| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00218/И |
| Дугаар | 157/ШШ2024/00219 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2024/00219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “Х” ХХК /...../-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.С, Л.М нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О-гийн С (РД:****************) нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2018 оны 11 сарын 02-ний өдөр 1430012926 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,400,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 11 сарын 02-ны өдөр зээлдэгч О.Сгийн Х дахь ................. тоот дансанд 19,400,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. О.С нь тухайн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 баг нийтийн 2 байр 27 тоотод оршин суудаг байсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 6,181,139 төгрөг, зээлийн хүү 6,124,974 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,181 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430012926 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 12 сарын 31-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир О-гийн С, Л-гийн М нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О-гийн С, Л-гийн М нар нь 2018 оны 11 дүгээр сард манай банкнаас зээл авсан. Түүнээс хойш зээл төлөлт явагдаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй. Мөн оршин суугаа хаяг дээрээ байхгүй. Мөн ажлаасаа гарсан байгаа. Тухайн үед цагдаагийн байгууллагад ажилладаг байсан. Тэгээд шүүхэд нэг удаа эрэн сурвалжлах нэхэмжлэл өгч байсан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эрэн сурвалжлах захирамж гарсан. Би 2023 онд энэ ажлыг өөр хүнээс хүлээж авч байсан. 2023 онд цагдаагаас залгаад Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Саруул тэнгэр гэх газар байгаа гэж мэдээлэл өгсөн. Тэр хаягийн дагуу нэхэмжилсэн боловч дахиад хаяг дээрээ байхгүй гээд буцаагдсан. Тэрнээс хойш огт олдохгүй байгаа. Ямар нэгэн холбоо барих утасгүй болсон. ...Нөхөр нь зээл аваад эхнэр нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Саруул тэнгэр хотхон 102-76 тоот гэсэн хаяг өгсөн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
“Х” ХХК нь зээлдэгч О.С, Л.М нартай 2018 оны 11 сарын 02-ний өдөр 1430012926 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,400,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон бөгөөд О.С, Л.М нар нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.С, Л.М нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.С, Л.М нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **************** регистрийн дугаартай Хөвдүүд овогт О-гийн С, ***************** регистрийн дугаартай Боржигин овогт Л-гийн М нар нь .... тоотод оршин сууж байсан, О.С нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар **************** регистрийн дугаартай Х овогт О-гийн С, ***************** регистрийн дугаартай Б овогт Л-гийн М нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.С, Л.М нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР