Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Бийн Эы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************** суманд байрлах, Хөвсгөл аймгийн *************** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Ээлжийн амралтын олговор 483.000 /дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2016/00098/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2014 оны 09 сард Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас Хөвсгөл аймгийн *************** сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар томилсон боловч авахгүй, дахин шалгалтанд ор гэсэн. Би шалгалт өгч тэнцээд жирэмсний амралттай байсан багшийн оронд түр ажиллахаар 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллах тушаал гарсан бөгөөд би жирэмсний амралт авч ажлаасаа гарсан. Намайг төрсний дараа манай багш нар чиний ажилласан хугацааны амралтын мөнгө бодогдсон байна гэж хэлсэн. Үүний дагуу сургуулийн захиралтай утсаар ярихад чиний амралтын мөнгө бодогдож гарсан байгаа одоо 06 сард өгч чадахгүй, 7, 8 дугаар сард өгнө гэсэн боловч өгөөгүй. Дахиад 09 сард утсаар ярихад Янжмаа багш та хоёрын амралтын мөнгөний 50 хувийг өгнө гэж байсан боловч төсөв хүрэлцэхгүй байгаа учир өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэгэнт миний амралтын мөнгө бодогдож, цалингийн цэсэн дээр бичигдсэн учраас өөрийн ажилласан хугацаандаа амралтын мөнгөө тооцоод 483.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Түүнчлэн намайг хүүхэдтэй зүй бус харьцсан гэсэн тайлбар өгсөн байна. Би сургуульд томилогдож очиход 6 дугаар ангийн хүүхэд миний урдаас доромжлоод журнал дээр эрээчих гээд байхаар нь шаардлага тавьж байсан. Тэр хүүхэд захирлын төрсөн ахынх нь хүүхэд байсан юм билээ. Түүнээс өөрөөр хүүхэдтэй зүй бус хандсан зүйл байхгүй. Хариуцагч хүүхдийн дэвтэр урж тасадсан гэж худлаа тайлбар бичсэн байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын захирал Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Бь овогтой Эыг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс тус сургуульд газарзүйн багшаар түр орон тоонд авч ажиллуулсан. 2016 оны 3 дугаар сарын 31-нд үндсэн багш С.Сосорбарам ажилдаа орох хүсэлт гаргаснаар багш Б.Эыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Б.Э нь ажиллах хугацаандаа суралцагчдыг элдэв бусаар доромжилж, биед нь гар хүрэх, дэвтэр номыг нь урж тасдах, эцэг эхтэй зүй бусаар харьцах зэрэг багшийн ёс зүйн дүрмийг зөрчиж сануулга авч байсан тул цаашид багшаар ажиллуулах боломжгүй болсон. 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Этай хийсэн хөдөлмөрийн гэрээний 3.2.6-р заалтад Ажилтанд байгууллагын жилийн төсөв хүрэлцэхгүй тохиолдолд 6 сараас дээш хугацаанд ажиллаагүй бол амралтын мөнгийг олгохгүй байж болно гэснийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ хийсэн. Б.Эд ажилласан хугацааны амралтын мөнгө 483.000 төгрөг бодогдсон боловч байгууллагын төсөв эхний хагас жилээр 20.442.087 төгрөгийн өртэй гарснаар аймгийн Засаг даргын А-04 тоот албан даалгавар, Сангийн сайдын А/211 тоот тушаал, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн тул багшийн мөнгийг олгох боломжгүй болсон. 2015 оны тайлант жилийн санхүүгийн төсөв дууссан тул багш Б.Эы амралтын мөнгийг олгох боломжгүй болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Хөвсгөл аймгийн *************** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ээлжийн амралтын олговор 483.000 /дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Эд ээлжийн амралтын олговор 483.000 төгрөг олгохоор бодогдож, цалингийн цэсэнд бичигдсэн тухай зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нь байгууллагын төсөв өртэй гарсан учир төлөх боломжгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Э 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн *************** сумын Ерөнхий боловсролын сургуульд газарзүйн багшаар түр хугацаанд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймгийн *************** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Багш ажиллуулах тухай Б/33 тоот тушаал, Б.Эы 2008 оноос 2015 оны 05 сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилттэй 247096 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 11 сараас 2015 оны 03 сар хүртэл хугацаанд авч байсан цалингийн цэс зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдлоо.

Хөдөлмөрийн тухай хуулинд ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ, ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж заасан байдаг ба Хөвсгөл аймгийн *************** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2015 оны ээлжийн амралтын цалингийн цэсэнд Б.Эд ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 521.321 төгрөг олгохоор бодогдож бичилт хийгдсэн боловч одоог хүртэл хугацаанд тус ээлжийн амралтын олговрыг олгоогүй байна.

Хариуцагч нь Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6-р заалтад Ажилтанд байгууллагын жилийн төсөв хүрэлцэхгүй тохиолдолд 6 сараас дээш хугацаанд ажиллаагүй бол амралтын мөнгийг олгохгүй байж болно гэж заасан, байгууллагын төсөв эхний хагас жилээр 20.442.087 төгрөгийн өртэй гарснаар аймгийн Засаг даргын А-04 тоот албан даалгавар, Сангийн сайдын А/211 тоот тушаал, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа ч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд Б.Эд ээлжийн амралтын олговор 521.321 төгрөг олгогдохоор цалингийн цэсэнд бодогдсон байгаа боловч түүний ээлжийн амралтын олговор 483.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын хэмжээнд Хөвсгөл аймгийн *************** сумын Ерөнхий боловсролын сургуулиас 483.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15.340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын захирал Ч.Од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн *************** сумын Ерөнхий боловсролын сургуулиас ээлжийн амралтын олговор 483.000 /дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 15.340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА