Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 185

 

                                                                           

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                               М.Энхбаатар

 Нарийн бичгийн дарга Л.Энхтайван нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Билгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731000000093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 18 дугаар байр 02 тоотод оршин суудаг, Улаанбаатар төмөр замын харъяа Сүхбаатар Депод туслах машинист ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 72 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 04 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Тайчууд овогт Зоригтын Билгүүн /РД:МЮ-77102471/

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч З.Билгүүн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 18 дугаар байрны 02 тоотод оршин суух гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Н.Нарантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Билгүүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 18-нд ажилдаа яваад илчит тэргэнд хүнд гэмтэл учруулсан. Тэгээд намайг ажлаас хална, төлбөр төлнө, тушаал бууруулна гэсэн арга хэмжээ авна гэхээр нь сэтгэл санаагаар унаад архи ууж гэртээ ирээд эхнэртээ агсан тавиад ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг

Хохирогч Н.Нарантуяагийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө манай нөхөр 06 цагийн үед ажилтай гээд гэрээсээ гараад явсан. Үдээс хойш би хүүхдийнхээ сургууль дээр нь ангийн багштай нь уулзаж хүүхдийнхээ сурлага болон хүмүүжлийн талаар багштай уулзаж хэр байгаа талаар асуугаад байж байхад манай нөхөр над руу гар утсаараа залгаад би гэрт ирсэн байна, хүрч ирээд хоол хийгээд өг гэхээр нь би багштай нь уулзаж дуусаад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай нөхөр гадуур хувцастайгаа том өрөөний газар хэвтэж байхаар нь би өөрийн хувцсаа тайлаад жижиг өрөөрүү орж гэрийнхээ хувцсыг өмсөх санаатай явж байхад манай нөхөр З.Билгүүн нь хэн бэ Нарантуяа юу хувцас тайл гэхээр нь би өөрөө тайл чи гар хөлгүй юм уу гэсэн чинь том өрөөнөөс жижиг өрөөнд хүрч ирээд юу гээд томроод байгаа юм бэ шилэн хүзүүнээс хүзүүдэж аваад ор руу түлхэж унагаагаад дээр гараад миний хоолойг багалзуурдаад дарахаар нь гарыг нь түлхээд хажуу тийш болгоод жижиг өрөөнөөс гарч гүйгээд хаалгаар гарах гэсэн чинь араас хүрээд ирэхээр нь том өрөө рүү ороход хувцснаас татаад газар унасан. Тэгээд миний хоолойд баруун гараараа боож байгаад зүүн гараараа нүүр рүү цохисон. Гарыг нь тавиулахад нөгөө гараараа миний цээж рүү цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад би дээрээсээ буулгах гэж хэд хэдэн удаа оролдоод би чадахгүй байсан. Тэгсэн манай нөхөр босоод чи босоод ир гэж миний цамцнаас татаж босгож ирээд миний баруун хэвлий орчим нэг удаа хөлөөрөө өшиглөхөд нь би газар унахад манай нөхөр босоод ир гэж хэлэхээр нь би босоод чамайг цагдаад өгнө гэж хэлэхэд манай нөхөр намайг гудсан дээр дараад чамайг гаргахгүй би дахиж тэгэхгүй намайг уучлаарай би архи уухгүй гэж хэлээд намайг босгохгүй хэсэг дарж байгаад босоод гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөрийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө хичээлдээ ирээд, урлагийн үзлэгийг давтах гээд байж байхад ээж гэр лүүгээ явлаа аав чинь согтуу гэртээ ирсэн байна чи өнөөдөр найзындаа хоночих гэж хэлээд явсан. Би тэр өдөр найзындаа хоноод дараа өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сургууль дээрээ хичээлтэй байхад манай ээж ирээд надаас түлхүүр аваад явсан. Тухайн үед ээжийг түлхүүр авах гээд ирэхэд баруун талын шанаа нь хавдаад баруун эрүү орчим улайж хөхөрсөн байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад манай ээж аав чинь согтуу ирээд ээжийг нь цохьчихлоо гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/

Гэрч Б.Мөнхбатын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүнд их тусархуу онолын мэдлэг маш сайн бусаддаа гайхагддаг. Хамт олон дундаа нэр хүндтэй ажил хийсэн бол дуусгаж байдаг махруу ажлаас хойш суугаад байдаггүй. Бусдыг уриалаад хийж чаддаг. Зөв яриа бодолтой нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй. Уг нь гэр бүлдээ эвтэй, сэтгэл сайтай болохоор найз нөхөд олонтой л хүндээ. Гэр орныхоо ажлыг хийдэг эхнэртээ тусалдаг уг нь маш сайн залуу шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/

Гэрч Л.Эрдэнэбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би З.Билгүүнтэй 2004 оноос Сүхбаатар зүтгүүрийн Депод ажилд орсноос хойш мэддэг болж найзалж нөхөрлөх болсон. Манай найз уг нь их зөв бодол зөв яриа хөөрөөтэй хүн. З.Билгүүн нь 2013 онд баяр тэмдэглэж яваад хүмүүстэй муудалцаад хэрэгт холбогдоод ажлаасаа хэсэг гарсан. Тэгээд буцаж ажилдаа ороод одоо ажиллаж байгаа. Ажилд орсноосоо хойш архи хэрэглэхгүй л байгаа даа. Тэгсэн сая ажил дээр нэг ажлын алдаа гаргаад тэрнээсээ болж уусан юм шиг байгаан юм. Хамт олон дундаа нэр хүндтэй, ажилсаг, хөдөлмөрч одоо туслах машинч хийж байгаа ч өмнө нь машин ч хийж байсан туршлагатай ажил мэргэжилдээ бусдыгаа манлайлж онолын талын мэдлэгээрээ сайшаагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/

Гэрч М.Мөнхзулын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажилд ороод удаагүй болохоор З.Билгүүний талаар сайн мэдэхгүй. Н.Нарантуяа эгчтэй 2-3 удаа таарч байсан. Биед ил харагдах шарх сорви ажиглагдаж байгаагүй. З.Билгүүний амьдардаг байр хажуу айлын хөрш айлын хүмүүсээс нь гэр бүлийн хүчирхийллийн талаар надад ямар нэгэн мэдээллэл ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн №372 дугаартай:

“1.Н.Нарантуяагийн биед эрүү, хүзүү, цээжний урд хэсэг, мөр дал, сүвээ, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүлм эндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-34 дүгээр тал/

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар тал/

Сүхбаатар Депогийн даргын тодорхойлолт /хх-ийн 36-37 дугаар тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/

З.Билгүүний 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

          Шүүгдэгч З.Билгүүн нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 18 дугаар байрны 02 тоотод оршин суух гэртээ эхнэр Н.Нарантуяатай маргалдан түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 09-10/, насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөрийн /хх-ийн 11/ мэдүүлгүүд болон шинжээчийн 372 тоот дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Нарантуяагийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч З.Билгүүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч З.Билгүүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэв.

   Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Билгүүн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

    

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тайжууд овогт Зоригтын Билгүүнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Зоригтын Билгүүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан З.Билгүүнд оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан З.Билгүүн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

           5.Ялтан З.Билгүүн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн иүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           6.Ялтан З.Билгүүнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 ДАРГАЛАГЧ                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

.