Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 00152

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Б.Г, М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, М.А нарт холбогдох эрүүгийн 1715000000041 дугаартай, 132/2017/0140/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.Г

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 7, ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Элэнхий харуулууд овогт М.А

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Г нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар М.Атай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч М.А нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Гтай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Г өгсөн:  2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай цонхыг А хагалаад дотроос бүргэд хаалга өшиглөж онгойлгоод орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд намайг чирж гаргаад зодсон. Тэгэхээр нь өмнөөс нь эсэргүүцэл үзүүлсэн. Тэгж байхад Эрдэнэбаатар гарч ирээд бид хоёрыг салгасан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч М.А өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байх Б.Ггийн гэрт нөхөр Эрдэнэбаатар байгаа сураг байхаар нь Хаан банкнаас зээл авах ажил байсан учраас нөхөр Эрдэнэбаатараар гарын үсэг зуруулахаар очсон. Хаалгыг нь тогшоод онгойлгоогүй. Тэгэхээр нь уурандаа цонхыг нь хагалсан тэгтэл тэр 3 хаалгаа онгойлгоод гарч ирсэн. Б.Гнамайг хажуугаар орж ирээд хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиод авсан. Тэгтэл Эрдэнэбаатар, Гэрэлмааг барьж авсан. Тэгэхээр нь би уурандаа зөрүүлээд уурандаа өшиглөөд авсан. Гэрэлмаа, Эрдэнбаатар 2 нилээн согтуу өөрийгөө хянах чадваргүй байсан. Тийм учраас би цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн. Би 4 хүүхэдтэй, Б.Г3 хүүхэдтэй адилхан эмэгтэй хүмүүс үр хүүхдээ бодоод бие, биедээ санал гомдолгүй гэж цагдаа хүсэлт өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

1715000000041 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч М.А өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байх Б.Ггийн гэрт нөхөр Эрдэнэбаатар байгаа сураг байхаар нь Хаан банкнаас зээл авах ажил байсан учраас нөхөр Эрдэнэбаатараар гарын үсэг зуруулахаар очсон. Хаалгыг нь тогшоод онгойлгоогүй. Тэгэхээр нь уурандаа цонхыг нь хагалсан тэгтэл тэр 3 хаалгаа онгойлгоод гарч ирсэн. Б.Гнамайг хажуугаар орж ирээд хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиод авсан. Тэгтэл Эрдэнэбаатар, Гэрэлмааг барьж авсан. Тэгэхээр нь би уурандаа зөрүүлээд уурандаа өшиглөөд авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

Хохирогч Б.Г өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай цонхыг А хагалаад дотроос бүргэд хаалга өшиглөж онгойлгоод орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд намайг чирж гаргаад зодсон. Тэгэхээр нь өмнөөс нь эсэргүүцл үзүүлсэн. Тэгж байхад Эрдэнэбаатар гарч ирээд бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

Гэрч Э.Ариунтунгалагийн өгсөн: ...А гэрт орж ирээд шууд Гэрэлмаагийн хувцаснаас нь чирээд гадагшаа гарсан. Тэгээд байшингийн гадаа гараад зодолдоод байсан. Хөлөөрөө өшиглөж харагдсан. Тэгтэл Эрдэнэбаатар дундуур нь салгасан. Тэгтэл Г-г А нь цохиж өшиглөөд байсан ба Б.Гнь урдаас нь самардаад хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгэж байх хооронд салгах гэж оролдсон гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаартай дүгнэлтэнд: М.Агийн биед баруун, зүүн гуянд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 323 дугаартай дүгнэлтэнд: Ж.Гийн биед дух, зүүн хацар, баруун дал, зүүн мөр, баруун гуя, баруун, зүүн өвдөг, баруунд сарвуунд сорви гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-46-54 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.А, Б.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар М.Атай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч М.А нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Гтай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Г, М.А нарын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.    

Хохирогч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Г, М.А нар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Г, М.А нар гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.    

Шүүгдэгч Б.Г, М.А нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г, М.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Боржигон овогт Б.Г, Элэнхий харуулууд овогт М.Анарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г, М.А нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г, М.А нар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тус тус тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г, М.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. .

 5. Шүүгдэгч Б.Г, М.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, М.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН