Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 127/2017/0009/З |
Дугаар | 221/МА2017/0589 |
Огноо | 2017-08-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2017/0589
2017 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2017/0589 | Улаанбаатар хот |
“Х” аймгийн “Х” сумын 5 дугаар
багийн иргэдийн Нийтийн Хурлын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан хийж, “Х” аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Х” аймгийн “Х” сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, “Х” аймгийн “Х” сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, 3 дугаар хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Х” аймгийн “Х” сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8 тоот тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсныг хариуцагч “Х” сумын Засаг дарга шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч “Х” сумын Засаг дарга Ц.И-д даалгаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад шаардлага буюу “Х” аймгийн “Х” сумын 5 дугаар багийн Засаг даргаар гуравдагч этгээд Ц.Б-ийг томилохыг хариуцагч “Х” сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Х” сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь “Х” сумын Засаг дарга Ц.И нь “Х” сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, уг тогтоолын биелэлтийг хангаж, Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Б-ийг томилох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан.
Тус нэхэмжлэлийг “Х” аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Х” аймгийн “Х” сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8 тоо тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсныг хариуцагч “Х” сумын Засаг дарга шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч “Х” сумын Засаг дарга Ц.И-д даалгаж, “Х” аймгийн “Х” сумын 5 дугаар багийн Засаг даргаар гуравдагч этгээд Г.Б-ийг томилохыг хариуцагч “Х” сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Сумын Засаг даргын шийдвэр гаргахдаа сонгох болохмж хэрэгжүүлэх хуулийн хугацаа дуусгавар болсон.
Шүүхийн шийдвэрт “Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар тогтоол ирүүлсний дагуу дээд шатны Засаг дарга томилох, эсхүл томилохоос татгалзах эрхийг хуулиар олгосон тул хариуцагч “Х” сумын Засаг даргад “Х” сумын 5 дугаар багийн Засаг даргаар гуравдагч этгээд Г.Б-ийг томилсон шийдвэр гаргахыг шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч тухайн асуудлыг шийдвэрлэхээ Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “сонгох боломж”-ийг хэрэглэх боломжтой юм” гэж дүгнэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасан. Энэхүү сонгох боломж өөрөө захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нэг бөгөөд шийдвэр гаргах хугацааны дотор хэрэгжүүлэх боломжтой.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно" гэж заасан. Хуулиар дээрх хугацааг тодорхойлно.
Багийн иргэдийн Нийтийн Хурлаас сумын Засаг даргад өөрийн багийн Засаг даргаа томилуулахаар санал болгож буй үйл ажиллагаа нь өөрөө иргэний байгууллагаас /иргэд/ төрийн захиргааны албан тушаалтанд гаргаж буй өргөдөл юм.
Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2 дахь заалт, 16 дугаар зүйлд заасан хугацааг баримтална” гэж заасны дагуу тус харилцаанд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах хуулийг баримтлана.
Тус хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаар шийдвэрлэх хугацааг тодорхойлж өгсөн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-д заасны дагуу “томилох, томилохоос татгалзах” гэх хоёр сонгох боломжийн алийг хэрэгжүүлэх вэ? Гэдгийг шийдвэрлэх үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасан 30 хоног буюу 2017 оны 01 дзүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болно.
Хуульд заасан хугацаанд шийдвэрлэх эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаа явуулаагүй, сонгох боломжоо хэрэгжүүлээгүй бол захиргааны хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэх боломж эрх хуульд зааснаар дуусгавар болж зөвхөн хуульд заасныг биелүүлэх /бие даан шийдвэрлэхгүй/ үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэнэ.
“Х” сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан шийдвэрийг гаргах боломжгүй бөгөөд зөвхөн хуульд заасан үндсэн чиг үүрэг болох 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар “томилох” үүргийг гүйцэтгэнэ.
Иймд “Х” сумын Засаг даргыг тус үүргээ гүйцэтгэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж Г.Б-ийг “Х” сумын Өндөрхаан багийн Засаг даргаар томилохыг даалгах ёстой гэж үзэж байна.
“Х” аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, “Х” аймгийн “Х” сумын 5 дугаар багийн Засаг даргаар гуравдагч этгээд Г.Б-ийг томилохыг хариуцагч “Х” сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатны нэгж бөгөөд нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвартай.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд баг, хорооны Хурлын бүрэн эрхийг заасан бөгөөд 17.1.2 дахь хэсэгт зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, сумын Засаг даргад томилуулахаар уламжлах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь уг бүрэн эрхийн хэрэгжилтийн асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны байгууллагад, улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй гэж үзнэ. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын даргын нийтлэг бүрэн эрх, түүний дотор 22.1.14 дэх хэсэгт заасан “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх” бүрэн эрхийг баг, хорооны Хурлын дарга эдлэхгүй гэж үзэхгүй гэжээ.
“Х” аймгийн “Х” сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан багийн нийтийн хурлын хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж шийдвэр үйл ажиллагаанд нь оролцож Өндөрхаан буюу 5 дугаар багийн нийтийн хурлын эрх, хууль ёсны эрх ашигт халдаж эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй болно. Мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар доот шатны засаг даргыг томилох эрхээ хэрэгжүүлэн тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлсэн одоо ажиллаж буй Засаг даргыг томилох эсэх асуудлыг шийдвэрлэж байна.
Хариуцагч нь иргэдийн Нийтийн Хурлыг Засаг дарга нэр дэвшүүлэх эрхгүй, иргэдийн Нийтийн Хурлын дарга тухайн хурлаа төлөөлөх эрхгүй гэж маргаагүй бөгөөд иргэдийн Нийтийн Хурлаас тус сумын Засаг даргад холбогдуулан 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хууль бс эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, уг тогтоолын биелэлтийг хангаж, Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Б-ийг томилох шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаарлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж маргасан бөгөөд шүүх үүнд дүгнэлт өгсөнгүй.
Нэхэмжлэгч нь шүүхэд багийн нийт иргэдийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байна гэсэн бөгөөд энэ талаар ч тухайн дүгнэлт хийсэнгүй.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар багийн нийт иргэдээс итгэмжлэл авч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.
Гуравдагч этгээд маргаж буй асуудлаар шүүхэд хандаагүй талаар шүүх хуралдаанд тайлбар өгдөг.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл багийн иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг “Х” сумын Засаг дарга хөндөөгүй болох нь тогтоогдоно.
Иймд “Х” аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2017/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.
“Х” аймгийн “Х” сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь ““Х” сумын Засаг дарга Ц.И “Х” сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, уг тогтоолын биелэлтийг хангаж, Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Б-ийг томилох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ““нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор зохицуулжээ.
Багийн Засаг даргыг сонгох, томилохтой холбоотой багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын Засаг даргын хоорондын харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан байгаа бөгөөд нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй харилцаа байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “хуульд тусгайлан заасан бол” захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн Засаг даргыг сонгох, томилохтой холбоотой багийн иргэдийн Нийтийн Хурал нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Х” аймгийн “Х” сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх “Хариуцагч нь дээрх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй, 6 сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа нь хууль бус бөгөөд үүний улмаас нутгийн өөрөө удирдах байгууллага болох “Х” сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал болон багийн Засаг даргад нэр дэвшигч Г.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. “Х” аймгийн “Х” сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан шаардлагыг хангахгүй байх бөгөөд Г.Б-ийн төрийн албанд сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзвэл тухайн иргэн холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. “Х” аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Х”н аймгийн “Х” сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нэхэмжлэлтэй, “Х” аймгийн “Х” сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, ““Х” сумын Засаг дарга Ц.И “Х” сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, уг тогтоолын биелэлтийг хангаж, Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Б-ийг томилох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ