| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00207/И |
| Дугаар | 157/ШШ2024/00227 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2024/00227
2024 11 15 157/ШШ2024/00227
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Уд холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 740,052.35 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.У нь "Т" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 12 сарын 15-ны өдөр 5332 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 7988 дугаартай Цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 2,070,000.00 (хоёр сая далан мянга) төгрөгийн зээлийг сарын 2.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 12 сарын 17-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч Б.У нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 08 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,541,930.21 төгрөгийг, хүүний төлбөрт 637,823.89 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,175.17 төгрөгийг, нийт 2,185,929.27 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.У нь 2024 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар 391 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:
• Үндсэн зээлийн үлдэгдэл 528,069.79 төгрөг,
• Зээлийн хүү 170,753.31 төгрөг,
• Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,229.25 төгрөг, нийт 725,052.35 төгрөг
“Т” ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Утой зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.У нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 5332 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 7988 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 528,069.79 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 170,753.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 26,229.25 төгрөг, нотариатын зардалд 15,000.00 төгрөг, бүгд 740,052.35 (долоон зуун дөчин мянга тавин хоёр зууны гучин тав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Угоос гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ... оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт Б У шүүхэд гаргасан тайлбартаа: “Б-ын У миний бие нь Т-аас хэрэглээний зориулалттай зээлсэн үлдэгдэл төгрөгийг хүүгийн хамт 740,052.35 төгрөгийг төлж барагдуулсан болно” гэжээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б овогтой У /РД: ..../ нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр 740,052.35 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдэврлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 740,052.35 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.У нь 740,052.35 төгрөгийг “Т” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Цахим зээлийн эрх нээх гэрээ", 7988 дугаартай “Цахим зээлийн дэд гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энххэрлэнгийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 740,052.35 төгрөгийг төлж биелүүлсэн бөгөөд төлбөр төлөгдсөн тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн бүх шаардлага болох 740,052.35 (долоон зуун дөчин мянга тавин хоёр бүхэл зууны гучин тав) төгрөгийг хариуцагч төлж биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,311.26 төгрөгөөс тавин хувь 11,155.6 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,155.6 төгрөгийг, хариуцагч Б.Угоос улсын тэмдэгтийн хураамж 11,155.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК -ийн нэхэмжилсэн 740,052.35 (долоон зуун дөчин мянга тавин хоёр бүхэл зууны гучин тав) төгрөгийг хариуцагч Б.У нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,311.26 төгрөгөөс тавин хувь 11,155.6 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,155.6 төгрөгийг, хариуцагч Б.Угоос улсын тэмдэгтийн хураамж 11,155.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР