Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 175

 

                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга       Б.Намуунзул

Улсын яллагч:                       Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Билгүүнд холбогдох эрүүгийн 173100120162 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 05 дугаар сарын 09-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар гудамжны 15А тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мэндсайханы Билгүүн /РД:ЕЙ-89050918/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Билгүүн нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Мухар дөхөм” гэх газарт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Делта 9 тетрагидроканнабинолийн агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч М.Билгүүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэртэйгээ муудалцаад Улаанбаатар хотоос гарч Алтанбулаг суманд ирсэн. Хондын амралт руу явж байгаад замдаа тухайн ургамлаас сонирхоод түүж авсан. Эргэж наашаа явж байгаад цагдаад шалгагдаж баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг

  Гэрч Б.Санчирын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би М.Билгүүнтэй найзалж нөхөрлөөд 7 жилийн хугацаа өнгөрч байна. М.Билгүүн нь Сэлэнгэ аймагт амьдарч байгаад хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар явсан. Одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор ямар нэг ажил төрөл хийхгүй байгаа. Зан байдлын хувьд даруу төлөв, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, хувь хүний төлөвшил сайтай залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

Гэрч М.Халиуны 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү М.Билгүүн нь төлөв даруу зантай хүнд тусархуу цагаахан сэтгэлтэй архи, тамхи хэрэглэдэггүй элдэв муу зуршилгүй хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Сүүлийн үед М.Билгүүн дүү маань өөрийн биеийн байдлаас шалтгаалаад сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалтай байгаа, учир нь М.Билгүүн нь баруун гараа бэртээснээс болж хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

Гэрч Б.Батбаярын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч А.Тэмүүжин бид хоёр 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны 08 цаг 30 минут хүртэлх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрийн албанд үүрэг гүйцэтгэсэн. 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Энхжаргал мансууруулах төрлийн зэрлэг олсны ургамал бэлтгэсэн иргэнийг олж илрүүллээ гэсэн мэдээлэл ирсэн юм. Тухайн мэдээллийн дагуу Цагдаагийн ахлах дэслэгч А.Тэмүүжингээр ахлуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиж А.Тэмүүжин хэргийн газрын үзлэг болон холбогдогч М.Билгүүн гэх этгээдийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Харин миний хувьд сэжигтэнээс мэдүүлэг авч, түүний биеэс шинжилгээнд зориулж дээж авах зэрэг ажиллагааг хойшлуулшгүйгээр хийж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. 2017 оны 10 дугаар арын 13-ны өдөр тухайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг дарга удирдлагаас надад цохолт хийсэн байснаар миний бие хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох ажиллагааг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

Гэрч Д.Сансарчимэгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2013 оноос 2014 он хүртэл Билгүүнтэй хамт Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарт ажилладаг байсан. Билгүүний хувьд надтай хамт харилцааны менежер ажил хийдэг байсан. М.Билгүүн нь даруу төлөв зантай ажилсаг, сайхан сэтгэлтэй шударга залуу байгаа юм. Надтай хамт ажиллаж байх хугацаандаа ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

Гэрч С.Энхжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг Мухар дөхөм гэх газарт эргүүл шалгалт хийж байх үед 80-19 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгалт хийхэд тухайн тээврийн хэрэгслээс мансууруулах төрлийн зэрлэг олсны ургамал гарч ирсэн. Уг ургамлын талааар асуухад М.Билгүүн гэх залуу өөрөө гараараа түүж бэлтгэсэн талаараа надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд дуудлага өгч хэргийн газрын үзлэгийн баг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Гэрч Г.Мартын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Алтанбулаг сумын байгаль хамгаалагч ажилтай. Ажил үүргийн дагуу сум орон нутгийн ой мод байгаль орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх иргэд аж ахуйн нэгж байгууллагад мод модон материал байгалын дагалт баялагт эрхийн бичиг олгодог. 2017 он гарсаар иргэд аж ахуй нэгж байгууллагад ургамал түүх бэлтгэх зөвшөөрөл огт олгогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9792 дугаартай “.....1.Шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээ хийхэд тэнцэж байна. 4.5. “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар ургамал мэт зүйл” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлагад дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно. 2.3.6. Эдгээр асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9791 дугаартай “....1.Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээ хийхэд тэнцэж бйана. Манай лабораторид цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийдэггүй болно. 2.Билгүүний гэх шээснээс тетрагидроканнабинолын агуулга  илэрч байна. 3.Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-7 дугаар тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-11 дүгээр тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 46-47 дугаар тал/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-53 дугаар тал/

Ял шийтгэгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/

Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 57-60 дугаар тал/

Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх-ийн 62-64 дүгээр тал/

Ашид билгүүн ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 65-66 дугаар тал/

Хас банкны зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 69-80 дугаар тал/

М.Билгүүний 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

М.Билгүүний 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч М.Билгүүн нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Мухар дөхөм” гэх газарт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Делта 9 тетрагидроканнабинолийн агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; гэрч Б.Батбаярын /хх-ийн 19-20/, С.Энхжаргалын /хх-ийн 22/, Г.Мартын /хх-ийн 23/ мэдүүлгүүд, шинжээчийн 9792, 9791 тоот дүгнэлтүүд /хх-ийн 27-28, 31-32/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүү, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-10 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч М.Билгүүн нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Мухар дөхөм гэх газарт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Делта 9 тетрагидроканнабинолийн агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч М.Билгүүнд холбогдох хэрэгт аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч М.Билгүүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “...Сэтгэц нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэх, ашиглах...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуулинд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

           Шүүгдэгч М.Билгүүн нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй, гэм буруугийн талаар маргаангүй зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзэв.            

      Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн иүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав.

      Энэ гэмт хэргийг үйлдэх үед шүүгдэгчийн жолоодож явсан 80-19 УБЧ улсын дугаартай Тоёота Приус маркийн машин нь Хас банкны өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдсон байх ба, түүний үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах тухай прокурорын дүгнэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

     Учир нь: Уг машиныг дээрх хууль бусаар ургамал түүх үйл ажиллагаанд ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзэж байгаа бөгөөд уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжтой юм.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Мэндсайханы Билгүүнийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “Сэтгэц нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мэндсайханы Билгүүнд 02 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Билгүүнд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4.Ялтан М.Билгүүн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ялтан М.Билгүүнд оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.  

              7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч М.Билгүүн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

              8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

              9.Ялтан М.Билгүүнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

              11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ