Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2015/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч П.Д*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандэлгэр, хариуцагч Н.Б*********нарыг оролцуулан хийж,

Нэхэмжлэгч: Иргэн П.Д*********гийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нарт холбогдох;

Хөвсгөл аймгийн Боловсролын газраас Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг дүгнэсэн дүгнэлтийг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 2 дугаар хорооны иргэн П.Д*********гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д********* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдааМиний бие Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгт 2007 оноос хойш ажиллаж байна. ...Хөвсгөл аймгийн Боловсролын газраас Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг дүгнэсэн дүгнэлтийг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү. Аймгийн багшийн ёс зүйн зөвлөл нь П.Д********* миний багшийн ёс зүйн талаархи дүгнэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байсныг би мэдээгүй, надад огт танилцуулагдаагүй байсан. Би аймгийн Засаг даргад өөрийнх нь гаргасан захирамжийн үндэслэлүүд нь илт хууль бус, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж хүчингүй болгуулахаар гомдлоо 2015 оны 3 дугаар сарын 31-ний өпдөр гаргаад 30 хоноход ямар нэгэн байдлаар миний гомдолд хариу өгөөгүй. Би Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дэргэдэх Багшийн ёс зүйн зөвлөл-д Хатгал тосгоны цэцэрлэгийн багш М.Мөнхжаргалд холбогдуулан гомдол гаргасан боловч уг гомдлыг шалгах нэрийдлээр П.Д********* миний ёс зүйн асуудалд дүгнэлт гаргасан байсныг надад танилцуулаагүй, мэдэгдээгүй байсан. ... Миний хувьд үр дүнгийн гэрээний хэрэгжилтээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, миний ажиллах нөхцөл боломжийг маань хязгаарлаж үндэслэлгүйгээр дүгнэсэн. Учир нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хангалттай гэж дүгнэсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*********шүүх хуралдаандгаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлийг нотлохоор шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч П.Д********* нь багшийн ёс зүйн зөвлөлөөр түүний гаргасан зөрчил нь хэлэлцэгдсэний улмаас ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байдаг. Боловсролын газраас нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээгхангалтгүй буюу F үнэлгээтэй дүгнэсэн байдаг. Хөвсгөл аймгийн Засаг дарга Боловсрол соёлын газрын даргад өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-470 тоот захирамжаараа үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх эрхээ шилжүүлсэн. Тиймээс эрх шилжүүлсний үүднээс Хөвсгөл аймгийн Боловсролын газар тодорхой аргачлалын дагуу байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнээд хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн. Зохих байгууллагуудаас ийм 2 дүгнэлт гарсан учраас Хөвсгөл аймгийн Засаг дарга үндэслэл бүхий захиргааны актыг гаргасан. Үүнийгээ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан оруулж өгсөн байдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох буюу цуцлах үндэслэлийг оруулж өгсөн байдаг. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлд П.Д*********н гаргасан зөрчилд хамаарч байгаа юм. Тухайлбал 5.2.10-д Боловсролын газраас тус цэцэрлэгийн үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээний 5.2.9-д Харьяалах сумын засаг дарга, Боловсролын газрын даргатай байгуулсан гэрээг хангалтгүй биелүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Эдгээр зөрчил гарсан учраас Хөвсгөл аймгийн Засаг дарга маргаан үндэслэл бүхий эрхийн актыг гаргасан. Боловсролын газрын дэргэдэх ёс зүйн хороо нь тодорхой ажиллах журамтай. Боловсролын газраас тодорхой ажлын хэсэг гараад тодорхой аргачлалын дагуу дүгнэдэг учир дүгнэлт ямар нэгэн маргаангүй гэж үзэж байна. Хэрэгт Боловсролын газрын дүгнэлт, ёс зүйн хорооны дүгнэлт, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтууд бүрэн авагдсан. Харин Хөвсгөлаймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний А470 дугаар захирамж байхгүй учир түүнийг нотлох баримтаар шинээр өгч байна. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж буй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга Н.Б*********шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... П.Д********* нь 2014 оны үр дүнгийн гэрээг F буюу хангалтгүй биелүүлсэн. Энэ нь Боловсролын газрын даргын 2014 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гаргасан 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээгээр нотлогдож байна. Дээрх үнэлгээ нь аймгийн Засаг даргын баталсан Хөдөлмөрийн гэрээ-ний 5.2.9-д тухайлан заасан харьяалах сумын Засаг дарга, Боловсролын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн, 5.210-т тухайлан заасан Боловсролын газраас тус цэцэрлэгийн үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэсэн бол гэрээг дуусгавар болгох хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл болно гэсэн заалтын дагуу шийдвэрлэсэн. П.Д********* нь ёс зүйн зөрчил гаргасан нь Аймгийн багшийн ёс зүйн зөвлөлөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-нд гаргасан дүгнэлтээр тогтоогдож байна. Ёс зүйн зөрчлийн асуудлыг Үр дүнгийн гэрээний 5.2-т Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг чанд мөрдөж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллана, 5.3-т Авилга ашиг сонирхлын зөрчилд холбогдсон, мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ажлаас шууд халагдах хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн тул ажлаас халах үндэслэл болгосон болно. П.Д********* нь Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 23-09-005/354 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна. П.Д********* нь Хөдөлмөрийн гэрээ-ний 5.2.8-д тухайлан заасан Багш ажиллагсдад үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулсан, заналхийлэх буюу дарамталсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн багш ажилчин 15 хүний гарын үсэг бүхий мэдээллээр тогтоогдсон. П.Д********* нь гэрээ дүгнүүлэх үед аймгийн Засаг даргын захирамжаар чөлөөтэй байсан гэсэн тайлбар өгдөг. Гэтэл П.Д********* эь чөлөөтэй байх хугацаа-нд удирдлага, төсвийн эрхийг цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг орлон гүйцэтгэгч Э.Батчимэгт шилжүүлээгүй байдаг. ...Дээрх үндэслэлүүд байнгаа тул аймгийн Засаг даргын зүгээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 тоот захирамжаар ажлаас халах тухай шийдвэр гаргасан. Хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэстэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга Н.Б*********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Д*********г ажлаас чөлөөлсөн 3 үндэслэл байгаа Үүнд:

1. Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан.

2. Ёс зүйн алдаа гаргасан гэсэн Аймгийн багшийн ёс зүйн зөвлөлөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт гарсан.

3. Нэхэмжлэгч П.Д********* нь СӨБ-ийн тухай хуульд заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Үр дүнгийн гэрээг хүчингүй болгуулах асуудал яригдаад байгаа. Үр дүнгийн гэрээний зорилгоо нэхэмжлэгчийг ойлгож байгаа байх гэж бодож байна. Гэрээний зорилго нь ажлыг үр бүтээлтэй хийх, ажлын байранд заасан шаардлагыг хангаж ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ стандартыг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж менежерийн тухайн жил ажиллах үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлсон байдаг. Гэрээнд заасан заалтын дагуу бичгээр тайлангаа ирүүлсэн хэдий ч гэрээнд заасан ёс зүйн зөрчил гаргасан. Үр дүнгийн гэрээний 5.3-д авилга ашиг сонирхлын зөрчилд холбогдсон, мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд архидан согтуурсан тохиолдолд ажлаас шууд хална гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Мөн 5.2-д төрийн албаны тухай хууль стандартыг чанд мөрдөж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахиж, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллана гэж заасан байдаг нь ажлаас халагдах үндэслэл болсон. Үр дүнгийн гэрээний 9.2-д менежер гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн шууд захирагч түүнд туслалцаа үзүүлэх шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасаны дагуу ажлаас халах шийдвэрийг гаргасан. Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газар нь эрх хэмжээнийхээ хүрээнд П.Д*********г Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөх саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж тухайн шийдвэр гаргасан. Багшийн ёс зүйн хорооны дүгнэлтийг Боловсрол соёлын газрын дэргэдэх ёс зүйн хорооны бүрэлдэхүүн Хатгал тосгоны цэцэрлэг дээр биечлэн очиж ажиллаж гаргасан. 15 нэр бүхий хүмүүстэй уулзсан тэдгээр хүмүүс өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлсэн талаар бичиж тэмдэглэж тэдгээр хүмүүсээр гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан талаархи нотолгоо болно гэж үзэж байна. Ёс зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан. Ёс зүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг гардаж аваагүй гэж ярьдаг. Ёс зүйн дүгнэлтийг Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамж гарахаас өмнө Хатгал тосгоны захирагчид хүргүүлсэн. Бид дарааллын дагуу ажлаа зохион байгуулсан. Ажил хүлээлцэх комиссын ахлагчаар би өөрөө ахалж Хатгал тосгонд очсон. Ажил хүлээлцэхийн өмнө ёс зүйн П.Д********* байгаагүй. Тосгоны захирагч, орлогч даргыг дуудахыг шаардсан боловч ирээгүй. Тиймээс ёс зүйн дүгнэлтийг Бямбанямд өгсөн. Нэгэнт ёс зүйн хорооноос дүгнэлт гарсан. Дараа нь үр дүнгийн гэрээнд ёс зүйн зөрчил гаргасан байх юм бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тусгасан учраас шийдвэр гарсан. Үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэдийг хамт олонд нь мэдэгдээд гаргасан шийдвэрээ танилцуулсан. Тэгээд ажлыг нь хүлээлцсэн. Тиймээс гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд зөв зохион байгуулсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн П.Д*********нь Хөвсгөл аймгийн Засаг дарга болон аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Боловсролын газраас Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг дүгнэсэн дүгнэлт, саналыг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,455,845 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн П.Д*********-гХөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Э*********Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, , Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 26 дугаар зүйлийн 26.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиййн 10 дугаар зүйлийн 10.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахьзаалтыг тус тус үндэслэн багшийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, гэрээний хэрэгжилт, аймгийн Боловролын газрын дүгнэлт, саналыг харгалзан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон П.Д*********г ажлаас халах тухай Б/04 дугаар захирамжаар П.Д*********г Хатгал тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч П.Д********* нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи гомдлыгХөвсгөл аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гаргасан бөгөөд түүнд ...маргаантай асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариуг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 04 дугаар албан бичгээр өгсөн байх ба мөн тэрээр Хөвсгөл аймгийн Засаг даргад энэ талаархи гомдлоо 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдөр бичгээр гаргасан боловч түүнд хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна гэж үзсэн болно.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр захирамжнь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасанчлан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан гадагш дагаж мөрдөх заавал биелүүлэх шийдвэрт, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Боловсролын газрын дарга нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан албан тушаалтанд хамаарч байх тул дээрх маргаан нь тус Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн юм.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. "Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д*********гийн ажлын үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газраас дүгнэсэн дүгнэлт, саналыг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,...урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож шаардлагын тухайд:

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуралдаанд гаргасан тайлбартаа "П.О*********-гажлаас халсан үндэслэлээ ... 2014 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн, багшийн ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байрны балавсролын шаардлага хангаагүй гэж үзэж, ажил олгогчийн өөрийн санаачлагаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас халсан" гэж, нэхэмжлэгч ...2014 оны үр дүнгийн гэрээ болон сахилгын зөрчил гаргасан дүгнэлтүүдээ гаргахдаа надад огт мэдэгдээгүй шууд ажлаас халдсан шийдвэрийг зөвшөөрөхгүй хэмээнмаргажээ.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д********* нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгохдоо мөн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хуульд заасан үндэслэлээр удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан гэх үндэслэлээр төрийн албанаас халахаар, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албан хаагч нь мөн хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгааг зохицуулжээ.

1.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалтын дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Э*********2014 оны 12 дугар сарын 31-ний өдрийн А/470 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамжаар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх эрхийг аймгийн Боловсролын газрын дарга Н.Баатар-Очирт шилжүүлснээр аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А/95дугаар тушаалаар: аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан 2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг ... үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээний үнэлгээг үнэлж... нэгдсэн үнэлгээ-59,0, үгэн үнэлгээ- хангалтгүй гэж гэрээг дүгнэж, аймгийн Боловсролын газрын дарга баталгаажуулж, нарын үсэг зурсан байх бөгөөд уг дүгнэлтэнд үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд гэрээний нэг тал болох Хатгал тосгоны захирагч П.Д*********тай ярилцлага хийлгүйгээ шууд уншиж дүгнэсэн, түүнчлэн гарын үсэг зуруулаагүй нь гэрч, гэрээ дүгнэх ажлын хэсгийн ахлагч Ш.О*********мэдүүлэг болон гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлт, үнэлгээний хуудсаар нотлогдож байна.

Иймээс дээрхи үйлдлүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын Зургаагийн 6.1-д засан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн захирагчтай ярилцлага хийнэ, гэсэн мөн журмын Гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулах 6.7-д Гэрээний биелэлтийг илтгэх хуудас-нд талууд тус тус гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж баталгаажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэсэн шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл П.Д*********гийн 2014 оны үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн дүгнэлт, үнэлгээ нь дээрх журамд зааснаар хүчин төгөлдөр бус тул энэхүү хүчин төгөлдөр бус дүгнэлт, үнэлгээг үндэслэн түүнийг ажлаас халах үндэслэл болгосон нь буруу юм.

Нэхэмжлэгч П.Д*********гийн шүүх хуралдаанд гаргасан Би үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудас болон ёс зүйн дүгнэлттэй шүүхийн хэргийн материалаас л үзэж танилцсан. Би хангалтгүй гэсэн үнэлгээ авсныг ч мэдээгүй гэх тайлбараас үзэхэд хариуцагч талаас 2014 оны үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэхдээ түүнд мэдэгдээгүй, ярилцлага хийгээгүй атлаа хангалтгүй үнэлгээг өгсөн байх ба энэхүү үнэлгээ нь Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасанчлан хүчин төгөлдөр болоогүй байна.

2. Мөн Хөвсгөл аймгийн Багшийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гаргах тухай баримтаар /он, сар, дугааргүй/ Хатгал тосгоны цэцэрлэгийн эрхлэгч П.Д*********г багш ажилчидтайгаа зохисгүй харилцдаг, ажлын байран дээрээ дарамталдаг гэх гомдлын дагуу шалгаад Багшийн ёс зүйн дүрмийн 2.3.1-т Хамтран ажилчидынхаа нас, хүйс,хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах, 2.3.2-т өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх, 2.3.3-т Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэжээ.

Энэхүү дүгнэлтийг хийхээр ажиллагаа явуулахдаа багш, ажилчдын гомдлыг П.Д*********д танилцуулаагүй, улмаар зөвлөлийн хуралдаан хийх талаар ч түүнд мэдэгдээгүй, түүнчлэн гаргасан дүгнэлтээ өөрт нь танилцуулагдаагүй, гардуулж өгөөгүй нь гэрч, Багшийн ёс зөвлөлийн дарга С.Мөнх-Эрдэний шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба хууль болон холбогдох журам зөрчиж гаргасан багшийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн гаргасан захиргааны акт өөрөө хууль бус болох үндэслэл болно.

3. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2007 оны 10 дугаар сарын 26-ны 74 дүгээр захирамжаар Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилсноос хойш 9 жил П.Д********* уг албан тушаалд ажиллаж байгаа ба хариуцагчаас талаас түүнийг боловсролын шаардлага хангаагүй, бакавларын боловсролгүй тул ажлаас халах үндэслэл болно гэж тайлбар гаргаж байгаа боловч анх түүнийг уг албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтаны буруутай үйл ажиллагааг нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд түүнд Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/30 тушаалаар Боловсрол судлалын ухааны Бакалавр-ын зэрэг олгогдсон байна.

Тэрчлэн Хөвсгөл аймгийн Засаг дарга өөрөө 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/63 дугаар захирамжаараа П.Д*********д дээрхи сургуульд суралцахыг зөвшөөрч, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 01 дүгээр сарын 15-ныг хүртэл 70хувийн цалинтай чөлөө олгож, түүнийг чөлөөтэй байх хугацаанд эрхлэгчийн ажлыг тус цэцэрлэгийн багш Т.Б*********-ттүр хавсран гүйцэтгүүлж, эрхлэгчийн үндсэн цалингийн 30 хувийг олгосон байтал аймгийн Боловсрол, соёлын газраас П.Д*********г 2014 оны үр дүнгийн гэрээг өөрөө ирж дүгнүүлээгүй гэж, аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлөөс түүнд гомдол ирсэн, шалгах тухай зэргийг мэдэгдэх гэсэн боловч өөрөө ирээгүй гэж буруутгасан хариуцагч аймгийн Боловсрол, соёлын гарын дарога Баатар-Очирын тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг болон багшийн ёс зүйн зөрчлийг дүгнэсэн ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг төрийн албаны тэгш, нээлттэй байх, мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэгэнт Хөвсгөл аймгийн Засаг дарга өөрөө 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр хавсран гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн багш Т.Батчимэг нь П.Д*********г чөлөөтэй байх тогтоосон хугацаанд түүний бүх эрх , үүргийг хүлээн гүйцэтгэх учиртай тул үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн дүнг дүгнүүлэх, ярилцлагад оролцох, ттүнчлэн аймгийн Боловрол, соёлын газраас өгсөн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй тул зөвхөн П.Д*********г буруутгасан нь хууль бус байна.

Иймд Төрийн байгууллага, албан тушаалтан аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, сонсгож, түүний тайлбарыг авч байх үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас багшийн ёс зүйн зөрчлийг шалгаж тогтоох, дүгнэлт гаргахдаа болон 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, дүгнэхдээ цэцэрлэгийн эрхлэгч П.Д*********д мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй нь буруу байх бөгөөд аймгийн Боловсролын газрын дээрхи ажлын хэсгүүд нь П.Д*********гийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

П.Д*********г ажлаас халсан маргаан бүхий захиргааны акт гаргахдаа ... Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан , 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3,26 дугаар зүйлийн 26.1,сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1... гэх заалтуудыг баримтлан төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүй нь бол Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн нэмэгдэл баталгаагаархангагдах ба хэрвээ төрийн албан хаагчийг ажлаас халах тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлах ёсгүй бөгөөд Төрийн албаны хуулиар зохицуулагдах учиртай тулхариуцагч нь хуулийн энэхүү заалтыг зөрчсөн болох нь ч тогтоогдож байна.

Дээр дурьдсан хууль зүйн үндэслэл болон хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэхэдХөвсгөл аймгийн Боловсролын газраас Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг дүгнэсэн дүгнэлт, саналыг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр захирамж нь П.Д*********гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус акт /маргаан бүхий захиргааны акт/ болох нь тогтоогдож байх тул уг актыг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хоёр: ... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,455,845 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд;

Шүүх, Нэгэнт П.Д*********г ажлаас халсан тухай маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, П.Д*********г урьд ажиллаж байсан Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тултүүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шийдвэрлэбэл зохино.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар заалтын 7-гийн а-д ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... ажилтанд ажлаас халагдсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ... олгоно" гэж заасан байх тул нэхэмжлэгч П.Д*********гийн урьд авч байсан сүүлийн 3 сарын /2014 оны 11 сард 3946234 төгрөг+12 сард 5056557 төгрөг+2015 оны 01 сард 772225 төгрөг=1672016 төгрөг:3 сар /557.338 төгрөгийн дундаж цалин хөлсийг 21.5 хоногоор тооцоход 1 өдрийн дундаж цалин хөлс 25.922 төгрөг болох бөгөөд түүний ажилгүй байсан бүх хугацаа буюу /2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл/ ажлын 158 хоногийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход /нэг хоногт 25.922 төгрөг х 158 хоногт/ нийт 4.095.676төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэжүзлээ.

Иймээс П.Д*********гийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 4.095.676 /дөрвөн сая ерэн таван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгал,ээлжийн амралтын мөнгийг тооцож аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч П.Д*********д олговол зохино.

Харин нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гэж илүү нэхэмжилсэн 360.169 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2015-08-22-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд илүү тушаасан 86 250 төгрөгийг буцаан олгоххариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6, 70.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15,Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д*********гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Боловсролын газраас Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг дүгнэсэн дүгнэлт,санал болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн П.Д*********г ажлаас халах тухай Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгож, П.Д*********г Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д*********гийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 4.095.676 /дөрвөн сая ерэн таван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч П.Д*********д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2015-08-22-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд илүү тушаасан 86 250 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Д*********д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН