Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
Хэргийн индекс | 155/2016/00060/И |
Дугаар | 155/ШШ2016/00381 |
Огноо | 2016-03-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00381
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Д
Хариуцагч: Л.Г
Зээл, алданги, нийт 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00060/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Д.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Мгийн зуучилснаар Л.Г, А.Г нарын хүсэлтээр 2014 оны 03 сарын 21-ний өдөр 7.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй өөрсдийн нь зөвшөөрөл, гуйлтаар зээлдүүлсэн. Эхний 2 сард хүүг өгсөн. Түүнээс хойш одоо бүгдийг нь өгчихнө, маргааш өгнө гэх мэтээр худал хэлж, залилан мэхэлсээр 20 сар болж байна. Хот руу зугтаад, утсаа ч авахгүй оргон зайлсан. Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тохиролцсноор алданги 12.600.000 төгрөг болж байна. Гэвч би үндсэн зээлсэн мөнгө 7.000.000 төгрөг, алдангиас 3.000.000 төгрөг, бүгд 10.000.000 төгрөгийг гаргуулж авна. Миний бага хүү Бүгд найрамдах Хятад ард улсад өндөр төлбөртэй сурдаг, хүүхдийн болон хүний амьдрал бодохгүй сүйтгэж байгаа 2 этгээдээс 10.000.000 төгрөгийг минь нэн даруй гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г нь миний нэхэмжилсэн мөнгөнөөс 7.000.000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул түүний зөвшөөрснөөр 7.000.000 төгрөгийг гаргуулж авахыг зөвшөөрч байна. Л.Гт 10.000.000 төгрөг зээлж өгснөөр миний бие, сэтгэл санаа маш их хохирсон байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр би Д.Дын нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэд хоорондоо өндөр хүү төлөхөөр гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд харин зээлсэн 7.000.000 төгрөгийг зөвшөөрч байна. Иймд Д.Дын нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 7.000.000 төгрөгийг төлнө, 3.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Л.Гт холбогдуулан зээл, алданги, нийт 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7.000.000 /долоон сая/ төгрөг авахаар хариуцагч Л.Гтой эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч Л.Гоос 7.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөгийг нэхэмжлэгчид олгов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Дын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Гт холбогдох зээл, алданги, нийт 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч Л.Гоос улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1019 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Гийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 41 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА