| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00391/И |
| Дугаар | 155/ШШ2016/00391 |
| Огноо | 2016-03-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00391
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: ХБны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 56 дугаар гудамжны 11 тоотод оршин суух Ханиг овогт Ц-ны Д- /ТЕ****/, Ханиг овогт Б-ы З /ТЕ****/ нарт холбогдох,
Зээлийн төлбөр 13.610.884 /арван гурван сая зургаан зуун арван мянга найман зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б- овогтой З нь Хөвсгөл аймгийн ХЗ ХХК-д ажиллаж байхдаа 2013 оны 8-р сарын 12-ны өдөр ХБны Хөвсгөл салбараас 9,700,000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг авсан. 2014-08-06-нд 6,947,100 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нь нэмэлт 6,800,000 төгрөг авч 13,747,100 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, зээл хүүг сар бүр 509,000 төгрөгөөр төлж дуусгах гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, өнөөдрийн байдлаар хугацаа хэтрээд 330 хонож байна. Одоо төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 11,103,218 төг, хүү 2,390,866 төг, торгуулын хүү 116,800 төг нийт 13,610,884 төгрөгийн /арван гурван сая зургаан зуун арван мянга найман зуун наян дөрөв/ өрийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр эх ТЕ**** регистртэй Ханиг ургийн овогт Ц-н овогтой Д- гарын үсэг зурсан болно. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 13,610,884 төгрөгийг зээлдэгч Б.З, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Д- нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.З, Ц.Д- нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б- З нь ээж Ц-н овогтой Д-ын хамт 2014-08-06-нд ХБнаас 13.747.100 төгрөгийн зээл авсан бөгөөд тус зээлийн буцаан төлөлтийг хугацаанд нь төлөөгүй нь үнэн болно. Нэхэмжилж буй 13.610.884 төгрөгийг бэлнээр төлж чадахгүй байгаа учир уг төлбөрийг зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБны Хөвсгөл салбар нь хариуцагч Б.З, Ц.Д- нараас зээлийн төлбөр 13.610.884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХБны Хөвсгөл салбар нэхэмжилсэн зээлийн төлбөр 13.610.884 төгрөгийг хариуцагч Б.З, Ц.Д- нар нь төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З, Ц.Д- нараас 113.003 төгрөгийг, улсын орлогоос 113.003 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХБны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХБны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн, зээлийн төлбөр 13.610.884 /арван гурван сая зургаан зуун арван мянга найман зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.З, Ц.Д- нар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226.005 /хоёр зуун хорин зургаан мянга тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З, Ц.Д- нараас 113.003 /нэг зуун арван гурван мянга гурав/ төгрөгийг, улсын орлогоос, 113.003 /нэг зуун арван гурван мянга гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХБны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН