Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 01824

 

МАГАДЛАЛ

 2020.08.26                                            Дугаар 1824

 

 

 

 

 

 

ИНЕГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01363 дугаар шийдвэртэй, ИНЕГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “МЭС” ХХК-д холбогдох тооцоо нийлэх гэрээний үүрэгт 16 757 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарта: Төрийн өмчийн хорооны 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 631 дүгээр тогтоолоор “МИАТ Агросервис” ТӨҮГ-ыг цогцолбороор нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдан 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 712 дугаар тогтоолоор “Моннис Интернэшнл” ХХК-д өмчлөгчийн эрх олгох шийдвэр гарсан. “МИАТ Агросервис” ТӨҮГ-ыг “Моннис Интернэшнл” ХХК-д хүлээлгэн өгөх ажлыг 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Актын (Д) өглөг хэсгийн 1-т Иргэний нисэхийн ерөнхий газарт 16 757 100 төгрөгийн өглөгтэй гэж заасныг “Моннис Интернэшнл” ХХК хүлээн зөвшөөрч, эрх бүхий албан тушаалтангууд нь гарын үсэг зурсан. Ийнхүү актын биелэлтийг хангуулах хүсэлтийг Төрийн өмчийн хороонд 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7/1479 тоот, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/2947 тоот албан бичгээр хүргүүлэхэд Төрийн өмчийн хорооноос “МИАТ Агросервис” ТӨҮГ-ыг цогцолбороор нь шинэ өмчлөгчид актаар хүлээлгэн өгсөн тул уг төлбөрийн талаар “Моннис Интернэшнл” ХХК-д хандах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн. Иргэний нисэхийн ерөнхий газраас “МЭС” ХХК-д өр төлбөр барагдуулах тухай 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/540 тоот, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/3580 тоот албан бичиг хүргүүлсэн. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийг хувьчлалд бэлтгэх, хувьчлагдсан аж ахуйн нэгжийг хүлээлгэн өгөх журмын 10-т “Хувьчлагдсан аж ахуйн нэгжийг хүлээлцэх үед шилжиж ирсэн, холбогдох байгууллагатай тооцоо нийлж акт, баримтаар тодорхойлогдсон өр, зээлийг шинэ өмчлөгч хариуцан, цаашид төлж барагдуулах ажпыг хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу “МЭС” ХХК-аас 16 757 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 631 тоот тогтоолоор “МИАТ Агросервис” ТӨҮГ-ыг цогцолбороор нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдан 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 712 тэот тогтоолоор “Моннис интернэшнл” ХХК-д өмчлөгчийн эрх олгохоор шийдвэрлэсэн байдаг. Улмаар “МИАТ Агросервис” ТӨҮГ-ыг “Моннис интернэйшнл” ХХК-д хүлээлгэн өгөх актын өглөг хэсгийн 1-т Иргэний нисэхийн ерөнхий газарт 16 757 100 өглөгтэй гэж дурдаад талууд гарын үсэг зурсан. Төрийн өмчийн хорооны хорооны 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 562 дугаар тогтоолын хавсралт болох Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийг хувьчлалд бэлтгэх, хувьчлагдсан аж ахуй нэгжийг хүлээлгэн өгөх журмын 10-т “Хувьчлагдсан аж ахуй нэгжийг хүлээлцэх үед шилжиж ирсэн, холбогдох байгууллагатай тооцоо нийлж акт, баримтаар тодорхойлогдсон өр, зээлийг шинэ өмчлөгч хариуцан, цаашид төлж барагдуулах ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж заасан. Иймд манай компани уг өр, төлбөрийг хариуцахгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Тээврийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хяналтын прокурор Б.Чинзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийн дагуу “МИАТ Агросервис” ТӨҮГ-ыг дуудлага худалдаагаар худалдан “Моннис Интернэшнл” ХХК-д шилжүүлсэн бөгөөд тухайн үед “МИАТ Агросервис” ТӨҮГ-т үүссэн 16 757 100 төгрөг өрийг “Моннис Интернэшнл” ХХК хариуцан төлөхөөр тохиролцсон байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар “МИАТ Агросервис” ТӨҮГ-ын нэрийг “Моннис эйр сервис” ХХК болгон өөрчилсөн. Мөн дээрх өр төлбөрийг “Моннис эйр сервис” ХХК-ийн төлөөлөл, ИНЕГ-ын төлөөлөлтэй 2015 онд өр, төлбөрийн тооцоо нийлэхдээ хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд хангуулж шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МЭС” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 757 144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨААТҮГ-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 241 735 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч “МЭС” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 241 735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Төрийн өмчийн хорооны 2006 оны 12 дугаар сарын 19-ний өлрийн 631 дугаар тогтоолоор “МИАТ Аргосервис” төрийн өмчит үйлдвэрийн газрыг цогцолбороор нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авч 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 712 дугаар тогтоолоор “Моннис интернэйшнл” ХХК-д өмчлөгчийн эрх олгохоор шийдвэрлэсэн. Улмаар “МИАТ Агросервис” Төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Моннис интернэйшнл” ХХК-д хүлээлгэн өгөх актын өглөг хэсгийн 1-т Иргэний нисэхийн ерөнхий газарт 16 757 100 өглөгтэй гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...”Моннис эйр сервис” ХХК болон ИНЕГ-ын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж, төлбөр төлөгч “Моннис эйр сервис” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газарт 18 723 677 төгрөгийн өглөгтэй байгаа талаар зохигчид маргаагүй хэмээн дүгнэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудаас гаргаж өгсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн бодитой, цаг хугацааны дэс дараалалтай дүгнээгүй. “Моннис эйр сервис ХХК болон ИНЕГ-ын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж, төлбөр төлөгч “Моннис эйр сервис” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газарт 1 606 533 төгрөгийн өглөгтэй байгаа талаарх нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж, төлбөр төлөгч “Моннис эйр сервис” ХХК нь нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт 16 757 100 төгрөг биш 18 723 677 төгрөгийн өглөгтэй байсан. Энэ нь талуудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үүссэн өмч хувьчлалын асуудалтай ямар ч холбоогүй асуудлыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын хэмжээнд үнэлсэн буруу. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь Ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар” биш, ИНЕГ-ын “хуулбар үнэн” гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд зохигчид уг хэлцэл байгуулагдсан талаар маргаагүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар дээрх баримтыг шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шаардлага хангаагүй баримтын талаар сануулахад нотариатаар баталгаажуулсан баримтуудыг нь нотлох баримтын хэмжээнд үнэлнэ хэмээн шүүгч тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болох 2011 оны 9 дүгээр сарын сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагааг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагч “МЭС” ХХК-д холбогдуулан тооцоо нийлэх гэрээний үүрэгт 16 757 144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч “МИАТ Агросервис” ТӨҮГ-ыг дуудлага худалдаагаар “Моннис интернэшнл” ХХК нь худалдан авсан тул төлбөрийг тус компаниас нэхэмжлэх ёстой, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.

 

“Моннис интернэшнл” ХХК нь Төрийн өмчийн хорооны 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 631 дугаар тогтоолоор “МИАТ Аргосервис” ТӨҮГ-ыг цогцолбороор нь худалдахаар шийдвэрлэсний дагуу “МИАТ Аргосервис” ТӨҮГ-ыг  худалдан авч өмчлөх эрхийг шилжүүлсэн нь тус хорооны 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 712 дугаар тогтоолоор тогтоогджээ. Мөн “МИАТ Аргосервис” ТӨҮГ-ын оноосон нэрийг 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Моннис эйр сервис” ХХК гэж өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдсон байна./хх-61-63/

Хэргийн 4 дүгээр талд авагдсан 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Аргосервис” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, дуусгалтын тайлан тэнцлийг гаргаж, “Моннис интернэшнл” ХХК-д жагсаалтаар хүлээлцсэн тухай “актын “Д” хэсэгт тус газар нь Иргэний нисэхийн ерөнхий газарт 16 757 144 төгрөгийн өглөгтэй талаар тусгасан.

 

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар болон хариуцагч “Моннис эйр сервис” ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус хоёр байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлж төлбөр төлөгч “Моннис эйр сервис” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газарт 18 723 677 төгрөгийн өглөгтэй бөгөөд уг тооцооны жагсаалтад “...2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 712 дугаар тогтоолоор “МИАТ Агросервис” ХХК-ийн 16 757 144 төгрөгийн өглөг” гэж заасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан бөгөөд хэрэгт “МИАТ Аргосервис” ХХК-ийн төлөх төлбөрийг Иргэний нисэхийн ерөнхий газар 2008, 2011 онуудад Төрийн өмчийн хорооноос, 2017, 2019 онуудад “МЭС” ХХК-аас шаардаж, албан бичиг хүргүүлж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймд энэ талаархи хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх  нотлох баримтыг хуульд журмын дагуу үнэлж, “МЭС” ХХК-аас 16 757 144 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 241 735 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                             Д.БАЙГАЛМАА