| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2023/00995/И |
| Дугаар | 131/ШШ2024/00906 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2024/00906
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **************************,
Хариуцагч: **************************************,
Нэхэмжлэлийн шаардлага: Модон материалын үнэ 1,765,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ************** /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****************, хариуцагч **************, хариуцагчийн өмгөөлөгч *********************, гэрч ************************* нар /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь*******эд холбогдуулан модон материалын үнэ 1,765,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нөхрийн хамт мод, модон материалын худалдааг хувиараа эрхэлдэг. 2023 оны 4 дүгээр сарын 22-ны үед******* нь манай модон материалын худалдаан дээр ирж Баян-Овоо сумын мод хамгаалах хайс буюу хашаа хийх тендер авсан юм. Танай дээр захиалга өгөөд хашаа хийлгэе гэж ирсэн. Тооцоо хийгээд өгөөч гэсэн. Ингээд тооцоолол хийхэд нийт 8,193,000 төгрөгийн модон материал ажлын хөлс болохоор байсан. Ингээд манайх 8,000,000 төгрөгт тухайн модны хашаа буюу хайсыг хийж өгье гэхэд******* нь тэгье гээд харилцан тохирсон. Ингээд төлбөр тооцоо хийхдээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр барагдуулж дуусгана гэж хэлсэн. Бид тус хайс буюу хашааг тохирсон хугацаандаа буюу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийж дуусгасан. Хашааг хийж байх явцад байнга өөрөө ирж хашааны чанар байдалтай танилцаж, чанар байдлын талаар хангалттай гэж үзсэн. Улмаар хашаа буюу хайсаа авахдаа 2 удаа ирж ачсан. Төлбөр хөлсөө бидэнд шилжүүлэхдээ 2023 оны 4 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөг, 5 сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 1,765,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хашаагаа авахдаа тооцоогоо бүрэн дуусгана гэж тохирсон боловч өгөөгүй. Дараа нь манай нөхрийг идэшний үхэр авах уу гээд 2 үхрийн зураг өгсөн тул үхэр авахаар болсон. Намар үхрээ авъя гэхэд өгөөгүй тул маргаан үүссэн. Одоо 1,765,000 төгрөгийг*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвд мод хаших зориулалтаар *******, нөхөр Аюуртай 4 метр, 180 ширхэг хайс нэг ширхэг нь 28,000 төгрөгөөр бодож, хайсны үнэ 5,040,000 төгрөг, мөн шон хийх 4 метр, 6 см 180 ширхэг 9000 төгрөгөөр бодож прусны үнэ 1,620,000 төгрөг, хашаанд орох шрүп 90 ширхэг хайрцаг, нэг ширхэг нь 4000 төгрөг, нийт 360,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг гэж тохирсон боловч хайс хийж байх явцдаа хайсыг хар модон банзаар хийх байсан чинь нарсан болон хушин банзны зах янз бүрийн зүйлээр хийж чанар муу болж хайсыг дахин задалж сэлбэх ажлууд гараад надад 728,000 төгрөгийн алдагдал гарсан. Тус материалын үнийн урьдчилгаанд нийт 6,000,000 төгрөг, миний авсан материалын үнэ нийт 5,194,000 төгрөг, миний аваагүй материалын үнэ 1,500,000 төгрөг. Нийт 8,000,000 төгрөгийн тооцооноос 5,194,000 төгрөгийн материал авсан. Би өөрөө 6,000,000 төгрөг өгсөн. Мөн 26 хайс задарч бусад хайсыг сэлбэж 728,000 төгрөгийн алдагдал гарсан. Би өөрөө 728,000 төгрөг авах ёстой болж маргаан үүссэн гэжээ.
3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******ын 1,765,000 төгрөгийн нэхэмжлэлээс 515,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч******* нь 1,250,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь*******эд холбогдуулан модон материалын үнэ 1,765,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч *******ын 1,765,000 төгрөгийн нэхэмжлэлээс 515000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч******* нь 1,250,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 23,475 төгрөг, хариуцагч*******ээс 17,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ын нэхэмжлэлтэй*******эд холбогдох хэрэгт нэхэмжлэгч 515000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 1,250,000 төгрөгийг хариуцагч******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 23,475 төгрөг, хариуцагч*******ээс 17,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА