Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2016/00394

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: М СИ ЭС ****** хязгаарлагдмал хариуцлагтай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ********** багт оршин суух Далай ногоон овогт Цын Т /РЮ***********/-т холбогдох,

1.339.000 /нэг сая гурван зуун гучин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М СИ ЭС ****** хязгаарлагдмал хариуцлагтай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Т нь 2015 оны 05 дугаар сарын 05-нд 1,220,520 төгрөгийн бараа, 2015 оны 05 дугаар сарын 12-нд 606.480 төгрөгийн барааг хүсэлт гаргасны үндсэн дээр манай компаний Хөвсгөл салбараас 5 сард багтаан төлнө гээд архи, пиво авч худалдан борлуулсан юм. Бараа боргуулалтын орлогыг тохирсон хугацаандаа төлөөгүй компанийг хохироож байгаа учир төлбөр төлөхийг удаа дараа шаардахад Ц.Т нь удахгүй өгнө, одоохон өгнө гэсээр өгөлгүй чирэгдүүлж хохирсоор байна. Иймд Ц.Таас барааны үнэ 1.300.000 төгрөг болон 3% алданги 39.000 төгрөг нийт 1.339.000 төгрөгийг үл маргах журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Т нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Т нь М Си Эс ХХК-аас бараа авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 1.339.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Улаанбаатар хотод хагалгаанд орсон учраас мөнгөө өгч чадаагүй. Дээрхи мөнгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М СИ ЭС ****** хязгаарлагдмал хариуцлагтай компани нь хариуцагч Ц.Таас 1.339.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М СИ ЭС ****** хязгаарлагдмал хариуцлагтай компаний нэхэмжилсэн 1.339.000 төгрөгийг хариуцагч Ц.Т нь төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Таас 36.374 төгрөгийн тал хувь болох 18.187 төгрөгийгулсын орлогоос 18.187 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М СИ ЭС ****** хязгаарлагдмал хариуцлагтай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М СИ ЭС ****** хязгаарлагдмал хариуцлагтай компаний нэхэмжилсэн 1.339.000 /нэг сая гурван зуун гучин есөн мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ц.Тийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.374 /гучин зургаан мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Таас 18.187 /нэг зуун арван гурван мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг, улсын орлогоос, 18.187 /нэг зуун арван гурван мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М СИ ЭС ****** хязгаарлагдмал хариуцлагтай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН