Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 126/ШШ2015/0041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Т.Ц*******, Д.Ж*******, Д.Н*******, Н.Д*******, С.С*******нарыннэхэмжлэлтэй,

Хариуцагч : Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох,

Хөвсгөл аймгийн Засаг даргын 201оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дугаар захирамжийн хавсралтын нэгд заасан Ж.М*******д холбогдох 7314.5 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Ц*******, Д.Ж*******, Д.Н*******, Н.Д*******, С.С*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Г*******,

Гуравдагч этгээд: Ж.М*******, Б.Э*******

Нарийн бичгийн даргаО.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч С.С*******шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжаас 7314.5 м.кв газрыг Ж.М*******д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэсэн хавсралтын 1-т заасан хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Өмнө нь дээд шатны байгууллага буюу Монгол улсын Ерөнхий сайдад Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар хандахад Захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Газрын харилцаа бол ашиглах, эзэмших, өмчлөх гэсэн 3 харилцаанд тулгуурладаг.Нэр бүхий 5 хүн болоод хэргийн материалд холбогдсон 150 хүн 10-с дээш жилийн хугацаанд үйл ажиллага явуулах хугацаандаа эхний жил Мөрөн суманд, дараа жил нь Хот тохижилт үйлчилгээний газар, дараа нь А******* гэх эмэгтэйд 4 жил гаруй газрын төлбөрөө төлсөөр ирсэн. Газар эзэмших эрх нь Монгол Улсын иргэн аж ахуйн нэгжид нээлттэй байгаа боловч газар эзэмшүүлэх шаардлага нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байдаг. Бид бүхний хэргийн материалд хавсаргасан баримтаас харахад бидний газар 2002 оноос хойш төлбөрөө төлж байсан баримт байгаа. Газар эзэмших гэрчилгээ аваад Ж.М******* 2 жил 4 сар болоход нэг удаа ч түүхий эдийн захаар үзэгдээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. 2 жил 4 сарын дараа Хөвсгөл телевизийг дуудаж хамтран ажиллах талаар ярилцах гэтэл мөн ирээгүй бөгөөд 2 жил уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол хураана гэсэн хуулийн хугацаа өнгөрсөний дараа буюу 2 жил 7 сарын дараа Б.Э******* гэдэг хүнд газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Газар шилжүүлэхдээ газрын үзлэг, үнэлгээ хийлгэхгүйгээр шилжүүлсэн үйлдэл нь хууль бус үйлдэл юм. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй. Харин өнөөдрийн байдлаар 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ нь хугацаанд түрээслэгч бид нарын зүгээс 2 сая гаруй төгрөг А******* гэх эмэгтэйд төлсөн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж зааснаар гэрээг огт биелээгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглахаар заасан байдаг боловч үүний дагуу түүхий эдийн захадүйл ажиллагаа явуулаагүй, харин тэнд үйл ажиллагаа явуулдаг иргэдийг хөөж гаргасан.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол гэрээ гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Эдгээр хууль зүйн үндэслэлээс үзэхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын А/314 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Ямар ч үйл ажиллагаа явуулгүй буюу 2 жил 7 сар болсоны дараа Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ж.М*******ын эзэмшлийн газрыг Б.Э*******ад хууль бусаар шилжүүлсэн байна гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Үүнийг мөн хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагчийн тайлбарт Хөвсгөл аймгийн ИТХурлаар баталсан газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний газар бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдсэн гэсэн байдаг. Гэтэл түүхий эдийн зах дээр ямар ч шугам ороогүй. Цэвэр усны хоолой орох гэж байгаад 5 дугаар багийн нүүрний гудмаар шугам явсан. Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад оруулна гэдэг асуудал нь Мөрөн сумын нийтийн үйлчилгээний газраас асуудлыг холдуулан оруулж ирсэн асуудал юм. Энэ газар нь Мөрөн сумын ИТХ-аас гаргасан Тээвэр үйлчилгээний зориулалтаар ашиглах гэсэн тогтоолтой. Гэтэл уг тогтоолыг аймгийн инженерийн шугам сүлжээ гэсэн газар луу оруулсан. Нэхэмжлэл гаргаж байгаа нэр бүхий иргэд мөн зах дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 150 гаруй иргэн газрын төлөө амьдралаа зориулж мөн 2-3 иргэнийг ажлын байраар хангаж амьдралаа залгуулдаг. Бид бүхэн тэтгэлэг, хөрөнгө мөнгө гуйгаагүй, харин буруу шийдвэрээ эргэж хараач гэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Түүхий эдийн зах дээр манаач нэртэй байцаагч байгаа боловч хариуцах эзэн байхгүй учир 7 хоног бүр тэнд хулгай орж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Т.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдаа: Би түүхийн эдийн захад 1997 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байна. Түүхий эдийн захад үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан боловч, газрын гэрчилгээ авч чадаагүй. Би газраа эзэмшиж авмаар байна гэхэд төрийн өмчийг хүнд өгөхгүй гэсэн. Надад 2002 онд авч байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байдаг гэв.

Нэхэмжлэгч Д.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдаа: Би 2006 оноос үйл ажиллагаа явуулж байна. Газар дуудлага худалдаанд орлоо гэдгийг сонсоод Цэрмаасүрэнтэй хамт Хөвсгөл аймгийн Засаг дарга дээр очиж уулзахад төрийн өмчийг хувийн эзэмшилд шилжүүлэхгүй гэж хэлж байсан. Ж.М*******ыг газраа эзэмшиж байхад уг газар дээр 6-н цайны газар үйл ажиллагаа явуулж байсан. Ж.М******* нь шүүхэд гаргасан тайлбартаа хэдэн цайны газар байдаг талаар сайн мэдэхгүй байгаа нь тухайн газартаа очдоггүй гэдгийг харуулж байна. Өнгөрсөн жил Захиргааны хэргийн шүүх хурал дээр гуравдагч этгээд Ж.М******* нь би цайны газруудаас сард 25000 төгрөгийн төлбөр аваарай гэж мөнгө хураадаг хүндээ хэлсэн гэж хэлж байсан. Гэтэл бид нараас сард 36000 төгрөгийн түрээсийн төлбөр авдаг. Мөн гуравдагч этгээд Б.Э*******аас ямар газар ямар үйл ажиллагаа явуулсан талаар асуухад мэдэхгүй л байсан. Одоо бол энэ түүхийн эдийн захыг эзэмших эрх авсан хүмүүс үзэгддэггүй мөртлөө Дагий гэж эмэгтэй л түрээсийн төлбөр аваад явдаг гэв.

Нэхэмжлэгч Н.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдаа: Би анх түүхий эдийн захад жимс зардаг дэлгүүрийг газар эзэмших гэрээ гэрчилгээгүй худалдаж авч байсан. Тэгээд би 2008 онд Мөрөн сумын дарга байсан Халтар даргад газраа авах гэж ороход хот тохижуулалтын мэдэлд байгаа гэсэн хариу өгсөн болохоор Э******* дарга дээр очиход ажлаасаа халагдах гээд байна наад асуудлыг чинь авч хэлэлцэх бололцоогүй гэхээр нь больсон юм. Дараа нь мөн хот тохижилтын газрын дарга солигдож байна гэхэд нь мөн очиж уулзсан. Би Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын дарга Цэнд-Аюуш дээр газраа авах гэж зөндөө очиж байсан. Нэг удаа газрын албан дээр мөн газрын асуудлаараа уулзах гээд очиход дуудлага худалдаа болох гэж байна гээд хүмүүс цуглачихсан байсан. Би тэгээд Засаг дарга дээр очоод яагаад бид нарт газрын дуудлага худалдаа болох гэж байгаа талаар хэлээгүй юм бэ гэхэд Засаг дарга газрын албаныхан хэлээгүй юм уу гэсэн. Тэгээд газрын албанд очоод гомдол гаргаж байсан болохоос тухайн үед нь шүүхэд гомдол гаргах талаар мэдээгүй. Намайг гомдол гаргаад очих болгонд тэр албан тушаалтан мэднэ гээд, өөр өөр хүний нэр хэлээд байдаг байсан. Намайг өрөөнд нь байхад Хөвсгөл аймгийн Засаг дарга байсан Цэрэнжав дарга наад газраа эзэмшихгүй юм бол төрд нь өг гэж хэлж байсан. Тэгээд шүүхэд ханддаг гэж мэдээд шүүхэд хандахад хугацаа нь дууссан байсан. Энэ газрыг яах гэж авсан юм бэ гэж Ж.М*******т хэлэхэд хэдэн төгрөг олох гэж авсан юм аа гэж надад инээгээд хэлж байсан. Энэ газрыг хүмүүс Мөнхсайхан гэдэг хүний газар гэж ярьцгаадаг. Б.Э******* бол Мөнхсайхан гэдэг хүний эхнэрийн төрсөн дүү юм. Уг маргаан бүхий газрыг зарна гэсэн зар байхаар нь асууж үзэхэд 600 саяас яриад түүхий эдийн газрыг зарна гэж байсан. Бид нарын үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрыг бидний эзэмшилд шилжүүлээд өгчихөж болдоггүй юм болов уу гэв.

Нэхэмжлэгч Д.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдаа: 2002 оноос хойш түрээслээд 10 гаруй жил болж байна. Гэзэр эзэмших гэрээ гэрчилгээ байхгүй. Төрийн өмчийг хувьчлахгүй гээд надад газар эзэмших эрхийг шилжүүлээгүй гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ... уг газрыг Мөрөн сумын ИТХ-ын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4/13 тоот тогтоолоор тээвэр, үйлчилгээний зохиурлалтаар борлуулах эрх олгосныг зориулалтыг түүхий эдийн зах гэж өөрчилж Газрын тухай хууль зөрчсөн гэжээ. Түүхий эдийн зах нь Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний газрын эзэмшилд байсан ба Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4/13 дугаар тогтоолоор уг газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу тээвэр, үйлчилгээний чиглэлээр худалдан борлуулах эрхийг Мөрөн сумын Засаг дарга Б.Х*******олгосон. Улмаар Мөрөн сумын Засаг дарга Б.Х*******2011 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 1/1319 дугаартай албан бичгээр уг газрыг түлш болон тээвэр үйлчилгээний чиглэлээр худалдан борлуулах санал ирүүлсэн ба Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, холбогдох сумын Засаг даргын саналыг авч, Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын дагуу нээлттэй дуудлага худалдааг зарлан явуулсан ба зарыг төвийн хэвлэл Зууны мэдээ сонинд нийтлүүлэн зарласан. Улмаар дуудлага худалдаанд 2 оролцогч бүртгэгдэн дуудлага худалдааны анхны үнэ 4 450 000 төгрөгнөөс эхлэн дуудаж, 30 сая төгрөгөөр худалдан авах санал гаргасан Ж.М******* ялагч болж, үнэ болох 30 сая төгрөгийг төлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор Ж.М******* нь уг газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон. Аймгийн Засаг дарга дуудлага худалдааг зохион байгуулахдаа тухайн газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах саналыг хуулийн дагуу авсан дуудлага худалдаа зохион байгуулсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш. ...Дуудлага худалдаагаар олгогдсон газарт газрын давхцал байхгүй, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй байгаа. Газрын гэрээний заалтыг зөрчсөн гэжээ. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь газар зохион байгуулалт, газрын эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг дүгнэн ажилладаг. Одоогийн байдлаар уг захын газар эзэмших эрхийн гэрээ, хэрэгжилт сөрөг, гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гарсан талаар албан ёсны дүгнэлт аймгийн Засаг даргад ирүүлээгүй байгаа учир гэрээний хэрэгжилт хангалтгүй гэж үзэж гэрээг цуцлах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл байхгүй болно. Иймд аймгийн Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хууль болон Засгийн газраас тогтоосон журамд нийцэж гарсан тул нэхэмжлэгч нарын тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Ж.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх газрыг 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр А-250 дугаар дуудлага худалдаа явуулах захирамжийн дагуу Зууны мэдээ сонинд гарсан зарын дагуу дуудлага худалдаагаар газраа авч Б.Э*******ад газраа шилжүүлсэн. Дуудлага худалдаа хууль журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн газар эзэмшүүлэх эрхээ хуулийн дагуу шилжүүлж авсан гэж үзэж байна. Намайг газар авсанаас хойш маргаан үүсээд хуучин үйл ажиллагаагаа л эрхэлж байгаа. Маргаан шийдэгдээгүй байгаа учир өөрийн төлөвлөсөн үйл ажиллагааг явуулж чадахгүй байгаа. Газрын төлбөрөө төлж байсан гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 1999 оноос хойш түүхий эдийн зах нь Мөрөн сумын эзэмшил буюу хот тохижилтын эзэмшилд явсаар ирсэн. Тухайн газар дээр 100 гаруй иргэн үйл ажиллагаа явуулаад түрээс төлөөд явж байсан. Тэгээд 2011 онд Мөрөн сумын ИТХурал хот тохижилтын газар тухайн газрыг эзэмших гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гээд газрыг худалдах хүсэлтээ Хөвсгөл аймгийн Засаг даргад тавьж байсан. Тиймээс газрын худалдан борлуулах Мөрөн сумын ИТХурлын тогтоол гарсан. Түүний дагуу дуудлага худалдаа зохион байгуулсан. Дуудлага газрын дуудлага худалдаа нь хууль журмын дагуу явагдсан. Зууны мэдэээ сонинд зар гарсан. 100 гаруй түрээслэгчдийн хэн ч дуудлага худалдаанд орох эрх нь нээлттэй байсан. Журмын дагуу 45 хоногийн өмнө дуудлага худалдаа явуулах зараа гаргасан. Хамгийн өндөр үнэ хэлсэн хүн тухайн газрыг авсан. Түрээслэгч нараас газар эзэмших хүсэлт өгч байсан боловч газар, бусдын эзэмшилд байгаа учир давхцуулан олгох боломжгүй. Түүхий эдийн зах нь инжнерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой газарт орчихсон байгаа. Үүн дээр маргаад байх зүйл байхгүй. Нэхэмжлэгч 2 жил дараалан ашиглаагүй гэж байгаа боловч 2011 онд дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш тухайн газарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээслэгч нартай ойлголцохгүй байгаа болон гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй байна. Газрын төлбөрөө жил бүр төлөөд гэрээгээр заасан үүргээ биелүүлж байгаа учир захирамж хүчингүй болгох үндэслэл байхгүй. Цаашид 2 жил дараалан ашиглахгүй байх зэрэг өөр бусад зүйлд анхаарлаа хандуулан ажиллана. Ж.М*******аас Б.Э*******ад хууль бусаар газар шилжүүлсэн гэж байгаа боловч энэ эрх шилжүүлсэн үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан, холбогдох баримт материалаа бүрдүүлээд газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц*******, С.С*******, Д.Н*******, Д.Ж*******, Н.Д******* нар ньХөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29ий өдрийн А/314 дугаар захирамжийн хавсралтын 1-т заасан Ж.М*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыгхүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг. Маргааны зүйлийн талаар:

Хөвсгөл аймгийн Засаг даргын "Газар эзэмшүүлэх тухай" 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасанчлан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан гадагш дагаж мөрдөх заавал биелүүлэх шийдвэрт, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан албан тушаалтанд хамаарч байх тул дээрх маргаан нь тус Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн юм.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлэхээр сонгох боломжтойгоор хуульчилсан тул нэхэмжлэгч нар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангахаар Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу ирээгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Нэхэмжлэгч нарын хувьд "... Аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ныөдрийн захирамжийг тухайн үед мэдээгүй бөгөөд захирамж хууль бус талаар Засаг даргад аман хэлбэрээр олон ханддаг байсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар, нэхэмжлэгч нар олон удаа гомдол гаргаж явж байгаа гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлчийн тайлбар, мөнХөвсгөл аймгийн Засаг даргад хандахад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг тус газрын дарга Г.Цэнд-Аюушийн 2015 оны 0дүгээр сарын 24-ны өдрийн 4/145 тоотоор өргөдөлд хариу өгсөн байх тул нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй тул Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан болно.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Гуравдагч этгээд Ж.М******* нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/314 дүгээр "Газар эзэмшүүлэх тухай" захирамжаар Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрших, нэгж талбарын 201706926 дугаар бүхий 7314,5 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар түүхий эдийн захад худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 033365 дугаар гэрчилгээ авсан байна.

Дээрхи маргаан бүхий газар нь Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа болох нь цаашид холбогдохоор төлөвлөгдөж байгаа газрын байршлын зургийн архивын хуулбараар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т Аймгийн Засаг дарга нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу Мөрөн сумын Засаг даргын саналыг авсан болох нь Мөрөн сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 1/1319 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Хамгийн анх Маргаан бүхий газар буюу Түүхий эдийн зах нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байж, иргэдэд түүхий эдийн захын зориулалтаар үйлчилж байсныг тус сумын Тамгын газрын ня-бо Г.А*******газар эзэмших, гэрээ, гэрчилгээг олгож өгөх талаар хүсэлт гаргаснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр нэгж талбарын201706926 дугаар бүхий түүхий эдийн захын газрын эзэмшигчээр Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Янжиндулам, газар эзэмшүүлэгчийг төлөөлж Мөрөн сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан З.Соёлмаа нар гэрээ байгуулсан байна. /хх-47х/

Улмаар уг түүхий эдийн захыг аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 шийдвэрээр Хөвсгөл аймгийн Хот тохижилт үйлчилгээний компаний эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэж, 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн газар эзэмшүүлэх улсын бүртгэлийн 282 дугаар гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр Түүхийн эдийн зах нь Хөвсгөл аймгийн Хот тохижилт үйлчилгээний компаний мэдэлд аж ахуйн зориулалттайгаар шилжсэн байх бөгөөд улмаар уг газарт худалдаа, үйлчилгээ явуулах зорилгоор Түүхийн эдийн захын худалдаа үйлчилгээний байгууллага, иргэдтэй гэрээ байгуулж, иргэдийг төлөөлж Д.О*******, компанийг төлөөлж байцаагч н.Долгорсүрэн нар гэрээ байгуулж, тус компаний эзэмшлийн захад үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэээс ... сар бүр хураамж авч байхаар... тохиролцож гэрээ байгуулж байжээ. /хх-49,50,51,52х/

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 1/1319 тоот албан бичгээр Мөрөн сумын ЗДТГ-ын орон нутгийн өмчид байгаа Түүхий эдийн захыг түлш болон тээврийн үйлчилгээний чиглэлээр худалдаж борлуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлснээр Хөвсгөл аймгийн Засаг дарга 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай А/250 дугаар захирамж гарган ... Мөрөн сумын 5 дугаар багийн Түүхий эдийн зах байрлах 7314,5 м.кв газрыг түүхий эдийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх газрын дуудлага худалдааг 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ... явуулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар аймгийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А/277 дугаар захирамжаар газрын дуудлага худалдаа явуулах комисс байгуулснаар Өдөр тутмын Зууны мэдээ сонинд газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах урилгыг нийтэд зарласанаар /хх-117х/ иргэн Ж.М*******, Д.Д*******нар дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2011 олны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, дуудлага худалдаанд оролцож ялагч болсон Ж.М******* газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны үнэ болох үнэ 30,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх бөгөөд энэхүү газрын дуудлага худалдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "...газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..." гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Ийнхүү иргэн Ж.М******* нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно" гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар болон газар эзэмших 033365 дугаар гэрчилгээр Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших, нэгж талбарын 201706926 дугаар бүхий түүхий эдийн захын газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болжээ.

Ж.М******* нь хүсэлт гаргаж, өөрийн эзэмшлийн дээрхи газрыг бусдад шилжүүлэх хүсэлт гаргаснаар аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/120 дугаар шийдвэрээр иргэн Б.Э*******ад газар эзэмших эрх болон газрын зориулалт, гэрээнд заасан нөхцөлийн хамт шилжсэн нь 2014 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн 000483145 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрын эзэмших эрх бусдад шилжсэн эсэхэд маргаагүй, зөвхөн Ж.М*******т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон тул шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "нэхэмжлэл" гэж иргэн хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгоно гэж хуульчилсан байна.

Үүнээс үзвэл захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх бөгөөд шүүх түүнийг нэхэмжлэлийн үндсэн дээр хүлээн авч шийдвэрлэх ёстой.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "...биднээс түрээсийн төлбөр нэхэмжилдэг, бид түрээсийн гэрээгээр 1999 оноос хойш өдий хүртэл ажиллаж байгаа учир бид газар ашиглагч мөн, Ж.М*******аас Б.Э******* нь уг газрыг эзэмшихээр авсан юм бол бидний түрээсээр ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх, эсхүл бидний үл хөдлөх хөрөнгийн доорхи газрыг бидэнд эзэмшүүлэхээр зохих газарт хандаж шийдвэрлүүлэх... , Иймд бид эрхээ хамгаалуулж Ж.М*******т газар олгосон А/314 дугаар захирамжийг хууль бус захирамж гэдгийг хянуулж хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна" гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нарын субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дугаар захирамж нь хөндөөгүй, тэдний түрээсээр газар ашиглах, түүнчлэн өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн доорхи газрыг эзэмших эрхийг бусдаас шилжүүлэн авах эрхэд нь хамааралгүй байна

Мөн нэхэмжлэгч нарын газар эзэмших дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дуудлага худалдаа зарлагдсан хойно түүнд оролцохоор зохих ёсоор хандсаар байтал оролцох эрхийг нь эдлүүлээгүй үед л хөндөгдөх боломжтой юм. Харин дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхээмэдсэнээс хойш хуулийн хугацаанд гомдлоо зохих ёсоор гаргаагүй байна.

Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд л нэхэмжлэл үндэслэлтэй болох учир Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар Ж.М*******т газар эзэмшүүлэх тухай захиргааны актболон дуудлага худалдаа явуулсан үйл ажиллагаа нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй болох нь дээр дурдсан хуулийн заалт болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэдтогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нараас: Ж.М******* нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшихгүй байна, 2 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулсангүй нь төр газраа буцаан авах үндэслэл болно хэмээн тайлбарлаж байгаа боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д зааснаар "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" бол аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай боловч тухайн газарт өмнө ажиллаж байсан үйл ажиллагаа явагдаж байгаа, нэгэнт маргаан гарсан учир тохижуулах ажил явагдаагүй гэж гуравдагч этгээд тайлбарлаж байгаа тул түүний эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч нар нь Ж.М*******т бидний ашиглаж байгаа газрыг давхцуулан олгосон нь газрын тухай хуулийг зөрчсөн, бусдын газарт давхцуулан газар олгохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нар нь тухайн газарт газар эзэмшигч нартай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж ирсэн, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй гэж мөн өөрсдөө тайлбарладаг болон хэрэгт авагдсан түрээсийн гэрээ болон хариуцагчаас нэхэмжлэгч нар нь газар ашиглах, эзэмших эрхгүй гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул бусдын газарт иргэнд газар давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүх дээр дурьдагдсан зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийх үүрэгтэй тул Ж.М******* нь бусдад газар эзэмших эрхээ шилжүүлснээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар Ж.М*******т холбогдох хэсэг хүчингүй болж, иргэн Б.Э*******ад газар эзэмших эрх үүссэн захиргааны акт гарсан байх бөгөөд энэхүү захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 120 дугаар захирамж нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй байх тул үүнд дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, гуравдагч этгээд нарын шүүхэд ирүүлсэн болон хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Ц*******, С.С*******, Д.Н*******, Д.Ж*******, Н.Д******* нарын Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжийн хавсралтын 1-т заасан Ж.М*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4,31 дүгээр зүйлийн 31.1,38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ц*******, С.С*******, Д.Н*******, Д.Ж*******, Н.Д******* нарын Хөвсгөл аймгийн Засаг даргын 201оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/314 дүгээр захирамжийн хавсралтын 1-т заасан Ж.М*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН