Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 157/ШШ2024/00212

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Э-т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 6,458,133.93 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М  овогтой Э- нь манай компанитай 2023 оны 11-р сарын 13-ны өдөр дугаартай L35000866 "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч М овогтой Э-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас ................... тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд 16500 төгрөг гарсан тул хариуцагч Мөнхбаяр овогтой Э-аас нийт 6,458,133.93 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн .. сум .. дугаар баг .. дүгээр байрны .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай Х овогт М-ын Э- шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Э- нь И ББСБ-аас нэхэмжилсэн 6,458,133.93 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь хариуцагч М.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,458,133.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч М.Э- нь 6,458,133.93 төгрөгийг “И ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн L35000866 дугаартай  цахим зээлийн эрх нээх гэрээ, М.Э-ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,458,133.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,458,133.93 (зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга нэг зуун гучин гурван бүхэл зууны ерэн гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,280.14 төгрөгийн тавин хувь 59,140.07 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 59,140.07 төгрөгийг, хариуцагч М.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 59,140.07 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6,458,133.93 (зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга нэг зуун гучин гурван бүхэл зууны ерэн гурав) төгрөгийг хариуцагч М.Э- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 118,280.14 төгрөгийн тавин хувь 59,140.07 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 59,140.07 төгрөгийг, хариуцагч М.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 59,140.07 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Э- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР