Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 01825

 

МАГАДЛАЛ

 2020.08.26                                              Дугаар 1825

 

 

 

 

 

 

О.Э-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

             

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01371 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Э-ны нэхэмжлэлтэй, хариуцагч О.О-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, орох, гарах гарцыг чөлөөлүүлэх, газрыг ашиглах, эзэмшихэд саад учруулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хан-Уул дүүрэг болон Богдхан уулын дархан цаазат газартай №2016/103 тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.6 га талбайг 5 жилийн хугацаатай ашиглах тухай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 205/728 тоот гэрчилгээг олгосон. Тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэтэл О.О нь орц, гарцыг нь хааж, хашаа барьж газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Улмаар О.О нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Дээрх нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 128/ШТ2018/0183 дугаар тогтоолоор О.О-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/ШТ2019/0044 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн 128/ШТ2018/0183 дугаар тогтоолыг хэвээр үлдээхдээ ...иргэн О.О-ийн газар эзэмших эрх хууль ёсны эрх дуусгавар болсон тул маргаан бүхий газрын талаар шаардлага гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн. Энэхүү захиргааны хэргийн маргаанд миний бие гуравдагч этгээдээр оролцсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын О.О-д олгосон 2014/31 дүгээр газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шардлага гаргасан боловч шүүхээс иргэн О.О-д газар ашиглах эрх олгосон 2014 оны 5 дугаар сарны 22-ны өдрийн 2014/31 дүгээр газар ашиглах гэрчилгээний хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсноор миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх захиргааны акт үйлчлэлгүй болсон гэж дүгнэн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Тодруулбал, миний тус газрыг ашиглах эрхийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох бөгөөд үлдсэн энэ богино хугацаандаа газар ашиглах, тухайн газарт үйл ажиллагаагаа явуулах боломжийг О.О олгохгүй байна. Иймд О.Э-ны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/728 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах 0.6 га талбайг хариуцагч О.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, орох гарах гарцыг чөлөөлүүлөхийг даалгаж өгнө үү. Харин газрыг цаашид ашиглах, эзэмшихэд нэхэмжлэгчид саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн нутаг нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах

1.1060 55' 25.023Е   470 52' 53.388N

2.1060 55' 25.607Е   470 52' 56.522N

3.1060 55' 28.396Е   470 52' 55.974N

4.1060 55' 28.021Е   470 52' 52.798N солбилцлын цэгүүд бүхий 0.6 га газрыг хариуцагч О.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн 0.6 га талбайд орох, гарах гарцыг чөлөөлөхийг хариуцагч О.О-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Энь хариуцагч О.О-д холбогдох Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/728 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах, 0.6 га талбайг цаашид ашиглах, эзэмшихэд нэхэмжлэгчид саад учруулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ О.Одсүрэнг оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. О.О нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өвчний учир Бүгд Найрамдах Солонгос улсад эмчлүүлэхээр явсан боловч хорио цээрийн улмаас эх орондоо ирж чадаагүй. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. О.О давагдашгүй хүчин зүйлийн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаар гэр бүлийн хүнээр дамжуулан шүүхэд мэдэгдсэн боловч хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч О.Энь хариуцагч О.О-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар Зайсангийн аманд байрлах, 0.6 га газрыг болон орц, гарцыг чөлөөлүүлэх, эзэмших, ашиглахад саад учруулахгүй байхыг даалгах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эзэмших, ашиглахад саад учруулахгүй байхыг даалгах тухай шаардлагаасаа татгалзжээ.        

 

            Нэхэмжлэгч О.Энь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газартай 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулж, түүнд Зайсангийн аманд 0.6 га талбайг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах 2015/728 дугаар гэрчилгээ олгожээ. /хх-7, 18-20/

 

            Хариуцагч О.О-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 0,5 га газар ашиглах эрхийн 2011/83 дугаар гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатай олгож, улмаар шинэчлэн олгосон 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2014/31 дугаар гэрчилгээний хавсралтад дуусах огноог 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж тэмдэглэсэн боловч О.О нь газар ашиглах гэрчилгээ болон гэрээний хугацаагаа сунгуулахаар хуульд заасан журмын дагуу хандаагүй тул түүний газар ашиглах эрх дуусгавар болсон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШТ2018/0183 дугаар тогтоолоор тогтоогджээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. /хх-9-12/

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар 0,6 га газар ашиглах эрхийн 2015/728 дугаартай гэрчилгээг О.Э-д олгосон нь хүчин төгөлдөр байхад хариуцагч уг газрын зарим хэсгийг хамруулан хашаа барьж нэхэмжлэгчийг газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймээс нэхэмжлэгч О.ЭИргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг О.О-ээс шаардах эрхтэй байх тул Хан-уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах 0.6 га газрыг О.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг газарт орох, гарах гарцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

            Анхан шатны шүүх хариуцагч О.О-д 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн ба хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

           

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт “... хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүх хариуцагч О.О-ийн мэдүүлсэн хаяг болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 45 дугаар байр, 107 тоотод хаягаар 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдаантай талаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Хариуцагч оршин суугаа хаягаа өөрчилсөн, гадаадад зорчсон талаар шүүхэд мэдэгдээгүй тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА