Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан М.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0235 80311 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.У, 1991 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нисдэг машин төв”-д оёдолчин ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 3-53 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.У нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Мөн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Голден пэн” төвийн урд хохирогч А.Одмаагийн Самсунг нөт 3 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хуул бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна. Улсын яллагчийн ялын саналыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 5-ны өглөө гэрээсээ өглөөний гүйлтэнд гараад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол эргээд 13-ын замаар доошоо гүйж байх үед өглөөний 6 цаг өнгөрч байх үед байшингийн булан хавьцаа 25 орчим насны эрэгтэй хүн зогсож байх шиг харагдтал тэр хүн намайг дуудах шиг болсон. Тэр үед би нэг л биш болох нээ гэж бодоод машин зам руу гараад цааш гүйж байх үед араас хүрч ирээд намайг зодож эхэлсэн. Тэр үед машин иртэл нөгөө залуу тухайн үед цааш явчихсанаа дахин эргэж ирээд намайг 2-3 удаа нүүрэн тус газарт цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг. /хх92-96/,

Гэрч Г.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сүлд 10-аас Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Жаст ойл” шатахуун түгээх станцын хажууд үл таних залууд зодууллаа гэх дуудлагыг 06 цаг 10 минутанд хүлээн аваад очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байр 30 тоотод оршин суух хаягтай Д.Оюунчимэгийг үл таних 20-25 орчим насны согтууруулах ундаа хэрэглэсэн байсан залуу зодчихоод зугтаасан байсныг хохирогч Д.Оюунчимэгийн хамт яаралтай эрэн сурвалжилж олж тогтоосон. Би хохирогч Д.Оюунчимэгийг ээжийнх нь хамт дагуулан эрүүлжүүлэх байранд аваачиж уг залууг таниулах ажиллагаа хийлгэхэд хохирогч Д.Оюунчимэг нь өөрийг нь зодсон залуу мөн болохыг шууд таньж заасан...” гэсэн мэдүүлэг. /хх100-101/,

Хохирогч А.Одмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Голден пэн” төвийн орчим хүн хүлээгээд зогсож байсан. Тэгэхэд үл таних 25-30 орчим насны залуу ирээд эгчээ гар утсаараа яриулаач гэж хэлэхээр нь би өөрийн утас нь дээр дугаарыг нь хийгээд зогсож байтал миний гар утсыг булааж аваад Голден пэн төвийн зүүн талаар урагшаа гүйгээд явсан. “...Тэгээд нөгөө миний утсыг авч явсан залуу сууж байхаар нь чи миний гар утсыг өгөөч гэхэд нөгөө залуу дахин машинтайгаа зугтаасан, би машины дугаарыг нь харсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12630 дугаартай дүгнэлт:

  1. Д.Оюунчимэгийн биед  тархи доргилт, дух хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал цус хуралт, хамрын яс ба таславчийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо 1-2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой,
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашил гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх108-110/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ууганбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,

-Мөн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Голден пэн” төвийн урд хохирогч А.Одмаагийн Самсунг нөт 3 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хуул бусаар авсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Ууганбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг,

-мөн бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч М.Ууганбаатарын үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогч нарт учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.У нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч А.Одмаа, Д.Оюунчимэг нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-40/ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д -д зааснаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Шүүх уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзан, тодорхой үүрэг хүлээлгэхээр шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэрэг,

-бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар М.У-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, өөрийн зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, М.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У-т хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР