Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 018/2015/0012/З |
Дугаар | 126/ШШ2015/0044 |
Огноо | 2015-10-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 126/ШШ2015/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Энхтайван, шүүгч Т.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Б.... сумын .... дугаар багт оршин суух Б..... овгийн Ж.Д************-нынэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдох,
"Баянзүрх сумын Засаг даргын Ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б-01 дүгээр захирамжийг болон 2 удаа гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б-02 тоот захирамжуудыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13 319 625 төгрөг гаргуулах, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б-27 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ч.Д************, нэхэмжлэгч Ж.Д************, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Б************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаО.Өлзийбуян нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Ж.Д************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага Баянзүрх сумын Засаг дарга Э.Ч************-ынАжлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б-01 тоот захирамжийг, сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2 удаа гаргасан Б-02 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах. Ж.Д************би Баянзүрх сумын Засаг дарга Э.Ч************-ынАжлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б-01 тоот захирамж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2 удаа гаргасан Б-02 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил гаргаагүй болно. Энэ нь Засаг даргын Тамгын газрын 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3/493 тоот албан бичиг, Ажлын үр дүнг тооцох тухай аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/53 тоот захирамжаар нотлогдоно.
2.Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцох гэсэн заалтыг хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмыг зөрчиж ажлаас үндэслэлгүйгээр халсан.
3.Ажлаас халах гэсэн улс төрийн зорилго, амлалтаа гүйцэтгэхийн тулд улс төрийн байр сууринаас хандаж сумын ИТХ-ын ээлжит хуралдаан дээр Тамгын газрын даргыг ажлаас халж чадна гэж хэлж олонхийн санал авч Засаг даргад нэр дэвшиж гарч ирж өөрт нь санал өгсөн гэсэн шалтгаанаар төрийн албанд урьд өмнө ажиллаагүй, бүрэн дунд боловсролтой хүнийг томилсон захирамжийн үндэслэл болгосон /эхний захирамжид Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.12 гэж хүчингүй болгосон заалт дурдсан/, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3.1, 4.3.2, 4.3.3-т заасныг зөрчсөн.
4.Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 15.1.9-д заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох, 2012 онд Ардчилсан намаас нэр дэвшиж сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа улсын бүртгэлтэй Эмт хөгжил хоршоо-ны эзэн Шархүүгийн Эрдэнээг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2 удаа гаргасан Б-02 тоот захирамж гаргаж дээрх хууль бус үйлдлээ гүйцэтгэхийн тулд төрийн өмчинд болон төрийн нууцад бүдүүлгээр халдаж 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ажил хүлээлцүүлсэн хууль бус үйлдлийн улмаас 2015 оны 1 дүгээр сараас эхлэн албан тушаалын үндсэн цалин болон нэмэгдлүүд, албан томилолтын зардал авах эрх зөрчигдөн хохирч байна.
Энэ талаар Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 3/177 тоот албан бичгээр Асуудлаа хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Д************ 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: ...1. Маргаан бүхий захиргааны акт болох а/ Баянзүрх сумын Засаг дарга Э.Ч************-ынАжлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б-01 тоот захирамжийг, б/ Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 08-ны Б-02 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах. 2. Дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч намайг Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. 3. 2015 оны 1 дүгээр сараас эхлэн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10897875 төгрөгийг зохих журмын дагуу олгуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Ж.Д************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б-27 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлс 13 319 625 төгрөгийг гаргуулж өгнө үү.
... Давж заалдах шатны шүүх хуралдаанд үр дүнгийн гэрээ байгуулсан эсэх тал дээр маргаан яригдсан байдаг. Үр дүнгийн гэрээний тал дээр тайлбар хийхэд журам батлах тухайТөрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор үр дүнгийн гэрээг дүгнэх журам гарсан. Энэ журам нь 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан боловч энэ талаар сургалт 2013 оны дундуур хийгдсэн. 2013 оны гэрээ дүгнэх асуудал нь Хөвсгөл аймгийн Засаг дарга томилогдоогүй явсаар байгаад сумдын Засаг дарга нарын гэрээг 2 сард дүгнэсэн. Үр дүнгийн гэрээ дүгнүүлсэн баримтаа эх хувиар нь шүүхэд өгсөн. 2013, 2014 оны ажлын үр дүн хангалтгүй биелүүлсэн гээд байгаа гэтэл тухайн хангалтгүй гээд байгаа ажил үйлчилгээнд миний ажлын байрны тодорхойлтод заасан ажил хангалтгүй хийгдсэн зүйл байхгүй. Миний буруутай үйл ажиллагаанаас болоод тухайн ажил хангалтгүй биелсэн гэсэн үг биш юм. ... Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан дотоод ажилтны ЗДТГ-ын даргын ажлын талаар гаргасан дүгнэлтийг хавтаст хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн. Миний ажлын биелэлт 70-80 хувьтай байсан. Хувийн хэргийн товъёогт үр дүнгийн гэрээг 2 жил тутамд гэрээгээ дүгнүүлнэ гэж заасан байдаг.
Анхны шүүх хуралдаанд гарын үсэггүй канондсон хувиа өгсөн. ...Өөрт үлдсэн байсан хувиа сүүлд хэрэгт өгсөн. ... Би үндэсний ардчилсан намын гишүүн байсан. ... Засаг дарга солигдоод иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцож байгаа гишүүдийг та нарын ажил дууссан гэж хэлэхэд би гараад явсан. Тухайн үед намын бүлэг завсарлага авч, хуралдаад намайг ажлаас халсан хүнийг Засаг дарга болгоно гэж хэлсэн байсан. Тэр талаар хуралдсан тэмдэглэл байхгүй. Намын бүлгийн хурал дээр тийм асуудал яригдсан гэж хэлсэн. Ардчилсан намын үндсэн хүн биш хуучин социал демократ намын гишүүн байсан гэсэн асуудал зарим үед яригддаг байсан.
Баянзүрх сумын Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэсэн боловч хангалтгүй дүгнэгдсэн асуудал нь надтай холбоогүй гэж үзэж байгаа. 0-3 насны хүүхдийн эндэгдэл 2-3 удаа гарсан гэж ярьж байсан. Энэ бол эрүүл мэндийн байгууллагатай холбоотой асуудал юм.
Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг Дотоод ажил, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан гаргаж өгөх үүрэгтэй. Шаардлагатай бичиг баримтаа явуулаагүй учир аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас хангалтгүй гэсэн үнэлгээ авсан зүйл байхгүй.
Үр дүнгийн гэрээ байгуулсан субьектээр гэрээгээ дүгнүүлнэ. Тухайн төсвийн жилдээ багтаан гэрээгээ дүгнүүлнэ гэсэн заалт байхгүй. Гэрээний үргэлжлэх хугацаа тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байдаг. Гэрээгээ дүгнүүлэх хугацааны тухайд Төсвийн тухай хуульд заасан цагалбарын дагуу төсвийн аудит хийлгэсэн дүнгээрээ 2 дугаар сарын 15-ны дотор төсвийн захирагчаар гэрээгээ дүгнүүлнэ гэсэн зохицуулалт байдаг. Манай сум 2013 оны аудитын дүгнэлтээр зөрчилгүй гарч байсан. Тиймээс эмнэлгээс бусад байгууллага 1 сарын цалингаар шагнуулсан.
... Би 2014 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас бичих хугацаа болоогүй гээд өгөөгүй. Төсвийн шууд захирагчийн гэрээ дүгнэх хугацаа тухайн жилдээ биш, дараа оны 1 дүгээр сард багтаан дүгнэдэг.
... 2014 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас, тайлангаа Аймгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тасагт өгсөн. Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/494 албан тоотоор шуудангаар явуулсан.
Харин гуравдагч этгээдээр оролцож байсан Ш.Э************ажлаас чөлөөлөгдөж мөн түүний оронд томилогдон одоо Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Л.Б************г ажилд томилсон 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Б/27 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс энэ захирамжийг мөн маргаан бүхий захиргааны акт гэж үзэж байна. Өмнө нь Ш.Эрдэнээг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 тоот захирамжид төрийн захиргааны албан хаагч гэж үзсэн үндэслэлээ өөрчилж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэл буюу өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр захирамж гаргасан. Энэ үндэслэл буруу гэж үзэж байна. Төрийн захиргааны албан хаагч гэж үзэж байсан юм бол эргээд чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой байсан. Мөн Л.Б************г томилсон тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны салбар зөвлөлийн нөөцөөс нэр дэвшүүлсэн үндэслэлээ дурдах ёстой байтал дурдаагүй байгаа нь түүнийг нөөцөөс нэр дэвшүүлсэн гэдэг нь эргэлзээтэй харагдаж байна. Тиймээс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Б/27 дугаар захирамжийг маргаан бүхий акт гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн авч байсан цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх нөхөн олговорыг гаргуулах, нийт 11 сарын цалин 13 319 625 төгрөгийг нэхэмжилж байна.
Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/27 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан буюу Хөвсгөл аймгийн Засаг даргад хандаж байгаагүй. Би Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/27 тоот захирамжийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн.
Намайг ажлаас халсан үндэслэлд сумдыг ажлын үзүүлэлтээр байр эзлүүлж миний ажлын үзүүлэлтийг хангалтгүй гэж ажлаас халсан. Муу дүгнүүлсэн ажил нь надтай холбоогүй. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг албан тоотоор хүргүүлж байсан баримт хавтаст хэргийн 118-124 дүгээр хуудсанд гаргаж өгсөн байдаг. Баянзүрх сумын үйл ажиллагааны буруутай зүйл нь ганцхан миний ажлын буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Хөвсгөл аймгийн Засаг даргын Баянзүрх сумын Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд миний хийсэн ажил үүргийг хэдэн хувьтай гүйцэтгэж байсан нотлох баримт 1 дэх хавтаст хэргийн 118-124 дүгээр хуудсанд байгаа. ... Үр дүнгийн гэрээ байгуулахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нар нийт захиалгатай ажил үйлчилгээ, тусгай захиалгатай ажил үйлчилгээ гэж гэрээ байгуулдаг. Үүний биелэлтийг ганцхан сумын Засаг дарга хариуцдаггүй. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулаад хэн ямар ажил хариуцдаг талаар доод шатны албан тушаалтанд хариуцуулаад энэ нь гэрээний хавсралт болж явдаг гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан Баянзүрх сумын Засаг дарга Э.Ч************-ынАжлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/01 тоот захирамж гаргасан учир нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг Ж.Д************ гаргасан явдал юм.
1.1. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э.Чинбат би аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хувийн хэргээ бүрдүүлж байхад мэргэжилтэн Э.Даваачулуун 2014 оны Баянзүрх сумын ажлын үзүүлэлтийг үзүүлж, танай сум аймагтаа хамгийн сүүлийн байр эзлэхээр байна гээд сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний хүснэгтийг үзүүлсэн. Түүнээс харахад төрийн албан хаагчдын гэрээний биелэлт тасалдаж яваа нь ил байсан. Иймд 2014 оны 12 дугаар сарын 26-нд анх ажил хүлээж авахтай холбоотой хуралдсан байгууллагын хурал дээр өмнөх Засаг дарга Н.М************аас төсвийн шууд захирагчидтайгаа гэрээгээ дүгнэсэн эсэхийг асуухад Ж.Д************, Д.Ц************ нарынхыг дүгнээгүй харин ЕБС, СӨБ-ийн гурвалсан гэрээг дүгнэсэн гэсэн.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны 3/2253 тоот албан бичгийн дэд хавсралт 1/1-ийн 10-д заасан төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ дүгнэх хугацаа /12 сарын 25/ дуусч байгаа тул өнөөдрийн дотор жилийн эцсийн тайлангаа ирүүлж, үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхийг Ж.Д************д үүрэг болгосон. Мөн хуралдааны дараа Соёлын төвийн эрхлэгч Д.Ц************ид үүрэг өгсөн. Д.Ц************ тухайн өдөр гэрээний илтгэх хуудас, тайлангаа авчирсан. Ж.Д************ авчраагүй.
1.2. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул 2014 оны 12 дугаар сарын 30-нд 1/497 тоот албан бичгээр 12 дугаар сарын 31-ний дотор тайлангаа ирүүлж гэрээгээ дүгнүүлэх,
1.3. 2015 оны 1 дүгээр сарын 05-нд Засаг даргын Тамгын газрын шуурхай хуралдаан дээр удаа дараа өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа Ж.Д************д өнөөдрийн дотор гэрээгээ дүгнүүлэхийг бас дахин үүрэг болгосон боловч тэр татгалзсан. Уг хурлын дараа Ж.Д************ыг дуудаж уулзаад та надтай яагаад хамтарч ажиллахгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа талаар асуусан. Тэр чамаар ажлаа заалгахгүй гээд гараад явсан. Дараа нь Хурлын даргын өрөөнд уулзахад чамтай юу ярих юм гээд гараад явсан. Иймэрхүү ёс зүйн зөрчил байнга гаргаж байсан.
1.4. 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх суманд аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилласан шалгалтын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй, сумын Засаг дарга, Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр Баянзүрх сум 23 дугаар байранд орж хангалтгүй түвшингийн үнэлгээ авсан нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил мөн.
2. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б-02 тоот захирамж гарсан учир нь сумын ажлыг цалгардуулахгүйн тулд аль нэг төрийн албан хаагчаар гүйцэтгүүлэх байсан боловч эхнэрээс нь айж байна гээд зөвшөөрөөгүй тул өргөдөл өгсөн иргэдээс Төрийн албаны салбар зөвлөлийн мэргэжилтэн нараас зөвлөгөө авч томилгоо хийсэн.
2.1. Уг нэхэмжлэлд дурдсан 2 удаа гаргасан Б/02 захирамж гэдэг нь би алдаатай захирамж төлөвлөн гаргасан тул дотоод ажилтан Г.У************устгах үүрэг өгсөн боловч Ж.Д************д өгсөн байна.
2.2. Нэхэмжлэлд тусгасан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3/493 тоот албан бичиг, Ажлын үр дүнг тооцох тухай аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/53 тоот захирамж нь 2012, 2013 оны ажлын үзүүлэлт тул зөрчлийн нотолгоо болохгүй.
2.3. 2014 оны 12 дугаар сарын 26-ны орой Засаг даргын Тамгын газрын хамт олон шинэ жилээ тэмдэглэж байх үед Ж.Д************ы эхнэр Б.О************гарч уулзъя гээд гарахад: Чи манай нөхөрт гэрээ гэж юу яриад байгаа юм. Манай нөхрөөр оролдсон хүнийг би яадгийг мэддэггүй юм уу, чам шиг мал хирээ мэдээрэй, би чамайг үхтэл чинь хараана, өдөр бүр зүхнэ гэж ёс зүйгүй загнасан. Түүнээс хойш Ж.Д************д шаардлага тавихад дуу гардаггүй, гарч явахдаа би чамаар ажлаа заалгахгүй гэж хэлдэг. Дараа нь эхнэр нь орж ирж элдвээр доромжилдог. Ж.Д************ нь хүнийг эхнэрээрээ дарамтлуулж эрхэндээ байлгаж сурсан, төрийн ажлыг унагааж иргэдтэй ёсзүйгүй харьцдаг хүн учир хамтран ажиллах боломжгүй.
2.4. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 заалт үр дүнгийн гэрээ дүгнэхтэй холбоотой тул тухайн зөрчилд хариуцлага тооцоход хэрэглэж болно.
2.5. Миний олонхийн санал авсан ИТХ-ын хуралдаан дээр нэг ч төрийн албан хаагчийг ажлаас халах тухай яригдаагүйн дээр санал хураалт нууцаар байсан учир хэн надад санал өгснийг мэдэх боломжгүй байсан. Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ш.Э************нь бизнесийн эдийн засаг, удирдах менежерийн мэргэжилтэй.
2.6. Ш.Э************ИТХ-аас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа. Эмт хөгжил гэдэг хоршооны эзэн Д.Батхуяг гэдэг хүн бий. Төрийн өмч, төрийн нууцтай буруу харьцсан зөрчилд би хариуцлага хүлээсэн.
... үр дүнгийн гэрээнд Засаг даргын гарын үсэг, тамга байгаагүй, харин одоо үр дүнгийн гэрээ гарын үсэг тамгатай болсон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Надад илтгэх хуудас юу ч үзүүлээгүй. Төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээгээ 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө дүгнүүлэх ёстой. ... Илтгэх хуудас үр дүнгийн гэрээ байхгүй байж байгаад яагаад гэнэт тамга, тэмдэгтэй болоод гараад ирдэг юм бэ. Шүүх хуралдаанд гэрчээр дуудагдсан Мягмар хэлэхдээ гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан гэж байсан. Тэмдэг хаанаас дардаг юм бэ.
... Манай сумын ажил сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн бүх сумдын ажлын үзүүлэлтээр хамгийн сүүлд орж байсан. Төсвийн шууд захирагчид гэрээгээ дүгнүүл гэхэд дүгнүүлээгүй. Жилийн эцсийн тайлан гарга гэсэн шаардлага тавьсан, удаа дараа үүрэг өгсөн. Бусад төрийн албан хаагч нар илтгэх хуудас өгсөн. Энэ хүн удаа дараа үүрэг өгөхөд биелүүлээгүй. Байгууллагын шуурхай хурал дээр өгсөн үүрэг даалгавар биелүүл гэж хэлж байсан. Мөн би албан тоотоор ч нэхэмжлэгчид хандаж өгсөн үүрэг даалгавар биелүүл гэж хэлж байсан. Засаг дарга надаар үр дүнгийн гэрээгээ огт дүгнүүлээгүй. Үр дүнгийн гэрээг өмнөх оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө дүгнүүлдэг. Надад үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй. Гэрээ байгуулаагүй учир дүгнүүлэх гэрээ байгаагүй. Гэрээ байгуулаагүй учир энэ хүн хууль бусаар ажиллаж байсан гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Э************шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Э************би 2015 оны 1 дүгээр сарын 08-нд Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Засаг даргын Б/02 тоот захирамжаар томилогдсон ба уг захирамж нь Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг үндэслэн гаргасан.
Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГазарт хянуулсан бөгөөд 05/576 тоот бичгээр нотлогдож, Тамгын газрын дарга нь эрх зүйч, эсвэл эдийн засагч мэргэжилтэй байж болох бөгөөд №200716537 тоот дипломын хуулбарыг холбогдох баримтын хамт хавсаргав.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, мөн хэргийн материалтай танилцлаа. Ж.Д************ нь Засаг даргын Б/02 захирамжид заагдсан хуулийн заалтад хамаарах зөрчлүүдийг гаргасан нь хэргийн материалд авагдсан холбогдох баримтуудаар нотлогдох ба үр дүнгийн гэрээг хуурамчаар үйлдсэн нь харагдаж байна. Үүнд анхны хэргийн материалд авагдсан үр дүнгийн гэрээ нь тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Н.М************ын нэрийг өөрөө бичсэн, гарын үсэг, тамга тэмдэг үгүй байна. 2 дахь удаагаа авагдсан үр дүнгийн гэрээнд Н.М************ын гарын үсэг байх боловч тамга, тэмдэг нь Засаг даргын орлогчийн тэмдгийг дарсан нь хуурамчаар үйлдсэний нотолгоо юм.
Ж.Д************ нь албан үүргээ хүлээлгэж өгснөөс хойш 8 сар гаруй хугацаа өнгөрч байхад төрийн өмч болох нөүтбүүкийг хувьдаа ашиглаж байгаа зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасаар яваа билээ. Тайлбар гаргагч Ш.Э************би 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн. Шаардлагатай бол шүүх хуралдаанд гэрчээр оролцох боломжтой гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б************ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б************ миний бие төрийн албаны нөөцөөс Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс тус сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар намайг Ж.Д************ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шийдвэр гаргасан тул шүүхэд доорх тайлбарыг гаргаж байна.
Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Д************ нь тухайн үеийн Засаг дарга Н.М************-тайүр дүнгийн гэрээ хийгээгүй нь хэргийн материалаас болон гэрч Н.М************ын өгсөн мэдүүлгээс нотлогдож байна. Иймээс Засаг дарга Э.Ч************-ын2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Миний бие Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/27 тоот захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Төрийн албаны нөөцөд би 2013 онд орсон. Түүгээрээ бол Төрийн албаны тухай хуульд нөөцөөс томилохыг хуульчилж өгсөн байдаг учир хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал мөн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу өөрийн байгуулсан үр дүнгийн гэрээг зохих журмын дагуу дүгнүүлэх ёстой байтал гэрээнд заасан хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй. Тиймээс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Б01 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Гэрч Н.М************шүүх хуралдаан өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авч хийж байсан. Нэхэмжлэгч Ж.Д************ нь 2013 онд гэрээгээ дүгнүүлээгүй. 2014 онд ч үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Тэрээр надад хэлэхдээ би шүүхэд гэрээ байгуулсан гэж худал хэлсэн, надад гарын үсэг зураад өгөөч гэсэн. Хамгийн гол нь надад энэ хүний тамга, тэмдэг яаж дарах нь сонин байсан. Би энэ хүнийг хууль бусаар тамга дарж орж ирсэн гэж үзэж байгаа. Үр дүнгийн гэрээний өнгөн хувьд тамга байх ёстой. Гэрээ энэ байна тамга дарсан гэж хэлэх ёстой байсан. Би гэрээний өнгөн хувьд биш үр дүнгийн гэрээний хуулбар хувь байсан учир 2015 оны 8 дугаар сард 2-ны өдөр гарын үсэг зурж өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр очиход нярваас тэмдэг авсан гэж хэлсэн. Энэ хүн 20 гаруй жил Засаг даргын Тамгын газрын даргын ажил хийсэн. Надад ажил зааж өгөх ёстой хүн. Гэтэл намайг үр дүнгийн гэрээгээ байгуул гэж хэлэхэд дуугарахгүй байгаад байдаг, урьд ч бас гэрээ хийдэггүй байсан юм байх гэж бодсон. 2013 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнүүлээгүй. Ж.Д************ нь 2014 оны үр дүнгийн гэрээг нөхөн бичиж гарын үсэг зурж тамга дарсан үйл явдал нь 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр болсон. Би тамга тэмдэггүй хуулбар хувь дээр гарын үсэг зурсан. Тэмдэг байхгүй яах юм бэ гэхэд Ж.Д************ би аргалнаа гэж хэлсэн. ИТХ дээр өөрт нь ажлаа сайжруулах талаар хэлдэг байсан. Энэ хүн харин төрийн захиргааны албан хаагчийг халах эрх та нарт байхгүй шүү гэдэг л байсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сард батлагдсан А334 дүгээр захирамжаар сумдын ажлыг 31 үзүүлэлтээр үнэлэхээр тогтоосон. Энэ 31 ажлын үзүүлэлт нь төрийн албан хааж байгаа бүх хүмүүстэй холбоотой. Хяналт тавих үүрэг нь сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргад хоёуланд нь хамааралтай гэв.
Гэрч Ц.Дашням шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ж.Д************ 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр бичгэн дээр тэмдэг дарсан. Тамга, тэмдэг түшигч Засаг даргын орлогч дарга М************ байсан. Тухайн үед үйлчлэгч амарчихсан байсан учир надад бүх өрөөний түлхүүр байсан. Тэгээд Д************ дарга надад хэлэхдээ би М************той утсаар ярьсан, тамга дарчих гэж байна гэж хэлсэн. Би тэгээд Засаг даргын орлогч М************ын өрөөг Ж.Д************д онгойлгож өгөөд Ж.Д************ыг тамга, тэмдэг дарж байхад хажууд нь байсан. Ямар баримт дээр тамга, тэмдэг дарсаныг мэдээгүй ... гэв.
Иргэдийн төлөөлөгч Ч.Д************ шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Засаг даргадаа Үр дүнгийн гэрээгээ өгч хугацаанд нь дүгнүүлээгүй, учир түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн иргэн Ж.Д************ "Баянзүрх сумын Засаг даргын Ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б-01 дүгээр захирамжийг болон 2 удаа гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б-02 тоот захирамжуудыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13 319 625 төгрөг гаргуулах, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэншаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Д************ нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандаж улмаар Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл түүнд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 3/177 тоот албан бичгээр хариу өгсөн байх тул түүнийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга нь Ж.Д************ыг ажлаас халсан үндэслэлийг 2014 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхийг удаа дараа шаардахад дүгнүүлээгүй гэж, харин нэхэмжлэгчээс Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх хугацаа болоогүй байсан гэж маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар Төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлэх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ыг баталжээ.
Энэхүү журмын 1.4.3-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга ... нь тухайн шатны Засаг даргатай гэрээ байгуулна, 1.5-д Гэрээг Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар төсвийн жил эхлэхээс өмнө байгуулна. Гэрээний хугацаа нь тухайн оны 01 сарын 01-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно, 2.1-д Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй, 2.2-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй, 2.3-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байна.
Мөн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна гэжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Санхүүгийн тайлангийн жил 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж зааснаас үзвэл төсвийн жил 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор байна.
Иймд Төсвийн шууд захирагч буюу Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн жил буюу 12 дугаар сарын 31-нийг дуусахаас өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтээ тайлагнах үүрэгтэй байна.
Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар батлагдсан Хөвсгөл аймгийн Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журмын 17-д Сумын ЗДТГ нь журмын 4/1, 4/2 дахь хавсралтын дагуу тухайн оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, холбогдох хавсралт болон холбогдох бодлогын баримт бичгүүдийн тайлангийн хамт аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст тайлант оны 12 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ гэж заасан байх ба журмын дэд хавсралт 4/1-ийн Хоёр. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ хэсгийн 1-т Сумын Засаг даргаас ЗДТГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэсэн заалт байна.
Тодруулбал Сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлант оны 12 дугаар сарын 25-ны дотор дүгнэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст хүргүүлсэн байхаар журамлагдсан байна.
Дээрх нөхцөл байдал болон хууль зүйн зохицуулалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа дараа оны 2 дугаар сарын 15-ны өдөр байдаг. Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх хугацаа болоогүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хоёр. Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга нь Сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Баянзүрх сум сүүлийн хоёр жил дараалан хангалтгүй дүгнэгдсэн байгаа нь ажлаас халах үндэслэл болно гэж, нэхэмжлэгч нь Би Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг гаргаагүй бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан шалтгаан нь миний ажлын байрны чиг үүрэгт хамааралгүй, надаас шалтгаалаагүй гэж маргаж байна.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нь 2013, 2014 оны сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр дараалан хангалтгүй үнэлгээ авч байсан болох нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Үр дүнгийн үнэлгээг батлах, урамшуулал олгох, хариуцлага тооцох тухай А/43 дугаартай захирамж, түүний хавсралтууд, 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Үр дүнгийн үнэлгээг батлах, урамшуулал олгох, хариуцлага тооцох тухай А/40 дугаартай захирамж, түүний хавсралтуудаар тус тус нотлогдож байна. /1 дүгээр ХХ-ийн 175-184 дүгээр хуудас/
Харин аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/53 дугаар тушаал, түүний хавсралтаас үзэхэд Хууль, эрх зүйн ажлын үзүүлэлтээр сумдын ажил дүгнэх журам-д заасан шалгуур үзүүлэлтээр Баянзүрх сум 70,6% хувьтай дүгнэгдсэн байгааг Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажил бүхэлдээ хангалттай дүгнэгдсэн гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгч Ж.Д************ы зүгээс Баянзүрх сум Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй дүгнэгдсэн нь түүнээс шалтгаалаагүй гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд Засаг даргын ажлын албаны чиг үүргийг хуульчилж, 33.1-д ... сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх ...-аар заасан тул Засаг даргын ажлын албаны дарга болох Тамгын газрын дарга нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг атлаа сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүн ямар байх нь Тамгын газрын даргатай хамааралгүй гэж тайлбарлах нь үндэслэлгүй юм.
Гурав. Нэхэмжлэгч Ж.Д************ нь ... Би 2014 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас бичих хугацаа болоогүй гээд өгөөгүй гэж тайлбарлаж байгаа атлаа ... 2014 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас, тайлангаа Аймгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тасагт өгсөн. Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/494 албан тоотоор шуудангаар явуулсан гэжээ.
Гэтэл Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаас үзэхэд Сумын Засаг даргаас ЗДТГ-ын даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт гэсэн 13 дугаар багана дахь үзүүлэлт хоосон, дүгнэгдээгүй /1 дүгээр ХХ-ийн 178 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/494 тоот албан бичгээр таван төрлийн баримтыг Аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байх бөгөөд үүн дотор Сумын Засаг даргаас ЗДТГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэж бичигдээгүй байх тул нэхэмжлэгч Ж.Д************ы 2014 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас, тайлангаа Аймгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тасагт өгсөн гэх тайлбар нотлогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Д************ Хөвсгөл аймгийн Засаг даргын Баянзүрх сумын Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд миний хийсэн ажил үүргийг хэдэн хувьтай гүйцэтгэж байсан нотлох баримт 1 дэх хавтаст хэргийн 118-124 дүгээр хуудсанд байгаа гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэргийн нэг дэх хавтасны 118-124 дүгээр хуудсанд Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга хооронд улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах гэрээний 2 дугаар хавсралтын биелэлт гэх баримт байх бөгөөд үүнийг Баянзүрх сумын Засаг даргаас Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Дөрөв. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Н.М************-тай2014 оны 2 дугаар сард үр дүнгийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа, харин хариуцагчаас ... гэрээ байгуулаагүй учир дүгнүүлэх гэрээ байгаагүй. Гэрээ байгуулаагүй учир энэ хүн хууль бусаар ажиллаж байсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ж.Д************ нь шүүхэд 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Төсвийн ерөнхийлөн захирагч Н.М************, Төсвийн шууд захирагч Ж.Д************ нарын хооронд байгуулсан Үр дүнгийн гэрээ-г нотлох баримтаар гаргаж өгсөн /1 дүгээр ХХ-ийн 199-202 дугаар хуудас/ боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш уг гэрээнд хуучин Засаг даргаар ажиллаж байсан Н.М************аар гарын үсэг зуруулж, орлогч даргын өрөөг нярваар онгойлгуулж тамга тэмдгийг дарсан, хуурамчаар үйлдсэн болох нь гэрч Н.М************, Ц.Дашням нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Д************ нь 2013, 2014 онд сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй бөгөөд Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг үргэлжлүүлэн хийж байсан болох нь гэрч Н.М************ын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, Ж.Д************ы хувийн хэргийн товьёог зэргээр тогтоогдож байна.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 2.2-т зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж хэрэгжилтийг хангуулах эрхтэй бөгөөд Төсвийн шууд захирагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Баянзүрх сумын Засаг дарга нь төсвийн шууд захирагч буюу сумын Засаг даргын Тамгын газрын даргадаа үр дүнгийн гэрээний төслөө ирүүлэх талаар шаардлага тавих ёстой ба ийнхүү шаардлага тавьсныг нь нэхэмжлэгч Ж.Д************ биелүүлээгүй болох нь гэрч Н.М************ын шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Улмаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Э.Чинбат нь нэхэмжлэгч Ж.Д************ыг 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнаагүй болох нь хэрэгт авагдсан Баянзүрх сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/497 тоот албан бичиг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хамт олны хурлын тэмдэглэл болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /1 дүгээр ХХ-ийн 34-36 дугаар хуудас/
Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Д************ нь Баянзүрх сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй ч түүнийг хууль, журамд заасны дагуу үүрэгт ажлаас нь халж, чөлөөлөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, тэрээр Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тул түүнийг хуульд заасан чиг үүргээ биелүүлж байсан гэж үзэх ба ийнхүү үр дүнгийн гэрээ байгуулаагүй ажиллаж байгаа нь түүнийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч Ж.Д************ыг дээр дурдсан үндэслэлүүдээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар ... удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Д************ыг Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас чөлөөлсөн Б-01 дугаартай захирамжид Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээ авна:
40.4.2. Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ... хариуцлага тооцох гэж заасныг баримталсан нь буруу биш бөгөөд энэ заалтыг хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг зөрчиж байна гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх сумын Засаг даргын Б-01 дүгээр захирамжаар Ж.Д************ыг ажлаас халсан нь үндэслэл бүхий болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Баянзүрх сумын Засаг даргын Ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б-01 дүгээр захирамжийг болон 2 удаа гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б-02 тоот захирамжуудыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13 319 625 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс улс төрийн амлалтаа биелүүлэхийн намайг ажлаас халсан гэх тайлбар нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгааг тэмдэглэе.
Тав. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б-27 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч Ж.Д************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэлийн нэгэн адил хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулсан байх учиртай бөгөөд нэхэмжлэгч Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б-27 дугаар захирамжийн талаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн гэж тайлбарлаж байх тул тухайн захирамжийг гаргасан сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар гомдлоо гаргах эрхтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн гэх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Зургаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,70.2.9, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д************ы Баянзүрх сумын Засаг даргын Ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б-01 дүгээр захирамжийг болон 2 удаа гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б-02 тоот захирамжуудыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13 319 625 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д************ы Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б-27 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧ Т.ДОЛГОРСҮРЭН