Тушаалаа 2014 оны 6 дугаар сарын 02-нд гардаж авчихаад бараг 7 сарын дараа нэхэмжлэл шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын дотор гаргана гэснийг зөрчсөн байдаг тул Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн захирал Б.Б сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд нийгмийн даатгалын шимтгэл үндэслэлгүй төлсөн гэх үндэслэлээр 363.728 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг нийгмийн даатгалын актыг захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгосон юм. Гэхдээ одоо сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жирэмсний амралттай байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх ёстой тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,
Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 363.728 /гурван зуун жаран гурван мянга долоон зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн захирлын 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 54 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн 2012 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн Б/57 дугаартай Номын санч Б.Бг ажилд томилох тухай захирлын тушаал, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/65 дугаартай Б.Бг ажлаас чөлөөлөх тухай "номын санч Б овогтой Бг өөрийн хүсэлтээр 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй." гэх тушаалуудын хуулбар зэргийг үнэлж үзэхэд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Б.Бгийн Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн номын санчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:
Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/65 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж, шүүхэд гомдлоо 6 сар 8 хоног буюу 191 хоногийн хугацаа хэтрүүлэн гаргасан болох нь нэхэмжлэгч Б.Бгийн шүүх хуралдаанд ....би ажлаас халагдсан тушаалаа 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрөө хөөцөлдөж байж олж аваад шүүхэд 2014 оны 12 дугаар сарын 10-нд гомдлоо гаргасан.... гэх тайлбар,
Гэрч Б.Б-ын өгсөн: ....энэ хүний тушаалыг өгөх гэсэн боловч өөрөө байхгүй байсан тул...2014 оны 5 сард өгсөн.... гэх мэдүүлгээр шүүхэд хуульд заасан гомдол гаргах хугацаагаа хэтрүүлэн гаргасан нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд ....би тухайн үед ээжийгээ харж байсан тул шүүхэд гомдлоо 2014 оны 12 дугаар сард гаргасан болно.... гэж тайлбар, мэдүүлэг өгч байгаа боловч энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хуульд заасан хугацааны дотор гомдол гаргагч нь өөрөө хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.
Нэхэмжлэгч нь ээжийгээ харж байсан гэх боловч энэ талаарх асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон албан ёсны баримт хэрэгт авагдаагүй энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.
Иймд Б.Бгийн урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн захирлын 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/65 дугаартай Б.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлтэй эсэхэд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн захирал Б.Б нь шүүхэд гаргасан нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 363.728 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Сум дундын 27 дугаартай шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ний 2692 дугаартай шүүгчийн захирамжийг шүүх үнэлэх боломжгүй байна. Учир нь: Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн нь буруу байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон ба шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ дэмжиж дахин хүсэлт гаргаагүй байна.
Мөн хэрэгт авагдсан доорхи баримтуудыг шүүх үнэлээгүй болно.Үүнд: 8-9, 14, 59-60-р хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д ....бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.... гэх заалтыг хангаагүй, 16, 18-22, 226-229, 232-235, 238-239-р хуудсанд Д.Амарбаясгалангийн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт болон түүний өвчтөний карт, рентген зураг, тодорхойлолт, кассын орлогын ордер зэрэг баримтууд авагдсан байх ба Д.Амарбаясгалан нь хэргийн зохигч биш хэрэгт хамааралгүй байна.
Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуульд холбогдох номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар Хөвсгөл аймгийн МС-А-8 сургуулийн нэхэмжлэгч Б.Бгийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 363.728 /гурван зуун жаран гурван мянга долоон зуун хорин найм/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 11.880 /арван нэгэн мянга найман зуун наян/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ