| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00399/И |
| Дугаар | 155/ШШ2016/00399 |
| Огноо | 2016-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* багийн 31-10 тоотод оршин суух, Дархан овогт Дгээн Б /РЮ-6****/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн 4-р ангиасаа гараад ээжийнхээ дүүг дагаж Хөвсгөл аймгийн Галт сум руу явсан юм. Тэгээд Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Рашаант бригадад 1980 оноос эгчтэйгээ хамт саальчин хийж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1981-1991 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох дөхөж байгаа тул шүүхэд ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор хандсан.
Иймд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Рашаант бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Рашаант бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3/62 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч П.Н-гийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ....Д.Б нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Рашаант бригадад 1980 оноос 1991 оныг дуустал зундаа саальчнаар, өвөлдөө малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Я.Д-ийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ....Д.Б нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1980 оноос нэгдэл тарах хүртэл саальчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, 1989 оны Дурсамж зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 02-ний өдрийн 10/114 дугаартай ....тус аймгийн Галт сумын идэрийн Ундрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.Бт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дархан овогт Дгээн Б /РЮ-6****/-ийг Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн Рашаант бригадад 1981 оны 5 дүугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ