| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2110000001242 |
| Дугаар | 2023/ДШМ/141 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 15.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ДШМ/141
2023 01 31 2023/ДШМ/141
Б.Г-, Л.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
цагаатгагдсан этгээд Л.Г-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/721 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У- нарын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Г-, Л.Г- нарт холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ч овгийн Б-гийн Г-, Улаанбаатар хотод 1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, “-” салонд үсчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ---ын 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
2. Б овгийн Л-гийн Г-, Улаанбаатар хотод 1980 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:000000000/.
Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод С.Х-гийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж санаатай алсан,
Шүүгдэгч Л.Г- нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод Б.Г- С.Х-гийн толгойн тус газар шилэн аягаар цохисноос С.Х- нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх авч, улмаар их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас С.Х- нас барсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.Г-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Г-гийн цагдан хоригдсон 104 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Г- 2,000,000 төгрөг, Л.Г- 15,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус тус нөхөн төлснийг тэмдэглэж, амь хохирогчийн бага хүү Э.М-ийн 2021-2022, 2022-2023 оны сургалтын төлбөрийн 4,500,000 төгрөгийг Б.Г-гаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээс үлдэх амь хохирогчийн хүүхдийн сургалтын төлбөрийн 22,050,000 төгрөгийн болон хүүхдүүдийн амьдран суух орон сууцны хэрэглээний зардлын 6,477,933 төгрөгийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, уг шаардлагад хамаарах нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий “CD” 1 ширхэг, хумсны дээж, 22 ширхэг гарын мөр, гарын дардас, арчдас, цусны дээж зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, гадаад бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг, шилэн аяганы хагархай, саарал өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 ширхэг, хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн задгай энгэртэй цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн юбка 1 ширхэг, хар судалтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн үзүүртэй хос оймс 1 хос, 3 ширхэг тамхины иш, үс зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт Л.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд анхнаасаа үнэн зөвөөр гэм буруугаа хүлээж ирсэн. 2001 оноос 2022 оныг хүртэл - салонд үсчинээр ажиллаж, ямар нэгэн Эрүүгийн гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй. 2018 онд Монгол улсын мастер үсчин цол тэмдгээр, 2019 онд засгийн газрын Жуух бичгээр тус тус шагнуулж удаа дараа Улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож байсан. Ээж маань 90 настай, тэтгэвэрт байдаг. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ээжийгээ асран халамжилж байсан. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 2-р хх 34 “Б.Г-гийн “Matrix”-н ажил байдлын тодорхойлолт, З-р хх 167 “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт: “Ө.Д- нь ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг” гэх, З-р хх 168 “Өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт: “Ө.Д- \----\ нь зүрхээр хатгаж өвдөнө тогтмол даралт ихэсдэг. Б.Г- хүүгийнхээ асрамжинд байдаг. Ам бүл-2, Артерийн даралт ихсэлт 2-р зэрэг эрсдэл өндөр тогтворгүй явцтай, цээжний бах оношоор өрхийн эмчийн хяналтанд байдаг” гэх баримт,
Б.Г- нь анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн шатанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, өндөр настай эхийнхээ хамт амьдардаг, эх нь эрүүл мэндийн хувьд эрсдэл өндөртэй эмчийн байнгын хяналтанд байдаг, “Маtrix” салонд олон жил тууштай ажилласан, ажилчдынхаа дунд нэр хүндтэй байсан, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, шүүхээс төлөхөөр тогтоосон хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлыг анхааран үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Л.Г-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Прокурорын яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэж дурдсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд тодорхой субъектүүд хамаардаг. Эдгээр субъектүүдэд миний үйлчлүүлэгч хамаарахгүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд биш юм. Мөн хохирогч бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүн биш. Анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээч эмч толгойд оёдол тавьснаар цус алдалт зогсож хохирогчийг аврах боломжтой байсан талаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, толгойд оёдол тавихгүйгээр хохирогчийн амь насыг аврах боломжгүй байсан. Мөн прокурорын зүгээс тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй, огт харьцаагүй мэтээр тайлбарладаг. Хавтас хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгчийн утас пук код нэхсэн учир өөрийн утаснаас дуудлага хийх боломжгүй байсан, зөвхөн гаднаас дуудлага авах боломжтой байсан. Энэ үед Б- гэх найз нь залгасан ба миний үйлчлүүлэгч “би хүнд байдалд орчихлоо, хүрээд ир” гэдэг. Ингээд гэрч Б- хамгийн анх хэргийн газарт ирсэн. Анхан шатны шүүх хуралдааны шатанд гэрч Б-оос “таныг очиход Л.Г- тусламж хүссэн үү” гэж асуухад “яаралтай эмнэлэг цагдаа дуудаад өгөөч гэхэд би гараад явсан” гэж мэдүүлснээр миний үйлчлүүлэгч идэвхтэй үйлдэл хийж байсан нь харагдаж байна. Мөн эдгээр 3 хүн хүнд зэргийн согтолттой, хэд хоног архи уусан байсан. Согтуу байхдаа буюу биеэ авч явах чадваргүй байхдаа хэн нэгэнд туслах ойлголт нь хууль зүйн хувьд боломжгүй байдаг. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Л.Г-ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд “харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх, үүрэг хүлээсэн этгээд гэдэг ойлголтыг үгийн шууд утгаар нь тайлбарлавал “тусламж хэрэгтэй нөхцөл байдалд тухайн хүнд заавал тусламж үзүүлэх талаар зөвшилцсөн, тохиролцсоны дагуу тухайн үүргийг өөртөө хүлээхийг зөвшөөрсөн этгээд байхаар байна. Ямар нэг байдлаар зөвшилцөж, тохиролцоогүй тохиолдолд харилцан илтгэлцэл болон түүний дагуу үүрэг үүсэх боломжгүй, өөрөөр хэлбэл амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, туслалцаа авах шаардлагатай нөхцөлд тусгайлан үүрэг хүлээсэн хүн, тухайн гэмт хэргийн субьект байхаар байна...’' гэж хуулийг буруу тайлбарлаж миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргажээ гэж үзэж байна.
Шүүхээс дээрх хуулийн зүйл хэсгийг тайлбарласан тайлбараас үзэхэд амьдралд тухайн хүн амь нас, эрүүл мэндээ хохирно гэдгийг урьдчилан мэдэж тухайн хүнтэй хэлцэл хийсэн, захисан байхыг шаардаж байгаа ба өөр бусад тохиолдолд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа болон хохирох нөхцөл байдалд байх нь хамаагүй, иргэний журамт үүргээ биелүүлэх шаардлагагүй “харж байгаад” эрсдэлд оруулах боломжтой гэж ойлгогдож байна. Мөн амь нас, эрүүл мэнд нь аюулд орсон хүнд санаатайгаар тусламж үзүүлэхгүй байх нь гэмт хэрэг биш гэж харагдаж байна. Миний дүү С.Х-ыг Б.Г- гэгч цохиж гэмтээж, дагз, хуйхны зүсэгдсэн шархны улмаас их хэмжээний цус алдаж байхад тусламж үзүүлэх бүрэн боломж, бололцоотой байсан. Хэрэв үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой нөхцөл байдалд байсан нь хавтаст хэрэгт авагдсан, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр бүрэн дүүрэн тогтоогдсон байдаг. Эмнэлэгиин тусламж дуудах, зохих байгуулагад мэдэгдээгүй цаг хугацаа нь 2 цаг орчим болох нь ч тогтоогдсон байдаг.
Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2-д заасан гэмт хэргийн, шинжгүй гэж шүүх үзэж байгаа боловч Л.Г-ын үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн үед хангалттай цаг хугацаа байхад Л.Г- нь зохих байгууллагад мэдэгдээгүй үйлдэлдээ санаатай, амь нас хохирсон хор уршигтаа болгоомжгүй буюу гэм буруугийн шууд бус санаагаар миний дүүгийн амь насыг хохироосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.Г-, Л. Г- нарын үйлдэл хоорондоо нөхцөлдсөн, үйлдлийн эцэст нэг хор уршиг учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, Л.Г-ын үйлдлийг буруу зүйчилсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Г- хохирогчийг цохисон боловч хохирогчид тусламж үзүүлээгүйн улмаас амь нас нь хохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж заасан. Л.Г- нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэхдээ зохих байгууллагад мэдэгдэлгүй 50 орчим минут байлгасан эс үйлдэхүй нь дээрх хуулийн заалтад хамаарч байгаа бөгөөд хор уршиг учрах нөхцөл байдлыг бий болгосон. Иймд дээрх нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү” гэв.
Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогчийг амь насанд аюултай гэмтэл авмагц Л.Г- нь мэдсэн болох нь тогтоогдсон. Тухайн үедээ цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн бол амь хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан талаар шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан байна.
Яллагдагч Д.Г-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 52 минутаас хойш 102, 103 дугаарын тусгай дугаарт олон тооны дуудлагыг хийсэн атлаа огт холбогдоогүй, хэргийн талаар хэргийн гэрч Б.Б- 21 цаг 42 минутанд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээллийг өгсөн байдаг.
Гэтэл цагаатгагдсан этгээд болох Л.Г- нь амь хохирогч С.Х- нь бэртэл гэмтэл авч их хэмжээний цус алдсан, уг гэмтлийн улмаас ямар ч идэвхитэй үйлдэл хийхгүй буюу амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж, дээрх хугацаанд буюу 50 минутын хугацаанд Үндсэн хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан иргэний үүргээ буюу “гэмт хэрэг зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, гэмт халдлагаас өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах” үүргээ биелүүлэх талаар ямар ч санал санаачилга гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан байна.
Хуульд зааснаар цагаатгагдсан этгээд болох Л.Г- 42 настай, ажил хөдөлмөр эрхэлдэг, уурхайд ажилладаг, аюулгүй ажиллагааны талаар мэдэх ухаан санаа бүрэн, Монгол улсын иргэн ба иргэний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас С.Х-гийн амь нас аврагдах боломжгүй болсон буюу амь нас хохирсон нь шалтгаант холбоотой байна гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Л.Г-, амь хохирогч нарыг дотно найз нөхдийн холбоотой гэж дүгнэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээс үзэхэд найз нөхдийн холбоотой бус эр эмийн харилцаатай буюу цаашид хамтран амьдрахаар тохиролцсон, тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан хүмүүс байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд “харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх, үүрэг хүлээсэн этгээд гэдэг ойлголтыг үгийн шууд утгаар нь тайлбарлавал “тусламж хэрэгтэй нөхцөл байдалд тухайн хүнд заавал тусламж үзүүлэх талаар зөвшилцсөн, тохиролцсоны дагуу тухайн үүргийг өөртөө хүлээхийг зөвшөөрсөн этгээд байхаар байна. Ямар нэг байдлаар зөвшилцөж, тохиролцоогүй тохиолдолд харилцан итгэлцэл болон түүний дагуу үүрэг үүсэх боломжгүй, өөрөөр хэлбэл амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, туслалцаа авах шаардлагатай нөхцөлд тусгайлан үүрэг хүлээсэн хүн, тухайн гэмт хэргийн субъект байхаар байна...” гэсэн дүгнэлт хийсэн. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйл заасан субъект нь эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар чадамж бүхий иргэн хүнийг ойлгож байгаа учир Л.Г-ыг дээрх хуулийн заалтад хамаарах гэмт хэргийн субъект гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Оролцогч нарын хоорондох харилцаа хамаарлыг гуйвуулсан байдлаар дүгнэсэн. Энэ дүгнэлт нь тодорхой этгээдийг цагаатгах үндэслэл болсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Г-, Б.Г- нар маргалдаж, улмаар амь хохирогч Л.Г-ыг өмөөрч Б.Г-гийн хөмсгөн тус газар цохисноос уг гэмт хэрэг үйлдэгдсэн учир Л.Г-, Б.Г- нарыг хүнийг алах гэмт хэрэгт санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх боломжгүй. Л.Г-ын хумс, хуруунаас нь талийгаачийн ДНК илрээгүй бөгөөд талийгаач Б.Г-д цохиулсан газраа нас барсан байсан. Анхан шатны шүүх хуралдаанд цусыг нь дарсан, толгойг нь илсэн гэх мэтээр яригддаг боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Хэрэг гарсан газар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс 100 метр хүрэхгүй зайтай. Шинжээч эмч 5-15 минутын дотор хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан талаар мэдүүлсэн. Энэ хугацаанд Л.Г- ямар ч санал санаачилга гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Г-, Л.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос Б.Г-г 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод С.Х-гийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Л.Г-ыг дээрх үйлдлийн улмаас хохирогч С.Х- нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх авч, улмаар их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас С.Х- нас барсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд “... Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Л.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Л.Г-ыг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолд, “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд” гэдэг ойлголтыг үгийн шууд утгаар тайлбарлавал тусламж хэрэгтэй нөхцөл байдал бий болсон үед нь тухайн хүнд заавал тусламж үзүүлэх талаар зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр тухайн үүргийг өөртөө хүлээхийг зөвшөөрсөн этгээд байхаар байна. Ямар нэгэн байдлаар зөвшилцөж, тохиролцоогүй тохиолдолд харилцан итгэлцэл болон түүний дагуу үүрэг үүсэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, туслалцаа асрамж шаардлагатай нөхцөлд тусгайлан үүрэг хүлээсэн хүн тухайн гэмт хэргийн субъект байхаар тодорхойлогдож хуульчлагдсан байна. Шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд тухайлан заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй...” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас … хохирогч нас барсан бол...” гэж хуульчилсан.
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан үүргээ зориуд биелүүлээгүй гэж авран хамгаалах, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд энэ талаар үл мэдээлсэн эс үйлдэхүйг ойлгоно. Энэ нөхцөлд мөн л зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх боломжтой байдлыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаас үзэхэд аливаа иргэн бусдад шаардлагатай, аюултай, яаралтай нөхцөл байдал учирсан бол тусламж үзүүлэхээс гадна “...захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисон...” гэж хэд хэдэн субьектийн үйлдэл, эс үйлдэхүйг хамруулан ойлгохоор хуульчилжээ.
Түүнчлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг”-ийг хуульчилсан бөгөөд 31.1 дэх хэсгийн 31.1.4 дэх заалтад “гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах” гэж иргэнд үүрэг болгосон байна.
Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэргийн субъектийн шинжийг хангаагүй гэж хуулийн заалтыг бүхэлд нь ерөнхий байдлаар буруу тайлбарласнаас гадна шинжээч эмч Э.Баасанжавын талийгаачид яаралтай тусламж үзүүлж толгойн хуйханд үүссэн шарханд оёдол тавьж, даралттай боолт хийж цусыг тогтоосон тохиолдолд амь нас аврагдах боломжтой талаарх мэдүүлэг /3-р хх 80-33/ болон талийгаач нь дух, зулайн хуйхны зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус алдаж нас барсан болохыг тогтоосон цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх 168-177/, Л.Г- яаралтай түргэн тусламжийг дуудсан эсэх нь тогтоогдоогүй байдал зэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй, тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/721 дүгээр шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/721 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих, шүүгдэгч Л.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ