Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 179

 

 

 

 

                        

                                                                           

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                               А.Энхтуяа

 Хохирогч                                   С.Отгонбаатар

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:           С.Эрхэмбаяр

 Шинжээч                                    Т.Насанжаргал

 Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Эрхэмбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1731001460078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг 2 дугаар хэсэг 13 дугаар байр 13 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Бадамхандын Эрхэмбаяр МЮ76120211

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг 2-р хэсэг 13-р байрны 2-р орцонд С.Отгонбаатарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эрхэмбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд энэ хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Миний хувьд гомдолтой байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 30-наас хойш 5 хоногийн дараа намайг цагдаад өгсөн байсан. 5 хоногийн дотор юу ч болж болно. Энэ хэргийг хурдан дуусгамаар байна...” гэх мэдүүлэг

Хохирогч С.Отгонбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-нд албан үүргээ гүйцэтгэж байхад энэ ах гарч ирээд “хэдэн тоотын тогийг тасалж байна” гэж асуусан. Тэгээд би 13 тоотыг тасалж байна гэхэд “Манайх байна. Бид нар хотоос өчигдөр ирсэн. Тогоо залгачих” гэсэн. Би “Үгүй ээ ахаа, өнөөдөр сарын сүүлийн өдөр мөнгөө тушаагаад ирвэл залгаад өгье” гэж хэлсэн. Тэгсэн “Өнөөдөр банк ажиллахгүй. Чи бэлнээр авчих” гэсэн. Бид нар бэлэн авч болохгүй гэж хэлээд буусан. Гэтэл намайг барьж аваад цээж рүү цохиж, чих рүү цохиод хоолой боож, хэл амаар доромжилсон. Намайг цохичихоод цохиогүй гээд байгаа. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна..” гэх мэдүүлэг

Гэрч Б.Энхбатын 2017 оны 11 дүгээр 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 сарын 30-ны өдөр болсон зүйлийн дараа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Отгонбаатар бид 3 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу томилолтоор ажиллахаар явсан. 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 15 цагийн үед бид нар өдрийн хоолоо идээд 16 цагийн үед ажилдаа гарсан. Тэр үед бид нар бөөнөөрөө машинтай явж байх үед Отгонбаатарын баруун чихнээс бага зэрэг цус гарсан. Тухайн үед Отгонбаатар чихрүүгээ хөвөн  хийж цусыг нь тогтоосон. Тэгээд ажил тарсан хойно гэртээ харьсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

Гэрч С.Эрхэмбаярын 2017 оны 11 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017  оны 9 сарын 30-ны орой Алтанбулаг суманд томилолтоор албан ажилтай байхад миний төрсөн дүү Отгонбаатар над руу утасдаад  би өдөр нэг айлын цахилгааныг тасалсан чинь тухайн айлын хүн миний чих рүү алгадаж цээж рүү цохьсон гэж хэлсэн. Тухайн өдрийн дараа хэд хонож байх үед 2017 оны 10 сарын 03-ны өдөр Отгонбаатар миний араас мөн томилолтоор Алтанбулаг суманд ажиллахаар ирсэн. Түүний хамт Энхбат ирсэн. 2017 оны 10 сарын 04-ны өдөр 16 цагийн үед Отгонбаатар бид нар өөр өөрийн хуваарьт ажилтай газартаа бууж үлдэх гэж бөөнөөрөө ажлынхаа залуугийн микро автобустай явж байхад  Отгонбаатарын баруун талын чихнээс нь бага зэрэг цус гарсан. Тухайн үед чихэнд нь хөвөн хийж хэсэг зуур байлгаад орой ажил тарах үед Отгонбаатарыг гэр рүү нь явуулсан бид нар тэр өдрийн 15 цагийн үед өдрийн хоолоо идэж байхад Отгонбаатар ахаа миний чихээр өвдөөд байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/

Гэрч Б.Энхбатын 2017 оны 10 сарын 21-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн авлага барагдуулагч ажилтай Отгонбаатарын хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  4, 8, 6 дугаар багийн хэсэг айлуудаар авлага барагдуулах ажил хийж явсан. Өдрийн 16 цаг өнгөрч байх үед Отгонббатар бид 2 Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт байрлах Шарын 13 дугаар байрны айл өрхүүдийн цахилгааны төлбөр төлөөгүй тоот айлуудын цахилгааныг хязгаарлаж явж байгаад би гурван мэргэд зах орж хүнтэй уулзахаар явсан. Харин Отгонбаатар өөрийн ажил үүргээ гүйцэтгээд байж байя гээд үлдсэн би зах руу очоод уулзах хүнээ хүлээгээд байж байхад Отгонбаатар надруу утасдаад намайг энд нэг хүн дээрлэхээд зодоод байна гэж хэлэхээр нь тэндээсээ шууд очсон. Би 13 дугаар байрны хажууханд байх үед Отгонбаатар тус байрны 2 дугаар орцноос 40 орчим насны нэг хүнтэй маргалдсан байдалтай гарч ирсэн. Тухайн эрэгтэй Отгонбаатарыг чиний ажил гэж хаашаа харсан юм гэж байдаг юм ажлаа хийж чадахгүй юм байж  гэж хэл амаар доромжлоод байсан. Отгонбаатар би өөрийнхөө ажлыг хийж байна. Та надад миний ажлыг битгий заа танайх цахилгааны мөнгөө төлөөгүй 2 сар болсон байна шүү  дээ гэсэн зүйл ярьж байсан. Тухайн үед Отгонбаатарын хүзүүний хэсэгт бага зэрэг зулгарсан байдалтай харагдсан. Нүүрэнд бол ямар нэг гэмтэл шарх харагдаагүй. Би тэр хоёроос ямар учраас маргалдсан талаар асуухад тухайн эрэгтэй надад бид 2 юм ярьж байхад чи илүү гээд юм хэлүүлэхгүй байсан. Тэгээд бид 2 явж байх замдаа Отгонбаатар тухайн эрэгтэйд чих рүүгээ 2 удаа алгадуулсан мөн цээж рүү 3 удаа гараар цохиулсан чих шуугаад байна гэж хэлж байсан.  Миний харснаар баруун чих нь улаачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

Гэрч Ц.Ачхүүгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 09 сарын 30-ны өдөр 16 цагийн үед Эрхэмбаяр ахын ажлаас түүний гэр рүү явсан.  Тэгээд тэдний байрны хажууд ирээд би машиндаа бага сага юм хийхээр үлдээд Эрхэмбаяр ах гэр рүүгээ орсон. Эрхэмбаяр ах гэрээсээ гарч ирэхгүй удаад байхаар нь орц руу орох гэж байхад Эрхэмбаяр ах нэг залуутай манай гэрт хөгшин настай хүн байгаа нялх хүүхэд байгаа цахилгаанаа залгачихаач гэж хэлээд хоорондоо маргалдаад орцноос гарч ирсэн тэр хоёр хоорондоо зодоон,  цохион хийсэн гэмээр зүйл ажиглагдаагүй. Тэгээд удаагүй байхад Б.Эрхэмбаяр ахын цахилгааныг тасалсан залуугийн хамт ажилладаг залуу ирсэн. Хэсэг хугацаанд Эрхэмбаяр ах тэр 2 залуутай цахилгаан залгуулахаар маргалдаад банк руу явж цахилгааны төлбөрөө төлөхөөр болж бид 2 хамт явсан. Миний ажигласнаар тухайн цахилгаан тасалсан залуугийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэг гэмтэл шарх гэмээр зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 345 дугаартай “...1.С.Отгонбаатарын биед баруун чихний хэнгэрэгэн хальс цооролт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

Шинжилгээний хариу /хх-ийн 33 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн засаг дарын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр тал/

Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Сүхбаатар салбарын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 52-53 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/

Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 58 дугаар тал/

Хохирогчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-66 дугаар тал/

Хохирлын баримтууд /хх-ийн 71-76 дугаар тал/

Б.Эрхэмбаярын 2017 оны 10 сарын 25-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/

Б.Эрхэмбаярын 2017 оны 11 сарын 21-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

          Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг 2-р хэсэг 13-р байрны 2-р орцонд С.Отгонбаатартай маргалдан түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч С.Отгонбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Энхбатын /хх-ийн 21/, гэрч С.Эрхэмбаярын /хх-ийн 22-23/, гэрч Б.Энхбатын /хх-ийн 27-28/, гэрч Ц.Ачхүүгийн /хх-ийн 29-30/ мэдүүлгүүд болон шинжээчийн 345 тоот дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Отгонбаатарын мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч Б.Эрхэмбаярт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь би энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж маргалдаж байх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, түүний тайлбар зэрэг баримтуудаар няцаагдаж байна.

         Шүүгдэгч Б.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэв.

         Хохирогч С.Отгонбаатараас ирүүлсэн хавтаст хэргийн 71-76 дахь талд авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Энхэмбаяраас 470.000 төгрөг гаргуулан олгохоор тогтов.

         Хохирогч нь цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.  

   Шүүгдэгч Б.Эрхэмбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.

    

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Бадамхандын Эрхэмбаярыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бадамхандын Эрхэмбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Эрхэмбаярыг оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Эрхэмбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

           5.Ялтан Б.Эрхэмбаяр энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Эрхэмбаяраас 470.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 1805 тоотод оршин суух Шарилжийнхан овогт Сүхбаатарын  Отгонбаатарт /МФ00221212/ олгосугай.

           7.Хохирогч нь цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            8.Ялтан Б.Эрхэмбаярт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

.