Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/159

 

 

 

 

 

   2023              02           07                                     2023/ДШМ/159                                         

 

 

Б.Н-д холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

яллагдагч Б.Н-ын өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1877 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Анхбаярын бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Н-д холбогдох 2205000002053 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Б-ийн Н-, 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай эрэгтэй, дээд боловсролтой, Банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000,

Б.Н- нь “-” ХХК-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус байгууллагын 0 дугаарын дансанд Г.Т-гийн албан өрөөндөө орхисон байсан “0” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмжийг ашиглан дансанд хууль бусаар нэвтэрч 80.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн 00 дугаарын данс руу шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан”,

“2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел төвийн 2 давхарт гар утасны худалдаа эрхэлж байсан хохирогч П.Лгийн “мөнгийг нь банкнаас авч өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3 ширхэг Айфоне 13 про макс маркийн гар утсыг авч залилан 10.728.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ 21-26, 27 дугаар хуудсанд авагдсан Б.Н- болон “-” ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг үнэн зөвийг баталгаажуулаагүй, хуулбараар нь байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээд албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд “Кибер орчинд хууль бусаар халдсан” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд яллагдагч Б.Н-ын холбогдох хэрэгт “-” ХХК-ийн санхүүгийн мэдээллийн системд нэвтэрсэн гэх үйлдэл нь уг гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд заасны дагуу хохирогчоос гаргаж өгсөн баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана гэж заасны дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хэргийн 21-26, 27 дугаар хуудсанд авагдсан. Б.Н- болон “-” ХХК-тай холбоотой нотлох баримтууд нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хувийн байдалтай холбоотой баримтыг мөрдөгчөөс хэрэгт тэмдэглэл үйлдэн хавсаргасан баримт байна.

С овогт Б-ийн Н- нь “-” ХХК-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус байгууллагын 0 дугаарын дансанд Г.Т-гийн албан өрөөндөө орхисон байсан “-” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмжийг ашиглан дансанд хууль бусаар нэвтэрч 80.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн 0 дугаарын данс руу шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Т-гийн мэдүүлгээр тогтоогдсон. Б.Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ “-” ХХК-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажиллаж байсан бөгөөд байгууллагын данс руу нэвтрэх эрх гүйцэтгэх захирал, нягтлан болон Б.Н- нарт байдаг болох нь хохирогч Г.Т-гийн “...байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг мөнгө байршдаг 0 дугаарын данс руу нягтлан бодогч А, зээлийн эдийн засагч Н- нар болон гүйцэтгэх захирал Т миний бие нэвтрэх эрхтэй байдаг боловч гүйлгээ хийх эрх зөвхөн надад байдаг бөгөөд гүйлгээ хийхдээ данс руу нэвтрэн ороод 0 гэх төхөөрөмжөөс нэг удаагийн гүйлгээний нууц үг ирснээс гүйлгээ хийх боломжтой байдаг...” гэх мэдүүлгээр тогтоогддог. Шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг нь “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол...” гэж мэдээллийг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар дур мэдэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд халдаж, компьютерийн өгөгдөл, системд хууль бусаар нэвтэрсэн, танилцсаныг ойлгоно.

Тодруулбал гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.Н- нь тухайн байгууллагын данс дахь мэдээлэлд нэвтрэх, танилцах эрхтэй этгээд байсан бөгөөд гагцхүү эцсийн гүйлгээг хийх нэг удаагийн нууц үг олгох төхөөрөмжийг нууцаар, хууль бусаар авч өөрт ашиг олсон гэх үйл баримтыг тал бүрээс нь шалгаж тогтоосон байхад хэргийн бодит үйл баримттай хамааралгүй зүйлчлэлийг шалгаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 1877 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Яллагдагч Б.Н-ын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй. Тухайн дансны үлдэгдэл болон бусад мэдээллүүдтэй танилцах зөвшөөрөл миний үйлчлүүлэгчид олгогдсон байсан. Зөвхөн гүйлгээ хийхдээ захирлаас 6 оронтой дугаар авч хийдэг байсан учир кибер гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна. Иймд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас “... “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ 21-26, 27 дугаар хуудсанд авагдсан Б.Н- болон “-” ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг үнэн зөвийг баталгаажуулаагүй, хуулбараар нь байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээд албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд “Кибер орчинд хууль бусаар халдсан” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд яллагдагч Б.Н-ын холбогдох хэрэгт “-” ХХК-ийн санхүүгийн мэдээллийн системд нэвтэрсэн гэх үйлдэл нь уг гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хавтас хэрэгт, -” гүйцэтгэх захирлын “Үндсэн ажилтнаар томилох тухай” 002 дугаар тушаал /хх 21/, Хөдөлмөрийн гэрээ /хх 22-23/, ажлын байрны тодорхойлолт /хх 25/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 27/ зэрэг авагдсан байна.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээлэлийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж, 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн дээрх баримтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагааг явуулаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй байна.

Хохирогч Г.Т-гийн “... Б.Н-ын ажил үүргийн хуваарь нь зээл хүсэгчийн зээлийг судлах, олгосон зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавих үүрэгтэй. Байгууллагын дансан дахь мөнгөтэй бэлэн болон бэлэн бусаар шууд харилцах эрх байдаггүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед байгууллагынхаа дансан дахь мөнгийг шалгахад байгууллагын 5131495431 дугаар данснаас зээлийн эдийн засагч Б.Н-ын 5018559928 дугаарын данс руу 80.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсныг мэдсэн. Н- нь байгууллагын данс руу шууд нэвтрэх эрх байдаггүй... гүйлгээ хийх эрх зөвхөн надад байдаг бөгөөд гүйлгээ хийхдээ данс руу нэвтрэн ороод васко гэх төхөөрөмжөөр нэг удаагийн гүйлгээний нууц үг ирснээс гүйлгээ хийх боломжтой байдаг. Тухайн төхөөрөмж нь манай байгууллагын хувьд ганц ширхэг, надад л байдаг...” /хх 148-149/ гэсэн мэдүүлгээс үзэхэд Цахим мэдээлэлд хууль бусаар халдах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах шаардлагатай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол” гэж хуульчилсныг анхаарч, хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/1877 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ