Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 126/ШШ2015/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчБ.Б*********, хариуцагч Д.Э*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийж,

Нэхэмжлэгч: Иргэн Б.Б*********ын нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*********од холбогдох;

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б-06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалинг 20 хувиар бууруулсантай тэнцэх хэмжээний 348 396 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах үндсэн шаардлага, нэмэгдүүлсэн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгох, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б-10 дугаар тушаалыг хүчингүй болгох, Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилох хугацааны цалинг нөхөн олгуулахаар Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд даалгах, Ажил албаны нэр хүнд болон сэтгэл санаанд учруулсан хохирлын хэмжээг нэмэгдүүлэн байгууллагын ахлах мэргэжилтэний нэг сарын үндсэн цалин буюу 662 545 /зургаан зуун жаран хоёр мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг байгууллагын удирдах албан тушаалтнаас гаргуулах шардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б********* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдааХөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*********ын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Мөн ажил албаны нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр үндсэн цалинг 20 хувь бууруулсантай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр болох 348.396 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанд 331.608 төгрөг гэж багасган нэхэмжилж байна. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Б********* би Баруун бүсийн сав газрын захиргааны мэргэжилтэнүүдэд зориулсан сургалтанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан. Гэтэл хамрагдвал зохих мэргэжилтэнийг хамруулаагүй, манай байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э********* өөрөө оролцсон нь шударга бус бөгөөд сургалтанд хамруулахгүйгээр үл барам, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус үйлдэл хэмээн үзэж энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13.1, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар зохих шаардлага тавьсан болно. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар бүхий тушаалд ээлжийн амралттай байсан хэдий ч ажил дээр ирж удирдлагын шийдвэрт шууд нөлөөлөхийг оролдож ажил хийхэд саад болж, улмаар хэл ам үүсгэж, эд хогшилтой зүй бусаар харьцсан тул сахилгын шийтгэл ногдуулсугай, үндсэн цалинг 20 хувиар бууруулсугай гэж заасан. Миний бие байгууллагын эд хогшилд зүй бус хандсан зүйл байхгүй. Зүй ёсны шаардлага тавьсан. Шинээр нөхцөл байдал үүсээд намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Үүнд: 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б-10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орох хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон цалинг нөхөн олгуулах, ажил албаны нэр хүнд, сэтгэл санаа, эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ зэргийг нэмэгдүүлэн ажилгүй байсан хугацааны цалин буюу 1.302.717 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Д.Э********* нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүтэн жилийн үр дүнгийн гэрээг хагас жилээр илт хууль бусаар дүгнэж намайг ажлаас халсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үр дүнгийн гэрээг байгуулж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр багтаан тайлагнаж, менежер 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан дүгнэнэ гэж гэрээний 4 дүгээр зүйлд заасан. 2015 оны хагас жилийн үр дүнгийн гэрээ гэж байгуулаагүй. Бүтэн жилийн гэрээний биелэлтийг хагас жилээр дүгнэсэн нь шударга бус гэж үзэж байна. 2015 оны 3,4 дүгээр улиралд хийж гүйцэтгэх ёстой байсан ажлыг илт хууль бусаар хангалтгүй гэж дүгнэсэн ба 2 дугаар улиралд хийж гүйцэтгэх ёстой байсан ажлын 40 онооноос 10 оноо өгч дүгнэж байгаа нь илт хууль бус юм. Энэ үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг баримтлахгүйгээр, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэхгүй, өөрийн үзэмжээр хууль бус ажлаас халах тушаал гаргаж байгаа нь ажиллах урам зоригийг мохоон, нэр төр, эдийн засагт хохирол учруулж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартааХөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны гадаргын усны нөөц, чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б*********ын Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах, 348.396 төгрөгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тоот тушаал нь эрх зүйн үндэслэл бүхий болсон бөгөөд ажилтан Б.Б*********ын гаргасан ёс зүй зөрчилд тохирсон шийтгэл хэмээн үзэж байна. Нэхэмжлэлдээ өөрийн үйлдлээ зөвтгөж зөрчил гаргасан зүйлгүй, ёс зүйн шаардлага тавьсан гэх боловч байгууллагын эд хогшилтой зүй бусаар хандаж, удирдлагыгаа олны өмнө хэл амаар дайрч доромжилсон үйлдэлдээ ёс зүйн шаардлага тавьсан гэж байгаа нь үндэслэлгүй болно.Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.4-т Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу байгуулж, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэж заасны дагуу 2015 оны хагас жилээр төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд Гадаргын усны нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б********* нь 59.5 хувийн үнэлгээтэйгээр үнэлэгдсэн болно. Б.Б********* нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул төрийн жинхэнэ албан хаагчаар томилох боломжгүй болсон учир ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлд бичсэн шиг 2015 оны 3, 4 дүгээр улиралд хийж гүйцэтгэх ажлыг нь 2015 оны эхний хагас жилээр дүгнэсэн зүйл огт байхгүй. Иймд Б.Б*********ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тушаалтай холбоотой тайлбар хэлье. Манай байгууллагад гадаргын усны нөөц хариуцсан Ахлах мэргэжилтэнээр Б.Б********* туршилтын хугацаанд ажиллаж байхдаа ээлжийн амралттай байсан. Над руу утсаар яриад сургалтанд явах тухайгаа хэлэхэд нь өөр хүн явуулна гэж хэлсэн. Сургалтанд шинээр томилогдсон дарга нар өөрсдөө ирвэл хэрэгтэй гэж БОНХЯамнаас хэлсэний дагуу миний бие явсан. Манай өрөөнд би болон ажилтнууд болох 8-н хүн сууж байхад өөр хүмүүс сургалтанд явуулна гэж намайг хэлэхэд Б.Б********* өөрөө эхэлж хэл амаар доромжилсон. Тэгээд зуны турш хийдэг усны тооллогонд чинь явж чадахгүй, та нар өөрсдөө яваарай гэж хэлээд хаалга саваад гарсан. Эхэлж хэл амаар доромжилсон хүн нь Б.Б********* өөрөө юм. Холбогдох дээд байгууллагаас зөвхөн Б.Б*********ыг сургалтанд явуул гэсэн бичиг ирээгүй. Ээлжийн амралттай байх хугацаандаа ажил дээр ирж даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэрт нөлөөлөх гэж хэл амаар доромжилчихоод, өөрөө хэл амаар доромжлуулсан мэтээр шүүхэд тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Ээлжийн амралтаа авах хүртэлх хугацаанд 2 удаа сургалтанд явж байсан. Б.Б*********д Улаанбаатар хот руу 14 хоногийн хугацаатай цалинтай чөлөө өгөөд сургалтанд хамруулж байсан удаатай. Гэтэл нэг ч удаа сургалтанд явж байгаагүй хүмүүсийг сургалтанд хамруулах гэхэд Б.Б********* нь уурласан. Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолд үр дүнгийн гэрээг 1 жилээр байгуулна гэж заасан байдаг болохоос, 1 жилд ганц удаа гэрээг дүгнэнэ гэсэн ойлголт байхгүй. Гэрээг улирлаар ч хагас жилээр ч дүгнэж болно. Манай байгууллагын дотоод журам болон яамны дотоод журамд зааснаар ажилтан үйл ажиллагаагаа хагас жилээр удирдлагадаа тайлагнана гэсэн тодорхой заалт байдаг. Энэ заалт нь манай байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4-д бий. Миний бие Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолын дагуу ажилтнууддаа ... тайлан болон мэдэгдэх хуудаснуудаа ирүүл гэсэн шаардлага тавьсан. Би 2015 оны 3 дугаар сард ажлаа авахдаа ажилчиддаа тийм ажил хий гэж тулгаж хэлээгүй. Өөрсдийн хийж чадахаар боломжтой бодитой ажил сонгож аваарай гэж хэлж байсан. Дараа нь тайлагнахад амар хялбарыг бодоод үр дүнгийн гэрээг нь ажилчидаараа өөрсдөөр нь хийлгүүлсэн. Гэрээг хагас жилээр дүгнэнэ гэж 14 хоногийн турш шаардаж байгаад тайланг авахад надад Б.Б********* нь тайлангаа өгсөн. Нэхэмжлэгч 3,4 дүгээр улиралд хийгдэх ажлыг минь дүгнээд хангалтгүй гэсэн үнэлгээ тавьсан гэж яриад байна. Би 3,4 дүгээр улиралд хийгдэх ажлыг дүгнээгүй бөгөөд 1,2 дугаар улиралд хийсэн ажлаа хэр чанартай хийсэн эсэхийг нь дүгнэсэн. Түүний хийсэн тайлангийн 2.1-т сав газрын хэмжээнд усны тоо бүртгэлийн ажлыг нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах гэсэн ажил дээр манай байгууллагаас бусад сав газрын захиргааны ажилтнуудаас тендерийн материалыг цаг хугцаанд нь өгсөн байсан. Манайх материалаа бүрдүүлж өгөөгүйгээ тендерийн ажил 7 хоногоор хойшилсон. Энэ нь Б.Б*********ын буруутай ажлаас болж төрийн үйл ажиллагаа 7-14 хоногийн хугацаатай хойшилж байсны илэрхийлэл юм. Төлөвлөгөөнд тусгагдсан сав газрын 3 үеийн зураглалын судалгаа хийх ажлыг яаж хийсэн талаар надад өгсөн тайландаа гол мөрний голдирлын судалгааг Цаг уур орчны шинжилгээний албатай хамтран хийлээ гэсэн байдаг. Би цаг уурынхантай ярихад энэ судалгаанд нэг ч хүн, тухайн байгууллагаас хамрагдаагүй гэж хэлсэн байгаа. Энэ судалгаанд Ариг, Бийран, Эг, Үүрийн гэсэн 4 том голын сансрын зураг байдаг. Энэ судалгаагаар юу олж мэдсэн, ямар дүгнэлтэд хүрсэн гэх зэрэг зүйл байхгүй. Ямар голууд голдирлын өөрчлөлт орсон цаашид голдирол нь өөрчлөгдсөнөөр тухайн сум орон нутагт ямар хохирол учирч болох, мөн судалгааг ямар хугацаанд, ямар аргаар хийсэн зэрэг зүйл нь байхгүй байсан. Зөвхөн 4 зураг буюу 2-3 өгүүлбэр л байдаг. Би мэргэжилтэнүүдээ дуудаж нэг бүрчлэн уулзаж байж үр дүнгийн гэрээгээ дүгнэсэн ба ганцаараа дур мэдэн дүгнээгүй. Тухайн үед манай байгууллагын нарийн бичгийн ажилтан протокол хөтлөөд л сууж байсан. Нэхэмжлэгчийн хийсэн тайланг харахад юу хийсэн, юу хийх гээд байгаа, ямар үр дүн гараад байгаа талаар тодорхой зүйл байхгүй байсан болохоор яаж дүгнэх талаар хүндрэлтэй байсан. Иймэрхүү маягтай тайлан өгчихөөд намайг тайланг буруу дүгнэлээ гэж яриад байгааг ойлгохгүй байна. Би ийм тайлан өгсөн хүнд ямар оноо өгөх ёстой байснаа мэдэхгүй байна. Би Б.Б*********тай ярилцаад энэ ажилд чинь хэдэн оноо өгөх талаараа дэлгэрэнгүй хэлж байхад Б.Б********* өөрөө утсан дээрээ бичлэг хийгээд л сууж байсан. Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ хуулиа л баримталсан болохоор буруу дүгнэсэн гэж үзэхгүй байгаа. Би энэ хүнийг хавчиж, гадуурахсан зүйл байхгүй. Б.Б********* нь усны өдөр усаа хайрлан хамгаалъя сэдвийн хүрээнд ажил зохион байгуулсаны дараа нэг өдөр чөлөө, зөвшөөрөлгүй ажил тасалсан. Яагаад ирээгүй талаар лавлахад ханиад хүрсэн гэж хэлсэн. Үнэхээр ханиад хүрсэн юм бол албан ёсоор мэдэгдэж бай гэж хэлэхэд тэгвэл би чамд нэг акт олоод өгье гэж хэлж байсан. Ер нь аливаа асуудалд ингэж л ханддаг хүн. Ажлаас халах тушаалдаа ч үндэслэлээ зөв гаргасан гэж үзэж байгаа. Энэ хүн туршилтын хугацаанд ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлж ажилласан. Миний зүгээс хууль зөрчиж, сэтгэл санааны дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Харин Б.Б********* нь ажилд орсон цагаасаа уурлаж, уцаарлах, утсаар чанга ярих гэх мэт хандлагууд гаргаж байсныг нь манай хамт олон мэдэх байх гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн нэг дэхь шаардлага бол 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тоот тушаалыг хүчингүй болгуулах байсан. Ажил олгогчийн гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд сахилгын арга хэмжээ авсан нь хууль бус юм. Хариуцагч Б.Б*********ыг удирдлагын шийдвэрт шууд нөлөөлөхөөр ёс зүйн зөрчил гаргасан, эд хогшилтой зүй бус харьцсан гэж үзэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байгаа нь хуулийг зөрчсөн асуудал юм. Ажил олгогч нь тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасан заалтыг удирдлага болгосон нь тухайн маргаан бүхий эрх зүйн акт үндэслэл бүхий болж чадаагүй. Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4-т ёс суртахууны доголдол гаргасан гэж заасан байдаг. Гэтэл ёс суртахууны зөрчил гаргасан эсэх нь мөн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар төрийн захиргааны албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулахад гомдол гаргах журам-д тодорхой зааж өгсөн. Энэ журмын 3, 4, 5-дах хэсгийг ажил олгогч баримтлаагүй байгаа нь ажил олгогчийн шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчлөөс Б.Б********* ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхой бус байгаа. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б-10 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэл дээр Төрийн албан тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан үндэслэлийг баримталсан. Хуулийн 19.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ гэж заасан. Эрх бүхий байгууллагын тогтоосон журам гэдэг нь Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолоор баталсан журамд үр дүнгийн гэрээг бүтэн жилээр дүгнэнэ, хагас жилийн гэрээний биелэлтэд хяналт тавина гэж заасан ба үр дүгийн гэрээг дүгнэх журмаа баримтлахгүйгээр үр дүнгийн гэрээг хууль бусаар дүгнэж ажлаас халсан гэдэг нь хавтаст хэргээс харагдаж байна. Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмыг баримтлахгүйгээр байгууллагын дотоод журмаа үндэслэж ажилтантай байгуулсан гэрээг дүгнэсэн нь ажлаас халах үндэслэл болж чадахгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх саналтай байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Б********* нь Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалинг 20 хувиар бууруулсантай тэнцэх хэмжээний 348396 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*********ын гаргасан Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгох, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б-10 тушаалыг хүчингүй болгох, хуучин ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохыг Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч Б.Б********* нь сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан талаархи гомдлыг Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд буюу Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчД.Э*********ын дээд шатны албан тушаалтанд гаргасан бөгөөд түүнд ...өнөөдрийн байдлаар тус яамны төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй тул таны гомдлыг хянан хэлэлцэх эрх зүйн үндэслэлгүй байх тул Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандах талаар зөвлөсөн хариуг бичгээр өгснөөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг;

Түүнчлэн ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи гомдлоо Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан бөгөөд түүнд ...хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэсэн хариуг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3/1768 дугаар албан бичгээр өгсөн тул тэрээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчээс ... сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, түүнчлэн ... Б.Эрдэнэболд нь өөрийн эрх мэдлийг ашиглан 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилийн дүгнэлт нэрийдлээр илт шударга бус ганцаарчлан дүгнэж, улмаар хууль бусаар ажлаас халсан гэж,

Хариуцагчаас "Б.Б*********ын гаргасан ёс зүйн зөрчилд тохирсон шийтгэл оногдулсан, мөн ... байгууллагын дотоод журам, Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу 2015 оны хагас жилээр Б.Б*********ын ажлыг дүгнэхэд хангалттгүй үнэлэгдсэн, туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул төрийн жинхэнэ албан хаагчаар томилох боломжгүй учир ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй хэмээн маргажээ.

Шүүх, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалинг 20 хувиар бууруулсантай тэнцэх хэмжээний 348396 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э********* нь маргаан бүхий захиргааны актаар буюу 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тушаалын 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.2, байгууллагын дотоод журмын 11.4 заалтыг үндэслэн Ахлах мэргэжилтэн Б.Б********* нь ээлжийн амралттай боловч иржудирдлагын шийдвэрт шууд нөлөөлөхийг оролдож ажил хийхэд саад болж, улмаар хэл ам үүсгэн эд хогшилтой зүй бусаар хандсан гэсэн үндэслэлээрсахилгын шийтгэл ногдуулж, 2 дахь заалтаар Б.Б*********ын үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулахыг нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны хөдөлмөрийн дотоод журмын Арван нэг-д Төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай заажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэжлээ дээшлүүлэх үүднээс зохих шаардлага тавьсан бөгөөд байгууллагын эд хогшилтой зүй бусаар харьцаж, эвдрэл гэмтэл учруулсан зүйл байхгүй, ёс зүйн зөрчил гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт баримтлаагүй, үндсэн цалинг гурван хүртэлх сар 20 хувиар бууруулах гэж тушаалдаа заасан нь ойлгомжгүй тул тушаал үндэслэлгүй гэж маргаж байна.

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны Ахлах мэргэжилтэн Б.Б********* ньээлжийн амралттай байх хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сарын 24-26-ны хооронд явагдах Баруун бүсийн сав газрын захиргааны мэргэжилтнүүдэд зориулсан сургалтанд хамрагдах талаар хүсэлтээ Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*********од гаргасан байх ба түүний хүсэлтийг хүлээн аваагүйн улмаас маргалдан, хаалгыг савж гарсан ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулахаар маргаан бүхий захиргааны акт гаргажээ.

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э********* нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийн талаар зөрчил гаргагчБ.Б*********д танилцуулаагүй, /албан хаагчийг ээлжийн амралттай байхад/ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байх ба сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ыг зөрчсөн байна. Тухайлбал:

Хариуцагчаас Б.Б*********ыг хэрхэн ёс зүйн зөрчил гаргасан талаархи холбогдох эрх бүхий байгууллагын буюу байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад өөрөөшууд сахилгын зөрчилд тооцон сахилгын арга хэмжээ ногдуулахаар тушаал гаргасан нь буруу юм.

Өөрөөр хэлбэл сахилгын зөрчил гаргасан эсэх талаархи нотлох баримтыг ирүүлээгүй ба сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ шалгаж тогтоогоогүй, баримтжуулаагүй байна.

Түүнчлэн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э********* нь маргаан бүхий захиргааны акт буюу 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тушаал нь Б.Б*********д сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч ямар сахилгын арга хэмжээ авсан нь тодорхой бус, мөн тушаалын 2 дахь заалтаар Б.Б*********ын үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулахыг нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэж байгаа явдал нь хэдэн сарын хугацаа заагдаагүй, Б.Б*********ын үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагар үндсэн цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авахыг байгуулагынхаа нягтлан бодогчид даалгаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй байна. Зүй нь бол албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь байгууллагын удирдлагын өөрийн нь эрх хэмжээний асуудал бөгөөд энэхүү шийтгэл нь тодорхой хугацаагаар, ямар шийтгэл ногдуулах нь ойлгомжтой байх нь ёстой.

Иймээс Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*********ын гаргасан Сахилгын шийтгэл ноогдуулах тухай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тушаал Ахлах мэргэжилтэн Б.Б*********ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус, үндэслэлгүй захиргааны акт гэж дүгнэсэн тул хүчингүй болгож, энэхүү хууль бус захиргааны актаар учируулсан хохирол 331.608 төгрөгийг Б.Б*********д буцаан гаргуулах нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хохиролоо ...үндсэн цалинг 20 хувиар бууруулсантай тэнцэх хэмжээний 348396 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанд 331.608 гэж багасгасан хэмжээний хүрээнд шийдвэрлэв.

Хоёр. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгох, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-10 тушаалыг хүчингүй болгох, хуучин ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохыг Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд даалгах шаардлагын тухайд:

Мөн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э********* нь Төрийн албаны тухай 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1,Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын 7, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7.1, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны дотоод журмын 2.7,2.9,4.4,4.7 дахь заалтуудыг үндэслэж, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тушаал гарган Гадаргын усны нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Бямбацогтын Болортуулыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ.

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны дарга гэх /түр орлон гүйцэтгэгч/ М.Эрдэнэболд, Гадаргын усны нөөц чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б********* нар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Үр дүнгийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулж, гэрээний биелэлтийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтааж тайлагнаж, 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэх... нөхцөлтэйгээр байгуулжээ.

Гэвч Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргыг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэболд нь 2015 оны 07 дугаар сары 22-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилээр дүгнэж тоон илэрхийлэлээр 59.5 буюу хангалтгүй /F/ үнэлгээ өгсөн байх /огноогүй/ ба гэрээний нэг тал болох Б.Б********* нь уг үнэлгээг зөвшөөрөөгүйгээс гарын үсэг зуралгүйгээр холбогдох тайлбарыг бичгээр өгсөн бөгөөд түрүүчийн үнэлгээг өөрчлөөгүй бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцсон гэж хариуцагч үзээд Ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тушаал гарган Гадаргын усны нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Бямбацогтын Болортуулыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ.

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргыг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэболд нь ахлах мэргэжилтэн Б.Б*********ын үр дүнгийн гэрээг хагас жилээр дүгнэн, үнэлэгээг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх журмын Зургаа. Гэрээний биелэлтийг дүгнэх заалтын 6.3-д Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ гэж заасны дагуу гэрээнд заасан хугацаа болох 2015 оны 12 дугаар сарын 31-ны дотор багтаан дүгнэх байтал хагас жил буюу 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дүгнэсэн нь буруу байна.

Энэхүү журмын Тав-ын 5.2- заасанчлан төрийн жинхэнэ албан хаагч гэрээний хэрэгжилтийн явцыг улирал тутам мэдээлэх ба гэрээний биелэлтийн хэрэгжилтийн явцын байдалд хагас жил тутамд хяналт-шинжилгээ хийхээр зохицуулагдсан байх тул хариуцагч нь Б.Б*********ын үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилээр дүгнэн, хангалтгүй гэсэн үнэлэгээгээ үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий багууллагаас тогтоосон зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ гэсэн заалтыг зөрчсөн, энэхүү хууль бус үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн хууль бус, хуулийн үндэслэлгүй захиргааны акт гаргасан нь тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгохдоо мөн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хуульд заасан үндэслэлээр удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан гэх үндэслэлээр төрийн албанаас халахаар, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албан хаагч нь мөн хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгааг зохицуулжээ. .

Гэтэл Б.Б*********ыг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны акт гаргаж, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүд бий болоогүй байхад Б.Б*********ыг төрийн албанаас чөлөөлсөн нь буруу бөгөөд хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус акт /маргаан бүхий захиргааны акт/ гаргасанболох нь тогтоогдож байна.

Зүй нь бол Б.Б*********ын үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн нь хангалтгүй байгаа, F үнэлгээ авсан... гэсэн үндэслэл заах бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:, 23.1.2 дахь хэсэгт үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх заалтад хамааралтай ойлголт байна.

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгоно.

Б.Б*********ыг ажлаас нь чөлөөлөх бус, түүнийг дээрхи нөхцөл байдал үүссэн бол хариуцагч нь өөрийн санаачлагаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан заалтыг хэрэглэж шийдвэрлэх байсан байжээ.

Иймээс Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгох, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-10 тушаалыг хүчингүй болгох,Б.Б*********ын урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, Б.Б*********ын хөдөлмөрлөх эрхийг нь сэргээж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав: ... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,455,845 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд;

Шүүх, Нэгэнт Б.Б*********ыг ажлаас чөлөөлөх тухай маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, түүний урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шийдвэрлэбэл зохино.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар заалтын 7-гийн а-д ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... ажилтанд ажлаасхалагдсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ... олгоно" гэж заасан байх тул нэхэмжлэгчийн урьд авч байсан сүүлийн 3 сарын түүний ажилгүй байсан бүх хугацаа буюу /2015 оны 0дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлсийг тодорхойлоход нийт 1.302.608 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймээс Б.Б*********ын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 1.302.608 /нэг сая гурван зуун хоёр мянга зургаан зуун найман/ төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг тооцож Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргаанаас гаргуулан нэхэмжлэгчидолговол зохино.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албан тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*********ын нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлт, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-10 тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны Ахлах мэргэжилтэн Б.Б*********ыг урьд эрхэлж байсан ажилднь эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*********ын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 1.302.608 /нэг сая гурван зуун хоёр мянга зургаан зуун найман/ төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргаанаас гаргуулан нэхэмжлэгч Б.Б*********д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*********д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН