Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Т.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706031430363 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.А, 1996 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар баг Бага баян тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд 2015 оны 9 дүгээр сарын 01-нд Дүүргийн Эрүүгийн анхан шатны 2 дугаар шүүхийн 848 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч  Т.А  нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Бэлхийн эх” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс 0.75 литрийн Соёрхол архийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна. Улсын яллагчийн ялын саналыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Эрдэнэсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 31-ний 19 цаг 26 минутын үед дэлгүүр дотроо байж байтал гаднаас хоёр залуу орж ирээд 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авъя гэсэн. Тэгээд би авч өгөөд лангуун дээр тавьж өгсөн. Тэгсэн чинь түмний спрайт ундаа авъя гэхээр нь би эргээд авч өгөх гэхэд нөгөө залуу архиа аваад зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-9/,

Яллагдагч Т.А мэдүүлэхдээ: “...би найз Энхболд руу утсаар яриад хүрээд ир гэсэн чинь Энхболд найзынхаа машиныг авчихлаа гээд Тоёота приүс 10 маркийн машинтай ирсэн. Би Энхболдтой хамт машинтай архинд явлаа гээд бид хоёр Чулуун овооны Бэлхийн эх дэлгүүрийн гадаа очоод би ганцаараа ороод нэг шил архи авъя гэтэл худалдагч эмэгтэй нэг шил 0.75 литрийн Соёрхол архи лангуун дээр тавихаар нь би шууд аваад зугтаж гараад Энхболдтой хамт буцаж найзууд дээрээ очоод архиа уучихаад харьсан...би найзууддаа ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-31/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Бэлхийн эх” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс 0.75 литрийн Соёрхол архийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Т.А нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.А нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Э.Эрдэнэсувд нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-40/ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Шүүх уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Т.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР