Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багт оршин суух Харчин овогт Ч-ийн Б-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 155/2016/0259/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 1-нд үхэрчнээр элсэн орсон юм. Түүнээс хойш үхэрчнээр тус нэгдэлд 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал буюу нэгдэл тартал ажилласан ирсэн. Гэтэл одоо группд орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд миний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Цэрэндуламын төрсөн ах Ч.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан бөгөөд одоо даралт ихтэй учраас группд орох гэтэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд Ч.Б-ын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Ч.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Ч.Б- нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор группд орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Б-ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Б.С-гийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Ч.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оноос 1991 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Д-ын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Ч.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оноос 1991 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсан. Би тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1971 оноос 1991 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ч овогтой Б-ын 356750 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан байх хэдий ч хугацаат цэргийн алба хаасан хугацаа улсад ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт Ч-ийн Б- /РЕ***/-ыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ