Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Ж.Ганзориг,                            

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч Т.Амармөрөн,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Л холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0000 00163 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Л, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, Соробал ХХК-д зөөгчөөр ажилладаг гэх, Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Булгийн 20-110 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбийн 97-02-93 тоотод оршин суугч Т.Мөнгөнхуяг, Т.Амармөрөн нарын зөвшөөрөлгүйгээр  орон байранд нь нэвтэрч гэрэл зургуудыг нь урж, орны толгой хэсэгт нь цус мэт зүйлээр “үх” гэж бичиж, зарим эд хогшлийг нь бусниулах зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг,

-бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.Амармөрөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэмтээж сүйтгэсэн зүйлүүдийг мөрдөн байцаалтад гаргаж өгсөн. 2013 оноос хойш шүүгдэгч манай нөхөр 2 холбоотой байсан. Энэ хэрэг гарснаас хойш 2 удаа манай нөхөртэй уулзсан. Гэртээ байхад нь хүртэл ярьсаар байгаад уулзсан. Мөн шүүгдэгчийн гаргасан үйлдлээс болоод манай гэр бүл салсан байгаа. Би шүүгдэгч рүү уурлаж “мессеж” бичсэн нь үнэн. Шүүгдэгч миний нөхрийг надтай хардаад байдаг. Шүүгдэгч нь миний нөхрийг гэр бүлтэй гэдгийг мэдсэн мөртлөө энэ олон жил харьцаагаа таслаагүй нь өөрийгөө ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Би энэ бүх зүйлийг мэдсэн мөртлөө нэг ч удаа шүүгдэгч дээр очиж хэрүүл хийж байгаагүй. Цаашид миний хүүхэд болон надад халдлага ирвэл Лхагвадолгортой холбоотой гэж би бодно. Урьд нь манай гэр бүл болон надад ийм айдас, дарамт байгаагүй. Би шүүгдэгчид чи өөрийгөө татаад манай нөхрөөс харьцаагаа тасал гэж хэлж байсан. Би хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс ч айж байна. Би хүүгээ цэцэрлэгт нь явуулахгүй байгаа. Шөнө орой гэртээ хоноход айдастай байна. Хохирол төлбөрийн хувьд Мөрдөн байцаалтын шатанд 1.136.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Энэ хохирлоо гаргуулах саналтай байна. Гомдолтой байна” гэв.

Хохирогч Т.Амармөрөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед гэртээ нөхөр бид хоёр харьсан. “...цоожтой түлхүүрээр хаалгаа онгойлготол гэрийн эд зүйлийг хагалж эвдсэн, хана болон орны толгойны модон дээр цусаар бид гурвын нэрийг бичээд үх гээд биччихсэн, жаазтай зурагнууд хагалчихсан байсан. Лхагвадолгор нь дураараа айлын гэрт нэвтэрч манай гэрийн эд хогшлийг эвдэж сэтгэл санааны дарамт  учруулсан бүх хохирлыг төлүүлнэ. Цаашдаа бидний амар тайван байдал болон цаашдын амьдралд ямар нэгэн хор уршиг учруулахгүй байлгаж өгөхийг хүч байна. Манай гэрт орж зарим эд зүйлсийг эвдсэн сүйтгэсэн бас энэ хүний манай гэрт орсны улмаас бид цээр хийж гэрийнхээ зүгээр байсан эд зүйлсийг гаргаж хаях шатаах зэрэг асуудлууд үүсч байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-17, 33/,

Гэрч Т.Мөнгөнхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрт орохоос өмнө би танай гэрт чинь орвол эхнэр чинь байгаа юу байгаа бол эхнэрийн чинь гэдсийг хутгаар сийчнэ гэх мэтчилэн юм яриад байсан. Лхагвадолгорыг би бодохдоо намайг өөрөөс нь зайгаа авлаа гэх шалтгаанаар л манай гэрт хууль бусаар орж дураараа аашилсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /хх-19, 35/,

          Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх8-13/, хохирогч Т.Амармөрөнгийн мэдүүлэг /хх14-17/, гэрч О.Мөнгөнхуягийн мэдүүлэг /хх18-19/, яллагдагч Б.Лхагвадолгорын мэдүүлэг /хх40-41/, эд зүйлийн үнэлгээ /хх60-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбийн 97-02-93 тоотод оршин суугч Т.Мөнгөнхуяг, Т.Амармөрөн нарын зөвшөөрөлгүйгээр  орон байранд нь нэвтэрч гэрэл зургуудыг нь урж, орны толгой хэсэгт нь цус мэт зүйлээр “үх” гэж бичиж, зарим эд хогшлийг нь бусниулах зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан болох нь,

-бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.136.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг ба фото зураг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Лхагвадолгорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Л-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг,

-бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л нь хохирогчийн сэтгэл санааг тохуурхан доромжилж үйлдсэн зэрэг нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Л-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаатайгаар иргэн Т.Амармөрөнгийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг хөндөхгүй байх буюу Т.Амармөрөнтэй харилцах эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүнийх алдашгүй байх эрхэд халдаж дураа авирласан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Л нийдэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хязгаар болох 720 цагаар тогтоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Л-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг,

-бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л-г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Б.Л-т иргэн Т.Амармөрөнгийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг хөндөхгүй байх буюу хохирогч Т.Амармөрөнтэй харилцах эрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ жилийн хугацаанд хязгаарласугай.

  1.  . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр,

-Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээд / Б.Л /-ээс 1.136.000 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Амармөрөнд олгосугай.
  3. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Л-т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР