| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00195/И |
| Дугаар | 157/ШШ2024/00205 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2024/00205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “Х” ХХК /....../-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Өыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г-ийн Ө (РД:.......) нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1430086619 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 17,291,825.74 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлдэгч Г.Өын Х дахь 5005641581 тоот дансанд 17,291,825.74 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Г.Ө нь тухайн үед Дорноговь аймаг Иххэт сум 3-р баг, Мааньт 9 тоотод оршин суудаг байсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 1,408,444.93 төгрөг, зээлийн хүү 711,727.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 960.02 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430086619 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 04 сарын 16-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлж 256 хоног болж байна. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ээж Г-тэй очиж уулзсан боловч Улаанбаатар хот руу явсан гэсэн мэдээлэлтэй байгаа ба зээлдэгчтэй холбогдох гэсэн боловч хаяг дээрээ байхгүй мөн утасны дугаар нь холбогдох боломжгүй байгаа тул Г.Өыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 онд Хны интернэт банкийг ашиглаад зээлдэгч Г-ийн Ө нь онлайн цалингийн зээлийг интернэт банкаараа гэрээ байгуулан авсан. Улмаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Бид нар интернэт банканд бүртгэлтэй утасны дугаар, холбогдох хүмүүс рүү нь холбогдох гэсэн боловч боломжгүй байсан. Гэрийн хаяг дээрээ байхгүй гэсэн мэдээлэл авсан болохоор энэ нэхэмжлэлийг гаргасан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
“Х” ХХК нь зээлдэгч Г.Өтай 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1430086619 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,291,825.74 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон бөгөөд Г.Ө нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Өыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Өыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г-ийн Ө нь ..... регистрийн дугаартай, ... аймгийн .... сум ... дугаар баг ...тоотод оршин сууж байсан, .....т ажиллаж байсан, утасны дугаар нь ..., дүү ... гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар .... регистрийн дугаартай Г-ийн Өыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Өыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР