| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0201/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 180
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Энхтайван
Улсын яллагч: А.Золзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа нарыг оролцуулан Мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Түвшинбаатарт холбогдох эрүүгийн 1702000240019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 23-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай эрэгтэй, бага боловсролтой, эксквоваторчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, нуурын 5 дугаар гудамжны 06 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатиган овогт, Батдоржийн Түвшинбаатар, РД:/МД-88012375/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Түвшинбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт байрлах Хавчиргана гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 952 м2 буюу 0.1 га талбайд ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 18.352.886 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.Түвшинбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч О.Батсайханы 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бек хочтой Батдоржийн Түвшинбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Харганы ам гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна. Дээрх компаний хууль бусаар ашигт малтмал олборлосон газар нь Капитал авто сервис ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын МВ-015803/3015А хуучин дугаар/ дугаартай тусгай зөвшөөрөлтэй байсан боловч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хүчингүй болсон байна. Хүчингүй болсон нь хэрэгт авагдсан Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 07/5710 албан бичгээр тогтоогдож байна. Иймээс Батдоржийн Түвшинбаатар нь хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна. Энэ талбай тусгай хамгаалалттай газартай давхцалгүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Энэ нь БОАЖЯ-ны 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 06/4944 албан бичгээр тогтоогдож байна. Б.Түвшинбаатарын хууль бус үйл ажиллагааны улмаас нийтдээ 0,1 га талбай эвдэгдэж экологи эдийн засгийн нийт хохирол 18,352,886 төгрөг болсон. Энэ нь эвдэгдсэн 0,1 га талбайд нөхөн сэргээлтийг хийхэд 1.167.560 төгрөгийн зардал гарахаар тооцоо гарсан байна.. Экологи эдийн засгийн үнэлгээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий Говь эко ХХК нь шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хохирлыг тооцсон байна. Экологи эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Б.Түвшинбаатараас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 12-14 дүгээр тал/
Гэрч Г.Түмэндэмбэрэлийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бек бол миний зүгээр таньдаг залуу юм. Уг нь Бек гэдэг хоч нь яг өөрийнх нь албан ёсны нэр нь Б.Түвшинбаатар гэдэг. Бек манай найзын уурхайд удаан эксковатор барьдаг байсан болохоор танина. Тэгтэл Бек нь өөрөө Бугант тосгоны Хавчиргана гэх газарт уурхай ажиллуулах гэж байгаа та нэг эксковатороо түрээслүүлчих гээд гуйгаад байхаар нь би таньдаг болохоор түрээсийн гэрээ байгуулж Хюндай 2900LC3 маркийн эксковаторыг 1 сарын 13 сая төгрөгөөр 2017 оны 07 дугаар сарын 04-өөс түрээслэсэн. Манай эксковатор очоод 10 орчим хонож байхад цагдаагийн шалгалт ирж үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Нөгөө эксковаторыг нь Б.Түвшинбаатар нь манай найз дээр ажилласан хөлсөөрөө авсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
Гэрч С.Энхсайханы 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын эхээр Г.Түмэндэмбэрэл ах над руу залгаад ах нь эксковатороо түрээслэх гэж байгаа юм чи барьж өгөөч гэхээр нь би зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хюндай 2900LC3 эксковатортай Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант тосгоны Хавчиргана гэх газарт Бек буюу Б.Түвшинбаатарын уурхай дээр очсон. Ингээд маргааш өдрөөс нь 6-7 хоног хөрс хуулалт хийсэн. Тэгээд шороогоо буудаж чадаагүй байхад Цагдаагаас шалгалт ирж үйл ажиллагааг зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч Н.Мөнх-Эрдэнийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сард наадмын дараа Сэлэнгэ аймгийн Миний монгол телевизээр Бугантад туслах ажилтан авна гэсэн зар явсан. Үүний дагуу утсаар нь ярихад Бугант тосгонд ирж уулз гэсэн. Ингээд Бугант тосгон орж Б.Түвшинбаатартай уулзахад урьд өмнө нь юу хийж байсан бэ гэхээр нь төмөр замд ажиллаж байсан одоо ажилгүй байгаа гэхэд за тэгвэл туслах ажилтнаар ажилд авъя нэг сарын 1 сая төгрөгөөр цалинжуулна гэсэн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Бугант тосгоны Хавчиргана гэх газар уурхай ажиллуулах гэж байгаа кэмп дээр очсон. Тэгэхд 6-7 хүн 2 ширхэг эксковатор байсан ба 2 эксковатор нь хэд хоног хөрс хуулсан. Би мод түлээ ус аваад дизель мотор ажиллуулж байсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 24-25-нд байх цагдаагаас шалгалт ирж үйл ажиллагааг нь зогсоож ажилгүй болсон ба цалин хөлсөө авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/
Гэрч О.Хатанбаатарын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байх Дархан-Уул аймагт нэг танилаас Бугантад эксковатор барих хүн хайгаад байна гэхээр нь Бугант орж Бек гэгчтэй уулзсан. Тэгтэл Бугант тосгоны Хавчиргана гэх газарт алтны уурхай дээр эксковатор бариулж нэг сарын 1 сая төгрөгийн цалинтай гэхээр нь зөвшөөрч очсон. Очсон өдрөөс эхлээд хөрс хуулалт хийгээд 3 цаг болж байтал эксковаторын даралтын шланк задарч зогссон. Ингээд шланкаа хот руу захиад байж байтал түймэр гарсан гээд түймэрт хэд хоног яваад ирсэн. Ингээд тэр эксковаторыг нь асааж чадаагүй байж байтал цагдаагаас шалгалт ирж үйл ажиллагааг нь зогсоосон. Тухайн уурхай байрлаж байсан газар нь Бугант тосгоны Хавчиргана гэх газарт байрлаж байсан ба Бек буюу Б.Түвшинбаатар гэх хүний уурхай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаартай дүгнэлтэнд:
-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хавчиргана гэх газарт иргэн Бекийн хууль бусаар ашигт малтмал хайх олборлох үйл ажиллагааны улмаас 952 м2 буюу 0.1 га хэмжээтэй, угаасан шорооны хэмжээ буюу ухашын хоосон орон зайн эзлэхүүн нь 15286,9 м3 хэмжээтэй нэг ширхэг ухаш үүссэн байна.
-Иргэн .Бекийн үйл ажиллагааны улмаас ямар нэг голын голдирол өөрчлөгдөөгүй ойн сан бүхий газарт хохирол учраагүй болно. Усан санд хохирол учруулсан бөгөөд хохирлын үнэлгээний тайланд тооцож оруулсан болно.
-Иргэн Бекийн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд учруулсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээ нь 18.352.886 төгрөг болж байна.
-Иргэн Бекийн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.167.560 төгрөг шаардагдах тооцоо гарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/
Хохирогч О.Батсайханы 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Б.Түвшинбаатар нь экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлын мөнгийг байлгаль орчин уур амьсгалын сангийн дансанд тушаасан байсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэхээр зааснаар тооцож бодвол 18.352.886х3=55.058.658 төгрөг болж байна. Үүнийг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх үед шийдвэрлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр тал/
Гэрч А.Төмөрбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд гагнуурын ажил хийж байгаад одоо нэр усыг нь сайн санахгүй байна. Нэг хүнээс ажлын хөлсөнд ямар нэг бүртгэлгүй номер дугааргүй, ажиллахаа больсон эксковатор авсан. Тэгээд Улаанбаатар хотод авчираад сэлбэж байгаад ажилладаг болгосон. Ингээд тухайн эксковаторыг уурхай дээр Б.Түвшинбаатараар бариулж түрээслэж байгаад мөнгө төгрөг олж чадахгүй, цалинг өгч чадахгүй болоод сүүлдээ Б.Түвшинбаатарт чи өөрөө аваад ажил хий гэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/
Экологи эдийн засгийн хохирлын үнэлгэний тайлан /хх-ийн 30-62 дугаар тал/
Үнэлгээний тайлан /хх-ийн 64-7 дугаар тал/
Түрээсийн гэрээ /хх-ийн 77-79 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-82 дугаар тал/
Ашигт малтмал, газрын тосны газрын албан тоот /хх-ийн 89 дугээр тал/
Оюуны өмч Улсын бүртгэлийн газрын лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/
Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 95-96 дугаар тал/
Байгаль орчин аялал жуучлалын яамны албан тоот /хх-ийн 98-99 дүгээр тал/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 107 дугаар тал/
Шүүгдэгч Б.Түвшинбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Б.Түвшинбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт байрлах Хавчиргана гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 952 м2 буюу 0.1 га талбайд ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 18.352.886 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч О.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 11-14 тал/, гэрч Г.Түмэндэмбэрэлийн /хх-ийн 15-16/, С.Энхсайханы /хх-ийн 19-20/, Н.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 21-22/, О.Хатанбаатарын /хх-ийн 23-24/ мэдүүлгүүд, шинжээчийн 01 тоот дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 27-62/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-05 тал/ тал зэрэг болно.
Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Түвшинбаатар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Хавчиргана гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль эклогид 18.352.886 төгрөгийн хохирол учируулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Б.Түвшинбаатарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Түвшинбаатарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал олборлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Түвшинбаатар нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулаагүй байна.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Байгаль орчин аялал жуулчлалын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн О.Батсайханы зүгээс “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэхээр зааснаар тооцож бодвол 18.352.886х3=55.058.658 төгрөг болж байна. Үүнийг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх үед шийдвэрлүүлэх саналтай байна” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “...Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.” гэж заасан байх тул шүүх өөрөө санаачлагаараа нөхөн төлбөр тавьж хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д зааснаар 3 дахин нэмэгдүүлж шийдвэрлэх боломжгүй юм.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон эрх бүхий этгээд нь дээрх хуулийн дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчаар нөхөн төлбөр тогтоолгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэгт нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн олборлолт хийж байсан ”алт” хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Түүнчлэн түүний газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учирчээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч нь Монгол улсын ард түмний мэдэл төрийн хамгаалалтанд байдаг өмчид шууд санаатай шунхайн сэдэлтээр халдаж учруулсан техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлаа төлж барагдуулаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.Түвшинбаатарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч Б.Түвшинбаатараас нөхөн сэргээлтйин зардал 1.167.560 төгрөгийг гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулж нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч Б.Түвшинбаатарын гэмт үйлдэлдээ ашигласан түүний өмчлөлийн Хюандай 2900 LC3 маркийн эксковаторыг хурааж улсын орлогод оруулж, Г.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн Хюандай 2900 LC3 маркийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгчид нь олгож, түүний үнэ 34.557.118 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Хатиган овогт Батдоржийн Түвшинбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хатиган овогт Батдоржийн Түвшинбаатарт 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Түвшинбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Ялтан Б.Түвшинбаатар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч Б.Түвшинбаатарас нөхөн сэргээлтийн зардал 1.167.560 төгрөгийг гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар ялтан Б.Түвшинбаатарын өмчлөлийн Хюандай 2900 LC3 маркийн эксковаторыг хурааж улсын орлогод оруулж, Г.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн Хюандай 2900 LC3 маркийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгчид нь олгож, түүний үнэ 34.557.118 төгрөгийг гаргуулан улсын орлого оруулсугай.
7.Ялтан Б.Түвшинбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ