Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/155

 

 

 

 

 

 

  2023             02            07                                      2023/ДШМ/155

 

 

  П.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч Н.Н-т,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1505 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.С-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............................ дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.С нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......дугаар хороо, .......... тоотод оршин суух нэг нутгийн танил Б.Б-г “түрээсийн байранд хамруулж өгнө” гэж хууран Хаан банкны .............. тоот дансаар 6.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.С-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-т 1 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролтой холбоотой холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Улаанбаатар хотын бүсээс гадагш гарахгүй байхаар тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Сын өмгөөлөгч Н.Н-т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг биелүүлэх нь хүндрэлтэй. Мөн тус дүүргийн .... дугаар хороонд томхон дэлгүүр, эмнэлэг хүртэл байдаггүй. Иймд П.С-ын ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан хязгаарлалтыг боломжтой бол Улаанбаатар хотоос эсхүл өөрийнх нь амьдарч байгаа ................... дүүрэг, эхийнх нь оршин суугаа ......... дүүрэг, .............дүүрэгт байх ........дугаар эмнэлгийн хяналтад байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжийг олгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Л тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.С-ын хувьд тэнсэх ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Урьд үйлдэгдсэн хохирогчийн гомдлоор хэрэг шалгагдаж ял шийтгэл оногдуулсан байдаг. Тийм учраас тусад нь ял оногдуулсан. Залилах гэмт хэргийн хувьд 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял, 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялтай гэмт хэрэг байдаг. Анхан шатны шүүхээс П.С-т 1 жил 6 сарын хугацаатайгаар ...............дүүргийн........... дугаар хорооноос гарахгүй байх хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял нь тодорхой эрх бүхий байгууллагад хаана очих шаардлагатай байгаа хүсэлтээ гарган урьдчилан мэдэгдсэний үндсэнд тодорхой зөвшөөрлийг авч зорчих боломжтой шийтгэл байдаг. Улсын яллагчийн зүгээс П.С-т оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.С нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ............. дүүргийн ............ дугаар хороо, ...................... тоотод оршин суух нэг нутгийн танил Б.Б-г “түрээсийн байранд хамруулж өгнө” гэж хууран Хаан банкны ................... тоот дансаар 6.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ийн “...2021 оны 7 дугаар сард миний нагац дүү надад “ эгч түрээслэж байгаад өөрийн болгох түрээсийн байр байна гэнэ. Урьдчилгаа нь 6.000.000 төгрөг гэнэ” гэж хэлэхээр нь хүүхдээ байртай болгох гээд сонирхож эхэлсэн. Тэгээд дүүгээсээ дугаарыг аваад С-тай ярьсан чинь “...хотхонд 2 өрөө түрээсийн байр байна. Манай найз олон хүн байранд оруулж өгч байгаа. Урьдчилгаа 6.000.000 төгрөг өгөөд 3, 4 хоногийн дараа батламж нь гарахаар түлхүүрийг чинь өгье” гэж хэлэхээр нь итгээд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нөхрийнхөө ................ дугаарын данснаас ............. дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш удахгүй батламж нь гарлаа гэж хойшлуулсаар байсан ба сүүлдээ удахгүй мөнгийг чинь буцааж өгнө” гэж явсаар өдийг хүрсэн. Би 2022 оны 4 дүгээр сараас хойш С-аас нийт 3.000.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын дунд хүртэл хугацаанд өгсөн. Одоо 3.000.000 төгрөг авах ёстой. ...” /хх 11-13/,

гэрч М.Б-ын “...С нь манай Т сумын уугуул бөгөөд нэг нутгийнх гэдэг утгаар нь итгээд манай эхнэр болон хамаатны дүү А, Б нар тус бүр 6.000.000 төгрөг тэр үед нь өгч залилуулаад цагдаад өгч, шүүхээр С орж 2 жил тэнсэн харгалзах ял авсан юм. Тэгээд манайх тухайн үед гомдол гаргах гэсэн чинь С мөнгийг чинь удахгүй өгнө гэж байлгасаар байгаад өдийг хүрсэн болохоор цагдаад өгсөн юм...” /хх 19/,

яллагдагч П.С-ын “...Би 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Б гэх эмэгтэйг “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хэлээд 6.000.000 төгрөгийг өөрийн .............. дугаарын дансаар хүлээн авсан юм. Би залилан мэхлэх гэмт хэргийг үйлдээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2 жилийн тэнсэн ялаар шийтгүүлсэн. Б.Б гэх эмэгтэйг “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хэлээд 6.000.000 төгрөгийг авсан. Тухайн үед үйлдсэн хэргээс үлдсэн хэрэг байна. Би тэнсэнтэй байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй. Б.Б гэх эмэгтэйг “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хэлээд 6.000.000 төгрөгийг авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 51/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, М.Б-ын Хаан банкны .................. дугаар дансны хуулга /хх 56/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч П.С нь хохирогч Б.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч П.С-ын хохирогч Б.Б-г “түрээсийн байранд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч П.С-ын “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Улаанбаатар хотын бүсээс гадагш гарахгүй байхаар тогтоож өгнө үү.гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч П.С нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, 6.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн мэдүүлэг өгсөн байна. Шүүх, шүүгдэгч П.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэлийн төрөл төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгч П.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний оршин суудаг ……………… дүүргийн …………… дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоосон бүсчлэлийг өргөтгөн өөрчилж хувийн байдлыг нь харгалзан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх, өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ялыг тусд нь эдлүүлэхээр тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн боловч тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ийнхүү тусад нь ялуудыг эдлүүлэх нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад болохгүйн гадна Эрүүгийн хуулийн зорилтыг зөрчихгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

Иймд шүүгдэгч П.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт болон 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/1505 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.С-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн эрүүгийн хариуцлагыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ