Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/173

 

 

 

 

    2023           02            09                                         2023/ДШМ/173

 

Г.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Л.Отгондорж, Ж.Эрдэнэбаатар, О.Сайнгэрэл,  

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, Э.Нарангарав,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Ө холбогдох 201725030848 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тү овгийн Гомбосүрэнгийн Өлзийдүүрэн, 1964 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо инженер мэргэжилтэй, “Эрдэнэ зам” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элит хороолол, 14 дүгээр байрны 18б тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧЖ64022313/;

Г.Ө нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ний 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Бишрэлт холдинг” ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тү овогт Гомбосүрэнгийн Өлзийдүүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч 39.031.244.160 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Өгийн цагдан хоригдсон нийт 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ийг хохирогч “Бишрэлт Холдинг” ХХК-д шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж, “Бишрэлт Холдинг” ХХК нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 7 хавтас материал, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийн сацуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 914 дүгээр захирамж, Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй, шат шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан хавтаст хэргийн хүрээнд эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн тул дор дурдсан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж дүгнэж байсан. Үүнд:

1. Криминалистикийн шинжилгээний орчин үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, шинжээч, мэргэжилтнүүдийн ур чадварын үндсэн дээр баримт бичиг, гарын үсэг, тамга, тэмдэг, дардас, хэвлэмэл хуудаст шинжилгээ хийж, ямар үйлдэл эхэлж хийгдсэн болохыг дэс дараалалтай тогтоох боломжгүй талаарх гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон аль үйлдлийг түрүүлж хийсэн талаарх асуултуудыг оновчтой тавьж, хэрэв гарын үсгийн огтлолцлын дарааллыг тогтоох боломжгүй бол энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулах,

2. "Эрдэнэ зам" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх “Бишрэлт Холдинг" ХХК- аас "Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-д, тус компаниийн хувьцаа эзэмшигчээс иргэн Г.Өд шилжүүлэх зэрэг байдлаар тус компанийн хувьцаа болон гүйцэтгэх захирлыг удаа дараагийн үйлдлээр иргэн, аж ахуй нэгжүүдэд шилжүүлж байсан шалтгаан болон төрийн худалдан авах ажиллагааны ил тод, шударга зарчмын эсрэг татвараас нуугдах зэрэг хууль бус үйл ажиллагаатай холбоотой байсан эсэх зэрэг энэ хэргийн шалтгааныг болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг тодруулах тодорхой арга хэмжээг мөрдөн шалгах байгууллага өөрийн санаачилгаар авч хэрэгжүүлэх,

3. Залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг ялгаатай тул Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хохирогчоос хэзээ, хэрхэн шилжүүлэн авч буй арга, санаа сэдэлтийг тогтоосноор түүний зан үйлдэлд эрх зүйн зөв дүгнэлт хийх,

4. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс Г Өлзийдүүрэн нь тус компанийг амжилттай удирдаж, зам засварын томоохон ажлуудыг хийж эхлэх үед хохирогч гэх талаас хууль бус аргаар эргүүлэн авах оролдлого хийсэн" гэх байдлаар маргаж ирсэн, "Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг Г.Өд шилжүүлэхээс өмнө тус компанид хөрөнгө, бизнесийн хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн эсэх, хэрэв үгүй бол тухайн үеийн эдийн засгийн ханшаар уг компанийн ашигт байдалд хөрөнгийн үнэлгээг санхүүгийн баримтад тулгуурлан бодитой тодорхойлох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 03- ны өдөр өгсөн гэрч Н.Мандахын мэдүүлэгт: хууль бус баримтан дээр хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй, А.Ариунболд дурамжхан хүлээж авсан, уг баримтын гол агуулга нь Ариунболдод “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааны эрхийг шилжүүлэхээр баталгаа гаргаж байгаа мэтээр бичсэн байсан, Ариунболд хэлэхдээ Г.Ө бид хоёр маргаантай байгаа, Г.Өгийн гарын үсгийг “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг буцааж шилжүүлэхэд шаардлагатай баримтанд холбоотой ашиглана гэх агуулгаар хэлсэн, Д.Энхжаргал амьд ахуйдаа”Эрдэнэ зам” ХХК-ийг шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг,

2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өгсөн гэрч Э.Лхагвадоржийн мэдүүлэгт: 2016 оны эцэс байна уу, 2017 оны эхээр Бизнес хөгжлийн газрын захирал Ц.Туяад Г.Ө гээд бичсэн гарын үсэг зурсан хоосон хоёр бичгийн цаас байсан. Өлзийдүүрэн захирлаас авсан гарын үсэг, хөдөө гадаа яваад алга болчихдог юм эзгүйд нь хэрэг болоод байдаг гэсэн, тэгээд би Туяад хамаагүй гарын үсэгтэй хоосон цаасан дээр янз бүрийн юм бичээд асуудалд орно ш дээ хэлж байсан ч Туяа цааснуудыг Н.Мандах өмгөөлөгчөөс зөвлөгөө авна гээд үлдэж байсан. Цаашид юу болсныг асуугаагүй, сонирхоогүй гэх мэдүүлэг,

2017 оны 10 дугаар сарын 09, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрч О.Алтантуяагийн мэдүүлэгт: 2016 оны 04 дүгээр сард Капитал банк уруу захирал Г.Өгийн хамтаар ороход Туяа Өлзийдүүрэн захирлаар 2-3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан, бид гурваас өөр хүн байгаагүй, Туяа принтерээс цагаан цаас аваад Өлзийдүүрэн зурсан, цалин мөнгөний асуудлаар цуг явж байсан юм гэх мэдүүлэг,

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрч Б.Бүдийн мэдүүлэгт: 2017 оны 02 сарын үед байхаа Капитал банкин дээр Ариунболтой уулзахаар ирээд өрөөнд нь сууж байхад тэдний Хуулийн хэлтсийн дарга Лхагва болон ажилтан Туяа нар нь Ариунболдын өрөөгөөр орж гараад байсан, тэр үед Өлзийдүүрэнгийн гарын үсэгтэй 2 ширхэг цагаан өнгийн хоосон цаасыг бие биедээ дамжуулаад энэ дээр юм биччих гээд л ярилцаад байсан. Тэр үед юу болоод байгааг ойлгоогүй, сүүлд хэрэг марган үүсээд асуудал болоод явж байх үед Өлзийдүүрэн нь надад энэ гарын үсгийн талаар хэлэхээр энэ асуудлыг санасан юм. Тэр үедээ сонсоод л өнгөрсөн мэдэх зүйл энэ байна гэх зэрэг мэдүүлгүүдээс харахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зөрүүтэй нотлох баримтын зөрүүг арилгаагүй, хууль хяналтын байгууллага Капитал банкны захирал асан А.Ариунболд нь бусадтай бүлэглэн хуурамч нотлох баримт үйлдсэн байж болзошгүй үйлдэлд хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.

Хэргийн оролцогчийн зүгээс Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор гаргасан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээж Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэдийн мэдээллийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх” тухай тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” гэж заасны дагуу дээрх эрүүгийн хэргийг Үндсэн хуулийн цэц маргаан бүхий асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, холбогдох нотлох баримт, лавлагааг Үндсэн хуулийн цэцээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг гаргасан боловч гэм буруугийн хурлаар энэ асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой гэж хүсэлтийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн боловч энэ талаар шүүх шийдвэртээ дурдаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Нью Даниста рөүд энд консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Энхжаргалаас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан ба “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох А.Ариунболд нь Г.Өгээс 2012 оноос 2016 оны хооронд нийт 4.352.333.000 төгрөгийг өөрийн хувийн болон Капитал банк дахь дотоод дансаараа шилжүүлэн авсан ба уг шилжүүлж буй мөнгөн хөрөнгө нь “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг худалдан авч буй А.Ариунболд болон Г.Ө нарын хоорондын тохиролцоо байсан гэдгийг нотлох зорилгоор дээрх мөнгөнүүдийн санхүүгийн баримтуудыг гаргаж өгсөн, энэ талаарх шалгалтын ажиллагааг хийлгүүлэх хүсэлтийг өгсөн боловч шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байдлаар орхигдуулсан, хэргийг шийдвэрлэхдээ уг нотлох баримтуудыг үнэлээгүй нь шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэхэд гол ач холбогдол бүхий заавал үнэлэх баримтууд юм.

Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас Г.Өг гэм буруутай гэж үзсэн ч 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хурлаас хойш хэрэгт ач холбогдол бүхий ямарч нотлох баримтын нэмэгдээгүй, гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болж Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаар байхад анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийтгэх тогтоолыг зөвхөн хуулбарласан, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Баталгаа, “Бишрэлт холдинг” ХХК- ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Ариунболд, иргэн Г.Өгийн хооронд байгуулсан гэх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх гэрээ”-ний хуулбарыг яллах талын нотлох баримтад тооцсон ба /хохирогч талаас уг гэрээний эх хувийг гаргаж өгөөгүй/ дээрх хэлцлүүд нь Г.Өгийн хүсэл зоригийн илэрхийлэл биш бөгөөд Капитал банкны захирал асан А.Ариунболд нь Г.Өг “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш байх үед буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь төрийн байгууллагад албан бичиг яаралтай явуулах, гэнэтийн зүйл гарахад чи байхгүй бол хэрэг болно гэж хэлж хоосон цагаан цаасан дээр хэд хэдэн гарын үсэг зуруулж авсан, уг гарын үсэгтэй хоосон цаасыг ашиглаж бичсэн бичвэр, нөхөж хийсэн гэрээг дээд шатны шүүхээс кримининалистикийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, нарийвчлан тогтоох шаардлагатай удаа дараа дүгнэсэн атал холбогдох шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр эргэлзээтэй, нотолгооны шинжийг агуулаагүй баримтыг хууль бусаар хохирогч гэх этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилгыг ноцтой хөндсөн шийдвэр болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ‘Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ ” гэж заасан, “Бишрэлт Холдинг” ХХК болон "Нью Даниста рөүд энд консракшн” ХХК-дын зүгээс Г.Өд холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хууль хяналтын байгууллагад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг эхлэлтэй ба Г.Ө, түүний өмгөөлөгч нарын зүгээс “Бишрэлт Холдинг” ХХК, “Нью Даниста рөүд энд консракшн” ХХК нь гомдол гаргах эрхтэй эсэх талаар байнга маргасаар ирсэн, хууль хяналтын байгууллагаас гомдол гаргах эрхтэй субъект мөн эсэхийг тодруулалгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атал шүүхийн дүгнэлтэд энэ талаар энэ талаар огт дүгнэгдсэнгүй.

"Эрдэнэ зам" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг Г.Ө нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Нью Даниста рөүд энд консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Энхжаргалаас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр нотариатаар баталгаажуулж авсан, “Нью Даниста рөүд энд консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Энхжаргал 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан, талийгаачийн өвийн асуудал нээгдсэн эсэх нь тодорхойгүй байхад ямар замаар “Бишрэлт Холдинг” ХХК нь “Нью Даниста рөүд энд консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон зэрэг үйл байдал нотлох баримтаар хэрэгт авагдаагүй, “Бишрэлт Холдинг” ХХК-аас гаргасан гэх гомдлыг шалгасан атлаа “Нью Даниста рөүд энд консракшн” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрхсэн нь тодорхойгүй орхигдуулсан. гомдол гаргагчийн зүгээс гомдлын үндэслэлээ Г.Ө Ардчилсан нам эрх барьж байгаа, намын үнэмлэхээ сэргээсэн ажил олж өгнө гэсэн гэж хэлдэг боловч нийтэд илэрхий үйл баримт болох mn.wikipedia.org цахим сайтад 2016 оны УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авсан, “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Ариунболд гомдол гаргадаг боловч А.Ариунболдын эхнэр, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хөрөнгө орлогын мэдүүлэгээс /хасхом.iаас.mn цахим хуудас/ харахад “Бишрэлт Холдинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тодорхой, нийтэд илэрхий үйл баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зоршго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” гэж заасныг зөрчсөн байна.

“Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх гэрээ”-нд зурсан гэх талуудын гарын үсгийн хувьд иргэний эрх зүйн хэлцэл талаасаа талууд хүсэл сонирхлоо илэрхийлж, эрх тэгш нөхцөлтэйгээр хийгдэх эрх зүйн баримт атал тухайн гарын үсгийн бичвэрт тааруулж дээр доор нь талуудын гарын үсэг зурах хэсгийг нөхөж байрлуулсан байгааг өмгөөлөгчийн зүгээс тодорхой үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэтгэлцэж оролцсон ч өмгөөлөгчийн байр суурийг няцаасан, үгүйсгэсэн үндэслэл шийтгэх тогтоолд тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамаарачтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолд тусгах нь бүү хэл хэргийн оролцогчийн байр суурь, хэлсэн үг, дүгнэлт бүрэн тусгагдсангүй.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоол, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолоор тус тус шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй гэж адил байдлаар дүгнэсэн атлаа шүүгдэгчид ногдуулсан ялын хэмжээ нь 15.000.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын хэмжээг гэнэт 5 жилийн хорих ял болгосон нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй болсон ба гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримт ижил, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад ял шийтгэлийг хүндрүүлэх байдлаар авч үзсэн нь учир дутагдалтай, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасныг зөрчсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3- т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулъ ноцтой зөрчсөн ” гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д ”дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4064 дүгээр дүгнэлтээр гарын үсгийг хэзээ зурсныг тогтоох боломжгүй гэж, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны үеэр шинжээч Э.Солонгын гарын үсгийн дарааллыг тогтоох боломжгүй, тууш шугам болон хөх өнгийн будагч бодистой бичигч хэрэгслээр үйлдсэн гарын үсгийн эхлэл хоёрын огтлолцлын талбай хэмжээ бага шинжилгээнд ач холбогдол бүхий шинж тэмдэг илрэхүйц чанарын үзүүлэлтийг хангаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, нотлох баримтыг эцэслэн тогтоосон үйл байдал байхгүй, Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлтийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт эрүүгийн хэрэгт гомдол гаргагч “Бишрэлт холдинг” ХХК, “Нью Даниста рөүд энд консракшн” ХХК-ууд гуравдагч этгээдээр оролцсон ба шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ө гаргасан гэх баталгааны талаар захиргааны хэрэг маргааны үед гуравдагч этгээдийн зүгээс маргаж байгаагүй, эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож байсан боловч дахин сэргээсэн үндэслэл тодорхой бус, компани хоорондын бүртгэлийн маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 355 тогтоолоор “Эрдэнэ зам” ХХК-ийгулсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, бүртгэл үнэн зөв бүртгэсэн болохыг тогтоосон атал өнөөдрийг хүртэл эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл нь Г.Өг “Эрдэнэ зам” ХХК-ийн бүх хөрөнгийг залилан мэхлэх замаар авсан гэж үзэж байгаа нь эргэлзээтэй төдийгүй шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй байсныг нотолж байна.

А.Ариунболдын зүгээс маргаж байгаа “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн гэх үйлдэл нь захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэг болох Капитал банк дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “Эрдэнэ зам” ХХК-д холбогдуулан нэр бүхий 3 зээлийн асуудлаар нийт 20 гаруй тэрбум төгрөгийг нэхэмжилсэн зээлийн маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй, “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Ө амжилттай удирдаж 2016, 2017 онуудад ТЭЦ-3 буюу гурвалжингийн гүүрний автозамын ажил, Хөшигтийн хөндийд байрлах Олон улсын нисэх онгоцны буудлын хурдны автозамын ажлыг хийж эхлэнгүүт хохирогч гэх талаас “Эрдэнэ зам” ХХК- ийг хууль бус аргаар эргүүлэн авах оролдлогуудыг хийж эхэлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр А.Ариунболд нь Г.Өд холбогдуулан ногоон өнгийн пийсүү чулуун хөөргийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хөөргийг эргүүлэн өгөх баталгаа гэх нэрээр мөн л хоосон цаасан дээрх Г.Өгийн гарын үсгийг ашиглаж бичсэн бичвэрийг шүүхэд нотлох баримт болгож өгсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх тухайн бичвэрийн эх хувийг гаргуулахаар болоход А.Ариунболд нь үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь эх бичвэрт криминалистик шинжилгээ хийлгэх нөхцөл байдлаас зайлсхийсэн үйлдлийг А.Ариунболдын зүгээс болон хохирогч гэх талаас удаа дараа гаргаж байгааг шүүх анхаарч үзэээгүй.

Залилах гэмт хэрэг нь иргэд хоорондын эрх зүйн маргаанаас ялгарах гол шинж нь хохирогч этгээд залилагч этгээдтэй хийсэн хэлцлийг хүчингүй болгоход урьд байсан нөхцөл байдал сэргэдэггүй, хохирогчид ашиг өгнө гэж ойлгуулан бусдын эд хөрөнгийг авсан байхыг шаарддаг ба Г.Өгийн зүгээс хэдий хэмжээний ашгийг хэнд, хэрхэн, яаж өгөх эсэх нь тодорхойгүй, хохирогч гэх этгээдтэй энэ талаар урьдчилан тохироогүй атал шүүх бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй төдийгүй залилах мэхлэх хэргийн үндсэн шинжийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэрхэн нотолж шийдвэрлэснээ шийтгэх тогтоолд дурдаагүй, “Нью Даниста рөүд энд консракшн” ХХК-аас Г.Өд эрх шилжүүлэх, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр “Эрдэнэ зам” ХХК- ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн асуудалд сонирхогч этгээд маргаж байгаа тохиолдолд иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ДШМ/1339 дүгээр магадлалаар залилах гэмт хэргийн этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг, гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг юм. Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно. Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг ойлгодог. Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрдсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Аливаа иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл ийнхүү шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байдаг юм. Энэ нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг. Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл илэрвэл тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсаг ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй, Г.Өгийн “Эрдэнэзам” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж Г.Өг цагаатгаж шийдвэрлэж байсныг үгүйсгэх боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ийг хохирогч “Бишрэлт Холдинг” ХХК-д шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасан нь үндэслэлгүй ба “Эрдэнэ зам” ХХК-ийн санхүүгийн тайланд нийт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 5.359.328.745,13 төгрөгөөр тусгагдсан байхад шүүх анхаарч үзэлгүй зөвхөн “Дамно” ХХК-ийн зүгээс гаргасан гэх 39.031.244.160 төгрөгийн үнэлгээний дүгнэлтийг ашиглаж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэргийн шинжгүй” гэж заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Өд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас судалсан бичгийн нотлох баримтууд дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалтай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгчдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон байна гэж шүүх үзлээ гэжээ.

Түүнчлэн Г.Өгийн гэм бурууг дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна хэмээн үзсэн байна.

Тухайлбал:

1. 2017.03.28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл./1хх 7-10/,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн мэдүүлэг./1хх 83-84, 3хх 76-77, 5хх 19-20, 8хх 8-9/,

3. Гэрч А.Ариунболдын мэдүүлэг. /1хх 86-87/,

4. Гэрч Д.Алтансүхийн мэдүүлэг. /1хх 88, 8хх 11-12/,

5. Гэрч Э. Түмэндэмбэрэлийн мэдүүлэг. /1хх 89/,

6. Гэрч С.Туулын мэдүүпэг. /1хх 90/,

7. Гэрч Н.Гантөмөрийн мэдүүлэг. /1хх 91/,

8. Гэрч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг. /Зхх 84-85/,

9. Гэрч Ц. Туяагийн мэдүүлэг. /Зхх 31, 5хх 16-18/,

10. Гэрч О.Алтантуяагын мэдүүлэг./6хх 56-57/,

11. Гэрч С. Тунгалагын мэдүүлэг. /14хх 68-69/,

12. Шинжээч Э.Солонгын мэдүүлэг. /5хх 23-24/,

13. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №93062 дугаар дүгнэлт./1хх 93-94/,

14. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №3260 дугаар дүгнэлт. /1хх 108/,

15. Оюуны өмч Улсын бүртгэлийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, холбогдох бичиг баримтын хуулбарууд. /1хх 170-210/,

16. Оюуны өмч Улсын бүртгэлийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, холбогдох бичиг баримтын хуулбарууд. /Зхх 104-250, 4хх 1-196/,

17. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хувьцааг эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай” гэрээ. /5хх 70, 10хх 174/,

18. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Баталгаа”. /5хх 71/,

19. Хөрөнгийн үнэлгээний тайлан. /8хх 1-250/,

20. “Эрдэнэ зам" ХХК-ийн 100 хувийн хувьцааг Бишрэлт холдинг” ХХК-нд эрх үүргийн хамт шилжүүлэн өгөх тухай “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаартай тогтоол. /11хх 1/,

21. “Эрдэнэ зам” ХХК-ний 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64 тоот шийдвэрээр батлагдсан дүрэм. /11хх 4-7/,

22. “Эрдэнэ зам Петролиум групп"ХХК-ийн үүсгэн байгуулагчдийн шийдвэр. /11хх 48-49/,

23. “Эрдэнэ зам” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол. /11хх 75/,

24. “Эрдэнэ зам” нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол. /11хх 84, 166/,

25. Өмчлөх эрхийн гэрчилгээ. /11хх 91/,

26. Төрийн өмчийн хорооны тогтоол. /11хх 93/,

27. Компанийн эрх шилжүүлэх гэрээ. /11хх 106/,

28. “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ний хувьцаа эзэмшигдчийн шийдвэр, эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ. /13хх 116-117/,

29. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүпэх гэрээнүүд /13хх 130-135/,

30. Төрийн өмчийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2/277 дугаартай албан бичиг. /2хх 112/,

31. “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өтэй 2016 оны ажлын талаар хийсэн хурлын тэмдэглэп./Зхх 1-8/,

32. “Эрдэнэ зам” ХХК-нд хийсэн шалгаптын актын танилцуулга акт бичсэн дотоод аудитор Н.Гантөмөр. /7хх 112/,

33. “Бишрэлт холдинг" ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гаргасан гомдол. /1хх 13-14/,

34. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээ./2хх 221/,

35. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ. /2хх 222/,

36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4064 дугаар дүгнэлт /3хх 88/,

Дээрх бичгийг нотлох баримтуудыг тодруулбал гэмт хэргийн талаарх гомдол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, гэрч А.Ариунболд, Д.Алтансүх, Э.Түмэндэмбэрэл, С.Туул, А.Алтантуяа, Н.Гантөмөр нарын мэдүүлэг нь “Эрдэнэ зам” ХХК- ийг анхнаасаа А.Ариунболдын өмч хөрөнгө буюу “Бишрэлт Холдинг” ХХК-ийн өмч хөрөнгө байсан талаар мэдүүлдэг бөгөөд маргаан бүхий үйл баримт, хуулийн этгээдийн эзэмшигч өмчлөгчийн талаар нарийн тодорхой мэдүүлж байгаа зүйлгүй тул шууд яллах талын нотлох баримт болохгүй мөн дээрх гэрчүүд нь өөрсдөө А.Ариунболдын шууд нөлөөнд байдаг түүнээс хамаарал бүхий этгээдүүд гэдгийг шүүх анхаарна уу. Гомдол гаргагчтай нэгдмэл ашиг сонирхолтой, хуульд заасан эх сурвалжаа тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримтуудтай зөрүүтэй, хэдэн хүний үгссэн, хийсвэр яриа, мэдүүлгээр энэ хэргийн нөхцөл байдлыг дүгнэж шийтгэх боломжгүй хэмээн үзэж байна.

Мөн шүүхээс мэдүүлгүүдийг үнэлэхдээ өөрт хэрэгтэй хэсгийг тасдан авсан бөгөөд тухайн гэрчийн мэдүүлгийг бүхэлд нь үнэлээгүй, хэрэгт Г.Өгийн талд ашигтай байдлаар мэдүүлэг өгсөн гэрч Н.Мандах, Лхагвадорж, А.Аптантуяа, н.Бүдийн мэдүүлгийг талаар үнэлээгүй бөгөөд хэрхэн яагаад үнэлээгүй талаар хийсэн няцаалт бүхий дүгнэлт байхгүй.

Түүнчлэн тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг “Эрдэнэ зам” ХХК-ийг өмчлөгч, хувьцаа эзэмшигч “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ний захирал хувьцааг эзэмшигч Энхжаргал, Г.Ө 2-ийн дунд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг баталсан талаар мэдүүлсэн, С.Тунгалагийн гэх нотариатч 2021 оны 05 дугаар сарын 03-нд К.Ариунтуул гэх эмэгтэйн авчирсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ”-г хуулбар үнэн дарж баталгаажуулсан талаар мэдүүлсэн нь бөгөөд өөрийн 20 гаруй жилийн туршлагаар үнэн зөвийг тодорхойлсон хэмээн мэдүүлэг өгсөн нь Г.Өгийн эсрэг түүний гэм бурууг нотолсон баримтууд биш юм.

Нотариатч нь Монгол Улсын Үндсэн хууль, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журмын дагуу үйл ажиллагаа явуулах болохоос туршлагын дагуу үйл ажиллагаа явуулахгүй. Нотариатч С.Тунгалагийн үйлдэл нь Хууль зүйн дотоод хэргийн яамны 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт. Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5-д “Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн,... түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, ... Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй" гэж заасныг түүнчлэн Нотариатын тухай хуулийн 49.1-т “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ”, 49.3-т “Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ”, 31.1-т “Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана” , 31.1.1-т “Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын Олон Улсын гэрээнд харшилж байвал” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж хуулбар үнэн гэх тэмдэг дарсан талаар өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа гомдол хүсэлтийг гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт дурьдсан боловч шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр үл барам яллах нотлох баримтанд оруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан байдаг ба Улсын яллагч, шүүхийн тодорхойлсноор энэхүү хэргийн хохирогч “Бишрэлт Холдинг” ХХК гэх бөгөөд тухайн хуулийн этгээд бүрэн эрхийн хүрээнд Г.Ганзоригийг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байдаг өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн өмчлөгч ТУЗөвлөлийн дарга А.Ариунболд эрх олгожээ хэмээн ойлгосон гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд тухайн өмчийн эзэн А.Ариунболд нь гэрчээр оролцож мэдүүлэг өгч байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж энэ талаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч эрх бүхий албан тушаалтнууд хүлээн авч байгаагүй болно.

Шинжээч Э.Солонгын мэдүүлэг болон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №3062 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №3260 дугаар дүгнэлтүүд нь хэргийг эргэлзээгүй шийдвэрлэх хэмжээний нотлох баримт гэхээсээ илүүтэй эргэлзээ бүхий баримтууд болно.

Тухайлбал шинжээчийн №3062 дугаар дүгнэлт нь “Баталгаа” гэх баримтын гарын үсэг нь Г.Өгийн гарын үсэгтэй тохирч байгаа эсэхэд дүгнэлт хийсэн, шинжээчийн №3260 дугаар дүгнэлт нь “Г.Өгийн гарын үсгийн эхний овгийн эхний үсэг гэх үл уншигдах элементийг дайрсан хэвлэмэл тууш зураас нь гарын үсэг зурсаны дараа эсвэл өмнө нь хэвлэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт, шинжээч Э.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны явцал өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...тухайн шинжилгээний обьектын талбай хүрэлцэхгүй дараалал тогтоох боломжгүй байсан ... Монгол Улсад шинжлэх боломжтой эсэхийг бид хариулах боломжгүй” гэж мэдүүлсэн зэргээс үзхэд эргэлзээ бүхий баримт дүгнэлт юм.

Оюуны өмч Улсын бүртгэлийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг,холбогдох бичиг баримтын хуулбарууд, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг.холбогдох бичиг баримтын хуулбарууд нь “Эрдэнэ зам”ХХК-ийг Монгол Улсын хууль тотгоомжийн дагуу үүсгэн байгуулагдснаас хойш төрийн өмчийн хорооноос эхлээд хамгийн сүүлд Г.Өд хүртэл 8 удаа хувьцаа эзэмшигч өмчлөгч өөрчлөгдсөн Иргэний хууль болон Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Хуулийн этгээдийн тухай хуульд зааснаар харилцан байгуулсан гэрээ хэлцлүүдийн үндсэн дээр шилжсэн тухай баримтууд болно өнөөдөр дээрх гэрээ хэлцэлүүд хуулийн хүчин төгөлдөр мөн хамгийн сүүлийн бүртгэл хүчин төгөлдөр байсаар атал дээрх баримтуудаар Г.Өг яллах баримтанд мөн оруулжээ.

“Эрдэнэ зам” ХХК-ийн тухайд Монгол улсын “Монпетекс” ХХК болон БНТУ-ын “Gunay Insaat Limited Sirketi” нэртэй /2 компанийн нэгдсэн/ консерциум “Эрдэнэ зам” ХХК- ийн хувьцааг төрөөс 4 тэрбум 7 сая төгрөгөөр худалдан авсан гэх бөгөөд үүнтэй холбоотой баримт хавтас хэрэгт огт байдаггүй түүнчлэн “Бишрэлт Холдинг” ХХК-ийн оролцоо алга байна.

“Бишрэлт Холдинг” ХХК-ийн талаас “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг тодорхой үнээр авсан гэж дүгнэхээр ямар нэгэн баримт байхгүй байх ба харин ч төрөөс болон бусдаас үнэгүй авсан байна гэж дүгнэхээр баримт Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтанд байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Энэ талаар Төрийн өмчийн хорооны 2012 оны 3 дугаар сарын 20-ны 2/481 дугаартай албан бичиг хэрэгт хавсаргагдсаныг дурьдаж байна.

Харин Г.Ө нь “Эрдэнэзам” ХХК-ийг шилжүүлэх авахаас өмнө Ариунболдод компанийн үнэнд 7 тэрбум 30 сая төгрөг өгсөн талаарх баримтуудын жагсаалтыг хэрэгт хавсаргуулсан байгаа болно.

Түүнчлэн “Эрдэнэзам” ХХК нь анх хувьчлагдсанаас хойш 8 иргэн аж ахуйн нэгж дамжиж шилжихэд бүгд эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээний дагуу буцах нөхцөлгүйгээр шилжиж Улсын бүртгэлд бүртгэгдэж байсан байдаг. /Энэ аж ахуйн нэгжүүд дотор “Бишрэл” ХХК, “Бишрэл групп” ХХК, “Бишрэлт Холдинг” ХХК-иуд дээр байснийг бид үгүйсгээгүй/

Хэрэгт авагдсанаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ний дүрэм1-ийн 1.4-т “Компани нь бие даасан тайлан тэнцэлтэй, харилцах данстай, өөрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хариуцлага хүлээх, 1 хувьцаа эзэмшигчтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани” гэж тусгасан байна.

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Нью даниста рөүд энд констракшн ХХК”-ийн дүрмийн 3.6-т Компаний тухай хуулийн ... Д.Энхжаргал нь компаний захиралд тооцно. Гэх баримтуудаас үзэхэд “Нью даниста рөүд энд констракшн” ХХК нь бие даасан компани буюу “Бишрэлт Холдинг” ХХК-тай эрх зүйн хувьд ямар ч хамааралгүйг компани болох нь харагдаж байгаа.

Гэтэл “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийг хэрхэн яаж “Бишрэлт холдинг” ХХК нь өөрийн компани болгож эргүүлж авсан буюу С.Туул гэх этгээд уг компаний захирал болсон асуудал нь эргэлзээтэй, Д.Энхжаргалыг нас барсаныг далимдуулж уг асуудлыг хууль зөрчин байж авсан байх болзошгүй юм.

Учир нь “Бишрэлт холдинг” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр болон 23-ны өдрүүдэд “Эрдэнэ зам” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж хууль бусаар өөрсдийн нэр дээр шилжүүлсэн.

Ингэж хуурамчаар бүртгүүлсэн бүртгэлүүд хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага буюу нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргаааны хэргийн шүүхэд гаргаж Захиргааны шатны шүүхээр хэлэлцэгдэж хууль бус болохыг тогтоосон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

"Бишрэлт холдинг” ХХК-ийн ажилтнуудын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас зөрүүтэй байх бөгөөд хуулийн байгууллагад нэг бус удаа хуурамч баримт гаргаж өгч байгааг шүүх анхаарна уу.

Мөн “Баталгаа” гэх баримтыг дурьдсан байх бөгөөд Г.Өгийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц би гэрээ болон баталгаа гэх зүйлд гарын үсэг зураагүй хоосон цаасан дээр өмнө гарын үсэг зуруулж авсан бөгөөд түүнийг ашигласан байна гэсэн тул өмгөөлөгчийн зүгээс уг баталгаа гэх баримтанд шинжилгээ хийж гарын үсэг, тууш шугам хоёрын дарааллыг тогтоолгох хүсэлт тавьсан боловч шинжээчийн №3260 дугаар дүгнэлт, бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тухайн шинжилгээг хийх боломжгүй байна гэх хариу гарсан уг баталгааг Г.Өг үйлдсэн эсхүл үйлдээгүйг тогтоох боломжгүй болсон байхад уг баримтыг яллах баримтаар дурьдсан нь хууль зөрчсөн дүгнэлт боллоо хэмээн үзэж байна.

“Эрдэнэзам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн 100 хувийн өмчлөлд байх үед Г.Ө нь хөдөлмөрийн гэрээний дагуу “Эрдэнэзам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ тухай бидний зүгээс маргаагүй.

Гэвч “Бишрэлт холдинг” ХХК нь “Эрдэнэзам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-д эрх, үүргийн хамт шилжүүлэн өгсөнөөр буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөс эхлэн А.Ариунболд түүний “Бишрэлт Холдинг” ХХК-тай Г.Ө нь ямарч хамааралгүй болсон цалин хөлс авч байгаагүй хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрэв хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж буй нөхцөлд цалин хөлс авч байх ёстой гэтэл талуудын байгуулсан гэрээ хэрэгт авагдснаас бус түүнийг баталгаажуулж цалин хөлс урамшууллал авч байсан баримт хавтас авагдаагүй хэрэгт байдаггүй болно ийм байтал хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

“Эрдэнэзам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Нью даниста рөүд энд констракшн” ХХК- ийн өмчлөлд шилжсэн үеэс буюу Г.Ө нь “Эрдэнэзам”ХХК-ийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах асуудал нь А.Ариунболд, “Бишрэлт холдинг” ХХК-д огт хамаагүй болсон тухай эрхэм шүүгч анхаарна уу.

Гомдол болон мэдүүлэгт “МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь уг компанийг эзэмшиж байгаа тул Ардчилсан нам засаг барьж байхад бидэнд тендер өгөхгүй байна хэмээн итгүүлж “Эрдэнэзам” ХХК-нийг Г.Ө нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан”... гэж Г.Ганзориг, А.Ариунбол нар мэдүүлдэг.

“Бишрэлт холдинг” ХХК болон МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь “Эрдэнэзам” ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй болох нь Б.Ундармаагийн Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн 2015-2016 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэл, лавалгаанаас тодорхой харагддаг. /www.iaac.mn/. Ийм байхад тухайн үед Г.Ө нь хувьцаа эзэмшдэггүй МАН-ын гишүүн Б.Ундармаагийн нэрийг барьж Ардчилсан нам ажилд шалгаруулахгүй байна, миний нэр дээр компанийг шилжүүл гэж итгүүлэхийг оролдох нь ямар ч боломжгүй, утгагүй зүйл юм, Нөгөөтэйгүүр Ардчилсан нам засгийн эрхэнд байх хугацаанд 2012-2016 оны хооронд “Эрдэнэ зам” ХХК нь Улсын хэмжээнд зарласан тендерт 8 удаагийн тендерийн ажлыг гүйцэтгэж байсан талаарх баримт хэрэгт авагдсан зэргийг анхаарч дүгнэлт хийвэл зохилтой. Барилга байгууламж /замын ажил/ ашиглалтанд оруулах улсын комиссын актуудыг дурьдаж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиогч талаас Г.Өг намын харъяалал ярьж би ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн үнэмлэхээ авчихлаа хэмээн удаа дараа мэдүүлдэг гэтэл Г.Ө нь Ардчилсан намын гишүүн огт байгаагүй талаар баримт байгаа нь хохирогч талаас худлаа мэдүүлж байгаагийн илэрхийлэл болно.

Мөн А.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Бишрэлт холдингийн 100 хувийн хувьцааг эхнэр бид 2 анхнаасаа 50 хувиар эзэмшиж байсан 2016 оны 06 дугаар сард Улсын их хурлын гишүүн болж 8 сард өөрийн 50 хувь эзэмшдэг хувьцааг хүү Чинбишрэлтэд шилжүүлсэн. Харин 2015 онд бид Эрдэнэ замын хувьцааг Эхжаргалд шилжүүлсэн байсан тул байхгүй зүйлийг байхгүйгээр нь тайлагнасан байна” гэжээ.

Дээрхээс үзвэл Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөхөөр хамааралгүй болдог аж ахуйн нэгж ямар үед хамааралтай болчихоод эрүүгийн хэргийн хохирогчийн хэмжээнд үнэлэглэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс хийх хэрэгтэй болов уу.

Энэхүү хэргийн гол маргаан бүхий асуудал бол Мөрдөн байцаалтын явцад “Бишрэлт холдинг” ХХК нь Эрдэнэ зам ХХК-ийн захирал Г.Өтэй байгуулсан гэх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ гэсэн баримт гаргаж мөрдөгчид өгсөн. Г.Ө нь ийм гэрээ, болон баталгаа гэгч зүйл огт хийгдээгүй, эдгээр нь миний гарын үсгийг ашиглан хуурамчаар үйлдсэн баримт байна гэж мэдүүлдэг.

Хууль эрх зүйн үүднээс үзэхэд ч дээрх 2 субъект хоорондоо гэрээ хийх үндэслэлгүй байна. Гэрээ байгуулагдсан байсан бол А.Ариунболд анх гомдол гаргахдаа “Баталгаа” гэх хуурамч баримт хавсаргах шаардлагагүй, энэхүү гэрээгээ хавсаргах байсан. Гэрээ гэх баримт нь Иргэний хуулийн 56.1.8 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. Дээрх гэрээ гэх бичгийн агуулага нь Иргэний хуулийн 152 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших ашиглах /узуфрукт/ гэрээний шинжтэй байх бөгөөд мөн хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т энэ төрлийн гэрээг “нотариатаар заавал гэрчлүүлнэ” гэсэн заалт зөрчигдсөн нотариатын гэрээний үнэн зөвийн баталгаа бус хуулбар үнэн дарсан байх бөгөөд уг хэргийн гэрч С.Тунгалаг хожим хуулбар үнэн гэх дардас дарснаар Улсын бүртгэлд өгсөн байдаг.

Түүнчлэн хэрэгт “Бишрэлт Холдинг” ХХК манай охин компанинууд болох “Нью даниста рүөд нэд констракшн” ХХК болон “Эрдэнэ зам” ХХК гэж мэдүүлэг өгч энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж буюу бусдын өмчлөлийн компаныг бусдаас шаардах эрх байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн.

Учир нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Нью даниста рүөд нэд констракшн” ХХК болон “Эрдэнэ зам” ХХК нар аль нэг компаний охин компани мөн эсэх, түүнчлэн “Бишрэлт Холдинг” ХХК нь охин компанитай байсан эсэх талаарх ажиллагааг огт хийлгүй орхигдуулсан.

“Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн охин компани биш бөгөөд тийм байх боломжгүй.

Учир нь Компаний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ” гэж тусгайлан зохицуулсан байна.

Дээрх хуулийн заалтанд тусгасан шиг 50-аас дээш хувийг “Бишрэлт холдинг” ХХК- тай хамтран эзэмшдэггүй болох нь “Эрдэнэзам” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дүрэм болон Улсын бүртгэлийн бичиг баримт, мөн “Нью даниста энд рөүд констракшн” ХХК-ийн дүрмээр давхар батлагдаж байна.

Нөгөөтэйгээр Компанийн тухай хуулиар толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн тайлан гаргадаг. Гэтэл хэрэгт дээрх нэр бүхий 2 компантай нэгдсэн тайлан гаргаж байгаагүй нь охин компани байгаагүйг давхар нотолж буй хэрэг юм.

Түүнчлэн гэрч А.Ариунболд, Д.Алтансүх, Э.Түмэндэмбэрэл, С.Туул, Д.Алтантуяа, Н.Гантөмөр нарын мэдүүлгийг “Эрдэнэ зам” ХХК-ийг Ариунболдынх “Бишрэлт холдинг” ХХК-ийн охин болон хараат компани гэж үзэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй, үүнийг зөвхөн Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөлөөр охин болон хараат компани гэж дүгнэх үндэслэлтэй гэдгийг эрхэм шүүгч нарыг онцгой анхаархыг хүсэж байна.

Шүүхийн тогтоолд “ ... Г.Ө “Бишрэлт Холдинг” ХХК-ийн ерөнхий захирал А.Ариунболдтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан...”Эрдэнэ зам”ХХК-ийн хувьцааг миний нэр дээр шилжүүлбэл компанийн ашиг, орлого нэмэгдэнэ....” гэж тус компанийг хувьцааг шилжүүлэн авахдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Баталгаа” буюу . ..Эрдэнэ зам ХХК нь миний найз А.Ариунболдын өмч болохыг баталж гуравдагч этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүйгээр түр эзэмшиж баталгааны зүйлийг Бишрэлт холдинг ХХК буюу найз А.Ариунболдын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлэн өгөх үүрэгтэй ...” болохыг баталсан баталгааг гаргаж зохиомол байдлыг зориуд бий болгож бусдад 39.031.244.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж анхан шатны шүүх дүгнэв” гэжээ. Шүүхийн дүгнэлтэд дурьдсан баталгаа ямар учраас эргэлзээтэй баримт болохыг өмнө гомдолд дурьдсан бөгөөд дээрх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

Мөн зөвхөн “Баталгаа” гэх баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 21 дугаар магадлалаар заагдсан ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.Үүнд:

1. 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр бичсэн гэх баталгааны тууш шугам, гарын үсгийн огтлолцлын дарааллыг тогтоох боломжгүй талаарх гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон аль үйлдэлийг түрүүлж хийсэн талаарх асуултуудыг оновчтой тавьж, хэрэв гарын үсгийг огтлолцолыг дарааллыг тогтоох боломжгүй бол энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой.

2. Бишрэлт Холдинг ХХК-ийн зүгээс удаар дараалан “Эрдэнэ зам” ХХК-ийг бусдад шилжүүлж байсан нь хэрэгт ач холбогдолтой.

3. “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Өд шилжүүлэхээс өмнө тус компанид хөрөнгө, бизнесийн хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн эсэх, хэрэв үгүй бол тухайн цаг үеийн эдийн засгийн ханшаар уг компанийн ашигт байдалд хөрөнгийн үнэлгээг санхүүгийн баримтад тулгуурлан бодитой тодорхойлох.

Эцэст нь хэлэхэд “Эрдэнэ зам” ХХК-ийн тухайн үеийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болох “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ний хувьцаа эзэмшигч Энхжаргал өөрийн сайн дурын үндсэн дээр бэлэглэлийн гэрээгээр Г.Өд “Эрдэнэ зам”ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн, дүрмийг өөрчилсөн, тэдний хооронд болсон бизнес ашиг сонирхолын зөрчлийг залилах гэмт хэрэг хэмээн буруутгах үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ гэх заалтыг хууль тогтоогчийн зүгээс хариу төлбөргүй шилүүлнэ хэмээн хуульчилсан бөгөөд гагцхүү 280 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох 2 заалтыг хуульчилсан өөрөөр хэлбэл тухайн 276 дугаар зүйлийн зохицуулалтад буцах агуулга тусгагдаагүй гэтэл үүнийг шүүх буруу тайлбарлаж маргасан санаа сэдлийг бусдын эд хөрөнгийг буцаан өгөхгүй, хариу төлбөргүй огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөн хэрэгжүүлсэн байдаг залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаатай адилтган дүгнэснээс иргэний эрх зүйн харилцааны асуудлыг залилах гэмт хэрэгт тооцсон гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/923 дугаар тогтоол нь хэргийн талаар тогтоосон байдал нь яллах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны талаас үнэлж дүгнэж чадаагүй, шүүгчдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй зэргээр шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмийг хангаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийнхөө өмгөөлөгчдийнхөө гаргасан тайлбарыг дэмжиж байна. Шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг дэмжихгүй байна. Хэргийн үйл баримтыг надаас өөр мэдэх хүн байхгүй. Учир нь би Г.Өтэй хамтран 2015 оноос эхлэн ажилласан буюу “Бишрэлт Холдинг” ХХК-ийн барилга үйлдвэрлэл, зам хариуцсан дэд захирал буюу Г.Өгийн ажлыг хянадаг ажлыг хийж байсан Г.Ө манай “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа болон шалгалт бүх зүйлийг нь би хийж гүйцэтгэдэг байсан. 2016 онд үүсэн үйл явдал буюу Г.Ө нь А.Ариунболд захиралтай гэр бүл бөгөөд надаас өмнө найзын харилцаатай байсан. 2016 оны 4 дүгээр сард Асемийн замыг авах гээд “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг А.Ариунболдын хамаатан талийгаач Эхжаргал гэх залуугийн нэр дээр шилжүүлсэн байхад нь Г.Өгийн нэр рүү шилжүүлэх үйл явж болсон. Энэ нь хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтаар авагдсан, тайлбарлагдсан байгаа. “Бишрэлт Холдинг” ХХК, Г.Ө, талийгаач Эхжаргал гэсэн гурвалсан гэрээ хийсэн. Мөн баталгаа гэх хуудсыг давхар бичиж өгөөд “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг шилжүүлж авч өгөөд үйл ажиллагааг хийсэн байлаг. Энэ нь тухайн үед Асемийн зам буюу Маршлийн гүүрнээс Хөүм плазагийн уулзварыг хүртэл шинэчлэх ажлыг тендергүйгээр авахын тулд ийм ажил гарсан байдаг. Мөн “Бишрэлт Холдинг” ХХК-ийн тусламжтайгаар Г.Өгийн дурдсан олон ажлуудыг бид хамтарч авч байсан.Түүнээс дангаараа “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал авч хийж чадаагүй. Компанийн үнэлгээ гэх 39.031.244.160 төгрөг нь асар их олон ажлыг авч хийсэн учраас ийм хэмжээний үнэлгээ гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Ө захирал авч өгсөн ажлын 4, 5 том ажлыг алдсан байдаг. Бага... Баянхонгор руу чиглэсэн 100.000.000 доллар бүхий ажлыг алдсан гэх мэт ажлуудыг алдсан. “Эрдэнэ зам” ХХК-ийн үнэлгээг тогтоохдоо Хөшигтийн хөндийн хурданы замын 10.000.000 долларын зам, зуслангийн зам, 3 дугаар цахилгаан станцын зам, 22-ын товчооны зам гэх мэт замуудыг “Бишрэлт Холдинг” ХХК банкнаас баталгаа гаргаж ажилласан байдаг. “Бишрэлт Холдинг” ХХК-ийн охин компаниуд ямар учиртай ажилладаг вэ гэхээр Капитал банкинд данс нээж, түүнээсээ зээл авч, зээлээ эргэн төлж ажилладаг болохоос Г.Өгийн яриад байгаа “Бишрэлт Холдинг” ХХК-д хувьцааны мөнгө төлсөн гэж буруу яриад байгаа нь учир дутагдалтай байна. Мөн шүүхийн өмнө үнэн зөв, бодит байдлыг мэдүүлэх ёстой. Хоёр талын өмгөөлөгч нар бүх материалыг шинжлэн судалж, нотолж, саналаа гаргасан үйл явдал болсон. Эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс эхлэн 6 жилийн хугацаанд “Эрдэнэ зам” ХХК-ийн орлогыг Г.Ө өөртөө ашигласан. Тэр битгий хэл 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Капитал банк” татан буугдахад “Эрдэнэ зам” ХХК авсан зээлээ төлөөгүй улмаас 39.031.244.160 төгрөгийн өр зээл үүссэн. Энэ зээлээ төл гэхээр “Бишрэлт Холдинг” ХХК хариуцна гэдэг. Шүүхэд очиж маргахаар “Эрдэнэ зам” ХХК миний компани гэдэг. Ийм байдлаар төөрөгдүүлж 6 жилийн хугацаанд юу ч үгүй болгож хаясан. Үүний дагуу Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах нүүр бараг байхгүй байх гэж бодож байсан. “Эрдэнэ зам” ХХК анх улсын компанийг хувьчилж авахад дагалдаж ирсэн 20 гаруй хүнийг орон байраар нь хангаж, “Бишрэлт Холдинг” ХХК-аас 30 хувийг нь төлж, 8 хувийг нь ипотекийн зээлд хамруулж байсан бүх зүйлийг үгүйсгэж байгаад харамсаж байна. 2016 онд Г.Өд шилжүүлж авах процесс ном журмын дагуу болсон. Учир нь би өөрөө байсан. 2016 оны 4 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд гэрээ хийсэн, шилжүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас ямар нэгэн алдаагүй байна. Гэхдээ болзолтой гэрээ хийсэн. Шилжүүлж өгсөн Энхжаргал нь 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 1 сарын дараа амиа хорлосон байдалтай нас барсан байдаг. Түүнийг далимдуулан Г.Ө миний компани гэдэг. Энэ явдлаас хойш би Г.Ө захиралтай 5 удаа уулзсан. Уулзахдаа буудалд, бааранд, Зам тээврийн яамны хуралд ч уулзсан. Би “...та компаниа буцааж өгөөч...” гэхэд “...Өө ах нь өгөлгүй яахав дээ, одоохон...” гэдэг. Сүүлдээ “...энэ миний компани битгий асуудал яриад бай...” гэдэг. Тухайн үед “Бишрэлт Холдинг” ХХК ажиллаж байсан хуульч, өмгөөлөгч нар энэ асуудалд оролцсон гэж үзэж байна. Оролцсон гэдэг нь гэрчээр дуудагдсаг этгээдүүд бүгдээрээ Г.Өд зөвлөгөө өгдөг байсан. Ийм учраас Энхжаргалыг нас барсныг далимдуулж, миний компани гэж авах нь залилангийн том хэрэг гэж ойлгож байна. Тэр өдөр буюу 4 дүгээр сарын 13-ны өдөр "Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК нь Г.Өгийн хувьцааг шилжүүлж өгсөн, бүртгэсэн. 2017 онд Улсын бүртгэлийн газар хандаж, гэрээний дагуу “Эрдэнэ зам” ХХК хувьцааг авъя гэхэд “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа түр миний нэр дээр шилжсэн. Тэгэхэд Захиргааны хэргийн шүүхэд өгч, 3 шатны шүүхээр “...заавал “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Ө өөрөө ирж гарын үсэг зурах ёстой юм байна...” гэдэг. Гэтэл өмгөөлөгч нар буруу тайлбарлаад байх юм. Үүнийг “...эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэж дууссаны дараа дахин компаниа нэхэмжилж ав, манай бүртгэгчийн алдаатай асуудал байна...” гэдэг захиргааны шийдвэр гарсан болохоос Г.Өгийн хөрөнгө гэсэн шийдвэр гараагүй. Энэ хэргийг шийдвэрлэх явцыг маш удаашруулсан. Энэ хэрэг маш ойлгомжтой, би бүх хавтаст хэргийг цээжээр мэднэ. Өмгөөлөгч Э.Нарангараваас 7 хавтаст хэргийг шүүх хуралдааны үеэр оруулж ирээгүй гэдэг. Тэр 7 хавтаст санхүүгийн баримтыг би бүгдийг нь гаргаж өгсөн. Г.Ө тайлангаа гаргадаг байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, баталгааны гэрээ, нууцын гэрээ, “Бишрэлт Холдинг” ХХК-ийн захиралтай гэрээгээ хийсэн хүн “...би ажилчин нь биш...” гэж гүрийдэг байсан. Мөн “А.Ариунболдыг танихгүй, зээл авах гэж ирдэг байсан...” гэдэг. Анхан шатны шүүх хуралдааны үеэр би гайхсан Г.Ө “...би А.Ариунболдтой тохироод мөн өгсөн...” гэдэг. Энэ нь хэргийг удаашруулах үйл ажиллагаа гэж үзэж байна. Гэтэл баталгаа гэж өөр зүйл яриад байна. Гэрчүүдийн мэдүүлгийг дурдсан байна. Гэрчүүдийн мэдүүлгээр манай гэрч, танай гэрч гэж ярьсан байдаг. Миний ойлгож байгаагаар гэрчүүдэд хууль сануулж, үнэн зөв мэдүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг. Хэрэг буцаах болгонд Г.Өгийн талаас нэг гэрч гарч ирдэг. Энэ бүхэн он сараар нотлогдоно. Тэрхүү гэрч нар нь дандаа миний ажлаас халсан хүмүүс байдаг. Хэргийн бодит байдлыг гуйвуулж, буруу, зөрүү ярьдаг. Хэргийг удаашруулсан шалтгаан нь “Эрдэнэ зам” ХХК-ийн хийж байсан Хөшигтийн хөндийн хурданы замын мөнгийг авч дууссан. нь “Эрдэнэ зам” ХХК-ийн буцааж авлаа гэхэд муудсан, дугуйг нь сольсон техникүүд Өмнөговьд нэг тал нь, Улаанбаатар Хөшигтийн хөндийн Айдсын даваа дээр тал нь байгаа. Олон хүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн асуудлыг төлж барагдуулахын тулд олон жил Г.Өгийн араас явж байгаа. Эсэргээрээ Г.Ө компанийн мөнгөөр эргүүлэн шүүх дээр 7, 8 өмгөөлөгч сольсон байдаг. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн өмгөөлөгч Л.Отгондорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Э.Нарангарав, Г.Ө нарын гаргасан давж заалдах гомдолд хэд хэдэн асуудлыг дурдсан байна. Тухайлбал магадлал, тогтоолд заасан ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байгаа юм байна. Шүүхээс тогтоосны дагуу тодорхой ажиллагаа хийгдсэн. Криминалисткийн шинжээч томилогдсон, гарсан шинжилгээний үр дүн нь дарааллыг тогтоох боломжгүй байна гэдэг агуулга тусгагдсан. Амжилттай удирдаж байхад нь компанийг буцааж авах гэж байна гэдэг асуудлыг ярьж байна. Татварын Ерөнхий газраас өмнө нь болон дараа нь гаргасан татварын тайлан, тооцоо, бүх мэдээллүүдийг гаргасан. Гэрчүүдийн мэдүүлгийн хувьд Мандах, Лхагвадорж, Алтантуяа, Бүд гэх 4 гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэдэг асуудлыг дурдсан. Хуульд заасны дагуу гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой. Гэрч Мандах мэдүүлгийнхээ эх сурвалжийг Ариунболд, Ганзориг гэх хүмүүстэй нүүрэлдүүлэн авсан байцаалт болон эдгээр хүмүүсийн мэдүүлгээр Мандахын мэдүүлэг үндэслэлгүй байна гэж харагддаг. Гэрч Лхагвадоржийн мэдүүлгийг яагаад үнэлэх боломжгүй вэ гэхээр Г.Ө гэх хоёр үсэг харсан гэж тайлбар хэлдэг. Энэ нь Г.Өгийн гарын үсгээс өөр буюу Г.Ө гэх гарын үсэг байдаггүй. Иймд гэрч Лхагвадоржийн мэдүүлэг үндэслэлгүй. Гэрч Алтантуяагын мэдүүлэхдээ “...ер нь мэдэхгүй. Г.Өг гарын үсэг зурсан байх гэж бодож байна...” гэж өөрийнхөө бодолыг хэлсэн байдаг. Ийм учраас Алтантуяагын гэрчийн мэдүүлгийг үндэслэх боломжгүй гэж үзэж байна. Гэрч Бүд мэдүүлэхдээ “...би Г.Өгийн гарын үсгийг мэдэхгүй...” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй байгаа хүнээр гарын үсгийг мөн, бишийг таниулах боломжгүй. Эдгээр гэрчийн мэдүүлгийг тодорхой үндэслэлээр үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Э.Нарангаравын хувьд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан учраас түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан, хэлэлцээгүй гэсэн асуудал яригдсан. Гэм буруугийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэлийг баримтлан хүсэлт гаргаж байгаа юм. Энэ үндэслэл нь урьдчилсан хэлэлцүүлгээр гаргах хүсэлт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь “шүүхийн хэрэглэх хууль нь Үндсэн хуулийн цэцэд маргагдаж байгаа бол” гэсэн агуулгатай. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотой маргаан байхгүй. Улсын Дээд шүүхэд хуулийн тайлбартай холбоотой маргаан байгаа. Хуульд “Улсын Дээд шүүхийн тайлбартай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэцэд байгаа бол” гэдэг үг байхгүй. Ийм учраас Э.Нарангаравыг хүсэлтийг авч, хэргийг түдгэлзүүлэх боломжгүй. Гэрээ, баталгаагаар буруутгадаг гэсэн асуудал яригдаж байна. Гэрээ, баталгаа гэх асуудлаас гадна “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт Холдинг” ХХК-ийн өмч байсан юм. Г.Ө зөвхөн удирдлагын зааварчилгаагаар ажилладаг байсан гэх хоёр гэрээ хэлцлээс бусад баримтуудаар тогтоогддог. Тухайлбал, Г.Ө өөр дээрээ шилжүүлж авсны дараа компанийхаа эд хөрөнгийг актлахад хүртэл нь “Бишрэлт Холдинг” ХХК-аас зөвшөөрөл хүсэж актладаг байсан, тайлан, төлөвлөгөөгөө явуулдаг байсан. Эдгээр баримтуудыг хавтаст хэргийн дугаартай нь тайлбараар өгсөн. Гэрээ, баталгаа хоёрыг эргэлзээтэй гэж ярьсан. Шинжээчийн дүгнэлтэд тухайн гарын үсэг болон зураасын хувьд давхацал, дараалал тогтоох боломжгүй байдаг. Түүнээс гэрээ нь эргэлзээтэй байна гэсэн дүгнэлт байхгүй. Гарын үсэг зурсан түрүүлж зурагдсан гэх дараалал тогтосны дараа эргэлзээтэй юу, үгүй юу гэсэн асуудал яригдана. Тогтоох боломжгүй дүгнэлтийг эргэлзээтэй гэх ойлголт гарах боломжгүй гэж үзэж байна. 2017 он буюу “Эрдэнэ зам” ХХК-ийг шилжүүлж авсны дараа “Бишрэлт Холдинг” ХХК, “Капитал банк”-д ирж, хуралд оролцож, ажлаа тайлагнасан. Энэ нь хурлын тэмдэглэлээр бүх ажлаа тайлагнаж, данс, санхүүгээ танилцуулсан. Энэ баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Санхүүгийн баримт болох 1-7 хавтаст хэрэг орж ирээгүй гэх асуудлыг ярьж байна. Би хоёр удаагийн шүүх хуралдаанаар санхүүгийн 7 хавтаст хэргээс нотлох баримтыг шинжлэн судлуулдаг. Сүүлийн хуралдаанаар хавтаст хэргийг шинжлэн судлуулъя гэхэд шүүгчээс “туслахад үлдсэн байна” гэж хэлээд авчруулж байгаад нэлээн олон баримт бичгүүдийг шинжлэн судлуулсан. Ийм байхад шүүх хуралдаанаар хавтаст хэрэг орж ирээгүй гэж хэлэх нь үндэслэлгүй. Санхүүгийн холбогдолтой 7 хавтаст хэрэгт Г.Ө эд хөрөнгөө актлуулах хүсэлтийг 2016 оны 10 дугаар сард “Бишрэлт Холдинг” ХХК-д гаргасан байдаг. Ийм учраас шинжлэн судлагдсан баримт гэж үзэж байна. Нотариат үнэн зөвийг гэрчлэх ёстой байтал хуулбар гэрчилсэн гэсэн гомдлыг гаргадаг. Нотариатын тухай хуульд “гэрээний үнэн зөвийг гэрчлэх, хуулбар гэрчлэх” гэсэн хоёр өөр ажиллагаа байдаг. Бид  бүхэн гэрээнийхээ хуулбарыг өгөхийн тулд хуулбарт тамга, тэмдэг даруулдаг. Үүнд Нотариатын танхимаас хүртэл хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэрээний эрх тэгш байдал, гарын үсэг дээр, доор зурагдсан нь хэрэгт ач холбогдолтой биш. Мөн энэ хэргийг залилах гэмт хэрэг биш гэж ярьсан. “Бишрэлт Холдинг” ХХК-тай хэлцэл хийгээгүй гэдэг. Энэ нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Учир нь хууль ёсны гэрээ байгуулсан, иргэний эрх зүйн маргаан биш юм уу гэсэн асуудлыг яригдаж байгаа. Шүүгдэгч тал “Бишрэлт Холдинг” ХХК хийгээгүй гэдэг зүйл яригддаг. Иргэний эрх зүйн харилцаа хуулийн дагуу үүсэж, талууд харилцан гомдлын шаардлага хангах боломжтой байдаг. Гэвч шүүгдэгчийн хувьд та нартай гэрээ хийгээгүй, миний гарын үсгийг ашигласан гэдэг зүйлийг хэлдэг. Ийм байхад иргэний эрх зүйн дагуу яаж гомдлын шаардлага хангаж болох вэ. Залилах гэмт хэрэг нь гэрээ, хэлцэл дээр суурилж үйлдэгдэх боломжтой. Гэрээ байгуулсан бол иргэний эрх зүйн харилцаа гэж авч үзвэл энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжийг үгүйсгэж байна. 6 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдахад шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс ямар байр суурьтай байсан бэ гэхээр Эрдэнэ зам ХХК-ийг  Бишрэлт Холдинг ХХК-аас огт аваагүй, Энхжаргалаас авсан” гэдэг асуудлыг ярьж байсан. Анхан шатны шүүх хуралдаанаар Г.Өгийн байр суурь юу гэж өөрчлөгдсөн бэ гэхээр “Эрдэнэ зам” ХХК-ийн үнийг төлж авсан...” гэдэг. Хувьчилж авсан 4.7 тэрбумыг төлсөн гэж шүүгдэгч Г.Ө хэлсэн, өмгөөлөгч Э.Нарангарав гомдолдоо дурдсан, өмгөөлөгч Ж.Оюунболд 7.5 тэрбум төлсөн гэдэг. Анх ярьж байсан байр сууриа бүхэлд нь өөрчилж байгаа юм. Гэрээ, хэлцэл байгуулагдаагүй буцаад худалдах, худалдан авах асуудлыг яриад эхэлж байгаа юм. Хэдэн төрлийн баримт өгдөг. Эдгээр баримтуудыг өгөхөд “Эрдэнэ зам” ХХК-аас “Капитал банк” руу шилжүүлсэн шилжүүлэг байдаг. Г.Өгийн хувьд “Капитал банк”-д өртэй байсан гэж ярьдаг. Өрөө төлсөн, зээлээ төлсөн гэх баримтуудаа хавсаргаж, энэ бол Г.Өгээс “Бишрэлт Холдинг” ХХК-д “компанийг худалдаж авсан мөнгө юм” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ингээд компанийг шилжүүлж авсан үндэслэлээ удаа дараа өөрчилж байгаа нь шунахайн сэдлээр компанийг авах гэж байна гэсэн ойлголтыг өгч байна гэж үзэж байна. Өмнөх Давж заалдах шатны шүүхээс иргэний эрх зүйн маргаан байна гэж дүгнэсэн. Энэ магадлалыг Улсын Дээд шүүхээс хүчингүй болгосон. Иймд энэ агуулгыг баримтлан магадлал үнэн зөв байсныг Улсын Дээд шүүх “зөв байна” гэж үзсэн агуулга тусгагдаагүй байдаг. ““Эрдэнэ зам” ХХК-ийг Энхжаргалаас шилжүүлж авсан гэх байр сууриа өөрчилж, “Эрдэнэ зам” ХХК-ийг худалдаж авсан гэдэг. Хэлцэл байхгүй гэж ярьж байгаа тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа ямар ч байдлаар үүсэх боломжгүй. Захиргааны хэргийн шүүхийн асуудлын хувьд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тогтоолд “...”Бишрэлт Холдинг” ХХК өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэргийн журмаар гомдол гаргаж, шалгуулахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй...” гэсэн шүүхийн дүгнэлттэй. Үүний дагуу өмчлөл тогтоогдсон гэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хохирлын хувьд “Эрдэнэ зам” ХХК-ийн үнэлгээ анх 5 тэрбум байхад Г.Ө захирлын өөрийнх нь хүсэлтийн дагуу Улсын бүртгэл рүү 20 тэрбумаар “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлсэн. Компанийн үнэлгээ яаж гардаг вэ гэвэл бодит болон бодит бус хөрөнгийн нийлбэрээр тогтоогддог. Тухайн компанид байгаа бодит эд хөрөнгө буюу тоног төхөөрөмж, барилга нь эдгээрийн нийлбэрээр компанийн үнэлгээ тогтоогдох юм байна гэсэн дүгнэлт гаргаж байгаа. 5 тэрбумаар өссөн асуудал огт биш. Бусад асуудлын хувьд бичгээр дэлгэрэнгүй тайлбар гаргасан байгаа. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 6 дугаар сарын  13-ны өдөр бэлэглэлийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хувьцаа шилжүүлэх гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гэх зэрэг гэрээнүүдийг байгуулсан. Хэрэв Г.Ө компанийг шилжүүлэн авсан бол яагаад 2017 оны 1 дүгээр сарын 7, 8-ны өдөр шалгалтын дүнг хэлэлцэх хуралд оролцсон юм бэ. Энэ хуралд ажлаа тайлагнаж чадаагүй. Түүнчлэн, 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ““Эрдэнэ зам” ХХК-д холбоотой ажил үүрэгт хариуцлага алдахгүй, биечлэн уучлалт гуйж байна” гэж бичсэн. “Бишрэлт Холдинг” ХХК-иас “компаниа шилжүүл” гэж удаа дараа шаардахад 11 сарын дараа “энэ бол миний компани, “Бишрэлт Холдинг” ХХК-д хамаарахгүй гэсэн. Үүнээс харахад анхнаасаа буцаан өгөх зорилгогүй, гэрээгээр халхавчилж, шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууран авсан гэж үзэж байна. Мөн 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 686 дугаартай Төрийн өмчийн хорооны тогтоолоор “Монпетекс” ХХК гэх А.Ариунболдын компанитай консерциум байгуулж 4.8 сая төгрөгийн хөрөнгөтэй төрийн өмчийн компанийг авч 15.6 тэрбум төгрөгийг нэмээд 20.9 сая төгрөгийн хувьцаа эзэмших болгосон. Ингээд нийт 39 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. 2013, 2014 онуудад Г.Ө, нягтлан бодогч Оюунсүрэн нар нь 41 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа гэж тайлан гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар “Бишрэлт Холдинг” ХХК, түүний хувьцаа эзэмшигч, захирал А.Ариунболдын эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн фирмийн өмгөөлөгчийг үүргийг гүйцэтгэж шүүх хуралдаанд оролцож байна. Давж заалдах шатны шүүхээр Г.Өгийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан гомдол гаргасан. Тэрхүү гомдлыг хэлэлцэж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангаравын 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гомдолд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж байна. Эрүүгийн хэрэг үүссэн үеэс эхлэн энэ гомдлыг үргэлжлүүлэн гаргаж байсан. Эрх буцаан шилжүүлэх нөхцөлтэйгээр байгуулсан гэрээ, баталгааг үгүйсгэдэг. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн талаас гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг. Хэргийг мөрдөн байцаах 6 жилийн хугацаанд Г.Ө цагаан цаасан дээр өөрийнхөө гарын үсгийг зурж, “Бишрэлт Холдинг” ХХК эсхүл “Капитал банк”-д өгсөн бэ гэдэг нэг ч баримт байхгүй, тогтоогдоогүй. 2016 оны 4 дүгээр сарын 11, 12, 13-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ нь хууль ёсны дагуу гэж маргадаг. Энэ гэрээгээр Г.Ө гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү “...би бичээгүй...” гэдэг. Тус гэрээг Г.Ө, , “Бишрэлт Холдинг” ХХК-ийн захирал А.Ариунболд нарын хооронд хийгдсэн гэж үзэж байгаа. Г.Өтэй байгуулах гэрээ батлагдахаас өмнө 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээний нөхцөлөөр гэрээний зүйл нь өөр, бусад нөхцөлөөр адилханаар гэрээг Д.Энхжаргалтай, А.Ариунболд захирал хийсэн байгаа. Учир нь компаний үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажил төрлийг сайжруулах зорилготойгоор хийсэн боловч Д.Энхжаргал, "Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийнх нь нэр шилжүүлж авсан гэх хоёр тохиролцоо байсан. Энэ тохиролцооны үр дүнгээр үр ашиг байхгүй байсан учраас 2016 оны 4 дүгээр сард шүүгдэгч А.Ариунболдын гаргасан хүсэлт, тухай бүрийн нөхцөл байдалтай уялуулан шийдвэр гаргаж, А.Ариунболд захирал “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Өд шилжүүлж өгөх нь зүйтэй юм байна гэж Асемийн ажлаас зохих хэмжээг нь авч, компанийн хэвийн ажиллагааг хангах боломжтой гэсэн шийдвэр гаргасан. “Эрдэнэ зам” ХХК-ийг аваад Маршлийн гүүрнээс Оргил худалдааны төв хүртэл замыг барьсан. Өөр бусад ажиллагаанууд ч хийгдсэн. Г.Өгийн хэлсэн зүйл үнэн гэж бодож байна. Учир нь хохирогч, гэрч нар мэдүүлэг өгөхдөө хуультай танилцаж өгсөн байдаг. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцэслэн гараагүй байхад энэ хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн зүйлийг тайлбарласан. Энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй гэсэн гомдол гаргасан байсан. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж, нийтэд мөрдүүлж байгаа. Шүүх нь хууль болон Улсын Дээд шүүхийн тайлбарыг хэрэглэсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шүүх дордуулаагүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Э.Нарангаравын гомдолд 2012 оноос 2016 оны хооронд А.Ариунболд нь Г.Өгээс 4.352.330.000 төгрөгийг өөрийн хувийн болон Капитал банкнаас гаргаж гэж байгаа. Энэ хэрэгт ямар хамааралтай вэ гэдэг талаар би ойлгохгүй байна. А.Ариунболд мөнгийг завшсан гэж байна уу, эсхүл “Эрдэнэ зам” ХХК-ийг А.Ариунболд өгсөн гэж байна уу ойлгомжгүй. Өмгөөлөгчийн гаргасан үндэслэлүүд бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ хэрэгт А.Ариунболдын эхнэр УИХ-ын гишүүн, улс төрийг төлөөлөх этгээдийг байнга ярьдаг. А.Ариунболдын эхнэрийн хөрөнгө орлогын мэдүүлэг тусгагдаагүй гэдэг. Гэтэл А.Ариунболдын эхнэртэй холбогдох мөрдөн шалгах ажиллагаа нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Тийм учраас дүгнэлт гаргаж чаддаггүй, үндэслэлгүй юм. Гарын үсгийн талаар Г.Өгийн гарын үсэг зурсан баримт олдсон бол өөр хэрэг. Гэтэл баримт олдоогүй. Криминалистикийн шинжилгээг хийлгэх талаар Г.Ө удаа дараа гаргадаг. Шүүх анхаарч үзэхгүй байна гэдэг. Хохирогч тал энэхүү асуудлаар нээлттэй ханддаг, татгалзаагүй, бүх ажиллагааг дэмждэг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзоригийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан тул Иргэний хуульд заасан хөрөнгөтэй холбоотой заалтуудыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Өмч, хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “...Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.” гэж заасан бөгөөд үүнийг хуулиар хориглоогүй. Түүнчлэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчихгүйгээр өөрт олж авсан этгээдийг эд хөрөнгө олж авсанд тооцно. Гэхдээ Г.Ө нь хууль болон ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж эд хөрөнгө олж авсан гэж үзэж байна. Мөн өмчөөс гадна өмчийг шилжүүлж байгаа эрхийг болзол тавьж шилжүүлсэн. Түүнээс өмчийг Г.Өд бүр мөсөн шилжүүлж өгөөгүй.  Болзол тавьж, тодорхой зорилго тавьж, зорилго нь дуусмагц буцаан шилжүүлэх авах нөхцөлтэйгөөр өмчийг шилжүүлсэн. Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар 2 үндэслэлээр эрх шилжүүлэх боломжтой. Түүний нэг нь “бэлэглэлийн гэрээ” юм. Г.Өгийн сэдэлт, зорилго нь болзол биелмэгц буюу Энхжаргалыг нас барахад компанийг буцаан өгөхгүй санаа зорилго нь үүссэн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна. ...” гэж заасан бөгөөд Г.Ө нь компанийг А.Ариунболд болон талийгаач Энхжаргал нараас авч өөрийн мэдэлдээ түр хугацаанд байлгасан. Түр байлгаж байгаа хүн нь тухайн хөрөнгийн өмчлөгч биш юм. Учир нь, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд “...Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэж заасан. Үүнээс харахад тухайн хөрөнгө Энхжаргалынх биш, Ариунболдынх гэдгийг мэдэхгүй байж байгаад Өлзийдүүрэн нь бэлэглэлийн гэрээгээр авсан бол Өлзийдүүрэн нь шударга өмчлөгч болох байсан. Гэтэл “Эрдэнэ зам” ХХК-д ажиллаж байсан Өлзийдүүрэн нь энэ хэний өмч болох, хэний эзэмшлийнх болох талаар маш сайн мэдэж байгаа. Ийм субъект компанийг түр хугацааны болзолтойгоор шилжүүлж авсан тул шударга өмчлөгч биш гэж үзэж байна. Харин энэ болзлыг биелүүлэх гэж байгаа арга хэлбэр нь хэрэгт авагдсан гэрээ, гарын үсэг, баталгаа юм. Хавтас хэргээс харахад иргэний маргаан юм шиг харагдах боловч зорилго нь тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх санаатай байх тул шударга бус байна. Энэ шударга бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байгаа болохыг нотолж тогтоосон. Мөн хохирлыг Ариунболд болон “Бишрэлт Холдинг” ХХК авах ёсгүй, “Капитал” банктай холбоотой өмч хөрөнгө улсад хураагдах ёстой. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэ зам” ХХК-ийг хураан авч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, банкны хадгаламж эзэмшигч буюу хохирогч нарт буцааж олгогдох ёстой. Мөн итгэмжлэх, төлөөлөх бүрэн эрх нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн этгээдийн эрх баригч байх ёстой. Тэгэхээр Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь эрх барих дээд байгууллага байна. 1 хувьцаа эзэмшигтэй бол тухайн этгээд бүх эрхээ хэрэгжүүлэхээр заасан. Тэгэхээр гүйцэтгэх захирал итгэмжлэл олгосон байна уу, эсхүл Ариунболд олгосон эсэх нь ач холбогдолгүй. Харин хуульд заасны дагуу бүх хувьцааг эзэмшигч Ариунболд итгэмжлэл олгосон тул  итгэмжлэл хуульд заасны дагуу хийгдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын зүгээс Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийлгүйгээр дахин хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж давж заалдах гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс Улсын дээд шүүхийн тогтоолд заасан  ажиллагааг хийсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд “2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн баталгаа нь эх хувь мөн байна. Тууш зураасд гарын үсэг өмнө нь, эсхүл дараа нь зурагдсан болохыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт гарсан. Мөн шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авсан. Татварын ерөнхий газраас 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ““Эрдэнэ зам” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар татварын өр, төлбөргүй байна.” гэх баримт авсан ажиллагаанууд хийгдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл биш байна гэж үзэн хэргийг түдгэлзүүлэлгүй шийдвэрлэсэн. Өмгөөлөгч нарын зүгээс эхлээд “гэрээ хийгдээгүй, “Бишрэлт Холдинг” ХХК-д “Эрдэнэ зам” ХХК хамааралгүй” гэж маргаж байсан боловч анхан шатны шүүх хуралдаанд “Г.Ө нь компанийг 7 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан” гэх Оюунсүрэнгийн гаргаж өгсөн жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг нотлох баримтаар үнэлээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс маргаж байгаа боловч шүүхээс “нотлох баримт шинээр гаргаж өгөх үе шат өнгөрсөн тул хүлээн авах боломжгүй байна” гэж дүгнээд, уг нотлох баримтыг хүлээж аваагүй. Мөн өмгөөлөгч нарын зүгээс санхүүгийн 7 хавтас бүхий баримтыг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд уг 7 хавтас бүхий нотлох баримт болох “Эрдэнэ зам” ХХК-ийн санхүүгийн тайлан, эд хөрөнгийн тооллого зэргийг шинжлэн судалсан. Г.Ө нь “хавтас хэрэгт авагдсан гэрээ болон баталгаан дээр байгаа гарын үсгийг би зураагүй, энэ гэрээг би хийгээгүй” гэж маргадаг учир анхнаасаа “Эрдэнэ зам” ХХК-ийг “Бишрэлт Холдинг” ХХК-д буцаан өгөх зорилгогүйгээр залилах гэмт хэрэг үйлдсэн болох гэмт хэргийн сэдэлт, зорилго нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Г.Ө нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ний 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Бишрэлт холдинг” ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж хуурч 39.031.244.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ /5хх 70/, “...миний нэр дээр бэлэглэлийн журмаар шилжиж ирсэн “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцаа нь миний найз А.Ариунболдын буюу “Бишрэлт холдинг” ХХК-ийн өмч болохыг баталж гуравдагч этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүйгээээр түр эзэмшиж баталгааны зүйлийг “Бишрэлт холдинг” ХХК буюу найз А.Ариунболдын шаардсан үед үл марган журмаар саадгүй шилжүүлж өгөх үүрэгтэй. ...” гэх агуулга бүхий баталгаа /5хх 71/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.4.07-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /1хх 172-210/,

хохирогч Г.Ганзоригийн “...“Эрдэнэ зам” ХХК-нийг төрийн өмчит компани байх үед “Бишрэлт Холдинг” ХХК-ний ерөнхий захирал А.Ариунболд нь “Бадрах-Ойл” ХХК-тай нийлж консерциум болж 2012 онд төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцож худалдаж авсан, төрийн өмчийн хорооноос худалдаж авсан компаний үйл ажиллагааг өөрчлөхгүй, ажилчдыг цомхотгохгүй, тодорхой хөрөнгө оруулалт хийж хэвийн ажиллуулах нөхцөл шаардлагатай гэрээ байгуулсан. Гэрээг тодорхой хугацааны дараа дүгнэж төлбөр төлөгдсөний үндсэн дээр хувьчлалаар шилжүүлэн өгсөн. Улмаар “Бишрэлт групп” нь “Эрдэнэ зам” ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч болж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Алтансүхийг томилж бүх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Алтансүх нь гүйцэтгэх захиралаар Г.Өг томилж ажиллуулсан. Компанийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Бишрэлт Холдинг” ХХК-нд “Эрдэнэ зам” ХХК-ний хувьцааг 100 хувь шилжүүлж өгсөн. Эрдэнэ зам ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Ө нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Ариунболдод манай компани төр удирдаж буй намын харьяаллаар замын тендер авч чадахгүй байна, ийм учраас компаний хувьцааг надад шилжүүлээд өгчихвөл тендерт оролцоход намын асуудал яригдахгүй, ажил авч болохоор байна гэж хүсэлтийг тавьж эхэлсэн. А.Ариунболд үеэл дүү Даваадоржийн Энхжаргалын “Нью Даниста Роүд Энд Констрэкшн” ХХК-д 2015.10.30 ны өдөр Эрдэнэ зам ХХК-ны 100 хувь хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн ингэхдээ 2015.10.30-ны өдөр компанийн хувьцааг 18 сарын дараа буцаан авах нөхцлөөр Энхжаргалтай гэрээ байгуулсан байдаг хэрвээ гуравдагч этгээдэд шилжүүлэх болвол Бишрэлт Холдинг ХХК-наас зөвшөөрөл авахаар заалт гэрээнд оруулсан байдаг. Гэтэл 2016.04.11-ны өдөр Улаанбаатар хотын захиргаанаас зарласан АСЕМ-ын уулзалттай холбоотой замын тендерт оролцох, бусад нийслэлээс зарласан тендерт оролцож шалгарах боломж их байна гэж А.Ариунболдод Г.Ө нь хэлж итгүүлэн үнэмшүүлсэн учраас “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ний захирал Д.Энхжаргалаас Г.Өгийн нэр дээр компанийн хувьцааг 100 хувь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, ингэхдээ Г.Ө нь А.Ариунболдтой "хувьцааг эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ” байгуулж 2016.04.13-ны өдөр Г.Өлзийндүүрэн баталгаа гаргаж гарын үсэг зурж А.Ариунболдоос “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ний захирал Д.Энхжаргалд зөвшөөрөл өгсөний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан тэр өдрөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. “Бишрэлт холдинг” ХХК-наас жил бүр өөрийн хөрөнгө оруулагч компаниуддаа аудитийн шалгалт явуулдаг. “Эрдэнэ зам” ХХК-ний 2016 оны ажлыг шалгаж тайланг сонссон байдаг. Шалгалтын үед гарсан алдаануудыг хэлэлцэн ярьсан энэ хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өлзийдүүрэн, нягтлан бодогч Оюунсүрэн нарт арга хэмжээ авсан. Ингээд “Эрдэнэ зам” ХХК-ний хувьцааг буцааж шилжүүлж өг гэж шаардахад өнөөдөр маргааш гэж хойшлуулж утсаа хаагаад, салгаад алга болсон. 2-3 удаа албан бичиг явуулан шаардсан боловч 2017.03.21-ны өдөр Г.Ө нь Эрдэнэ зам ХХК нь миний хувийн компани Бишрэлт Холдинг ХХК-нд хамаарахгүй гэсэн бичиг өгснөөр залилан мэхэлсэн болохыг ойлгож гомдол гаргасан. Материалаас баталгаа бичгийг Мандах руу гар утасны VIBER апплейкешнээр явуулсан юм. Өмгөөлөгч Мандах нь апплейкешнээр явуулсан баримтуудыг устгаж, өөрчлөн цагдаагийн байгууллагад өөр болгон харагдуулан үзлэг хийлгэсэн байсан. Бас би өөрийн гар утсандаа бодит байгаа байдлаар нь сүүлд үзлэг хийлгэж баримтжуулсан байгаа. ...” /1хх 83-84, 3хх 76-77, 5хх 19-20, 6хх 35, 7хх 52-53, 8хх 8-9, 14хх 105-106, 17хх 20-24/,

гэрч А.Ариунболдын “...Төрийн өмчид Эрдэнийн зам ХК-ыг 2011 онд төрийн өмчийн хорооноос хувьчлах тендэр зарласан. Тухайн үед миний үүсгэн байгуулсан Мон-Петекс ХХК болон Турк улсын хамтаран тендерт оролцон ялж тухайн компанийг авах эрх үүсэж тухайн үеийн 4.7 төгрөг төлж хүлээн авсан. Компани хүлээн авсаны дараа түүнийг удирдах гүйцэтгэх захирал томилох шаардлагатай болсон тул Өлзийдүүрэнг гүйцэтгэх захирлаар томилж Өлзийдүүрэн нь Эрдэнийн зам ХХК-ын цаана Бишрэлт компани байна. Ардчилсан намынхан чангалаад ажил өгөхгүй, авсан ажлын гэрээг цуцлаад унгаад байна ийм учир өөр эзэнтэй болгоод өгөөч гэхээр нь дүү Энхжаргалын нэр дээр хувьцааг шилжүүлсэн. Маршлын гүүрнээс Оргил худалдааны төв хүртлэх замыг авахаар болчихлоо, ардчилсан намынхаа үнэмлэхийг сэргээлээ, Эрдэнийн зам ХХК-г над руу шилжүүлчихвэл ажил авахаар боллоо гэхээр нь 2016 оны 03 дугаар сард бодож асууж судалхад үнэхээр тийм ажил байгааг нь мэдсэн учир түүний нэр дээр компанийг Нью Даниста Рөүд Консртакшн ХХК-наас хувьцааг 100 хувь шилжүүлэн өгч тэр ажпаа авч хийсэн. Ингэж шилжүүлэхдээ “Баталгаа” бичиж өгсөн. 2017 оны 01 сард Г.Ө нь компаниа өгөлгүй яахав гэж ярьж байсан гэнэт л Бишрэлт Холдингод хамаагүй, дотоод хэрэгт битгий ороод бай гэсэн бичиг ирүүлсэнээс гомдол гаргах болсон. ...” /1хх 86-87, 7хх 54-55, 14хх 107/,

гэрч Д.Алтансүхийн “...“Бишрэлт холдинг” ХХК-ний гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгчөөр 2009-2012 он хүртэл ажиллаж 2011 онд төрийн өмчийн хорооноос эрх бүхий этгээдүүдийн дунд зарласан сонгон шалгаруулалтаар төрийн өмчид 100 хувийн эзэмшилд бүртгэлтэй “Эрдэнэ зам” ХХК-нийг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдаж авсан. 4.7 тэрбум төгрөгөөр хувьчилж авахад Г.Өгээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй. 2012-2014 онуудад үйл ажиллагаа явуулахдаа Г.Ө нь МАН-ын угшилтай хувьцаа эзэмшигчтэй учраас компанид замын ажпыг өгөхгүй байгаа учир миний нэр дээр шилжүүлж өгөөч, ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээчихлээ маршлын гүүрний замын ажпыг авах болчихлоо гэж хүсэлт гаргадаг байсан. “Бишрэлт холдинг” ХХК нь доороо 12 компанитай. Нэг ёсондоо толгой компани гэсэн үг л дээ. Г.Ганзоригийн Н.Мандахруу явуулсан баталгааны талаар би Мандахаас хууль зүйн талаас зөвлөгөө авахаар ярьсан байж магадгүй. Тэр үед ажил хэргийн талаар Мандахтай байнга л ярьдаг байсан. Өлзийдүүрэн нь Эрдэнэ зам ХХК-г эргүүлэн өгөхгүй байсан нөхцөл үүссэн байсан ба Мандах нэгэнт манай компанид ажиллаж байсан учир Өлзийдүүлэнгийн бичиж өгсөн баталгааг Ганзоригоор дамжуулан явуулж үзүүлсэн.Нэг ёсондоо Өлзийдүүрэн ингэж баталгаа бичиж өгчихөөд ингээд байна гэдгийг л хэлж Мандахад үзүүлж байсан. ...” /1хх 8, 8хх 11-12/,

гэрч Э.Түмэндэмбэрэлийн “...2016 онд Нью Даниста Рөүд Энд Констракшн ХХК-наас Эрдэнэ зам ХХК-ний 100 хувь хувьцааг Г.Өгийн нэр дээр шилжүүлж өгөх ажпыг тухай үөд энэ компаний захирлаар ажиллаж байсан Д.Энхжаргал, Бишрэлт Холдинг ХХК-ний ТУЗ-ын дарга Ариунболд нараас надад өгсөн итгэмжлэлийн дагуу бичиг баримт бүрдүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажпыг хийж гүйцэтгэсэн. ...” /1хх 89/,

гэрч С.Туулын “...Эрдэнэ зам” ХХК тендерын ажил авахын тулд өөрийнхөө хувьцаатай байх ёстой.Ийм учир эргүүлэн өгөх нөхцөлтэйгээр “Бишрэлт холдинг”-ийн ТУЗ-ын дарга Ариунболдод баталгаа гаргаж өгч шилжүүлэн өгснийг мэднэ. Бэлэглэлийн гэрээг “Бишрэлт холдинг”-ийн байранд хийхэд хамт байсан. ...” /1хх 90/,

гэрч Н.Гантөмөрийн “...”Эрдэнэ зам” компанийг “Бишрэлт групп” худалдаж авсан нь баталгаатай. Тухайн үед Эрдэнэ зам ХХК-нийг худалдаж авсаны дараа группын салбар компанийн нэг адил санхүү, үйл ажиллагааны бүх чиглэлээр хянаж шалгаж байсан.Шилжүүлэн бүртгэсэн талаар мэдэхгүй байна.Миний ажил үүргийн хуваарьт ийм үүрэг байхгүй. ...” /1хх 91, 6хх 54-55/,

гэрч Ц.Цэцэгмаагийн “...Эрдэнэ зам ХХК-ний 1 бүрийн 100 төгрөгний нэрэлсэн үнэ бүхий 209.047.890.18 ширхэг нийт 20.904.789.082.29 төгрөгний үнэ бүхий хувьцааг 100 хувь Г.Өд хариу төлбөргүй бэлэглэж байгаа гэрээг хийсэн. Ингээд Энхжаргал, Г.Ө нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээг хамт хийсэн. ...” /3хх 84-85, 14хх 62-63/,

гэрч Ц.Туяагийн “...Капитал банк, Эрдэнэ зам ХХК-нууд нь Бишрэлт холдингийн охин компани юм. Охин компаниуд нь жил болгон бизнес төлөвлөгөө боловсруулаад манай бизнес хөгжлийн газраар дамжуулан ТУЗ буюу төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулдаг... Ер нь дарга нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваг тохиолдол байдаггүй. Тэглээ ч Г.Ө хоосон цаасан дээр гарын үсэг зурахаар хүн биш. Их айхтар хүн. Тухайн үед Ариунболд захирал Эрдэнэ зам ХХК-ний 100 хувийн хувьцааг Г.Өд шилжүүлж өг гэсэн. Тэгэхдээ буцаах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулах юм шүү гэсэн. ...” /3хх 31, 5хх 16-18/,

гэрч С.Тунгалагийн “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр К.Ариунтуул гэх эмэгтэй ирж Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай 2016.04.11-ний өдрийн гэрээг эх хувиар нь барьж ирэн надаад хуулбарлуулан батлуулсан тухай бүртгэлийг бичиг баримтын хуулбарыг бүртгэдэг бүртгэлийн 1363 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Ингэхдээ бичиг баримтын эх хувийг шалгаж шалган үзэж үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг тогтоосны үндсэн дээр ямар нэгэн татгалзах үндэслэл байгаагүй учраас бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн. Тухайн гэрээ бол эх хувиараа, тамга тэмдэг нь дарагдсан, гарын үсэг зурагдсан гэрээ байсан. ...” /1хх 79, 14хх 66-68/,

шинжээч Э.Солонгын “...Уг төрлийн шинжилгээг дараалал тогтоох шинжилгээгээр тогтоодог. Шинжилгээнд ирүүлсэн Баталгаа гэж хаягласан баримтын доод хэсэгт Г.Өлзийдүүрн гэсний ард тууш шугам болон хөх өнгийн будагч бодистой бичигч хэрэгсэлээр үйлдсэн гарын үсгийн эхлэл хоёрын огтлолцолын талбай хэмжээ бага шижилгээнд ач холбогдол бүхий шинж тэмдэг илэрхүйц чанарын үзүүлэлтийг ханаагүй байгаа тул дараалал тогтоох боломжгүй байсан. энэ талаар дүгнэлтэнд тусгасан байгаа. ...” /5хх 23-24/ гэсэн мэдүүлгүүд,

“...шинжилгээнд ирүүлсэн “А.Ариунболд захиралд” гэсэн гарчигтай, “Өнөөдрийн хурлаар...” гэж эхлээд “...2017.01.07” гэж төгсгөсөн хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн шинжилж буй гар бичвэр нь Г.Өгийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. 2016.04.13-ны өдрийн “Баталгаа” гэсэн баримт дахь шинжилж буй гарыс үсэг нь Г.Өгийн гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна. Уг шинжилж буй баримтуудад ямар нэгэн механик болон техник засвар ороогүй байна. ...” гэх 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3062 дугаар /1хх 92-106/,

“...Г.Өгийн гарын үсгийн овгийн эхний үсэг гэх үл уншигдах элементийг дайрсан хэвлэмэл тууш зураас нь гарын үсэг зурсны дараа эсвэл өмнө хэвлэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. ...” гэх 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 3260 дугаар /1хх 107-109/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Г.Өг бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны мэт харагдуулж, өмчлөгчийг төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

          Гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

          Харин завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

          Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгох тул Г.Өгийн үйлдлийг завших гэмт хэргийн шинжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Харин Г.Өгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчилж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “...Шүүгдэгч Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

          Дээрх өөрчлөлттэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өгийн цагдан хоригдсон 92 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт дүйцүүлэн хасч,  Г.Өгийн төлөх торгох ялын хэмжээг 28.620.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнийг нэн даруй суллах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Иймд шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “...Шүүгдэгч Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт дүйцүүлэн хасч,  Г.Өгийн төлөх торгох ялын хэмжээг 28.620.000 төгрөгөөр тогтоосугай. ...”,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...”,

          “...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнийг нэн даруй сулласугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          3. шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Өгийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ