| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00235/И |
| Дугаар | 157/ШШ2024/00230 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2024/00230
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.О-т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 3,288,627 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.О- нь 2023 оны 11 дүгээр сарын 30-нд 317231118999307 тоот зээлийн гэрээ байгуулж 3,114,000 төгрөгийн лизингийн зээлийг жилийн 20,4%-н хүүтэй 30 сарын хугацаатай cap бүр зээл хүү тэнцүү төлөх нөхцөлтэйгээр авсан. Харилцагч нь 2024 оны 03 дугаар сард ажлаас халагдан зээл нь хугацаа хэтэрч эхлэсэн. Өөр янз бүрийн ажил хийж зээлээ бага дүнгээр төлж байсан хэдий ч хугацаа хэтрэлтээс гарч чадаагүй өдийг хүрсэн. Гэрт нь очиж зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөлт хийхгүй байна. Иймд Б.О-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,883,042 төгрөг, хүү 394,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,459 төгрөг, нийт 3,288,627 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Б овогт Б-ын О- шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие О- нь Хнаас нэхэмжилсэн мөнгийг төлөхөд маргах зүйлгүй. 3,288,627 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Б.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,288,627 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.О- нь 3,288,627 төгрөгийг “Х” ХК-д төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,288,627 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,288,627 (гурван сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун хорин долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,568 төгрөгийн тавин хувь 33,784 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 33,784 төгрөгийг, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 33,784 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжилсэн 3,288,627 (гурван сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун хорин долоо) төгрөгийг хариуцагч Б.О- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 67,568 төгрөгийн тавин хувь 33,784 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 33,784 төгрөгийг, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 33,784 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.О- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР