Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/208

 

 

 

 

 2023              02            16                                        2023/ДШМ/208    

 

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1791 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.А-д холбогдох эрүүгийн 2006034930258  дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-ийн А-,

2006 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2008 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 2 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            2012 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2017 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар  сарын 22-ны өдрийн 637 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилсөн,

             2017 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 370 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 720 цагийн хугацаагаар тогтоож, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

Шүүгдэгч А.А- нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “*****" хотхоны 17 тоотод иргэн Х.Ж-гийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Э-ыг жижиг өрөөнд оруулан хаалгыг нь цоожилж, гартаа хутга барьж “Өмдөө тайл” гэж өмдийг нь тайлуулан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт,

Ц.Э-ыг “Хувцсаа тайл” гэж маргалдан түүний нүд, уруул хэсэгт гараараа цохих, хүзүү болон бөгс хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

          2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 18 дугаар гудамжинд “Toyota passo” загварын *****УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “Чи манай дүүг зодсон байна” гэх шалтгаанаар О.Э-г архины шилээр шанаа, толгой, хүзүү, гарын сарвуу, зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч овогтой А-ийн А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсон ба хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэргийг, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 5 жилийн хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 641 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогч О.Э- Ц.Э- нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хорих ял авсан. Уг ялаа 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүх рүү давж, хохирол гомдлоо төлсөн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү гэсэн. Гэтэл хэрэг задарч 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мөрдөнд ирэн хүчингийн завдалт нэмж, дахин шүүхээр хоёр удаа ороход хуучин прокурор Бат-Эрдэнэ хүчингүй завдалт байхгүй байна, хохирогч над руу ойртоогүй, хүндрүүлэх шаардлага байхгүй гээд орсон. Шүүгч н.Алтанцэцэг нь гурав дахь удаагаа шүүхээр ороход Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэн, прокурорыг сольж, эрх зүйн байдлыг минь дордуулж зууж, маргаад байна гээд хүнд гэмтэлд 7 жил сонсгон, завсарлаж орж ирээд Өршөөлийн хуульд хамруулж 10 жилийн хорих ял болгосон. ...Би 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Багануур дахь 427 дугаар ангид очоод шагналын 15 хоног, ажил, нийгмийн, спорт арга хэмжээнд гар бөмбөгөөр алт, шидэлтийн тэмцээнд дэд байр, “Миний ухаарал” илтгэлийн тэмцээнд оролцсон, ноосон урлал, гагнуурын сургалтад сууж, тусгай дэглэмийн А тогооч хийж байгаад ирсэн. Прокурор яллаж болно. Гэхдээ шүүгч та бүхэн шат, шатны ажиллагаа үнэн мөнийг ялгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан зүйл ангийг цагаатгаж, санамсаргүй байдлаар хоолой исгэж, судас дайрсан хүнд гэмтэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар журамлан ял хөнгөрүүлж өгнө үү. Энд хоригдсон 2 жилийн хугацаанд эрх зүйн байдал дордож, батлан даалтад гараагүй, дандаа хүндрүүлэх тал барин яллаж байгааг хэргээс харна уу. ...Эрүүгийн хуульд эрх зүйн байдлыг дордуулахгүй, ашигтай талаар нь шийднэ, хүнлэг энэрэнгүй гэж заасан. Гэтэл хилс хэрэгт тулгаж байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг яагаад надад ашигтайгаар шийдвэрлэхгүй байна вэ. Би хүчингийн гэмт хэрэг завдалт хийсэн бол хэзээ ч давахгүй. ...Хохирогчийн мэдүүлгээр ял авсан хүн шоронгийн нийт ялтны 90 хувь байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан зүйл ангийг цагаатгаж өгнө үү. Би хорих 427 дугаар ангид анхны хуримаа хийж Ц.С-ай гэр бүл болсон. Ар гэр миний төрсөн аав А- хэвтэрт, ээжийн бие муу, ар гэртээ, улс нийгэмдээ, хань ижилдээ очиход минь шүүгч та бүхэн мэргэн ухаанаа тунгааж, авсан ялыг минь багасгаж, хийгээгүй хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Б.Байгалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-г хохирогч Ц.Э-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн буюу хүчиндэхийг завдсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 05 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна. Хохирогч Ц.Э-ын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “А.А- надтай бэлгийн харьцаанд огт ороогүй, харин ‘хувцсаа тайл” гэж дарамталсан. Миний биед огт хүрээгүй бөгөөд надтай бэлгийн харьцаанд орох идэвхтэй үйлдэл хийгээгүй. Намайг хувцсаа тайлахаас өмнө болон хойно А- хувцсаа огт тайлаагүй. ...” /1 хх-ийн 34-35/, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “... Намайг хувцсаа тайл гээд миний нүүр лүү цохихоор нь би өөрөө өмд, дотоожоо тайлсан. Тэрнээс тэр миний хувцсыг тайлаагүй, хүчиндэх оролдлого хийгээгүй, миний биед хүрээгүй, оролдоогүй, хувцсаа тайлаагүй. ...” гэх мэдүүлэг /2хх 175-176/, гэрч Х.Ж-гийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Яваад ороход тэр хоёр лав бэлгийн харьцаанд ороогүй, тийм идэвхтэй үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг/ 2хх 178-180/, гэрч Ө.О-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...намайг жижиг өрөөнд ороход А- босоогоороо зогсож байсан. Бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг /2хх 182-184/, шүүгдэгч А- яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр хоёрын байсан жижиг өрөөнд миний савхин куртик байсан болохоор куртикээ авах гээд хаалгыг нь онгойлгож ортол Ж-, Э- хоёр шалдан хэвтэж байснаа Э- намайг хараад өмдөө өмсөх гэхээр нь “чи наад өмдөө тайлаад Ж-тэйгээ хэвт” гэж хэлсэн. Ер нь би Э-ыг хөөж явуулахын тул түүнийг айлгах гэж “өмдөө тайл” гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.А- нь хохирогч Э-ыг “өмдөө тайл” гэж хэлснээс бусдаар бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийхийг завдсан, оролдсон нь тогтоогдохгүй байна. А.А- нь Э-, Ж- хоёрын байгаа өрөөнд нь ороод “Өмдөө тайл” гэж Э-ыг айлгаж хөөж явуулах гэж хэлсэн үү эсвэл хүчиндэх зорилгоор хэлсэн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд энэ нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.

Хэрвээ давж заалдах шатны шүүх А.А-г хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутай гэж дүгнэвэл “Шударга ёсны зарчим буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль тогтоогч завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээний хязгаарыг тогтоож өгснөөс ялын доод хэмжээг хуульчлаагүй. Хохирогч Ц.Э- нь удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “А- нь намайг хүчиндэх оролдлого огт хийгээгүй, миний биед огт гар хүрээгүй, хүчиндэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл огт гаргаагүй, энэ талаар надад А-гээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд санал гомдолгүй” гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар А.А-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж  өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон. Хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс өгсөн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн. Энэ нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгчийн хувьд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд Э-ыг хүчиндэх санаа зорилготой байсан гэдэг нь нотлох баримтыг цогцоор нь үнэлэх явцад нотлогдон тогтоогдсон. Үнэлэлт, дүгнэлтийг хуульчид бид нар өгч байгаа учраас нотлох баримтын харилцан хамаарал түүнийг цогц байдлаар нь дүгнэж үзээд  шүүгдэгчийн гаргасан үйлдэл нь хүчиндэхийг завдсан  үйлдэл мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тухайн цаг хугацаанд хэргийн газар байсан хохирогч, хоёр гэрч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд шүүгдэгчийн хувьд Э-ыг хүчиндэх санаа зорилготойгоор түүний дотуур хувцсыг тайлуулсан, хутга тулгаж хүчиндэхээр завдаж байх явцад хохирогч нь тусламж хүсэж орилоход нөгөө өрөөнд байсан хоёр гэрч орж ирээд шүүгдэгчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох байдлаар энэ гэмт хэрэг төгс үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан. Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ямар зүйлийг анхаарах вэ гэдгийг хуульчлан зааж өгсөн. Шүүгдэгч урьд нь олон удаа  гэмт хэрэг үйлдсэн нь давтан гэж үзэх ойлголт байхгүй боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзан үзэх нэг нөхцөл байдал нь шүүгдэгчийн хувийн байдал гэдгийг хуульд тусгаж өгсөн. Гомдолдоо “гэгээрсэн, нийгэмд тустай хүн болно” гэсэн байна. Шүүгдэгч өмнөх 6 удаагийн үйлдэлдээ 6 удаа шүүхээр орж шүүх хуралдааны танхимд Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс ял сонсож байхдаа энэ үйлдлүүддээ яагаад дүгнэлт хийж байгаагүй юм бэ. Өнөөдөр уянгын халилтай зүйл ярьж орж ирээд ажлаа хийсэн шүүгч, прокурор, мөрдөгч нарыг өөрт нь зүй бусаар хандаж байгаа юм шиг хандлага гаргаж болохгүй. Өөрөө үнэхээр ухамсарлаж, ойлгоод нийгэмд тустай хүн болно гэж байгаа бол дүгнэлт хийх ёстой. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэрэгт нь тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч А.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.А- нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “*****" хотхоны 17 тоотод Х.Ж-гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Э-ыг жижиг өрөөнд Х.Ж-гийн хамт байхад нь Х.Ж-г өрөөнөөс түлхэж гарган Ц.Э-ыг “хувцсаа тайл” гэж баруун нүд, уруул хэсэгт нь гараараа цохиж, “өмдөө тайл” гэж өмдийг нь тайлуулан хүзүү болон бөгс хэсэгт хутгаар зүсэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэргийг,

Ц.Э-ын нүд, уруул хэсэгт гараараа цохих, хүзүү болон бөгс хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хүзүүд хатгагдаж зүсэгдсэн шарх, А.Саrotid судасны тасрал, баруун дээд шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өгзгөнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн гадна чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Э-ын “...Ж- бид хоёр буйдан дээр ярилцаад сууж байтал А- их хэмжээгээр согтсон байдалтай Ж-д хандан “Би наад охиныг чинь орж ирснээс нь хойш тоочиглосон байсан” гэж хэлэхээр нь би тоглож байна гэж бодоод маазраад байж байтал А- гэнэт уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь Ж- бид хоёр жижиг өрөө рүү ороод хаалгаа түгжээд хэвтэж байтал А- жижиг өрөөг онгойлгох гээд хаалга нүдээд байсан. Ж- босоод жижиг өрөөний хаалгыг тайлтал А- Ж-гийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод “Чи зайл” гэж хэлэн жижиг өрөөнөөс түлхэж гаргаад хаалгыг түгжсэн. Тэгснээ над дээр ирээд “хувцсаа тайл” гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлэхэд намайг гараараа нэг удаа баруун нүд орчим цохисон. Өөдөөс нь эсэргүүцтэл бөгжтэй гараараа миний дээд уруул руу цохиж үүдэн дээд нэг шүд унаж хамар, шүднээс цус гарч эхэлсэн. ...Тэгснээ над дээр ирээд “Өмдөө тайл” гэж хэлэхээр нь би айсандаа өмдөө тайлаад чанга дуугаар орилтол Ж- найзынхаа хамт хаалга нүдсэн боловч А- хаалга нээхгүй байсан тул хаалгыг цөм цохиод ороод ирсэн. Энэ үед би өмд болон дотуур өмдөө тайлчихсан орилоод газарт сууж байсан тул Ж- А-гийн урдуур нь орж тэврээд арагшаа түлхсэн. А- Ж-г давуулаад хутгатай гараараа савсан. Миний хүзүүний зүүн хэсэгт хутгалсан тул их хэмжээний цус гарч хүзүүгээ баруун гараараа дараад хажуу тийшээ хэвтэхэд Ж- “Хүн алчихлаа шүү дээ” гэж орилоод жижиг өрөөнөөс гараад явсан. ...А- надтай бэлгийн харьцаанд ороогүй. Харин хувцсаа тайл гэж дарамталсан. ... /1хх 31-35/

гэрч А.М-н “...маргааш өдөр нь 13 цагийн орчим Ж- над руу утсаар залгаад "Өчигдөр шөнө та хоёрыг гэртээ харьсны дараа Э- над руу залгаад манай гэрт буцаж ирсэн. Тэгтэл А- Э-ыг хүчиндэх гэж байгаад уурлахаар нь хүзүү рүү нь хутгалчихсан” гэж хэлсэн. ...” /1хх 39-41/,

гэрч Х.Ж-гийн “...А- Э-ыг тэврэх гэх мэт үйлдэл хийгээд байсан бөгөөд Э- А-гээс айгаад над руу ойртоод байхаар нь би түүнийг жижиг өрөө рүүгээ оруулаад тэврээд хэвтсэн. Тэр үед А- жижиг өрөөний хаалгыг тогшихоор нь би нээтэл А- Э- руу уурлаж дайрч эхэлсэн. Би А-г Э-аас тэвэрч холдуулаад жижиг өрөөнөөс гаргаад хаалгаа түгжтэл А- хаалга өшиглөж орж ирээд баруун гартаа жижиг хутга, сэрээ хоёр барьчихсан надад хандан “Наад охиноосоо холд” гэхээр нь би “Чи зүгээр явуулчихаа хөгшөөн. Надад наад хутгаа өг” гэхэд хутгаа өгөхгүй байсан. Тэгснээ Э- дээр очоод нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Э- доошоо суухад А- Э-д хандан “Чамайг мэднэ шүү янхан минь” гэх мэт зүйлс ярихаар нь би түүнээс дахин “хутгаа тавьчих” гэж гуйсан. Тэгсэн А- хутгаа тавихгүй гараараа дахин Э-ын нүүр лүү 2-3 удаа цохиж надад хандан “Чи гар” гэхээр нь би өрөөнөөс нь гараад О-ыг сэрээгээд буцаад жижиг өрөө ороход А- өмдөө тайлсан нүцгэн байдалтай харин Э- өмд нь тайлагдсан байдалтай газарт хэвтэж байсан. Би жижиг өрөөнөөс гараад О-ыг сэрээгээд буцаад тухайн газарт ороход нэг минут гаран болсон ба А- Э-тай бэлгийн харьцаанд ороогүй өмдийг нь тайлаад яг бэлгийн харьцаанд орох гэж байсан. ...Тэгэхээр нь Э- дээр очоод гараас нь татаад жижиг өрөөнөөс гарах гэж байтал А- Э-ын гараас татаад газар унагаасан. Тэгснээ өмднөөсөө дахин том хутга гаргаж ирээд над руу далайгаад “Чи холд п***а минь” гэхээр нь О- бид хоёр хутгаа тавьчих гэж гуйсан. Тэгтэл А- “Хутгаа өгчихвөл та хоёр намайг нийлээд зодчихно шүү дээ” гэж хэлээд Э- руу очоод нүүр хэсэгт нь цохиж унагаад дээр нь гарч суугаад хутгаа хүзүүн дээр тулгаад байсан. Би хажуу талаас нь очоод хутгыг нь бариад автал ирнээс нь бариад гараа үл ялиг зүссэн. Тэгсэн А- Э-ын хүзүү хэсэгт нь нэг удаа хутгаараа хатгасан. Э-ын хүзүү хэсгээс нь маш их цус гарч эхэлсэн тул би гараараа бариад байж байтал А- Э-ын бөгс хэсэг рүү дахин нэг удаа хутгаараа хатгасан. Тэгтэл хажуу талаас О- А-г тэврээд холдуулсан. ...” /1хх 44-47/,

гэрч Ө.О-ын “...том өрөөнд унтаж байтал Ж- ирээд намайг хөөе гээд татахаар нь би сэрээд яав, юу болов гэсэн чинь тэр “А- хутга бариад намайг ойртуулахгүй, ойртвол ална шүү гээд байна” гэж хэлсэн. ...А- хутгаа гартаа барьчихсан бид хоёрыг ойртуулахгүй байсан. ...Харин тэр эмэгтэй тухайн үед дээгүүрээ цамц байсан уу футболк өмссөн доогуураа өмд нь хөлнийхөө шилбэ хүртэл тайлагдсан байдалтай байсан, дотоожтой байсан эсэхийг нь би одоо санахгүй байна. ...А-г тэр өрөөнөөс гарсны дараа Ж- бид хоёр тэр өрөө рүү дахиад гүйгээд орсон чинь нөгөө охин шалан дээр хэвтчихсэн хүзүүнээс нь цус гараад шалан дээр гоожиж байсан. ...” /2хх 183/ гэсэн мэдүүлгүүд,

“...Ц.Э-ын биед хүзүүд хатгагдаж зүсэгдсэн шарх, А.Саrotid судасны тасрал, баруун дээд шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн өгзгөнд зүсэгдсэн шарх, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн гадна чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Батлах хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр дүгнэлт /1хх 49-52/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-18/, нийт 34 см урттай, 20 см урттай, 3 см өргөнтэй, De Xing Stainless steel High-grade cutlery 3Cr13 гэсэн бичвэр бүхий иртэй, 14 см уртай хар алаг бүрээс бүхий иштэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 28/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 18 дугаар гудамжинд “Toyota passo” загварын *****УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “Чи манай дүүг зодсон байна” гэх шалтгаанаар О.Э-г архины шилээр шанаа, толгой, хүзүү, гарын сарвуу, зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч О.Э-н “...уугаад сууж байтал хадам ах “та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ? Чи миний дүүг зодсон байна” гэх зэргээр үг хаяад байхаар нь би өөдөөс нь “амьдрал зохиож байгаа хүмүүс хоорондоо маргалдах асуудал байна шүү дээ” гэж хэлэхэд баруун гараа зангидаж байгаад миний нүүр лүү гарынхаа ар хэсгээр нэг удаа цохихоор нь би доошоо тонгойтол дотроо архитай архины шилээр миний толгой руу цохих шиг болоод шил нь хагартал толгой руу хэд хэдэн удаа зоохоор нь би хоёр гараа толгой дээрээ тавиад хамгаалсан. Гаран дээр хэд хэдэн удаа зоосон. Хамгийн түрүүнд хадам аавд хэлье гэж бодоод тээврийн хэрэгслээ бариад 200 орчим метр яваад цааш тэнхэлгүй болоод ухаан алдчихсан. ...” /1хх 190-191, 194/,

насанд хүрээгүй гэрч С.С-ийн “...үл таних эрэгтэй, толгой нь нил цус болчихсон, толгойгоо ноосон цамцаар ороож боочихсон хүн орж ирээд “ахдаа туслаач, ах нь танайд тог /цахилгаан/ өгдөг ах нь байна, ахыг нь хүн зодоод алах гээд байна, цагдаа дуудаад өгчих” гэхээр нь би “эмнэлэг дуудчихъя” гэсэн чинь “ахын дүү зүгээр цагдаа дуудаад өгчих, ах нь хутгалуулчихаад үхэх гээд байна шүү дээ” гэж хэлэхээр нь би өөрийн 85727890 дугаартай утаснаас 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн...” /1хх 195-196/,

гэрч А.О-ийн “..гэмтлийн эмнэлэг дээр иртэл О.Э-н толгой, гар, хүзүүг авах зүйл байхгүй болтол нь шилээр зүсчихсэн байсан. Миний ах А.А- нөхрийг минь ингэж зодсонд маш их гомдолтой байна. ...” /1хх 197-200/,

А.А-гийн яллагдагчаар өгсөн “...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 88-89/ гэсэн мэдүүлгүүд,

“...О.Э-н биед зүүн шанаа, баруун чамархай, дагзны хуйх, шилэн хүзүү, хоёр сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шанаа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 927 дугаартай дүгнэлт /1хх 216-217/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 169-178/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.А- ямар буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч А.А-гийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Э-ыг хүчиндэхийг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар, Ц.Э-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, хохирогч О.Э-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нар “...хохирогч Ц.Э-ыг хүчиндэхийг завдсан үйлдэл огт хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа төгс татгалзах гэдэг нь гэмт хэрэгт завдсан этгээд гэмт санаагаа болон төлөвлөсөн үйлдлээ хэрэгжүүлэхэд ямар ч саадгүй, бүх талаар боломжтой гэдгийг ойлгож байгаа хэр нь иргэн, нийгэмд өөрийн хортой гэмт ажиллагаа, түүнээс гарах үр дагаврыг ухамсарлан ойлгосон, өрөвч, хүнлэг сэтгэл гаргасан зэрэг шалтгаанаар гэмт хэргээ туйлд нь хүргэхийг гадны ямар нэг нөлөөгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураараа бүрмөсөн, эргэлт буцалтгүй орхисон байхыг хэлнэ.

 

Харин гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг нь төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй.

 

Шүүгдэгч А.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Э-ыг жижиг өрөөнд Х.Ж-гийн хамт байхад гаднаас орж ирэн Х.Ж-г өрөөнөөс түлхэж гарган Ц.Э-ыг “хувцсаа тайл” гэж баруун нүд, уруул хэсэгт нь гараараа цохиж, “өмдөө тайл” гэж өмдийг нь тайлуулан хүзүү болон бөгс хэсэгт хутгаар зүсэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь хохирогч Ц.Э-, гэрч А.Мандуухай, Х.Ж-, Ө.О- нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, шүүгдэгч нь хохирогч Ц.Э-д хүч хэрэглэн “хувцсаа тайл” гэж дайрч, гараараа нэг удаа баруун нүд орчим, мөн бөгжтэй гараараа дээд уруул руу нь цохиж, хутга барин “өмдөө тайл” гэж хэлсэнд хохирогч Ц.Э- нь айсандаа өмд болон дотуур өмдөө тайлж чангаар орилох үед гэрт байсан Х.Ж-, Ө.О- нар орж ирснээр гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.

 

Шүүгдэгч бусдыг хүчиндэхийг чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч төгсөөгүй нь хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байх тул А.А-гийн энэ үйлдлийг урьд хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хүн дахин хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай байхаар заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.А-д төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээгээр 5 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.А-гийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын хэмжээг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Мөн шүүх шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ял өршөөн хэлтрүүлж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй, түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудын “...хохирогч Ц.Э-ыг хүчиндэхийг завдсан үйлдэл огт хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч Б.Байгалмаагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан хорих ялын хугацааг багасгах” талаар гаргасан гомдлыг хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.А-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1791 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,...” гэснийг “...шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,...” гэж,

5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

6 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А- болон түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарын “...хохирогч Ц.Э-ыг хүчиндэхийг завдсан үйлдэл огт хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-гийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                     Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН