| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00137/И |
| Дугаар | 155/ШШ2016/00396 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2016/00396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ******** багт оршин суух Онход овогт А-*-ийн О- /РА-*********/-ны
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/0137/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.О- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ....Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд тогоочоор ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний хойд эцгээр овоглож Б-ын О- гэж нээсэн. Уг нь тухайн үед эх А-*-аар овоглож байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа юм. Би 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн зочид буудлын туслах тогоочоор, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум ******** бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан. Гэвч хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй болохоор ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байна. Иймд А.О- намайг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн зочид буудлын туслах тогоочоор, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ******** бригадад малчин саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ын Н- /ТВ-***/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эгч А.О- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 сар хүртэл тогоочоор ажиллаж байгаад хүнтэй суугаад хөдөө гарч 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин саальчнаар ажиллаж байсан. Манай эгч А.О- нь гэртээ гарсан бөгөөд ээж А-*-аараа овоглодог байсан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр олгохдоо өөрөөс нь асуулгүйгээр хойд аав Б-аар нь овоглож хөдөлмөрийн дэвтэр нээсэн байсан. Иймд А.О-ыг дээрх хугацаанд ажиллаж байсныг болон Б-ын О- нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.О- нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлээс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б- овогтой О-ы нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч А-*- овогтой О- болох нь түүний хүсэлт, Б-ын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ******** багийн Засаг даргын тодорхойлолт, гэрэл зураг, гэрч Д.Д- мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
А.О- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зочид буудалд туслах тогоочоор, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б-ын О-ы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөрийн хөлсний лавлагаа 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлээс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-ын О-ы нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч Л.М- 2016 оны ******** сарын 01-ний өдөр өгсөн: ...А.О- 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн захиргааны зочид буудалд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал тогоочоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч С.Х- 2016 оны ******** сарын 01-ний өдөр өгсөн: ...А.О- бид хоёр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Би үйлчлэгчээр А.О- туслах тогоочоор ажиллаж байсан. Би 1982 оны 6 сарыг дуустал ажиллаад тус нэгдлийн ******** бригадад малчнаар 1982 оноос 1984 оныг хүртэл ажиллаад Мөрөн сум руу шилжсэн. гэх мэдүүлэг, гэрч Д.Д- 2016 оны ******** сарын 21-ний өдөр өгсөн: ...А.О- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981-1990 оныг дуустал зочид буудалд үйлчлэгч, ******** бригадад саальчин зэрэг ажил хийж байсан. ...О-ы төрсөн ээж нь А-*- гэдэг хүн байсан юм. А-*- гуай охин О-ыгаа гэртээ байхдаа төрүүлсэн бөгөөд дараа нь Б- гэдэг хүнтэй суусан юм. Б- нь О-ы хойд аав нь байгаа юм. гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 13******** зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлээс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б- овогтой О-ы нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Онход овогт А-*-ийн О- /РА-*********/ мөн болохыг, мөн Онход овогт А-*-ийн О- /РА-*********/-ны Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зочид буудалд туслах тогоочоор, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагч А.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ