Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2015/0032/З |
Дугаар | 126/ШШ2015/0039 |
Огноо | 2015-10-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 126/ШШ2015/0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.М*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*********хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С*********нарыг оролцуулан хийж,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .............. сумын иргэн Б.М*********-ыннэхэмжлэлтэй;
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох;
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах шардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М*********шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 01 дүгээр сараас эхлэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргаар ажиллаж байтал Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Э*********нь Их-Уул сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн санал, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б/24 тоот захирамж гаргаж намайг уг ажлаас огцруулсан. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаан нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд уг хуралдаан нь Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг зөрчсөн. ...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын дарга Ч.Б*********нь биеийн эрүүл мэндийн улмаас эзгүй байсан бөгөөд тэрээр тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн хэн нэгнээр тухайн хурлыг удирдуулахыг санал болгоогүй байхад сумын ИТХ-ын төлөөлөгч нар хуралдан улмаар сумын Засаг даргыг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай 04 тоот тогтоол гаргаж, тамга тэмдэггүй, албан ёсоор ёсчлон баталгаажуулаагүй баримт бичгийг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг дарга захирамж гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн намайг огцруулсан захирамжид аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон гэжээ. Миний бие Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон сумын иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, мөн улсын төсвөөс шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтыг эргэн татуулах асуудал үүсгэхгүйн тулд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 тоот, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 тоот тогтоолуудаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргаас огцруулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Б/24 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 04 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Э*********шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд Б.М*********-ынгаргасан нэхэмжлэлийг хариуцагч аймгийн Засаг дарга А.Э*********би хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.М*********-гЗасаг даргаас огцруулах тухай захирамжийг гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр байгаа учир аймгийн Засаг дарга захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С*********шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаан нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан заалтыг зөрчиж хийсэн гэж нэхэмжлэгч тайлбартаа хэлж байна. Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-данхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасан байдаг. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар зарлагдсан хуралдаан байсан. Гэтэл Ч.Б*********дарга өмнөх өдөр нь буюу 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хурлын нарийн бичгийн даргадаа бие муу эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж тоот үлдээгээд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдаан хийхээр очтол хурлын бэлтгэл хангагдаагүй байсан учир төлөөлөгч нараас ахмад настай тэргүүлэгчээ хурлын даргаар сонгож хурлаа явуулсан. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан заалтыг тухайн үеийн Их-Уул сумын ИТХ-ын дарга байсан Ч.Б*********зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Улаанбаатар хот руу явахдаа хурлын тэргүүлэгчдийн аль нэгийг нь хурал удирдах боломж олгохгүй, өрөөгөө цоожлоод, тамгаа нуугаад явсан нь зориудаар хурлын үйл ажиллагааг гацаасан гэж үзэж байна. Эмнэлгээс шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж бичиг хийж өгсөн байдаг боловч одоогийн байдлаар өвчтэй байгаа гэдэг нь мэдэгддэггүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 гишүүнээс нэр бүхий 11 гишүүд буюу олонхийн саналаар хуралдааныг явуулж, Засаг даргыг огцруулах үндэслэлтэй гэж үзсэн. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар Засаг дарга Б.М*********-ындэвшүүлэн ажиллаж байгаа мөрийн хөтөлбөрийн биелэлт үр дүнд, үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг авч хэлэлцэхээр хуралд оруулсан боловч энэ талаар авч хэлэлцэх боломжгүй гэж хурлын дарга Ч.Б*********өөрөө үгсэн тохирч уг асуудлыг ухрааж 03 дугаар сарын 30-нд хэлэлцэхээр товлосон боловчЧ.Б*********хуралдаан орхиж явсан тул иргэдийн Төлөөлөгчдийн хурал гацаанд орсон. Тиймээс 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт үнэлэлт өгөх, итгэл үзүүлэх, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар хуралдуулахаар төлөвлөсөн байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, мөн хуулийн 29.1.2, 29.1.3, Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 мөн хуулийн 63.6,Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10.6, 57 дугаар зүйлийн 57.5, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 62 дугаар зүйлийн 62.3, 62.4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтыг зөрчсөн мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот албан даалгаврын 1.8, 1.13, 1.14 дэх заалтуудыг зөрчсөн нь Их-Уул сумын Засаг дарга Б.М*********-гогцруулах хангалттай үндэслэл болно гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид үзсэн. Б.М*********нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдсан 9 дүгээр хуралдаанаар өөрт нь итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар хэлэлцэхээр хурлыг 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулж байгааг мэдсэн. Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын хуралдаанаас гарсан тогтоол, мөн дагалдаж ирсэн анхан шатны баримт материал дээр үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаргасан тогтоол шийдвэр дээр аймгийн Засаг дарга үнэмэлж өгөх боломж байхгүй. Тухайн тогтоолыг гаргахдаа үндэслэл болгосон хуралдааны дэг, хуралдаан хууль ёсны байсан талаар мэдэх боломжгүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаа зүйлд заасан ИТХ-ын онцгой бүрэн эрх нь хадаглагдаж байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоногэж заасан байдаг. Тиймээс хурлын тогтоолыг үндэслэж Хөвсгөл аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргасан. Маргаан бүхий эрхийн актыг хүчингүй болгох боломжгүй. Тухайн маргаан бүхий актыг хууль зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. Их-Уул сумын ИТХ-ын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд мөн Засаг даргыг огцруулах асуудал яригдаж байсан гэдэг нь хариуцагч Н.Сэндэнсүрэнгийн тайлбараас харагдаж байна. Тухайн үед мөн санхүүгийн хяналт аудитын шалгалт хийгдэж байсан учир 03 дугаар сарын 22-ны өдөр санхүүгийн аудитын танилцуулга гарсан байдаг. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Засаг даргын огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч ИТХ-ын дарга Ч.Б*********2 асуудлыг хэлэлцэхээр албажуулж шийдвэр гаргасан нь харагдаж байна. Энэ нь харицагч Н.Сэндэнсүрэнгийн тайлбарт цухас дурдагдаж байна. Гэтэл тухайн асуудлыг хэлэлцэхээр байсан боловч өмнөх шөнө нь хурлын дарга Ч.Б*********нь Улаанбаатар хот явсан нь нутгийн удирдлагын байгууллагын, төрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагаа гэж үзэж байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.С*********тайлбарт хариу тайлбар хэлэхэд тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал эрхэлж байсан Ч.Б*********нь сумын хүн эмнэлэгт үзүүлээд аймаг руу яаралтай яв, аймгийн нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хот руу яаралтай явах шаардлагатай гэсэн эмнэлгийн магадлагаагаар явсан нь тогтоогдож байгаа. Сумаас эмчилгээ бичиж өгсөн болохоос өөрийн санаачилгаар Улаанбаатар хот яваагүй. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу огцруулах асуудлыг хэлэлцсэн гэж тайлбарлаж байна. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаан болсон. Энэ хуралдаанд Дагва-Очир гишүүн сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж байсан гэдгээ нэхэмжлэгч Б.М*********т хэлсэн байдаг. Энэ нь саналаа 15 хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иймээс 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх боломжгүй болсоныг хэлмээр байна. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр ээлжит бус хуралдааны тэмдэглэлээс харахад 2 асуудлыг хэлэлцэхээр хойшилсон байдаг. Үүнийгээ ч мөн хариуцагч Н.С*********хариу тайлбартаа дурьдсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч огцруулах асуудлыг хэлэлцэхээр оруулсан байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б*********албажуулахаа орхигдуулсан мэт тайлбарлаж байна. Энэ нь тухайн хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б*********нь ямар нэг байдлаар хурлын үйл ажиллагааг гацааж, саад болсон зүйл байхгүй гэв.
Гуравдагч этгээд Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Их-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2015 оны 03 сарын 20-нд болохоор тов зарлагдсан байсан учир 11 төлөөлөгчийн гарын үсэг бүхий Засаг дарга Б.М*********, ИТХ-ын дарга Ч.Б*********-гогцруулах асуудлыг 2015 оны 03 сарын 18-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар хүргүүлэхэд уг асуудлыг хэлэлцээд үндэслэл дутуу гэдэг байдлаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй буцаасан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 20-ны ээлжит 9 дүгээр хуралдаан Соёлын төвд 10.00 цагт болоход 11 төлөөлөгчийн тавьсан асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн санал тавихад энэ асуудлыг 2015 оны 03 дугаар сарын 30-нд хэлэлцэхээр ухрааж тэргүүлэгчдээр батлуулан тов зарласан. Энэ үед Засаг дарга Б.М*********индэр дээр гарч 10 хоног засгийн хоол идэх завшаан олгосон та бүхэнд байрлалаа гэсэн үг хэлж байсныг тод санаж байна. ... Их-Уул сумын ИТХ-ын дарга Ч.Б*********нь үүрэг хүлээсэн дарга хүн байж хурлаа товлосон мөртлөө хуралдаандаа санаатай ирээгүй, өөрийг нь болон Засаг дарга Б.М*********-гогцруулах асуудал орох байсан учир арга саам зохиож өөрөө зугтаасан учир, товлосон өдрөө хурлаа хийсэн нь бидний буруу биш гэж үзэж байна. ...Засаг дарга Б.М*********нь төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь заалт, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжийг зөрчсөн нь Хөвсгөл аймгийн Санхүү хяналт, аудитын албаны шалгалтаар тогтоогдсон, уг зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Төсвийн тухай хуулийн 60.3.6 дахь заалт аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамж зөрчсөнийг батлах баримт нь 2014 оны 06 сарын 11-ний өдрийн Их-Уул сумын ИТХ-ын 29 дүгээр тогтоол байгаа. ...Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар 4000 хүртэлх хүн амтай сум 21 төлөөлөгчтэй байхаар зааснаас 11 төлөөлөгч буюу 52.3 хувь нь ИТХ-ын дарга Ч.Батчулуун, Засаг дарга Б.М*********-гогцруулах санал оруулж шийдвэр гаргасан нь олонхоороо асуудлыг шийдвэрлэнэ, олонхийн санал хүчинтэй гэсэн утга санаанд бүрэн нийцсэн шийдвэр болсон гэж ойлгож байгаа гэжээ.
Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ээлжит бус 9 дүгээр хуралдаан хуралдсан. Уг хуралдааны дараа 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар ээлжит бус ИТХ-ын хуралдаанаар Засаг даргыг огцруулах талаар иргэдийн төлөөлөгч нараас ямар нэгэн баримт өгч, гаргаж ирүүлээгүй. Хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд байгаа материалыг харахад 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд орж ирж байсан баримттай ойролцоо байна. Тухайн үед итгэл үзүүлэх гэсэн утга бүхий баримт байсан. Огцруулах талаар ямар нэгэн баримт байгаагүй. 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдээд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг зарласан. Засаг даргыг огцруулах асуудал яригдаж байсан хэдий ч Засаг даргыг огцруулах үндэслэл байхгүй гэж үзсэн. 2015 оны 3 дугаар сарын 18-ны Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит бус 10 дугаар хуралдааныг товлоё гэж тов гаргасан. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд төлөөлөгчдөөс гарсан саналын дагуу хүн болгон хуралдаанд ажлын тайлангаа тавъя, тайланг хэлэлцсэний дараа огцруулах эсэх талаар ярилцъя гэсэн. Тиймээс төлөвлөгөөнд, тайланд үнэлэлэлт дүгнэлт оруулах тухай гэж оруулсан байгаа. Засаг даргын тайланг хангалтгүй гэж үзсэн бол огцруулах үндэслэл болно гэсэн байдлаар ойлгож байсан. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Засаг даргад мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй юм. Хуралдаан эхэлсэн учир Б.М*********даргыг тайлангаа тавь гэж албан тоот хүргүүлэхэд хууль бус хуралдаан учир тайлангаа ирүүлэхгүй гэхэд ИТХ-ыг үл хүндэтгэж байна, энэ бол түүнийг огцруулах үндэслэл болно гэж үзээд түүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Их-Уул сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолоор 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны товыг тогтоосон. Үүнд 2 асуудал хэлэлцэхээр тохиролцсон. Тайлангийн үнэлэлт дүгнэлтийг авч хэлэлцээд хүн бүр янз бүрийн бодолтой байсан. Тайлан сонсох шаардлагагүй шууд огцруулах саналтай ч хүн байсан. Тайлангаа тавьсаны дараа огцруулах саналтай ч хүн байсан байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн 2 дугаар хорооны иргэн нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Б/24 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дугаартай Хуралдааны даргыг сонгох тухай, 04 дугаартай Үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Тус шүүх хуралдаанаар улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар, мөн гэрч нарын мэдүүлэг, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийн хүрээнд хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагуудын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаарсарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар сумын Засаг дарга Б.М*********-гогцруулахаар төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж Үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай 04 дүгээр тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилсаныг үндэслэж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Б/24 тоот захирамжаар түүнийг сумын Засаг даргаас огцруулжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Хурлын төлөөлөгчийн хуралд оруулах санал нь тухайн асуудалтай холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагдсан байх, энэ шаардлага хангагдаагүй асуудлыг хуралдаанаархэлэлцэхгүй байх талаар тодорхой заасан байна.
Гэтэл Б.М*********-гЗасаг даргаас огцруулсан Хурлын хуралдаан нь дээрх хуулийгзөрчсөн болох нь дараах хуулийн үндэслэл болон баримтуудаар тогтоогдож байна.
Нэг. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаас 01 дүгээр тогтоол гаргаж, /хх-97х/, тус ээлжит бус 10 дугаар хуралдааны даргаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.О*********-гсонгосон байх ба 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан эхлэхэд Хурлын дарга Ч.Б*********нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан тухайн Хурлын хуралдааныг даргалах ... бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д ... хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасныг хангаж ажиллаагүй, нэгэнт зарласан хуралдаандаа ирээгүй, түүнчлэн хуульд заасан үүргээ биелүүлэлгүй хурлаа орхин явсан байсан тул Хурал өөрийн үйл ажиллагаагаа явуулахын тулд тухайн 10 дугаар хуралдааны даргалагчаар Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчийг сонгож, улмаар хуралдааныг удирдан явуулсаныг хууль зөрчсөн, тодруулбал энэхүү хуралдааныг удирдуулахаар хуралдааны даргалагчийг сонгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймээс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны дугаар 03 сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дугаар Хуралдааны даргалагчийг сонгосон тухай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл болоод тухайн акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолын нэг дэх заалтаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хийхээр товлон зарлаж, хоёр дах заалтаар тус хуралдаанаар:
хийхээр товлон улмаар хуралдаанаар дээрхи 2 төрлийн асуудлыг хэлэлцэхээр урьдчилан тогтож, 14 дүгээр тогтоол /хх-ийн 96х/-ыг гаргажээ.
Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйүлийн 18.1.1-ийн г, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг үндэслэл болгон сумын Засаг дарга Б.М*********-гүүрэгт ажлаас нь огцруулахаар хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дээд шатны Засаг даргад уламжлахаар 04 дүгээр тогтоолыг гаргасан байна. /хх-ийн 95х/
Нэхэмжлэгч Б.М*********, түүний өмгөөлөгч нараас дээрх тогтоолыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй үндэслэлээ Хэлэлцэх асуудал нь сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, биелэлтийг сонсохоор байсан боловч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан асуудлыг шийдвэрлэсэн хэмээн тайлбарладаг бол хариуцагч сумын Засаг даргыг огцруулахтай холбоотой асуудал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаж Тэргүүлэгчдийн хуралдаанаар орсон бөгөөд энэ нь Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх тухайгэсэн гэж байгаа, тус хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааг үнэлж дүгнээгүй, харин хууль тогтоомж зөрчсөн, санхүүгийн аудитын дүгнэлт гаргасан гэдгээр огцруулахаар шийдвэрлэсэн гэх зэрэг тайлбарыг гарган маргаж байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийудирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г/-д зааснаар Засаг даргыг огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хамааруулж шийдвэрлэх эрхтэй хэдий ч ингэхдээ хуулиар тогтоосон журмын дагуу зохих шийдвэрийг гаргах нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хууль дээдлэх зарчим нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үндсэн зарчмыг нэг хэмээн тодорхойлсонтой нийцэх учиртай.
Гэтэл хариуцагч Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээр дурьдсанаар тухайн шатныхаа Засаг даргыг огцруулах саналыг дээд шатны Засаг даргад уламжлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болох нь дараахь байдлуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэрийг хуралдаан гэж тодорхойлсон бөгөөд түүнийг хэрхэн ямар журмаар зохион байгуулж явуулах дэгийг тухайн Хурал өөрөө тогтоохоор мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т заажээ.
Хариуцагч Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд баримтлах хуралдааны дэг-ийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Анхдугаар хуралдааны 02 дугаар тогтоолоороо баталсан байх ба уг дэгийн 1.7-д Хуралдаанд хэлэлцүүлэхээр асуудал оруулах төлөөлөгч нь төслөө хуралдаан эхлэхээс 3 хоногоос доошгүй хугацааны өмнө ИТХ-ын даргад өгсөн байна гэж заажээ. /хх-ийн 46х/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь ... дараахь асуудлыг өөрийн онцгой эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.1-ийн г/-д Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах, 18.1.1-ийн д/-д сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх гэж заасан байх тул Их-Уул сумын Засаг даргыг сонгох, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх юм.
Гэтэл тус сумын ээлжит бус 10 дугаар хуралдаан нь хуульд заасан онцгой бүрэн эрх буюу сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх талаар төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаа хэлэлцэж эрхээ хэрэгжүүлүүлэлгүйгээр шууд өөр асуудал болох Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах гэсэн өөр асуудлыг шууд хэлэлцсэн байх бөгөөд дээрхи дурьдсан хуулийн хоёр өөр заалтыг нэг асуудалд хамаарууланхэрэгжүүлсэн нь буруу байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгч Засаг дарга Б.М*********т итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн гарын үсгээ зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /ХХ-ийн 36,37 дугаар хуудас/
Харин хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С*********-сшүүхэд гаргаж өгсөн Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх ИТХ-ын дарга Ч.Б*********-гажлаас чөлөөлөх, Засаг дарга Б.М*********-гогцруулах асуудлыг дэмжиж гарын үсэг зурсан төлөөлөгчид гэх баримт нь Хуралдаанд хэлэлцүүлэхээр асуудал оруулах төлөөлөгч нь төслөө хуралдаан эхлэхээс 3 хоногоос доошгүй хугацааны өмнө ИТХ-ын даргад өгсөн байнагэсэн хуульд болон хуралдааны дэг-д заасан шаардлагын дагуу хуралдааны төлөөлөгч нарт танилцуулагдаагүй баримт байх тул шүүхээс үнэлэх боломжгүй болно.
Тодруулбал: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор тус хуралдааныг товлон зарлаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй баримт байна гэж үзсэн бөгөөд түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанд Засаг даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулсан бөгөөд уг санал нь үндэслэл, холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төсөл дутуу гэсэн үндэслэлээр ээлжит 9 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдааны 9 дугаартай тэмдэглэл, гэрч Г.Н*********-нмэдүүлэг, гуравдагч этгээд Д.О*********-нтайлбар зэргээр нотлогдож байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэл, гэрч Г.Н*********-ншүүх хуралдаанд өгсөн ...Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцье, үнэлгээ сайн гарвал энэ талаар ярихгүй, муу гарвал огцруулах талаар ярья ... гэсэн шийдвэр гарсан. 2015 оны 3 сарын 20-ны өдрийн 9 дүгээр хуралдаанд сумын ... Засаг даргыг огцруулах талаар асуудлыг оруулж ирсэн ... үндэслэл тодорхой биш, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, тогтоолын төсөл хангалтгүй гэж үзээд хэлэлцээгүй гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Засаг даргыг огцруулах санал уламжлах асуудал байгаагүй, харин Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгдсөн байжээ.
Харин Засаг даргыг огцруулах асуудлын хувьд үндэслэлээ тодруулж, холбогдох тооцоо судалгаа, гарах шийдвэрийн төслийн хамт ирүүлэхийг санал оруулсан төлөөлөгчдөд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас мэдэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэл, гэрч Г.Н*********-ндээрх мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэвч Засаг даргыг огцруулах үндэслэлээ тодруулаагүй, холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслөө 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас хойш ээлжит бус 10 дугаар хуралдаан хуралдах хүртэл нэмж өгөөгүй болох нь гэрч Г.Н*********-н2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 30-ны хооронд Засаг даргыг огцруулах үндэслэлийн талаар холбогдох судалгаа, нотлох баримтыг цуглуулж нэмж надад өгсөн зүйл байхгүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 болон Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-д заасны дагуу Засаг дарга Б.М*********-гогцруулах үндэслэл, холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг Хурлын дарга, төлөөлөгч нарт өгөөгүй болох нь хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэндэнсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайланг сонсож хэлэлцээгүй, өөрөө байхгүй байсан, хуралд ирж оролцоогүй, бид түүнийг хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр огцруулахаар санал хурааж, аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн гэх, гэрч Г.Н*********-н2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаан болохоос өмнө дээрх Засаг даргыг огцруулах саналын үндэслэл, тогтоолын төсөл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг төлөөлөгч нарт хувилж өгөөгүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, ... төлөөлөгч ... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24.3-д Энэ хуулийн 24.1 ...-т заасан заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба хуулийн энэхүү заалтыг хангаагүй Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргаас огцруулах саналыг уламжлах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргасан ньхууль бус байна.
Мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн Нэгдүгээр зүйлийн 1.7-д Хуралдаанд хэлэлцүүлэхээр асуудал оруулах төлөөлөгч нь төслөө хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө ИТХ-ын даргад өгсөн байна гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагчаас 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал гэсэн баримтын 4 дэх заалтанд Засаг даргыг огцруулах асуудлыг уламжлах тухай илтгэгч МАН-ын бүлэг гэж бичигдсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү баримт нь тухайн хуралдааныг товлон зарласан тухай ... тогтоолд тусгагдаагүй байх бөгөөд харин шууд ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулан бичсэн, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэхээр заасан өөрөөр хэлбэл, сумын Засаг даргыг огцруулах асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулалгүйгээр буюу хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд урьдчилан тусгалгүйгээр хуралдаанаас шууд хэлэлцүүлэхээр оруулсан нь 10 дугаар хуралдааны тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Хурлын төлөөлөгчид тодорхой асуудлыг санаачлан Хуралд оруулах эрх хуулиар олгогдсон байдаг боловч тэрээр уул эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг үндэслэх нь тухайн асуудал хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх нэг нөхцөл болох юм.
Гэтэл МАН-ын төлөөлөгч нар хууль болон холбогдох журам, дэгийг зөрчиж Хуралд асуудал оруулсан байх ба Хурал ч түүнийг нь үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэснээрээ тухайн шийдвэр хууль бус болох нэг үндэслэл болж байна.
Мөн Засаг даргыг огцруулах асуудлыг Хурал хэдийд ч шийдвэрлэх эрхтэй гэжтайлбарлах боловч үүнийг зөвтгөх аргагүй байна.
Учир нь тухайн асуудлыг Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд хэдийд ч шийдвэрлэж болох боловч ингэхдээ гагцхүү хууль дээдлэх зарчмын хүрээнд буюу хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэж гэмээ нь тухайн захиргааны актын хуульд нийцсэн байх агуулга тодорхойлогдоно. Хэрэв захиргааны байгууллага аливаа асуудлыг өөрийн бүрэн эрхэд хамаарч байгаа гэдгээр тогтоосон дэг, журмыг баримтлалгүйгээр шийдвэрлээд байвал энэ нь дур зоргын үйл ажиллагаа болж хувирах талтайг тэмдэглэх нь зүйтэй байна.
Зүй нь Засаг даргыг огцруулах тухай саналд төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэнээр 15 хоногийн дотор тухайн асуудлыг хэлэлцэх улмаар Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал санаачлан оруулж буй тохиолдолд түүнийг нь тогтоосон дэг, журмын дагуу буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.14, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.6-д заасан зохицуулалтын хүрээнд өөрийн тогтоосон дэг, журмын дагуу шийдвэрлэх учиртай байсан боловч хариуцагч нь сумын Засаг даргыг огцруулах саналыг дээд шатны Засаг даргад уламжлах тухай асуудлыг шийдвэрлэхдээ эдгээрийг бүхэлд нь зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагчаас Засаг дарга Б.М*********-гогцруулах шалтгаан болсон хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлдээ хэд хэдэн асуудлыг хөндөн тайлбарлаж байна.
- Нэхэмжлэгчийг Төсвийн тухай хуулийг зөрчсөн, аймгийн Хурал, засаг даргын тогтоол, шийдвэр, албан даалгаврыг биелүүлэх ажлыг муу зохион байгуулж,хувийн ашиг сонирхлоор ашиглах хэлбэр гарч байгаа нь аймгийн санхүү хяналтын аудитын албанаас ирсэн шалгалтаар тогтоогдсон, малчдын санал зэргийг харгалзан үүрэгт ажлаас нь огцруулсан гэжээ.
-Хөвсгөл аймгийн Засаг даргын Үр дүнгийн үнэлгээг батлах, урамшуулал олгох, хариуцлага тооцох тухай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Их Уул сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний товчоо /2014/-нд аймгийн 24 сум үнэлэгдсэнээс Их-Уул сумын Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааны дүнгийн үнэлэлт дүн/хувиар/ 78,99, 7 дугаар байр эзэлсэн, түвшинхэвийн гэж үнэлэгдсэн нь хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
- Нэхэмжлэгч Б.М*********-гаймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэх бөгөөд Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3,60.3.6,70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн буруутгах боловч аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын танилцуулга нь албан ёсны эрх бүхий байгууллагын дүгнэлт биш бөгөөд зөвхөн шалгалт хийсэн тухай танилцуулгаар түүнийг хариуцлага тооцох үндэслэл болохгүй бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29, 25, 40,51 дүгээр тогтоолыг хэрэгжүүлснийх нь төлөө түүнийг буруутгах боломжгүй юм.
Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны Үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Гурав. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Засаг даргыг огцруулах тухай Б/24 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл болон тусзахиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:
Хөвсгөл аймгийн Засаг дарга тус аймгийн Их-Уул сумын Засаг дарга Б.М*********ыгогцруулах шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 32 дугаар зүйлийн 32.3,32.7, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.3.6, 70 дугаар зүйлийн 70.1, Их-Уул сумын ИТХ-ын хуралдааны 2015 оны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгожээ. /хх-ийн 7х/
Дээр дурьдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч аймгийн Засаг дарга нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг буюу маргаан бүхий 04 дүгээр тогтоол /аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны танилцуулга/-ыг үндэслэл болгон холбогдох шийдвэрээ гаргажээ гэж дүгнэхээр байх ба шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох тус аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг дээр дурьдсанаар нэгэнт тогтоосон тул түүний үндсэн дээр буюу түүнийг үндэслэн гарсан энэхүү захиргааны акт буюу аймгийн Засаг даргын 2015 оны Б/24 дүгээр захирамжийг мөн хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аймгийн Засаг даргыг энэхүү захиргааны актыг гаргахдаа тухайн шатны Хурлын шийдвэрийг үндэслэл болгосноос гадна мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны танилцуулга/-ыг Б.М*********-гогцруулах үндэслэл болгожээ.
Дээрх нөхцөл байдлуудын эцэст дүгнэн үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох тус аймгийн Засаг даргын 2015 оны Б/24 дүгээр захирамж нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр тогтоол хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон учир уг тогтоолыг үндэслэн гаргасан учир маргаан бүхий захиргааны акт ньнэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэн тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байх ба үүний үр дагавар нь нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэл болж байна.
4. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 7.692.041 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийг, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа тул дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрын тухайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6-д ...ажилтан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн ажиллаагүй ... тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасныг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалин хөлсний талаарх нотлох баримтуудад үндэслэн тодорхойлсноор нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор төгрөгийг олгуулах үндэслэлтэй байх тул түүний 7.692.041төгрөг гаргуулах шаардлагын хангах нь зүйтэй гэж үзлээ
Мөн журмын 7 дугаар заалтын 7-ний а-д ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү олговор олгох, ... ажилтанд ажлаас халагдсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж тус тус заажээ.
Иймд хэрэгт авагдсан Б.М*********-ыннийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээс үзэхэд түүний сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс нь 1.085.859 төгрөг, сүүлийн 3 сард ажилласан дундаж хоног 20,3 хоног, нэг өдрийн дундаж 54.490 төгрөг болох ба ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 4 дүгээр сарын 03-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүртэлх хугацаанд 143 ажлын хоног байгаа тул нийт 7.692.041 төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1,70.2.6, 70.2.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.14, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М*********-ыннэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны Үүрэгт ажлаас нь огцруулах саналыг уламжлах тухай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол, тус аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Засаг даргыг огцруулах тухай Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М*********-гөмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны Хуралдаан даргалагчийн сонгох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М*********-ынажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7.692.041 төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилсан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах учрыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН