| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00203/И |
| Дугаар | 157/ШШ2024/00200 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 157/ШШ2024/00200
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Тд холбогдох “1,862,407 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Т нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай компанитай БҮГ-0386/22+2 тоот “Гap утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Самсунг 33 загварын гар утсыг 12 сарын хугацаатай, cap бүр 132,000 төгрөг төлөх нөхцөлтэй, ************** дугаарыг сарын 22,000 төгрөгийн багцтайгаар ашиглаж эхэлсэн.
Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 620,803 төгрөг нийт 1,862,407 төгрөгийн төлбөрийг С.Таас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ... сум ... дугаар багт оршин суух, ***************** регистрийн дугаартай М овогт С-гийн Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Содхүү овогтой Т нь 1,862,407 төгрөгийн утасны төлбөр гарсныг хүлээн зөвшөөрч байна. Төлөлтийг 11 сарын 25-аас эхлэн сар болгоны 25-нд 6 хувааж төлж дуусгах хүсэлтэй байна. 11 сарын 25-аас эхлэн сар болгоны 25-нд 310,401 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч С.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,862,407 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч С.Т нь 1,862,407 төгрөгийг “Ж” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн БҮГ-0382/22+2 дугаартай “Гap утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ"-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2884 дугаартай нэхэмжлэх, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,862,407 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,862,407 (нэг сая найман зуун жаран хоёр мянга дөрвөн зуун долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,748.51 төгрөгийн тавин хувь 22,374.2 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,374.2 төгрөгийг, хариуцагч С.Таас улсын тэмдэгтийн хураамж 22,374.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжилсэн 1,862,407 (нэг сая найман зуун жаран хоёр мянга дөрвөн зуун долоо) төгрөгийг хариуцагч С.Т нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 44,748.51 төгрөгийн тавин хувь 22,374.2 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,374.2 төгрөгийг, хариуцагч С.Таас улсын тэмдэгтийн хураамж 22,374.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР