| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00233/И |
| Дугаар | 155/ШШ2016/00393 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2016/00393
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймаг дахь Н хангамжийн салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт оршин суух Чонос овогт Т-Б /РИ-*********/-д холбогдох
Шатахуун, бэлэн мөнгөний дутагдал нийт 26.688.906 /хорин зургаан сая зургаан зуун наян найман мянга есөн зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Н хангамжийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Б нь 1997 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 19-нийг хүртэл хугацаанд Хөвсгөл Н хангамжийн салбарын Рэнчинлхүмбэ ШТС-д эрхлэгч-түгээгчээр томилогдон ажиллаж байсан. Т.Б нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 20.170.481,11 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, 196.537,99 төгрөгийн шатахууны дутагдал үүсгэсэн ба 2016 оны 01 дүгээр сарын сарын 19-нд ажил хүлээлцүүлэхэд 5.920.607,30 төгрөгийн бэлэн мөнгө 401.280 төгрөгийн шатахуун тус тус нэмж дутааснаар 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 26.091.088,41 төгрөгийн бэлэн мөнгөний, 597.817,99 төгрөгийн шатахууны нийт 26.688.906,40 төгрөгийн өртэй ба бэлэн мөнгөний дутагдлыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.
Иймд иргэн Т.Б аас 26.688.906,40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие НХСалбарт 19 жил 3 сар ажиллах хугацаандаа гаргасан бэлэн мөнгө болон савны дутагдлаас 26.688.906 төгрөгийн өрийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ өрийг энэ оны 9 дүгээр сард багтаан төлж дуусгах саналтай байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Н хангамжийн салбар нь хариуцагч Т.Б аас шатахуун, бэлэн мөнгөний дутагдал нийт 26.688.906 /хорин зургаан сая зургаан зуун наян найман мянга есөн зуун зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нь ....26.688.906 төгрөгийн өрийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ өрийг энэ оны 9 дүгээр сард багтаан төлж дуусгах саналтай байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Н хангамжийн салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291.394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б аас 145.697 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 145.697 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Н хангамжийн салбарт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Н хангамжийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 26.688.906 /хорин зургаан сая зургаан зуун наян найман мянга есөн зуун зургаа/ төгрөгийг хариуцагч Т.Б төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Н хангамжийн салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291.394 /хоёр зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б аас 145.697 /нэг зуун дөчин таван мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 145.697 /нэг зуун дөчин таван мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Н хангамжийн салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ