Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/188

 

    2023           02          10                                           2023/ДШМ/188

                                                            Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Я.Болортуяа,

хохирогч А.Ө, өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

шүүгдэгч Б.А, өмгөөлөгч Д.Оюунбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/21 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 0 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б.А, 00 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, ....... боловсролтой, барилгын нарийн мужаан мэргэжилтэй, “Х” ХХК-д хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажилладаг, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  /00/,

Шүүгдэгч Б.А нь “Х” ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, ээлжит бус давтан зааварчилга өгөх үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн үйлдвэрийн байранд савлагч-боогч ажилтай А.Ө зуурмагийн машин засварлах үүрэг өгсний улмаас А.Ө баруун нүд рүү төмрийн хэлтэрхий үсэрч, баруун нүдний эвэрлэг, болор, харааны мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, баруун нүдний хараагүйдэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ ... хохирогч А.Ө шүүх хуралдаанд “... эмчилгээний зардалд 81.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Би гомдолтой байна” хэмээн өгсөн мэдүүлгийг дүгнэж үзэхэд шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл, нөхцөл байдал хангагдаагүй, шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэх шинжгүй ...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Х.Баатарбилэг гаргасан давж заалдах гомдолдоо “ ... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу хүсэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хохирогчийн гомдлоор хэргийг прокурорт буцаах тухай зохицуулалт байхгүй. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд хохирогчтой эвлэрсэн байх хуулийн шаардлагыг заагаагүй. Гэтэл шүүх хохирогчийн шүүх хуралдаанд “... эмчилгээний зардал нийт 81.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад хуульд байхгүй зохицуулалтаар “хохирогчтой эвлэрсэн гэх шинжгүй байна” гэх шалтгаанаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцаажээ. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч А.Ө өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, тайлбар, прокурорын эсэргүүцлээс үзэхэд хүний эрүүл мэндийг 3.900.000 төгрөгөөр үнэлэх ёстой мэтээр тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт Монгол Улсад хагалгаа хийлгэж, эмчлэгдэх боломжгүй талаар, цаашдаа ямар нөхцөл байдал үүсэх талаар баримтууд байхгүй. Бүгд Найрамдах Солонгос Улсын эмнэлгээс ирсэн тодорхлойлтод “баруун нүд сохорсон, зүүн нүд нь 15 хувийн харааны бууралттай, 65 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан” гэж дүгнэлт гарсан. Хохирогч А.Ө-д баруун нүд хараагүйн улмаас гадуур явахад бэрхшээлтэй байдал үүсэж байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй. Хохирогч нүдээ эмчлүүлэх боломж байгаа учраас баруун нүдэндээ 2-3 удаа эмчилгээ хийлгэж, прокурорын шатанд 80.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Гэтэл прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр санал гаргасан. Анхан шатны шүүхийн мэтгэлцээнд хохирол, хор уршиг арилсан эсэх асуудал яригдаж байгаа нөхцөлд тухайн үед гаргасан 3.900.000 төгрөгийн хохирлыг төлсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний баримтаар тогтоогдсон зардлыг тухай бүрт нь өгч байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хэрэг шүүхэд шилжихээс өмнө прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан үндэслэл, нөхцөл байдлыг хангаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийн зүйл заалтад байхгүй “хохирогчтой эвлэрсэн эсэх” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж буцаах хүсэлтэй байна. Мөн хохирогчоос баримтгүйгээр цаашид гарах хохирол, төлбөрийн асуудлыг ярьдаг. Шүүгдэгч Б.А-ийн зүгээс цаашид баримтаар нэхэмжлэх хохирол төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа. Анхан шатны шүүхээс хохирогчийн цаашид гарах хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хохирол хор уршгийг нөхөн төлсөн байхыг шаарддаг. Нөгөөтэйгүүр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, яллагдагчийн ашиг сонирхолтой холбоотой асуудал байдаг. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлд “хохирогчтой эвлэрээгүй буюу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Ө 83.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж гомдолтой байна” гэж мэдүүлснийг үндэслэж хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэл хангагдаагүй байна” гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гол урьдчилсан нөхцөлүүдийг заасан. Гэтэл “хохирогчтой эвлэрсэн байх” гэсэн зохицуулалт, шаардлагыг 2022 онд өөрчлөлт оруулж шийдвэрлэж “хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэсэн урьдчилсан нөхцөлийг хуульд тусгайлан зааж өгсөн. Яллагдагч нь эрх зүйн байдлаа дээрдүүлэх, хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор хүсэлт гаргаж байна. Нөгөө талаас заавал хохирогчтой эвлэрсэн байх шаардлагатай эсэх асуудал тавигдах байх гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь, яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд үндэслэлгүйгээр хохирол, хор уршигтай холбоотой их хэмжээний мөнгө нэхэмжлэх асуудал яригдана. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаах хуулийн зохицуулалт байхгүй тул яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд заавал хохирогчтой эвлэрсэн байх шаардлагатай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь, яллагдагч Б.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн баруун нүдэнд учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогчийн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Цаашид баримтаар гарах зардлыг яллагдагчаас нөхөн төлөхөө илэрхийлсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “ ... хохирогч А.Ө шүүх хуралдаанд “... эмчилгээний зардалд 81.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Би гомдолтой байна” хэмээн өгсөн мэдүүлгийг дүгнэж үзэхэд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, журам хангагдаагүй ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болохоор хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч А.Ө хохирол төлбөртэй холбоотой 3.092.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримт гаргаж ирүүлсний дагуу шүүгдэгч Б.А болон иргэний хариуцагч “Х” ХХК нараас 3.092.000 төгрөг /1хх-75-80/-ийг бүрэн төлж, шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 723 дугаартай прокурорын тогтоолоор хангаж, яллах дүгнэлтийг үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэвч хохирогч А.Ө 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хохирол, хор уршигтай холбоотой 81.456.317 төгрөгийн 46 хуудас /1хх 207-250, 2хх 1-3/ бүхий нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байхад шүүгдэгч Б.А, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч А.Г нарт танилцуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, тус хохирол төлбөрийг хэн нөхөн төлөх, нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлсэн эсэх нь эргэлзээтэй.

Хуульд заасан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх гэдэг нь яллагдагч тухайн хохирлыг бодитойгоор бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болсныг, харин хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирогчид учирсан хохирол хор уршгийг хэрхэн, ямар нөхцлөөр төлж барагдуулах талаарх өөрийн санхүүгийн эх үүсвэрийн баримтад тулгуурлан нотолсон байхыг ойлгоно.

Гэтэл хохирогч А.Ө нэхэмжилсэн дээрх хохирол төлбөрийг иргэний хариуцагч болон шүүгдэгч Б.А нар нь бодитойгоор бүрэн төлж барагдуулаагүй, мөн нөхөн төлөхөө илэрхийлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй буюу хуульд заасан дээрх хоёр шаардлагын аль алиныг нь хангаагүй байна.

Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн дээрх зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин шүүх шүүгдэгч Б.А “хохирогчтой эвлэрсэн байх” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх” журамд нийцээгүй дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гомдол үндэслэлтэй.

Иймд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/21 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН