Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/157

 

 

 

 

 

   2023            02           07                                          2023/ДШМ/157                                        

 

 

Б.Х-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

хохирогч Д.Б-, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2209008221317 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэний илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Б-ийн Х-, 1998 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, геодезийн техникч мэргэжилтэй, блокны үйлдвэрт хэв цутгагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 000 дүгээр гудамж 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:00000000/,

 

Б.Х- нь “хохирогч Д.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж “-” финанс ББСБ-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2101130101003536 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж худалдан авсан “Тоёота виш” маркийн -улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Б-д худалдахдаа урьдчилгаа 4.900.000 төгрөг, үлдэгдэл 6.680.000 төгрөгийг сар бүрийн эхний 5 хоногийн дотор 400.000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн Хаан банкны - тоот данс руу хийхээр, Б.Х- нь цааш “-” финанс ББСБ-ын дансанд шилжүүлэхээр, графикийн дагуу төлбөрийг төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, улмаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “машин худалдах, худалдан авах тухай гэрээ”-г бичгээр байгуулж урьдчилгаа 4.900.000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 6.680.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд дансаар шилжүүлэн авч залилсан, нийт 11.580.000  төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээш цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-аас 11.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Хаан банк”-ны дансны дэлгэрэнгүй хуулга бүхий файлыг хуулбарласан 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний бие “-” ББСБ-аас 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж худалдаж авсан “Тоёота Виш” маркийн -дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Д.Б-д зах зээлийн үнээр худалдсан бөгөөд хуурч мэхэлсэн зүйл огт байхгүй, банк бусын нэр дээр байгаа гэдгийг хохирогч өөрөө мэдэж худалдаж авсан билээ. Гэтэл намайг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулсан гэж прокурор яллаж, шүүх прокурорын яллах дүгнэлтэд зааснаар ял шийтгэснийг зөвшөөрөхгүй байна. Хохирогчийг яаж хуурсан, зохиомол байдлыг зориудаар яаж бий болгосон, бусдыг төөрөгдүүлсэн ямар үйлдэл хийсэн гэж ял шийтгэж байгааг ойлгохгүй байна.

2. Урьдчилгаанд өгсөн мөнгийг би тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож машины тодорхой хувийг урьдчилж авсан бөгөөд үлдэгдэл 6.680.000 төгрөгөөс 4.100.000 төгрөгийг миний бие банк бусад төлсөн нь баримтаар нотлогдсоор байхад энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр намайг энэ 6.680.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэж байгааг зөвшөөрөхгүй байна.

3. Би хохирогчийг хуурч мэхлэх ямар ч санаа байгаагүй бөгөөд машин худалдах үед хувиараа бизнес эрхэлж тодорхой хэмжээний орлого олдог байсан боловч дэлхий нийтээр гарсан цар тахлын улмаас зээлээ төлөх боломжгүй болсон юм. Хүний авто машиныг өөрийн авто машин гэж хуурч мэхэлсэн, банк бусад байхгүй машин гэж итгүүлээд зарсан бол миний бие энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж ял шийтгэл авсандаа харамсахгүй байх байсан юм. Тухайн үед нь ярьж тохиролцоод банк бусад байгаа гэдгийг нь хэлж ойлгуулаад хэн хэндээ харилцан ашигтай наймаа хийсэн байхад энэ асуудлыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэсэнд маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж чадаагүй шийдвэрлэсэн тул энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Прокурорын зүгээс хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс яллах дүгнэлтийн дагуу миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдал буюу энэ гэмт хэргийг хэрхэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулаагүй, өөрийн банк бус санхүүгийн байгууллагаас худалдаж авсан машинаас хохирогчид өгөхдөө бодит байдлаа бүгдийг нь хэлсэн гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 4.078.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлсөн хохиролд оруулан тооцоогүй. Энэ мөнгийг залилсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын машин худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Х-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Машин банк бус санхүүгийн байгууллагад байгааг мэдсэн. Тэр газарт очиж уулзах гэхээр “одоо хаачихсан, уулзаж яах вэ, миний сайн таньдаг хүн тэнд байгаа” гэдэг байсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сар болгоны 400.000 төгрөгөө төлж дуусах байсан. Төлж дууссаны дараа нэр дээр шилжүүлнэ гэчихээд хойшлуулж байгаад сүүлд нь 2 сар утсаа авахгүй алга болсон. Арай гэж холбогдохоор “одоо шилжүүллээ” гээд худлаа яриад яваад байдаг. Тэгж байтал банк бус санхүүгийн байгууллагаас Б.Х- мөнгөө төлөөгүй үндэслэлээр машиныг хурааж авсан. Ингээд би мөнгөгүй, машингүй үлдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч мөнгө ч үгүй, машин ч үгүй болсон. Анхан шатны шүүх нийт хохирлын хэмжээг зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримтыг дурдвал хохирогчид тохирсон хугацаанд мөнгөө төлөөд явж байвал зээл дууссаны дараа машинтай болно гэсэн итгэл төрсөн байсан. Шүүгдэгч банк бус санхүүгийн байгууллагад 760.000 гаран төгрөг төлөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, хохирогчоос авч байгаа 400.000 төгрөг дээр өөрөө мөнгө нэмж банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой байсан. Энэ хугацаанд өөрөөсөө өгөх ёстой байсан мөнгөө огт өгөөгүй. Ингээд хохирогч мөнгөө төлж дуусаад машинаа нэр дээрээ шилжүүлэх гэтэл машины банк бус санхүүгийн байгууллага хурааж авсан. Хурааж авсан машинаа зээлийн хүүгийн алдангид тооцож худалдан борлуулсан. Урьдчилгаанд өгсөн 4.800.000 төгрөгийг шүүгдэгч болон банк бус санхүүгийн байгууллагын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцож авсан. Энэ дундаас шүүгдэгч банк бус санхүүгийн байгууллагад хохирлоо арилгасан. Хохирогч Д.Б- хохирч үлдэж байна. Прокурорын зүгээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Шүүгдэгч Б.Х- нь “хохирогч Д.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж “-” ББСБ-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн - дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж худалдан авсан “Тоёота виш” маркийн -улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Б-д худалдахдаа урьдчилгаа 4.900.000 төгрөг, үлдэгдэл 6.680.000 төгрөгийг сар бүрийн эхний 5 хоногийн дотор 400.000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн Хаан банкны - тоот данс руу хийхээр, Б.Х- нь цааш “-” финанс ББСБ-ын дансанд шилжүүлэхээр, графикийн дагуу төлбөрийг төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, улмаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “машин худалдах, худалдан авах тухай гэрээ”-г бичгээр байгуулж урьдчилгаа 4.900.000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 6.680.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд дансаар шилжүүлэн авч залилсан, нийт 10.230.000 төгрөгийн хохирол учруулсан” болох нь:

            Хохирогч Д.Б-гийн “... Би 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдан авахаар явж байхад нэрийг нь мэдэхгүй залуу надтай ирж уулзаад “та миний машиныг худалдаж аваач, би машинаа худалдах гэхэд ченжүүд хямд авах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 ярилцаад 11,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгэхэд уг машин нь “банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа, би зээлээ төлж байгаа” гэж хэлээд, одоо очоод зээлээ шилжүүлье гэсэн. Тэгээд хамт явж байх замдаа тэр залуу банк бус санхүүгийн байгууллага ажлын цаг нь дууссан байх, тиймээс хоёулаа эндээ бичгээр гэрээгээ байгуулаад салъя, би тэгээд зээлээ дуустал таниас мөнгө аваад төлөөд байя, маргааш гэж байхаар өнөөдөр амжуулъя, би тэр банк бус санхүүгийн байгууллагын ажилтныг сайн танина” гэж хэлсэн. Тэрээр хэлэхдээ 5 сая орчимын үлдэгдэл төлбөр байгаа, 2020 оны 1 дүгээр сард зээл дуусчихна, тэр хугацаа болтол та надад сар бүр өгөөд байгаарай, би цааш дамжуулаад төлөөд явчихна гэж хэлсэн. Ингээд бид хоёр тохиролцоод салцгаасан бөгөөд би түүнээс хойш сар бүр мөнгийг төлж байсан боловч цааш нь төлөөгүй болоод миний машиныг банк бус санхүүгийн байгууллаас хураасан байх гэж бодож байна...” /хх 35-36/,

            Гэрч О.Б-ын “... Иргэн Батсүхийн Х- нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 9.100.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээл авсан бөгөөд зээлийн гэрээг хууль тогтоомжид заасны дагуу байгуулсан. Тухайн зээлдэгч нь үндсэн зээл хүүний хамт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс төлөхөөр эргэн төлөлтийн хуваарь байгуулсан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс төлөх ёстой байтал төлөлтөө дутуу төлдөг байсан. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн огт төлөлт хийгдээгүй учраас хугацаа хэтэрч, хугацаа хэтэрсэн нийт хоног 555 хоног болсон. энэ хугацаанд нь зээл олгогч байгууллагаас үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор зээлдэгчийн гэрийн хаягаар очих, утсаар нь холбогдох гэх мэтээр мэдэгдэх хуудас удаа дараа хүргүүлсэн боловч хариу өгөхгүй байсан учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцын гэрээний дагуу, зээлийн гэрээний дагуу заалтаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн барьцаалсан эд хөрөнгө болох 7993 УНИ улсын дугаартай “Toyota Vish” загварын тээврийн хэрэгслийг хураан авсан. Энэ эд хөрөнгийг хураан авахаас өмнө буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Х-аас 12.043.383 төгрөгийг гаргуулан авах тухай нэхэмжлэл гаргахад тухайн иргэн нь хаяг дээрээ амьдардаггүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 22-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Ер нь бид иргэнтэй гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх тухай заадаг. Гэтэл Х- гэрээний үүргээ биелүүлээгүй. Улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн - Финанс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 22/1717/08 дугаартай барьцаа хөрөнгийг худалдан борлуулах тухай тушаал гарч 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр худалдсан...” /хх 49-50/,

            Б.Х-ын яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөний хэрэг болоод “-” ББСБ-ийн барьцаанд байсан өөрийн “Toyota vish” загварын -улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарахаар Да хүрээ зах руу очсон. Тэгээд явж байтал миний машиныг сонирхоод нэг хүн ирсэн. Тэр хүн өөрийгөө Б- гэж танилцуулаад машиныг авахаар болсон. Тэгээд бид хоорондоо ярилцаж нийт 11.800.000 төгрөгөөр авахаар тохиролцож нотариат орсон боловч Банк бусын нэр дээр байгаа гээд нотариат батлаагүй. Бид анх ярилцахдаа бол урьдчилгаа 4.900.000 төгрөгийг би авч, Банк бусад төлөх 736.000 төгрөгийг хувааж төлж байя гээд сар бүр 400.000 төгрөгийг Б-гаас авч нийлүүлээд банк бусад би 736.000 төгрөг төлөх шийдэлд хүрсэн. Ингээд би Б-гаас 4.900.000 төгрөг авч 2021 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэл банк бусын төлбөрийг төлж дуусгаад гэрчилгээг өөрийнх нь нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцсон. Ингээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрээг бичгээр хийж тохиролцож би машинаа өгч явуулсан. Тэрнээс хойш эхний нэг сарын 400.000 төгрөг хийсэн. Би уг мөнгө дээр нэмж банк бусад төлсөн. Дараагийн 2 саоын хугацаанд Б- нь мөнгөө хийгээгүй, алга болсон. Тэгээд өөрөөсөө мөнгө гаргаж хийсэн. Энэ хугацаанд эхнэртэй нь холбогдоход эхнэр нь түүнийг машинаа аваад алга болсон гэж хэлсэн. 2 сарын дараа Б- ирсэн, хоёулаа уулзая гэж эхнэр нь ярихаар нь би Төв аймагт очиж уулзсан. Эхнэр нь тэгсэн одоо эгч нь мөнгийг нь төлж явах юм байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр хугацаанаас хойш төлөлт нь төлөгдөж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд салсан эхнэр нь гэж хүн гарч ирээд машин тэргийг нь авна гэж уулзаж байсан... Миний хувьд Б-гийн төлж байсан 400.000 төгрөгийг л банк бус руу шилжүүлээд байсан болохоор төлөлт нь бүрэн гүйцэт төлөгдөөгүй, гэрчилгээ нь шилжих боломжгүй байсан. Энэ хугацаанд банк бусаар надад нэхэмжлэл гаргаад шүүхэд хандсан байсан. Тэгээд би Б-тай тохиролцоод банк бусын төлөлтийг төлж дуусгаад нэрийг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч тэр хугацаанаас хойш төлөлтөө хийж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б-гаас урьдчилгаа мөнгөнд авсан 2.000.000 төгрөгийг нь ар гэр, хувийн хэрэгцээндээ зарцуулаад, 2.900.000 төгрөгийг автомашины урьдчилгаанд өгч дахин машин авсан... /хх 56-57/ гэсэн мэдүүлгүүд,

            “Хаан банк”-ны Д.Б-гийн эзэмшлийн -, А.О-ын эзэмшлийн - дугаартай данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 62-63/, “-” ББСБ болон иргэн Б.Х- нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 2101130101003536 дугаартай “зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь” /хх 83-86/, хохирогч Д.Б-, А.О нарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх 64, 65-77/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна гэж дүгнэлээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х-ын хохирогч Д.Б-д банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлийн барьцаанд байгаа машинаа худалдан борлуулахдаа, зээлийг шилжүүлж, цааш төлнө гэж хуурч, өөрийн данс руу авч, цааш банк бус санхүүгийн байгууллагад бүрэн төлөлгүйгээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч Б.Х- “...би гэмт хэрэг үйлдээгүй, анхнаасаа банк бусын нэр дээр байгаа машин гэдгийг үнэнээр нь хэлсэн байхад хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулсан гэж байгаа нь буруу...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Учир нь, шүүгдэгч Б.Х-ын “2019 оны 10 дугаар сарын 03, 27, 12 дугаар сарын 05, 2020 оны 02 дугаар сарын 04, 03 дугаар сарын 05, 04 дүгээр сарын 18, 05 дугаар сарын 04, 06 дугаар сарын 04, 09 дүгээр сарын 05, 10 дугаар сарын 04, 11 дүгээр сарын 04, 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус бүр 400.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 250.000 төгрөг, 02 дугаар сарын 04-ний өдөр 280.000 төгрөг тус бүр шилжүүлэн авсан /хх 62-77/ даруйдаа Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн төлбөрийг бүрэн төлж байсан гэх баримт тогтоогдоогүй бөгөөд тэрээр хохирогчид - Финанс ББСБ-тай 9.100.000 төгрөгийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан /хх 110-122/ гэдгийг хэлэлгүй, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэлийг 5 сая гаран гэж хуурч, бодит байдлыг нуусан болох нь хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

            Түүнчлэн хэрэгт авагдсан хохирогч Д.Б-гийн “... Тэгээд бид 2 ярилцаад 11,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон...” гэсэн /хх 35-36/, шүүгдэгч Б.Х-ын яллагдагчаар өгсөн “... бид хоорондоо ярилцаж нийт 11.800.000 төгрөгөөр авахаар тохиролцож...” /хх 56-57/ гэсэн мэдүүлгүүдээр үнийн дүн зөрүүтэй байх боловч хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болох хохирогч болон Оюунтулга нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 62-63/, тэдгээрийн дансны хуулга /хх 64, 65-77/ зэргээр нийт машины төлбөрт 5.330.000 төгрөгийг шилжүүлж, урьдчилгаанд төлсөн гэсэн шүүгдэгч, хохирогч хэн аль нь хүлээн зөвшөөрөх 4.900.000 төгрөгийг нэмж хохирлын хэмжээ 10.230.000 төгрөг байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1073 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-аас 10.230.000 /арван сая хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б-д олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлээсүгэй. 

            2. Шүүгдэгч Б.Х-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ