Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2015/0044/З |
Дугаар | 126/ШШ2015/0045 |
Огноо | 2015-11-02 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 126/ШШ2015/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: С.Ц************гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, дарга Т.Б************-тхолбогдох,
Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: С.Ц************,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,
Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Ц************ шүүхэд гаргасан нэхэмжлэлээ, шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдаа: Миний бие төрийн албаны шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгч уг шалгалтанд тэнцсэн. Төрийн албаны төв байгууллагаас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад миний нэрийг дэвшүүлсэн. Энэ тогтоолыг Хөвсгөл аймгийн ИТХурал биелүүлэх ёстой байсан боловч ИТХ хэрэгжүүлэхгүй өнөөдрийг болтол намайг томилохгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар намайг нарийн бичгийн даргаар нэр дэвшүүлэх асуудлыг 2 удаа хэлэлцэж байсан боловч шийдээгүй. Дараа нь асуудал даамжраад С.Ц************г ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцохгүй гэдэг болсон. Энэ албан тушаалд намчирхах асуудал хэрээс хэтэрсэн. Хууль хэрэгжихгүй байна гэсэн үндэслэлээр Төрийн албаны салбар зөвлөлд 2 удаа гомдол гаргасан. Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр өгсөн хариуд төрийн албан хаагчийг томилох журам зөрчиж байгаа тул томилгоог нэн даруй хий гэсэн тоот ирсэн. Үүний дагуу тодорхой арга хэмжээ авахгүй байсан учир би Хүний эрхийн хороо-д хандахад надад Хүний эрхийн үндэсний коммисын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд томилох нь зүйтэй гэсэн хариуг ирүүлсэн. Үнэхээр бодитой хуулийн дагуу явагдсан ажилд намын үүднээс хувийн ашиг сонирхлоор хандаж байгаад харамсалтай байна. Би төрд 30-н жил ажиллаж байгаа хүний хувьд доромжлуулаад баймааргүй байна. Тиймээс би шүүхэд хандсан. Миний өмнө ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлыг Бөхсуурь гэдэг хүнийг төрийн албаны шалгалт өгөөгүй байхад нарийн бичгийн даргаар ажиллуулж байсан. Би өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээхгүй бол дараагийн сонгууль болж мөн өөр хүнийг сонгоод ажилуулахыг үгүйсгэхгүй. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Б************шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан байдаг. Үүнд: Тухайн албан тушаал нь ТЗ-11, Эрхэлсэн түшмэл аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газрын хэлтэс, агентлагийн мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хамтран ажиллаж, аймгийн хөгжлийн бодлогыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлдэг албан тушаал юм. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын ахлах түшмэлд олон жил ажиллаж байж тушлага, ур чадвар, мэргэшсэн байх шаардлагыг хангасан байх ёстой. Ажлын байранд өндөр шаардлага тавьж байж сайн боловсон хүчин нэр дэвшиж гарч ирж, төрийн алба чадваржих ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Сонгуулийн үр дүнд сонгогдсон төлөөлөгчдийн эрх нь баталгаажсан шинэ хамт олныг нэг баг болгож, нэг зорилгод хөтлөх нь Хурлын менежер буюу ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг юм. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэсэн заалтыг хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд 2 удаа оруулсан боловч санал тэнцсэн шалтгаанаар хойшлогдоод байж байгаа болно гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд Хурлын дарга Т.Б************оруулсан байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд Тэргүүлэгчидийн хуралдаанд саналыг 2 удаа оруулахад, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн санал тэнцсэн байдлаар шийдвэрлэгдээгүй. Энэ асуудлаар хамтын шийдвэр гаргадаг учир эцэслэж шийдвэрлэх боломжгүй байгаа. Тиймээс шүүхийн шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн С.Ц************ нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,дарга Т.Б************-тхолбогдуулан Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байна..., 20.4-т Ажлын албаны дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна гэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 7.1.11. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал гэж тус тус заасан байх бөгөөд;
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга буюу Хурлын нарийн бичгийн дарга Г.Б************нь 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнөөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тоо гарсан тул тухайн албан тушаалын сул орон тоог нөхөхөөр Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баримталж, улмаар Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаар тогоолоор С.Ц************-гХөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, улмаар иргэн С.Ц************г сул орон тоо гарсан уг албантомилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад санал болгожээ.
Гэвч сул орон тоо гарсан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн үндэслэлээр Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-ыг баримтлан маргаан бүхий албан тушаалд С.Ц************гийн нэрийг дэвшүүлэн, хэлэлцсэн боловч санал тэнцсэн гэх шалтгаанаар өдий болтол томилоогүй байгаа Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн хууль бус эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгтэй тус тус нийцэхгүйбайна.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан ил тод байх, 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол,журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэсэн төрийн албанд баримтлах зарчмууд, мөн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 4 дүгээр зүйлд заасан ...Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа хууль дээдлэх, шударга, ил тод байх, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно гэсэнтэй тус тус нийцсэн байхад нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад орох, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх зэрэг хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг 50, 50 хувийн саналаар тэнцсэн тул уг асуудлыг нээлттэй орхисон явдал болон нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 20-н, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд гаргасан хүсэлтдээ нээлттэй орхисон асуудлаа шийдвэрлэх-ийг хүссэн боловч түүний хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулж байгаа хууль бус, эс үйлдэхүй байх бөгөөд дээр дурьдсан хуулийн үндэслэл хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Нэхэмжлэгчээс удаа дараа буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг хүссэн хүсэлтийг өгсөн байх боловч хүлээн авсан мөртлөө шийдвэрлэхгүй байгаа, хариуцагчийн үйл ажиллагаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д ...эрх бүхий этгээдээс Хурал, тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авч, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах гэж, 22 дугаар зүйлийн 22.1.6-д Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал:
Энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасан заалт нь Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр зохицуулагдсан байх ба өөрөөр хэлбэл энэ заалт нь томилуулах саналыг шийдвэрлэх гэсэн утга агуулгыг илэрхийлж байгаа болохоос биш томилох эсэхийг хэлэлцэнэ гэсэн зорилгыг агуулаагүй байхад хурлын Тэргүүлэгчид нь хуулийн энэ заалтыг буруу хэрэгжүүлсэн нь хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна.
Иймд Хөвсгөл аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх, томилохыг даалгах тухай нэхэмжлэгч С.Ц************гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ц************гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах Хөвсгөл аймгийн иргэдийнТөлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид болон дарга Б.Б************-тдаалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилсан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах учрыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН