Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/175

 

 

 

 

      2023           02            09                                    2023/ДШМ/175

 

Г.Эод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Г.Э,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/951 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2211000001537 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Лут овгийн Гандашийн Энхболд, 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид в-12 дугаар гудамжны 480 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ВК80101311/;

Г.Э нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох цагдаа зохицуулагч Б.Мөнхбаяр, мэдээлэл технологийн инженер М.Өнөрцэцэг нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн Б.Мөнхбаярын хоолойг боож, М.Өнөрцэцэгийн нүүр рүү 1 удаа тохойгоороо цохиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Лут овогт Гандашийн Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь эрх бүхий байгууллагын хяналтан дор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч Г.Э нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сольж болохыг сануулж, шүүгдэгч Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Өнөрцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.

Миний бие хувийн байдлын хувьд эхнэр, 4-14 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Өндөр настай эцэг, эхийгээ байнга асран хамгаалдаг. Том хүү маань хөгжлийн бэрхшээлтэй, байнга эмнэлгийн хяналтад байдаг, эмнэлгээр явах ажил ихтэй байдаг тул зорчих эрхийг хязгаарлах ял нь миний амьдралд хүндээр тусч байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.

Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, зөв хүн болон төлөвшин амьдрах болно. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Г.Э нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох цагдаа зохицуулагч Б.Мөнхбаяр, мэдээлэл технологийн инженер М.Өнөрцэцэг нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн Б.Мөнхбаярын хоолойг боож, М.Өнөрцэцэгийн нүүр рүү нэг удаа тохойгоороо цохиж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Г.Эын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-22/, Б.Мөнхбаярын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-24/, дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36-37/, сиди бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 38/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Б.Мөнхбаярын “...Миний бие Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагч ажилтай. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зүүн талын нарийн замын орчимд 15 цагийн үед үүрэг гүйцэтгэж байхдаа 15-45 УНК улсын дугаартай Прадо-95 загварын автомашиныг зогсоож шалгахад жолооч болон урд талын суудал дээр сууж явсан зорчигч нар хамгаалах бүс зүүгээгүй дүрэм зөрчин явж байсан. Гаргасан зөрчлийн дагуу иргэн Г.Эыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20.000 төгрөгөөр торгож, 1 оноо хасаж арга хэмжээ тооцно гэхэд зөрчлөө хүлээн зөвшөөрөлгүйгээр өөдөөс хэл амаар доромжлон “яахаараа 20.000 төгрөгөөр торгодог юм. 7.600 төгрөгөөр торгодог биз дээ, хэзээ оноо хасдаг болчихсон юм” гэж хэлээд явах гэхээр нь би машиных нь хаалгыг онгойлгох үед машинаасаа бууж ирээд миний биед халдаж, энгэрээс заамдан авч эсэргүүцэл үзүүлсэн. Миний өмсөж явсан хар өнгийн поло футболкоор хоолойг боосон бөгөөд одоо миний хүзүү хэсэгт улайчихсан байна. Тэр хүн миний биед зөвшөөрөлгүйгээр халдаж байх үед би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ба хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч М.Өнөрцэцэг нь салгах гээд ирэх үед Г.Э нь тохойгоороо М.Өнөрцэцэгийн шанаан тус газарт цохиж гэмтэл учруулсан. ...” /хх 3-5/,

хохирогч М.Өнөрцэцэгийн “...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Б.Мөнхбаярын хамт хяналт шалгах явуулах явцад 15-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад жолооч Г.Э болон хамт зорчиж байсан зорчиг нар хоёулаа хамгаалах бүс хэрэглээгүй байсан тул хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох явцад эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн алба хаагчийн энгэрээс заамдаж аваад элдэв бусын хараалын үг хэллэгээр доромжлоод байхаар нь би очиж салгах явцад тухайн жолооч миний зүүн хацар хэсэг рүү тохойгоороо цохьсон. ...Хамт үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Б.Мөнхбаярын хоолойг боочихсон янз бүрийн хараалын үгээр хэлэх хууль бус үйлдэл гаргаж байхад нь салгахаар очиход миний зүүн хацар хэсэгт тохойгоороо нэг удаа цохьсон. Түүнээс өөрөөр зодож, цохьсон асуудал байхгүй. Харин хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай хэрэгсэл хэрэглэж тухайн иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоож баривчилсан. Би албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад зодуулсандаа гомдолтой байна. Миний шүд уначихсан маш их өвдөлттэй байна. ...” /хх 6-8/,

гэрч А.Анхболдын “...жолооч болон шалгаж байсан цагдаа нар хоорондоо юм ярьж байснаа жолооч нь гэнэт нөгөө цагдаагийн энгэрээс нь заамдаж аваад боосон. Тухайн үед цагдаагийн алба хаагч ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд боож байх явцад нь эмэгтэй цагдаагийн алба хаагч өөр машинаас бууж ирээд салгасан. Салгах явцад нөгөө жолооч эсэргүүцэл үзүүлж, гар хөлөө саваад байсан. Хаашаа, яаж цохиод байсныг анзаараагүй ч тэр эмэгтэй алба хаагчийн амнаас цус гарч байгаа харагдсан. Нөгөө хүн тавьсан шаарлагыг нь биелүүлэхгүй орилоод, тэр хавиар асуудал үүсгээд яваад байсан. Тэгээд би машиныг нь ачаад аваад явсан. ...” /хх 12-13/,

гэрч Ж.Эрдэнэ-Очирын “...цагдаагаас “бүсээ зүүгээгүй байна, бүсээ зүү, торгуулийн арга хэмжээ авна” гэж хэлэхэд нь “оноо битгий хасаарай” гэж хэлээд Энхболд автомашинаас буусан. Тэгэхээр нь би мөн автомашинаас буусан. Цагдаагийн араас очтол “бичиг баримтаа очоод аваад ир” гэхээр нь Энхболд буцаад автомашиндаа очиж суугаад бичиг баримтаа хайж байсан. Тэр үед автомашин асаалттай байсан ба хайж байх үед нь цагдаа очоод автомашиныг нь унтрааж, түлхүүрийг нь аваад манай найзыг татаж буулгасан. Тэгээд манай найзыг хойд талд нь гарыг нь өчихөөр нь би очоод салгах гэхэд араас нэг эмэгтэй цагдаа ирээд намайг татаж холдуулаад тухайн хоёр алба хаагч Энхболдыг гавласан. Манай найзыг цагдаагийн байгууллага руу авч яваад автомашиныг ачаад аваад явсан. ...” /хх 16-17, 19/,

яллагдагч Г.Эын “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан төлбөр мөнгө байгаа бол би чадахаараа төлж барагдуулна. ...” /хх 58-59/ гэсэн мэдүүлгүүд,

“...Б.Мөнхбаярын биед хүзүүний цус хуралт, баруун гарын дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. ...” гэх 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11479 дугаар /хх 27-29/,

“...М.Өнөрцэцэгийн биед зүүн доод 7 дугаар шүд булгарал, зүүн завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн цадварыг 5 хувь тогтонги алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. ...” 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11480 дугаар /хх 30-31/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Г.Эыг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдолдоо “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөхийг даалгаж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсэгт “...Дараахь үндэслэлээр прокурорын зөвшөөрснөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд өөрчилж болно” гэж хуульчилсан бөгөөд хэрэв шүүгдэгч Г.Э нь давж заалдах гомдолд дурдагдсанаар “өндөр настай эцэг, эхийгээ асран хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн хяналтад байдаг хүүхдээ үзүүлэх” зэрэг зайлшгүй шаардлага гарсан үед нотлох баримтаа цуглуулан хуульд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг өөрчлүүлэх боломжтой.

 Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/951 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/951 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ