| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2203005000490 |
| Дугаар | 2023/ДШМ/189 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/189
2023 02 10 2023/ДШМ/189
Э.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор В.Батдэлгэр,
шүүгдэгч Э.Л, түүний өмгөөлөгч Х.Ургаа,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/828 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Л-ийн гомдлоор түүнд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Э-ийн Л, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, 0 боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хорооллын 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Содон хорооллын 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:00/.
Шүүгдэгч Э.Л нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун”-ы зүүн талын замд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 50 минутын үед Тоёота приус-30 маркийн 00 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно.”, а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа явсан “Nissan pulsar” маркийн 00 УБС, “Nissan Caravan” маркийн 00 УБЛ, Toyota Prado маркийн 00 УНК улсын дугаартай автомашинуудыг мөргөж, “Nissan pulsar” маркийн 00 УБС улсын дугаартай автомашины жолооч И.Б-н биед хүндэвтэр, /зорчигч Б.П-н эрүүл мэндэд хөнгөн/ хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас: шүүгдэгч Э.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Э-н Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Л-с 8,831,750 төгрөгийг гаргуулж хохирогч И.Б-д 2.518.050 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.З-д 535.900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.П-д 3.331.800 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч Г.Т-д 926.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Н-д 1.520.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч И.Б, иргэний нэхэмжлэгч Б.П, Ө.З-д нар цалин хөлс болон гэмт хэргийн улмаас өөрт учирсан, цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гүнээ хамарсаж байгаагаа илэрхийлье. Би мэргэжлийнхээ дагуу барилгын ажил хувиараа эрхэлж амьдардаг бөгөөд анхан шатны шүүх хурал болох цаг хугацаанд миний хийсэн ажлын хөлс маань орж ирээгүйгээс болоод хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрөө бүрэн төлж чадаагүй цаг хугацаа алдсан. Миний зүгээс шүүх хуралдаан болохоос өмнө иргэний нэхэмжлэгч Т, Н нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тухайн хохирол төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас хохирол төлөгдөөгүй гэж шийтгэх тогтоолд тусгагдсан. Шүүх хурал болсноос хойш хохирогч И.Б, Ө.З нарт нийт 8.831.750 төгрөгийн хохирлыг ар гэрийнхнээрээ дамжуулан бүрэн төлж барагдуулсан. Шүүхээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын төлбөрийг төлсөн, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Л, өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хохирол төлбөр огт төлөөгүй гэж үзэж миний үйлчлүүлэгч Э.Л-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүх хуралдааны явцад баримтыг нь аваагүй байсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Т.Н, Г.Т нарын хохирлыг төлж барагдуулсан. Би давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхэлж оролцож байгаа тул шийтгэх тогтоол гарсны дараа хохирол, төлбөр төлсөн баримтыг авсан. Мөн иргэний нэхэмжлэгч Б.П, Ө.З нарын хохирол, төлбөрийг төлсөн бөгөөд үүнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх тухай зохицуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Э.Л нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон тул хохирол, төлбөр төлөх хугацааны талаар мэдэхгүй учраас хохирол, төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа буюу хорих байр руу очсоны дараа хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар нийт 62 хоног цагдан хоригдсон. Иймд миний үйлчлүүлэгч Э.Л-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.
Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Л-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулсан. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндрүүлэн болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс хохирол, хор уршигтай холбоотой төлбөрийг нөхөн төлөөгүй гэх үндэслэлээр хууль заасан журмын дагуу шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Л нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун”-ы зүүн талын замд Тоёота приус-30 маркийн 00 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно.”, а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа явсан “Nissan pulsar” маркийн 00 УБС, “Nissan Caravan” маркийн 00 УБЛ, Toyota Prado маркийн 00 УНК улсын дугаартай автомашинуудыг мөргөж, “Nissan pulsar” маркийн 00 УБС улсын дугаартай автомашины жолооч И.Б биед хүндэвтэр, /зорчигч Б.П эрүүл мэндэд хөнгөн/ хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч И.Ба “Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18:00 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “Nissan pulsar” маркийн 00 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон П, З нарын хамт Зайсангийн тэндээс ажил руу хөдөлсөн. Тэгээд маршалын гүүр даваад ... зогсох үед араас маш хүчтэй мөргөх чимээ гарч осол болж машины урд цагаан юм бужигнаад уур савсаад байхаар нь машинаас гараад харахад миний машины араас сааралдуу өнгийн Тоёота приус 30 маркийн автомашин мөргөөд эрчиндээ урдаа зогсож байсан 2 машиныг мөргөсөн ... гэмтлийн эмнэлэгт ... цээжний томографийн шинжилгээ өгөхөд 2 хавирга хугарсан байна гээд маргааш нь гэмтлийн эмнэлгийн цээж хэвлийн хөндийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. ... эмчилгээ эм тариатай холбоотой 317.750 төгрөгийн зардлын баримт гарсныг хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Автомашины хохирлын үнэлгээгээр 2.200.300 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 1.000.000 төгрөг, нийт 2 сарын цалин болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. /1хх 28-33/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11725 дугаартай “И.Б биед баруун 7, 8 дугаар хавирганд хугарал, баруун бугалга, баруун шуунд цус хуралттай, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. “ /1хх 85-86/ гэх дүгнэлт,
“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 32381 дугаартай “И.Б эзэмшлийн “Ниссан Пулсар” маркийн автомашины техникийн эвдрэлийг “2.200.300” төгрөгөөр тогтоосон тайлан /1хх 101-110/,
иргэний нэхэмжлэгч Ө.З “ ... Жолооч мөргөснийхөө дараа машинаасаа бууж ирэхгүй байсан, мөн би ямар ч архи уугаагүй гээд инээгээд зогсоод байсан . Өөрөөсөө гаргасан эмчилгээний зардлуудаа нэхэмжилнэ, мөн намайг 10 хоног хэвтрийн дэглэм сахь гэсэн ажилгүй байх хугацааныхаа цалингаа нэхэмжилнэ.” /1хх 36-39/,
иргэний нэхэмжлэгч Б.П “ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 50 минутын орчимд би хамт ажилладаг Баярсүхийн машинтай Хан-Уул дүүргийн нутаг Маршал тауны зүүн талын замаар урдаасаа хойшоогоо Б, З нарын хамт явж байсан юм. Тухайн үед бид нар замын хамгийн захын эгнээгээр түгжрээд зогсож байтал гэнэт араас хүчтэй мөргөсөн. Миний дагз руу хүчтэй лантуугаар цохих шиг болсон. Би жолоочийн арын суудалд сууж явж байсан ба урд цагаан зүйл эргэлдээд утаа гараад байсан. Би машин дэлбэрч байна гэж бодоод нөгөө хоёрыгоо машинаасаа гаръя гэж хэлсэн. Золзаяа бид хоёр суудлын доогуур шидэгдээд унасан байсан. Тэгээд бид гурав машинаасаа гараад хартал манай машин урагшаагаа хоёр машин мөргөсөн байсан. ... гэмтлийн эмнэлэг нь миний 1, 4, 5 дугаар нугаламын доторх нугасыг тойрсон зөөлөн эдийн гэмтэлтэй, тэр нь мэдрэлээ дарсан гэсэн. ... эмчилгээнд баримтаар 3.000.000 төгрөгийг зарцуулсан. Тэр өдрөөс хойш би ажилдаа яваагүй. ” /1хх 42-51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт шинжилгээний 779 дугаартай “... Б.Пү биед бүсэлхийн 4, 5 нугаламын завсрын жийргэвчийн түвшинд дэх шар холбоосны зүүн талын хэсэгчилсэн урагдал, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 122-123/,
иргэний нэхэмжлэгч Г.Т “... 2022 оны 08 дугаар 19-ний өдөр ажлаа тарчхаад гэртээ харихаар Тоёота Прадо маркийн 00 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон Удирдлагын академийн тэндээс гарсан. Маршал хотхоны зүүн талын нэг талдаа хоёр эгнээтэй замын 1 дүгээр эгнээнд ... зогсож байхад тоормосны чахрах чимээ гарч удаагүй миний машин бага зэрэг хөдлөхөөр нь машинаас буугаад харахад Тоёота Приус 30 маркийн автомашин миний машины ард явсан хоёр машиныг мөргөсөн. ...” /1хх 68/,
Г.Т эзэмшлийн тээврийн хэрэгсэлд “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 896 дугаартай “Тоуоtа Prado” 150 загварын 00 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг “870.000” төгрөгөөр үнэлсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 151-153/,
Иргэний нэхэмжлэгч Т.Н “... Би уг автомашиныг 2018 онд худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн, одоо миний нэр дээр бүртгэлтэй байдаг, хохирлын үнэлгээг хийлгэж хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Уг үнэлгээнд заагдсан хохирлыг нь төлүүлээд авчихвал миний зүгээс цаашид нэхэмжлэх зүйл байхгүй ээ. “ /1хх 174/,
Т.Н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1406 дугаартай “Nissan Caravan” 00 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “1.520.000” төгрөг гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 144/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1040 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /1хх 79-80/,
“Э.Л драйгер багаж ашиглан шалгахад 2.30% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-7/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт “1хх 6-13” зэргээр нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Л согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж И.Б эрүүл мэндэд хүндэвтэр /Б.Пү эрүүл мэндэд хөнгөн/ хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Л “... хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.
Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Л 2 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой зардлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, Э.Л нийт 8.831.750 төгрөгийг гаргуулж, хохирогч И.Б 2.518.050 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.З 535.900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.П 3.331.800 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч Г.Т 926.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Н 1.520.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Э.Л нь тус хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Л гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Л 2022 оны 12 дугаар сарын 08-наас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/828 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Л гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л 2022 оны 12 дугаар сарын 08-наас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН